December 03, 2009

ҮЛ МЭДЭХ XXI ЗУУНД

О.ТОГОО
2009.05.04
Бичиг үсэг үл мэдэх явдал Монгол оронд бараг л алга болсон бахархалтай үе саяхных. Социализмын буянаар боловсролын маш сайн тогтолцоо тал нутагт буй болж, нүүдэлчин монголчууд өөрсдөө, үр хүүхэд нь бичиг үсэгт тайлагдаж, тэр хэрээрээ соёлжин гэгээрч байлаа. Бичиг үсэг үл мэдэх явдалтай хийсэн ширүүн байлдаан гайхалтай үр дүнд хүрсэн.
1935 онд 18-аас дээш насныхны дунд явуулсан тооллогоор бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн нийт тоо 36162. Энэ нь 18-аас дээш настай эрчүүдийн 9.3 хувь, эмэгтэйчүүдийн 0.8 хувь байв. Их Д.Нацагдорж “Жаргалан, жаргалан (1935 он), Од (1931 он), “Миний нутаг” (1933 он) бич¬чихээд байхад унших хүн байдаггүй үе байж.
Социализмын үзэл санааг хөдөө нутагт дэлгэрүүлэхэд дан ганц ухуулга хангалтгүй байлаа. Ингээд ард олныг бичиг үсэгт тайлах “Их боловсролын жагсаал” нэртэй кампанит ажил өрнөж, залгуулаад Соёлын довтолгоон. 1941 оны тавдугаар сард буюу дайн эхлэхээс өмнөхөн монгол үсгийг кирилл үсгээр солих Засгийн газрын тогтоол гарч, шинэ үсгийн дүрэм зохиох даалгавар эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд оногдсон юм.
Үндэсний бичгээ сольсон нь буруу, зөв гэсэн яриа 1990 он гараад дуулдаж эхэлсэн. Энэ бол маш том сэдэв тул энэ удаа хөндөхгүй. Юутай ч гэсэн энэ бол монголчуудын сонголт байгаагүй. Москвагаас ирсэн тушаал байсан. Хоёрдугаар дайны дундуур ч бичиг үсэгт тайлах явдал үргэлжилсээр байв.
Хожмоо Монголын төрийг 44 жил барьсан Ю.Цэдэнбал тэнхимээс оргож яваад баригдаж, сургуульдаа буцаж очсон тухайгаа хуучилсан байдаг.
Соёлын довтолгоог явуулснаар олсон ололт, оруулсан хувь нэмэр зүйрлэшгүй. Иргэншил, хотжилтын үндэс нь бичиг үсэгт тайлагдах явдал байв. 1969 оны тооллогоор бичиг үсэгт тайлагдсан долоогоос дээш насны хүн амын тоо 702.442 хүрч, нийт хүн амын 75.4 хувь нь, эрэгтэйчүүдийн 88.6, эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь уншиж, бичиж чаддаг хэмээн тоологджээ.
ЮНЕСКО-гоос гаргасан тайлангаас үзэхэд 2007 оны байдлаар Монгол Улсын хүн амын 97.8 хувь нь бичиг үсэгт тайлагдаж, дэлхийн 200-гаад орноос 51 дүгээр байранд оржээ. Гэвч энэ тоонд эргэлзэх үндэс байна. Урьд нь ямар байсныг мэдэхгүй, одоо бол бичиг үсэг тайлагдаагүй гэж хэлэхээс ичдэг хүн тун олон. Арга ч үгүй юм, энэ чинь “Би мангуу хүн” гэж хэлж байгаатай агаар нэг.
2000 оны тооллогоор 97.2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэж Үндэсний статистикийн газраас 2003 онд хэвлүүлсэн “Монгол Улсын хүн ам хорьдугаар зуунд” тайланд дурджээ.
Гэтэл амьдрал дээр бичиг үсэг мэдэхгүй залуус олноороо байна. Тооллого хийж яваа албаны улс иргэдээс уншуулж, бичүүлж шалгалт аваад байх боломжгүй, тэгэх шаардлага ч байхгүй.
Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар сургууль завсардаж, ертөнцийг харах “цонхгүй” болчихоод байгаа хүүхэд залуусыг гэгээрүүлэх шаардлагатай байна. Манай улсад ерөнхий боловсрол үнэ төлбөргүй, удахгүй дээд боловсрол нь тийм болох юм гэсэн. Үнэндээ бол татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа болохоор үнэтэй л гэсэн үг л дээ.
Төлж байгаа мөнгө маань үр ашигтай зарцуулагдаж буй эсэхийг мэдмээр байна шүү дээ. Түүнээс биш гавьяа булаацалдах гэсэн юм биш.
Энүүхэн хөтөл даваад Өлзийт хороо, Гацуурт ороход л морьтон Монголын “морьгүй” багачууд хурдан хүлгийн нуруун дээр дарцаглан, гийнгоо хадаана (Хараад зарим хүний нулимс гардаг юм гэсэн. Хөөрхий бичиг үсэггүй хүний нялх үрсийг хараад тэгдэг юм болов уу) “Морьгүй” гэж аз хийморьгүй гэсэн утгаар хэлж байгаа юм биш шүү. Бичиг үсэггүй хүний ирээдүй бүрхэг байна л гэх гээд байгаа юм. Бичиг үсэгт тайлагдах ч хангалттай биш болчихоод байна. Дээр дурдсан тайланд бичиг үсэгт тайлагдсан хүнийг “Ямар нэг боловсрол эзэмшээгүй, аль нэг хэлээр /бичгийн төрөл, хэлбэрээс үл хамааран/ хамгийн энгийн богино өгүүлбэрийг уншиж, ойлгож, бичиж чаддаг хүнийг бичиг үсэг мэднэ гэж үзнэ” гэжээ. Чингэж чаддаггүй бол бичиг үсэг мэддэггүйд тооцох аж.
1990-ээд онд интернэтийн хэрэглээ өргөжсөнтэй холбоотойгоор энэ тодорхойлолт өөрч¬лөгдөх ханд¬лагатай боллоо. Унших, бичих, үсэглэх /spell/, сонсох, ярих гэсэн уламжлалт тодор¬хойлолт дээр вэб браузер ашиг¬лах, “Word” үйлдлийн сис¬темийн захын мэдэгдэхүүнтэй байх, компьютер дээрх бичвэр дээр ажиллах чадвар зэргийг нэмэх ёстой” гэж үзэх боллоо. Ингэж шалгавал манайд төдийгүй олон газарт би¬чиг үсэгт “тай-лагдсан” хүний тоо огцом унана.
Тийм учраас сониноос хэрэг¬тэй мэдээллээ авчихдаг төвшинд очих хэрэгтэй гэсэн үг.
Баянзүрх дүүргийн “Ирээдүйн гарц холбоо” ТББ-ын тэргүүн Л.Намсрайжав “2004 онд үйл ажиллагаа эхлэхэд бичиг үсэг мэддэггүй хүүхдийн тоо маш олон байсан. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүд. Гэхдээ тэд өөрсдөө ирж сургалтад хамрагддаггүй, гуйж байж л авчирдаг. Сардаа 37-38 хүүхэд хамрагдаж, уншиж чаддаг болоод явдаг. 17-20 насныхан бичиг үсэг мэдэхгүйгээсээ маш их ичдэг. Жаахан хүүхдүүдтэй хичээл¬лэхээс дургүйцдэг тул ганцаарчлан заах бо¬лдог” хэмээн ярьж байна. Хөдөөд бол энэ тухай ярилтгүй. Ихэнх нь цэрэгт татагдаж ирээд, А-тай, захиа бичихтэй болоод халагддаг.
Энэ малын хулгайч нар чинь дагуудаа бичиг үсэггүй гарууд. Юун “Хамгийн энгийн богино” өгүүлбэр уншиж, бичих. Гарын үсэг ч байхгүй. (Өгүүлбэр маань богинохон болоод ирж байх чинь) Мэдүүлгэн дээрээ гарын үсэг зурчихдаг болооч гэж хүсээд байгаа юм биш л дээ.
Статистик гэдэг чинь баримт, тоо, хэмжээг тогтоогоод түүнд дүн шинжилгээ хийдэг нарийн эд. Үүн дээр үндэслэн аливаа улс орны бодлого тодорхойлогчид “ажлаа” хийдэг. Их Британийн хүн ам зүйч Жон Граунт, Уильям Петти нар анх 1662 онд суурийг нь тавьснаас хойш боловсронгуй болсоор, аль ч нийгэмд норм болчихсон. Судалгаа, шинжилгээгүйгээр ямар ч сайхан санаа ажил болохгүй. Бичиг үсэг үл мэдэх байдлыг арилгахын тулд эхлээд тоог нь нарийн тогтоож, дараа нь бодлогоо боловсруулмаар байна.
Улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар тухайн бүс нутгийн хөгжлийн баримжааг гаргахад бичиг үсэгт тайлагдсан, тайлагдаагүй хүмүүсийн судалгаа чухал хүчин зүйл болдог аж. 1948 онд Энэтхэгт боловсролын салбарт шинэчлэл хийж, охидыг сургуульд сурахыг зөвшөөрснөөр 1960 он гэхэд нялхсын эндэгдэл огцом буурсан үзүүлэлт гарчээ.
Бичиг үсэгт тайлагдсан гэдэг цаасан дээрх тоо бодит амьдралаас үнэхээр зөрүүтэй байна. Ядуу, хотжоогүй, уламжлалт ёс заншлаараа эмэгтэй хүнийг хоёрдугаарт тавьж, сургуульд авдаггүй улс орнуудад бичиг үсэг үл мэдэх явдал газар авсан байдаг. Бид муу муухай юмны эх сурвалжийг голдуу хөдөөнөөс хайдаг, үнэндээ бол Улаанбаатарт бичиг үсэггүй хүмүүс тун олон бий. Траншейныхан, нэн ядуу айлын хүүхдүүд бараг сургуульд ордоггүй.
Хоногийн хоол нь бичиг үсэгнээс илүү байна, тэдэнд. Энэ нь тэдний буруу биш. Ажиглаад байхад сургууль завсардаж буй шалтгаан хөдөө, хот хоёрт өөр шалтгаантай. Хөдөөд бол тав арван малтай айлууд хүүхдээ сургуульд өгөхөөс цааргалдаг, өгсөн ч тэгс ингэсхийгээд гаргаад авчихдаг. Өөрсдийнх нь яриагаар бол нэрээ тавьж байхад л “хаваасаг”.
Нүүдлийн мал аж ахуй хүн бүл их шаардана. Тийм ч учраас айлууд нэг, болж өгвөл түүнээс дээш хүүхдээ мал дээр гаргахыг хүсдэг. Зарим нь бүр багаас нь, зарим нь дунд сургууль төгсгөөд л татаж авна. Хотод бол харин эсрэгээрээ хувцас хунар, цүнх сав гээд багагүй зардал орно. Олон хүүхэдтэй бол бүр хэцүү. Хүссэн хүсээгүй хүүхэд сургуулиа орхидог. Морины хүүхдүүдийн хувьд гэвэл сургуульд сурах зав зай үнэхээр хомс, өвөл зунгүй том, жижиг уралдаан хэсч явдаг тэдэнд сургуульд явахаас илүү морь унах нь өгөөжтэй. Түрүүлж, айрагдвал шагнал болгож уяачаас, цаад эздээс өгдөг мөнгө ахуй амьдралд нь тустай тул эх, эцэг нь ч дуртай.
Гэвч хэзээ нэгэн цагт моринд хүнддэх цаг ирнэ. Тэр үед яах вэ? Уяач болох уу? Морь уях бол бэлтэй, завтай хүний хийдэг ажил. Хурдан морь уяад, зараад амьдралаа авч яваа хүн байгаа л байх. Цөөхөн дөө цөөхөн. Өлөн нойтон ч гэсэн яаж ийгээд сурах нь л алсдаа дээр. Хэл амтай, амт шимтгүй, чанаргүй гэж шүүмжлүүлдэг ч “Үдийн цай” хөтөлбөр үр дүнгээ өгч байна. Хүүхдийн мөнгө ч ялгаагүй нэмэртэй эд.
Сэтгүүлч Ж.Мягмарсүрэн “Мал дагавал мал болно” гэж бичээд хөдөөгийнхөнд ад болсон. Сүү ууж, сүүл хөхөж байгаагүй юм шиг хэмээн хөдөөгийнхөн янзгүйрхдэг юм билээ. Үнэн юм чинь яахав дээ. Сонгууль болохоор л тэрийг ч үнэгүй болгоно, энийг чинь ч өндөр үнээр авна гээд л намууд тоос бужигнуулаад байдаг. Тэрэн дор тэдэн хүүхдийг сургуульд хамруулна, тэдэн хүнийг бичиг үсэгтэй болгоно, сонин захиалуулна гэж амлаасай. Мөнгө хэмнэнэ гээд байсан УИХ-ын гишүүд маань өнөө 250 сая төгрөгнөөсөө татгалзсан гэж дуулдаагүй.
Түүнийхээ ядаж талыг нь түмний хүүхдийг бичиг үсэгт тайлах үйлст зориулаасай. Энэ жилээс мөнгө нь нэрээ өөрчлөөд “жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” гэсэн малгайтай болж байгаа юм гэсэн. Худалдан авах зах зээлгүй газар юугаа үйлдвэрлэх юм бол доо. Хүүхдүүдээр морь унуулахыг хориглох, насыг нь дээшлүүлэх тухай хууль батлах гэхэд юу болж байлаа. Монгол хүүхдийн цог хийморийг алдагдуулах гэж байна, сүр жавхаагүй болгох гэж байна, энэ тэр гээд л сүйд болж байсан. Өөрсдийнхөө хүүхдийг сэргэлэн цовоо болгох нь яасан юм. Хурдан морьдоо унуулаад. Хүний хүүхдийг сургууль соёлыг нь хаяулан байж зугаагаа гаргаж байхаар. Хөдөөд л хамаг муу муухай болгон байдаг, малчид бүгд бичиг үсэггүй, ном сурах дургүй гэж хэлэх гээгүй юм шүү. Хот, хөдөө ялгаагүй бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн тоо олширч байна. Энэ нь сайны ёр биш гэдгийг л хэлэх гэсэн юм. Соёлын довтолгоо хийх хэмжээнд хүрчихээгүй ч соёлын бригад явуулах хэмжээнд бол аль хэдийнэ очсон. Статистик тэр болгон үнэн гарахгүй байна.
Нийгмийн ороо бусгаа үе, амьдралын элдэв гачаалын улмаас бичиг сурч чадаагүй байна гэдэг нэг их ичмээр юм биш. Харин бичиг сурахыг хүсэхгүй, хорин нэгдүгээр зуунд үл мэдэх царайлаад явна гэдэг л ичмээр хэрэг. Бичиг сурах тухай ярихаар Ч.Лодойдамба гуайн “Хүжийн гал” өгүүллэг санаанд ороод байдаг юм.
Монгол бичиг сурсныхаа төлөө лам багшдаа зодуулан үхдэг бяцхан ламхайг санаж байгаа биз дээ. Энэ удаад ном сураагүйн чинь төлөө амьдаар чинь алах “лам багш” бол XXI зууны аймшигт өрсөлдөөн байх болно.
Амьд үлдэхийн төлөө А үсэг сур, дараа нь Б, тэгээд цаашаа явж өгнө дөө. Өөр хэнд ч биш өөртөө л найд.
Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс сэрдэг гэнэм
Өлсгөлөн арслангаас хурдан харайлгахгүй юм бол
Хоол нь болно гэдгээ мэддэг гэнэм
Өглөө болгон Африкт өлсгөлөн арслан сэрдэг гэнэм
Өнөөх гөрөөснөөс илүү хурдлахгүй юм бол
Өлсөж үхнэ гэдгээ мэддэг гэнэм
Арслан, гөрөөс хэн ч байлаа гэсэн, чи
Халуун наран мандан хөөрмөгц л
Хамгаас түрүүн харайлгах
Хэрэгтэй
2009.05.04

No comments: