December 02, 2009

Цагаан ордон Афганистанд 30 мянган цэрэг нэмж илгээхээр болов



АНУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэг хүчний Ерөнхий командлагч Б.Обама Афганистанд 30.000 цэрэг илгээх тушаал өгсөн байна. Тэрбээр энэ шийдвэрээ АНУ-ын West Point цэргийн академийн сонсогчидтой уулзах үеэрээ танилцуулсан бөгөөд түүний хэлсэн үгийг телевизээр шууд дамжуулжээ. Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч генерал Стэнли Маккристал цэрэг нэмж илгээх хүсэлт гаргаснаас хойш гурван сарын дараа Б.Обама энэ шийдвэрийг гаргаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр зөвлөхүүдтэйгээ энэ асуудлаар 10 удаа зөвлөлдсөн байна.
Б.Обама West Point-д хэлсэн үгэндээ, цэрэг илгээж буй гол зорилгоо Афганистан, Пакистанд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа “Аль-Каида” алан хядах байгууллагыг орвонгоор нь устгах хэмээн тодорхойлов. Дэлхийн аюулгүй байдал эгзэгтэй байгаа энэ үед Афганистанд нэмж цэрэг илгээхийг НАТО дахь түншүүддээ хандан уриалсан байна. НАТО-гийн тэргүүн Андерс Расмуссен гишүүн орнуудаас нэмж 5000 цэрэг гаргуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Б.Обамагийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа Афганистаны Засгийн газар илэрхийлжээ. Гэвч шинжээчид Цагаан ордны энэ шийдвэр, өөрсдийг нь дийлэхгүй, хулчийж байна гэсэн ойлголтыг “Талибан” хөдөлгөөнд төрүүлэх магадлалтай. Ихэнх афганчууд цэргийн тоог нэмэх биш, дайн тулааныг эцэслэх шууд яриа хэлэлцээг зэвсэгт бүлгүүдтэй хийх нь дээр гэсэн бодолтой байгаа гэж дүгнэсэн байна. Б.Обама цэрэг нэмж илгээх шийдвэр гаргасан нь Афганистан бас нэг Вьетнам болж байгаа хэрэг биш тул асуудалд ингэж хандахгүй байхыг америкчуудад уриалав. Тэрбээр “18 сарын дараа манай цэргүүд гэр лүүгээ буцаж эхэлнэ” гэв.
Найман жил үргэлжилж байгаа энэ дайнд АНУ-ын 900 гаруй цэрэг амь үрэгдээд байгаа юм. АНУ-ын гол холбоотон болох Их Британи 500 цэрэг илгээхээ амласан. Харин Франц, Итали цэрэг нэмж илгээнэ гэдгээ мэдэгдсэн ч тоог нь тодорхой хэлсэнгүй. Герман нэгдүгээр сарын 28-нд Афганистаны асуудлыг хэлэлцэх Лондоны бага хурал хүртэл байдлыг харзнахаар болжээ. Францын хувьд цэргийн сургагч илгээх магадлал өндөр байна.

No comments: