December 10, 2009

Б.Обама шагналаа гардахаар Ослод ирэв

Ердөө хэдхэн хоногийн өмнө Афганистанд 30.000 цэрэг илгээх шийдвэр гаргасан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Нобелын энхтайвны шагналаа гардан авахаар Норвегийн нийслэл Ослод хүрэлцэн ирлээ. Тэрбээр шагналаа гардахаас өмнө тус улсын Ерөнхий сайд Жен Столтенберг болон эзэн хааны гэр бүлийнхэнтэй уулзах юм.
Шагналын дараа болдог бүх уламжлалт арга хэмжээнд оролцохгүй гэж мэдэгдсэнд норвегичууд сэтгэл дундуур байна. Санал асуулгаас үзэхэд иргэдийн 46 хувь нь эзэн хаан Харалдтай зоог барихаас татгалзсан нь бүдүүлэг хэрэг гэж үзсэн бол 34 хувь нь хувь байж болох явдал гэжээ.
Түүнийг шагналаа авч байгааг янз бүрээр тайлбарлаж, зарим нь шоолж байгаа аж. Улс төрийн тоймчид “Ж.Бушээс ангижруулсаны төлөө” өгч байгаа шагнал хэмээн хошигножээ. Энэ шагналыг 20 жилийн өмнө хүртсэн Дээрхийн гэгээн Далай ламтан “Шагнал жаахан эртэдсэн байж болох ч энэ гол асуудал биш. Өндөр албаны хүмүүс олон зүйл дээр зөвлөхүүддээ итгэдэг яг л Ж.Буш шиг. Б.Обама боломжийн хүн гэдгийг нь би мэднэ. Хувь хүнийх нь хувьд би түүнийг их хайрладаг. Үнэнч, итгэл хүлээсэн, гайхамшигтай залуу” гэсэн байна.
Б.Обама Хятадад айлчлахаасаа өмнөхөн Далай ламтантай хийх уулзалтаа хойшлуулсан юм. Ажиглагчид үүнийг Бээжинд таагүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилсон алхам хэмээн дүгнэсэн.

No comments: