December 10, 2009

Алга болсон залуус террористуудтай холбоотой эсэхийг тодруулна гэв


Өнгөрсөн арваннэгдүгээр сард Вашингтоны ойр орчмын хотуудаас сураг алга болж, Холбооны мөрдөх товчооныхон хайж байсан таван залуугийн “сураг” Пакистанд гарлаа. Хууль бус зэвсэгт бүлэгтэй холбоотой хэмээн Пакистаны тусгай албаныхан сэжиглэж, дайралт хийсэн Пенжаб мужийн Саргода хот дахь байранд “сураггүй бологсод” бүгж байсан аж. Одоогоор Пакистан, АНУ-ын тусгай албаныхан 19-22 насны эдгээр залуус алан хядагчидтай холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Эдгээр залуусын гурав нь пакистан гаралтай, үлдсэн хоёр нь египет, йемен гаралтай америк гэр бүлийн хүүхдүүд юм байна. Тэдний нэг нь гэртээ “Өрнөдийнхөнтэй шөргөөцөлдөж буй лал ахан дүүсэд маань хамгаалалт хэрэгтэй байна. Үүний төлөө залуу исламууд ямар нэг юм хийх хэрэгтэй боллоо” гэсэн бичлэг үлдээгээд алга болсон байна.
Тусгай албаныханы мэдэгдсэнээр залуучууд арванхоёрдугаар сарын 1-нд Пакистаны Карачид газардсан бөгөөд Хайдерабад, Лахороор дамжин арванхоёрдугаар сарын 6-нд Саргодад иржээ. Сургуулийнхан, хамт сурдаг оюутнууд, гэрийнхнийх нь ярианаас үзэхэд эдгээр залуус алан хядах байгууллагад элсэх нь бүү хэл, шар айрагны үнэ ч мэдэхгүй багачууд аж. Тэд лалын сүмд номлол сонсож байхдаа хоорондоо танилцаж нөхөрлөсөн бололтой.
Тэд ямар зорилгоор Пакистанд очсон, исламын хэт даврагч байгууллагад гишүүнээр элссэн эсэх нь тодорхойгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Залуусыг алан хядах байгууллагад элсүүлдэг, сургаж боловсруулдаг бүтцийг устгахын тулд бид Афганистан, Пакистаны зохих албадтай хамтран ажиллах ёстой” гэсэн байна.

No comments: