January 26, 2010

ХАНДИВ

О.ТОГОО

Зуд болж байна, Монголын хөдөөд. Малчдын амьжиргаа болсон хэдэн мал барагдах нь гэж айсан төр, олон нийт чадлынхаа хэрээр л хандив өгч, тусламжийн гараа сунгаж байх шиг. Мах, сүүгүй болчих нь гэж айсандаа биш л дээ. Ядарсан үед нэгэндээ туслах нь хаана ч байдаг л зүйл. Гэтэл зарим нь хотын биднийг тэжээж байгаа малчдад хүн бүр тусламж өгөх ёстой хэмээн шүлсээ үсчүүлэх нь ядаргаатай. Бид мах, сүүг нь зүгээр аваа юу?
Хаа холын Гаитид ч байгалийн гамшиг тохиож, газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо хэдэн арван мянгад хүрлээ. Дэлхий даяараа л хандив, тусламж өгч байна. Гэхдээ хэлбэр нь манайхаас их өөр юм. Хандивыг гар утсаараа өгч байгаа бөгөөд амласан мөнгө нь тухайн хандивлагчийн утасны төлбөр дээр нэмэгдээд явчихна. “Mobile Giving Foundation” төрийн бус байгууллага арав гаруй хоногийн дотор 30 сая
доллар босгосон гэнэ. Цаана нь яг ийм зарчмаар ажиллаж байгаа цөөнгүй суваг бий. Хандивын доод хэмжээ 10 доллар. Энэнээс бага бол мессеж явахгүй.

Манайд яагаад ч юм иймэрхүү маягаар хандив босгохоос төвөгшөөх юм. Хандив өгөх хүсэлтэй ч концерт, тоглолт үзэх завгүй хүн олон. Харин мессеж бичээд хандив өргөчих гэвэл ганц хоёр мянган төгрөг “савчих” хүмүүс захаас аван бий. Тэгээд ч хандивын тоглолт энэ тэр чинь мундахгүй цаг зав шаардана. Тэгээд ч хандивыг мессежээр авах нь “гэзэг ороолгохгүй” байх давуу талтай. Олны нүдэн дээр хэдэн саяар нь амлачихаад луу унждаг сайхан гарууд цөөнгүй. Дараа нь зохион байгуулагчид тус болох гэсэн биш өрөнд унаж, хандивын мөнгө цохисон хардлагад унана. Хардах тал дээр ч бид лут л даа.

Мөн цаг зав муутай ажил хэрэгч хүмүүс, мөнгө хөрөнгөтэй компанийн захирлууд гуйлгаас залхсан байдаг тул ийм арга хэмжээнд очихоосоо цааргалдаг. Очоод өгөхгүй байж болохгүй, өглөө гэхэд багадуулчихвал тэрнээсээ эс юм болно. Нутгийнхаа ийм тийм уурхай, баялгийг ашиглачихаад царай алдсан харамч энэ тэрээрээ хэлүүлнэ. Тэгсэнд орвол гар утсаараа боломжийн юм явуулж, утасныхаа төлбөр дээр гаргуулчихаад явж байвал санаа амар. Хэрэгт дуртай сэтгүүлчид шалгаагаад байвал төлбөрийн хуудсаа үзүүлчихнэ биз.

Өрнөдөд дэлгэрсэн өөр нэг арга нь нэртэй жүжигчид, дуучид, алдартнууд 100 доллараас дээш хандив өгсөн хүмүүст өөрсдийн тоглосон кино, альбом, мэндчилгээгээ илгээх. Гэхдээ зүгээр л явуулчихдаггүй гэнэ. Урьд нь тухайн хандивлагчид хандсан халуун дулаан үгсийг хэлсэн бичлэгтэй. Тэрний тэр та ийм ийм зовлон зүдгүүрт унасан хүмүүст тусламжийн гараа сунгасанд талархлаа илэрхийлж үүнийг илгээв гэх мэт. Зарим нь ч шууд сая саяар чулуудаж байна. Гольфчин Тайгер Вудс гурван сая, жүжигчин Леонардо ди Каприо нэг сая
доллар гэх мэтчилэн хөөрхий Гаитид өгч байна. Айлын хүүхдүүд ч яахав ингэдэг юм байж. Нутгийнхаа уул усыг санан, дөрвөн уулын дунд тарчилж байдаг манай алдартнууд ч удахгүй хандивлаж өгөх вий. Уул усныхаа тахилга, мөргөлд залагдан очиж, олон саяын үнэтэй унаа тэргээр байлдаг наадамд нь хүчээ үзүүлж, хурдан буянаа сойдог алдарт бөхчүүд, уяачид (уяач улс төрчид мөн ч олон бий дээ) нутгийн олныхоо магнайг тэнийлгэнэ гэдэгт малчин та эргэлзэх хэрэггүй шүү. Гагцхүү хандиваа хэрхэн өгөхөө мэдэхгүй байж мэднэ. Аль болох хялбар арга олж өгөх гэж чадан ядан үзэж байгаа маань энэ. Өнөөдөр манай улсад бараг хоёр сая гар утас хангинаж байна шүү дээ.

Төвдийн асуудлаарх уулзалт дахин сэргэлээ

Жил гаруй завсарласны эцэст Төвдийн оюун санааны удирдагч Далай ламын институт болон Хятадын Засгийн газрын хоорондох уулзалт яриа дахин сэргэлээ. Төвдүүд өөртөө засах эрх шаардсанаар уулзалт ярианы төгсгөлийг шат жил гаруйн өмнө мухардалд орсон юм.
Далай ламын Европ дахь төлөөлөгчдийн нэг болох Түвдэн Самбуу “Хятадын Төвдийн байр суурийг дахин авч үзэж болох юм” гэж ВВС-д өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. Далай лам Төвдийг Хятадаас салан тусгаарлах үзэл баримталж байгаа хэмээн буруутгаж тус мужид өөртөө засах эрх олгохоос татгалзаж байгаа. Далай ламын бие төлөөлөгчид энэ асуудлыг зөвхөн нээлттэй, чин сэтгэлийн уулзалт ярилцлагаар шийдэх боломжтой гэсэн итгэлтэй байгаа аж.
Уулзалт сэргэж байгаатай холбогдуулан Бээжинд болсон хуралдаанд Хятадын Улстөрийн товчооны банйгын есөн гишүүн, Төвдийн асуудлыг хариуцсан албаны хүмүүс оролцсон хурал өнгөрсөн долоо хоногт Бээжинд боллоо. Төвдийн асуудлыг хэолэлцэх иймэрхүү өндөр түвшиний хуралдаан маш ховор болдог. Төвдийн асуудлыг хэлэлцэх дугуй ширээний уулзалт 2002 оноос хойш ес дэх удаагаа болж байгаа нь энэ юм. Далай ламын институтын вэб худсанд мэдээлсэнээс үзэхэд таван хүний бүрэлдүүхэнтэй баг дугуй ширээний ярилцлаганд оролцоод хоёрдугаар сарын эхээр Энэтхэгт ирэх гэнэ. Уулзалт урьдынхаас амжилттай болно хэмээн төвдүүд ихээхэн найдлага тавьж байна.
Бээжин Төвдийн асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбон авч үздэг. Тус мужид эдийн засгийг хурдацтай хөгжүүлсэнээр хүн амьжиргааны түвшинг 2020 он гэхэд улсын дундаж хэмжээнд хүргэх зорилт тавиад байгаа.

“Химийн Али”-ийг дүүжлэн хороов




Хусейны дэглэмийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийн нэг, түүний үеэл ах “Химийн Али” хочтой Али Хасан аль-Мажидийг шүүхийн шийдвэрийн дагуу дүүжлэн хороолоо. Тэрбээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж, хомроглон устгах аллага үйлдсэн хэрэгтээ дөрвөн удаа дээд хэмжээ сонссон юм. Түүний тушаалаар 1988 онд Халабжа хотод химийн зэвсэг хэрэглэсний улмаас 5000 орчим энгийн иргэн амь үрэгдсэн. Цаазаар авах ажиллагааг Иракийн телевизээр дамжуулсангүй. Хоёр зураг харуулсаны нэг дээр хоригдлын улаан хувцас өмсүүлсэн Аль-Мажидийг харуулсан бол, дараагийн зурган дээр толгойд нь хар уут угласан этгээдийг үзүүлжээ. “al- Iraqiya” сувгаар харуулсан эдгээр зураг дүүжлэх ажиллагааны үеэр авсан бодит зураг мөн эсэх нь тодорхойгүй байна” гэж ВВС мэдээлэв.
Иракийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али аль-Даббах “Аль-Мажид зүрх нь зогсох хүртлээ дүүжлүүрт байсан. Энэ үеэр нийтийг хамарсан үймээн болоогүй” гэсэнээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Түүнийг дүүжлэн хороосон тухай албан ёсоор мэдэгдэхээс 15 минутын өмнө Багдадад амиа золиослогчид гурван газар дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 37 хүн алагдаж, 100 орчим иргэн шархадсан байна. Амиа золиослогчдын энэ халдлага цаазаар авах ажиллагаатай холбоотой эсэх талаар одоогоор мэдээлэл алга. Аль-Мажидийг дүүжлсэний хариуд эдгээр халдлагыг зохион байгуулсан гэсэн цуурхал Багдадад тараад байна. Халдлагыг зохион байгуулсаны хариуцлагыг ямар нэг зэвсэгт бүлэглэл одоогоор хүлээсэнгүй.
Аль-Мажидийг дүүжилсэн мэдээллийг Иракийн олон нийт янз бүрээр хүлээн авлаа. Түүний төрөлх хот Тикритийн иргэд “Урвагчид, балмад этгээдүүд Али Хасан аль-Мажидийн амь насыг хороосонд гашуудаж, Иракийн нийт ард түмэнд эмгэнэл илэрхийлж байна” гэсэн бол, “Химичийн” гарт төрөл төрөгсөд, дотно хүмүүсээ алуулсан иргэд энэ мэдээллийг талархан хүлээн авч, алуурчны хүзүүнд угласан дүүжлүүрийн олсыг үнсэхэд ч бэлэн байна гэсэн гэнэ.
Харин албаны хүмүүс халдлагыг Аль-Мажидийг дүүжилсэнтэй холбоогүй. Иракт гуравдугаар сарын 7-нд болох парламентын сонгуулийг тасалдуулах гэсэн оролдлого гэж тайлбарлав.

Хууль бусаар эртний эд зүйл наймаалагчдыг баривчлав




Киприйн цагдаагийн газар 11 сая еврогоор үнэлэгдэх эртний эд зүйлсийг хил давуулан худалдах гэж байсан бүлэг этгээдийг саатуулсан байна. Эртний эд зүйлсийн ихэнх нь олон мянган жилийн настай гүц, мөнгөн зоос, ваар сав, барималууд аж. Эдгээр эртний эд зүйлсийн ихэнх нь Киприйн нутгаас олдсон олдворууд бөгөөд цуглуулагчдын болон музейн сан хөмрөгөөс хулгайлагдсан байж болзошгүйг нь тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.
Одоогоор энэ хэрэгт холбогдуулан арван хүн баривчилаад байгаа бөгөөд таван этгээдийг эрэн сурвалжилж байгаа юм. Цагдаа нарын үзэж байгаа эдгээр этгээдүүд эртний эд зүйлсийн хулгайлан борлуулдаг олон сүлжээнийхэнтэй холбоотой байх магадлалтай гэнэ.

Пикассогийн бүтээлийг гэмтээжээ




Нью-Йоркийн Урлагийн музейг үзэж байсан эмэгтэй бүдэрч унахдаа, Пикассогийн “Жүжигчин” зургийг санамсаргүйгээр гэмтээсэн байна. Музейн удирдлага “Зурагны гол зохиомж хэсэг эвдрээгүй. Сэргээн засварлах боломжтой учраас дөрөвдүгээр сард болох үзэсгэлэнд тавьж амжина.” гэлээ. Их зураачийн 1904-1905 оны өвөл зурсан 1,8мх1,2м харьцаатай, зотон дээр зурсан зурганд 15 см орчим урагдалт үүссэн юм байна.
Ирэх дөрөвдүгээр сард Нью-Йоркийн Урлагийн музей урын сандаа байгаа алдарт зураачдын бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 250 орчим уран бүтээлчийн шилдэг бүтээл үүнд багтах юм.

January 21, 2010

Хоёр Солонгосын уулзалт үр дүнд хүрсэнгүй

Кэсоны аж үйлдвэрийн бүсэд болсон хоёр Солонгосын уулзалт ямар ч үр дүнд хүрсэнгүй. Хил дээр орших уг бүсэд Өмнөд Солонгосын 110 жижиг дунд үйлдвэр хөрөнгө оруулалт хийж, Хойд хөршийнхөө хямд ажиллах хүчинд дулдуйдан гэр ахуйн сав суулгаь бэлэн хувцас үйлдвэрлэдэг. Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ бүс хоёр орны хэт зөрүүтэй байр сууринаас үл шалтгаалан үйл ажиллагаагаа явуулж, ядууралд нэрвэгдсэн Хойд Солонгосын хууль ёсоор мөнгө олох цорын ганц суваг болсон.
Энэ долоо хоногт болсон уулзалт хоёр орны харилцаа дахин хүйтэрсэн нөхцөлд болж өнгөрлөө. Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах олон улсын уулзалтыг орхино, Сөүлд цохилт өгнө хэмээн мэдэгдсэн нь аж үйлдвэрийн бүсийг цаашид хөгжүүлэх тухай уулзалтыг үр дүнгүй болголоо.
Энэ бүхний хариуд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам “Цөмийн довтолгоо хийх гэж байгаа сэжиг мэдэгдэх аваас Пхеньянд түрүүлж цохилт өгөх болно” хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Түүнээс гадна Өмнөд Солонгосын шинжээчид ирэх сард 68 нас хүрэх удирдагч Ким Чен Ир 2012 он хүртэл насалж чадахгүй, түүнийг өөд болсны дараа цэргийн эргэлт гарч, эмх замбараагүй байдал үүсэх тул байдлын хяналтадаа авах төлөвлөгөө боловсруулахыг санал болгосон.

Мюнхений нисэх буудал гурван цаг хаагдав

Германы Мюнхен хотын олон улсын нисэх онгоцны буудал аюулгүй байдлын улмаас гурван цаг орчим хаагдсан байна. Учир нь, зорчигчдын тээшийг шалгах үеэр тэсрэх бодис илрүүлэгч багаж ажиллаж эхэлсэн тул цагдаа нар гарцыг хаасан аж.
Шалгалтын явцад нэг зорчигчийн зөөврийн компьютер шалгах төхөөрөмжийг ажиллуулсан нь тогтоогджээ. Аюулгүй албаны хүмүүс уг компьютерийг шалган, аюулгүй гэдгийг нь тогтоох хүртэл гурван цагийн хугацаа орж, 10 гаруй нислэг саатсан байна. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Тэшийг шалгах үед төхөөрөмж ажиллаж эхэлсэн нь тэнд заавал тэсрэх бодис байгаа гэдгийг зааж гэсэн үг биш. Сэжигтэй зүйл байна гэдгийг л анхаруулж байгаа хэрэг. Химийн бодис тухайлбал, сүрчиг тээшийг шалгах үеэр илэрвэл төхөөрөмж ажилладаг” гэсэн тайлбар өгчээ.
Зул сарын баярын үеэр АНУ-ын Детройт хотын нисэх онгоцны буудалд иргэний агаарын тээврийн онгоцыг дэлбэлэх оролдлого гарснаас хойш дэлхий даяар аюулгүй байдлыг эрс чангатгасан. “Сэжиг” бүхий компьютер авч явсан эр удтал шалгуулсаны эцэст, цэвэр болох нь тогтоогдож тухайн нислэгээр явах эрхтэй болжээ.

Сэтгүүлч цагдаа нарын гарт амь амь үрэгдэв

Сэтгүүлч Константин Попов ОХУ-ын Томск хотын саатуулах байранд цагдаа нарт зодуулан ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Томск хот дахь ОХУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн холбооны салбар “Цагдаагийн офицер 26 настай Алексей Митаев энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн. Түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын амь насыг хохироосон хэргээр эрүү үүсгэж, ажлаас нь халсан. Цагдаагийн офицер 47 настай сэтгүүлчийг эрүүдэн шүүж, ухаанаа алдчихаад байхад нь эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй” гэж мэдэгдлээ.
К.Попов орон нутагт хэвлэгддэг “Тема” сэтгүүлийг санаачлагчдын нэг бөгөөд тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Константин Карпачов “К.Попов ажил хэрэгтэй холбоотой ямар нэг асуудлаас болж алагдаагүй байх. Ийм юм хэнд ч тохиолдож мэднэ. Энэ бүхэн цагдаа нар хэнийг ч байсан хохироож чадна гэдгийг нотолж байгаа хэрэг” гэжээ. К.Попов саатуулагдах үедээ халамцуу байсан байна.
ОХУ сэтгүүлчидэд халтай орнуудын тоонд ордог бөгөөд 2000 оноос хойш ажил үүргээ гүйцэтгэж явсан 17 сэтгүүлч амь үрэгдсэн. Гэвч сэтгүүлчдийн амь насыг хохироосон этгээдүүд баригдаж, шийтгүүлсэн тохиолдол ердөө ганцхан байдаг аж.
Өчигдөр ОХУ-ын нэр хүнд бүхий 20 сонин, телевизийн эрхлэгч, захирлууд Дотоод хэргийн яамны сайд Рашид Нургалиевт өргөх бичиг барьж, РИА Новости агентлагын фото сурвалжлагч Андрей Стенинийг ямар үндэслэлээр цагдаа нар саатуулсан болохыг тайлбарлаж өгөхийг шаардсан байна. РИА Новости агентлаг А.Стенин сөрөг хүчний жагсаалд огт оролцоогүй, тэнд ажил үүргээ гүйцэтгэж явсан хэмээн мэдэгдсээр атал Москва хотын шүүх А.Стенинийг гэм буруутай гэж үзэн торгох шийдвэр гаргасан аж.
Тус улсын Ерөнхийлөгч Дмитри Медведев “Цагдаагийн газрын дураараа авирладаг явдал иргэдийн дургүйцлийг хүргэж, төрийн байгууллагын нэр хүндийг сэвтүүлж байна. Дотоод яаманд шинэчлэл хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн. Тус яамны 1.4 сая орон тоог 2012 он гэхэд 1/5-ээр цомхотгох бололтой