December 03, 2009

Австрали пандаг улаан хивсний ёслолоор угтан авав

Хятадаас Австралийн Adelaide хотын амьтны хүрээлэнд арван жилийн хугацаатай зээлдүүлж байгаа хоёр пандаг хүлээлгэн өгөх улаан хивсний ёслол болж өнгөрлөө. Дөрвөн настай Ван, гурван настай Фу Ниг тус хотод нисэх онгоцоор “залж” авчирсан агаад амьтны хүрээлэнд очих замын дагуу хотын иргэд жагсан, байр хүргэсэн байна. Амьтны хүрээлэнд 25 акр газрыг тохижуулан, хулс ургуулж, Австралийн шатам халуунаас пандаг хамгаалах тусгай хөргүүр суулгасан хадан цохио тавьжээ.
Амьтны хүрээлэнгийн захирал Крис Вест “Мөрөөдөл биеллээ. Тэд энд идээшиж, тухтай байна гэдэгт бид итгэлтэй байгаа” гэжээ. Ашиг орлого нь нэмэгдэнэ гэдэгт хүрээлэнгийнхэн итгэлтэй байгаа. Тэдний тооцоогоор пандаг үзэхээр 250.000 орчим жуулчин, нэг сая гаруй австральчууд ирэх гэнэ.
Хоёр орны хооронд үүсээд байгаа үл ойлголцлыг намжаахад энэ алхам тус болох нь гарцаагүй. Австрали уул уурхайн салбартаа Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан шийдвэр гаргасанд Бээжин сэтгэл дундуур байгаа бол Хятад “Рио-Тинто”-гийн гүйцэтгэх захирлыг баривчилсан явдалтай Канберра эвлэрч чадахгүй байгаа.
Хятад албан бус бэлгэ тэмдэг болсон пандагаа эв найрамдлын тэмдэг болгон илгээдэг. Энэ хоёр пандаг Австрали руу илгээх саналыг Хятадын удирдагч Ху Жинтао 2007 онд тус улсад айлчлахдаа гаргасан аж.

No comments: