April 20, 2010

Орос,Хятадын дундах Монгол буюу Пентагоны “Трояны”морь

АНУ-аар толгойлуулсан цэр гийн сургуулийг нутагтаа хийлгэхийг зөвшөөрч байгаа сүүлчийн улс нь Монгол байж магадгүй төдий гүй Афганистаны дайнд цэргээ илгээх хүсэлт гаргасан Азийн гурав дахь орон болов. Энэ нь тэдний түүх, байршлаас нь шалтгаалж байгаа юм. Улаанбаатар тэртээ 1920-иод оноос 1991 онд ЗХУ задрах хүртэл бүх талаараа Москвагийн цэрэг, улс төрийн үнэнч холбоотон байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд Зэвсэгт хүчин нь ЗХУ-ын армитай мөр зэрэгцэн Японтой тулалдаж байв. 1949 онд байгуулагдсан Умард Атлантын эвслийг (НАТО) сөргүүлэн байгуулсан Варшавын гэрээний гишүүн биш ч Монгол улс дэлхийн II дайны үед Хятад дахь Японы цэргээс хамгаалсан ЗХУ-ын жийргэвч бүс байсан юм.
Удалгүй ЗХУ, Хятадын жийргэвч бүс болсон. Төвийн Азийн цээжинд түгжигдсэн Монгол далайд гарцг үй хоёр дахь том улс бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Казахстанаас баруун хил нь ердөө 21 бээрийн зайтай. Дэлхий дээр энэ хоёр улсаас гадна ганцаардмал БНАСАУ л Орос, Хятад хоёулантай нь хил залгаа оршдог. Монголын хойд хэсэг тэр чигээрээ Оростой, зүүн, өмнөд, баруун талаараа Хятадтай хиллэдэг. Тийм ч учраас энэ орон АНУ, НАТО-гийн гар хүрээгүй бие даасан байдалтай харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ хүйтэн дайн дууссанаас хойш гадна болон дотор талаас нь Пентагоны нө- лөө хүрээгүй нэг ч улс байхгүй. Сүүлийн арван жил АНУ хүйтэн дайны үед нэвтэрч чадаагүй олон газарт хүрч цэргийн баазаа байгуулснаас гадна байлдааны тоног төхөөрөмж суурилуулж, Зэвсэгт хүчнээ оруулж чадсан. Алслагдсан, өмнө нь нэвтрэх боломжгүй байсан Монголыг ч Вашингтоны цэргийн тэлэлт тойрсонгүй. Афганистанд үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн эвслийн 45 дахь гишүүн нь Монгол боллоо гэж НАТО гуравдугаар сарын 29-нд зарласан. Саяхан тусгаар тогтносон Монтенегро 44 дэх гишүүн нь аж. Мөн өдөр Монголын Батлан хамгаалахын сайд Лу.Болд тэргүүтэй төлөө- лөгчид НАТО-гийн Ерөн хий нарийн бичгийн даргын орлогч Клаудио Бисогниеротой Брюссельд уулзаж, Афганистанд 250-иас илүү цэрэг албан ёсоор байрлуулахаар болов. Тийм учраас тус улс дөрөвдүгээр сарын 23-нд Эстонид болох НАТО-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад албан ёсоор уригдана. Орос, Хятадын дунд хавчуулагдсан цэргийн шинэ түнштэй болж байгаа юм, НАТО.
Өмнө нь монголчууд Афга нистанд сургагч офицер илгээж байсан туршлагатайгаас гадна цэргүүд нь Иракт үүрэг гүйцэтгэж байсан. Ингэснээрээ АНУ-тай тогтоосон харилцаагаа батжуулж, хамгийн гол нь аюулгүй байдал, тусламж авах боломжоо баталгаажуулж байгаа хэрэг. Гэхдээ Афганистанд байр лах Монголын цэргүү- дийг америкчууд 2003 оноос эхлэн бэлдсэн. Тус улсын Тэн ги сийн явган цэргүүд энэ зорил гоор 2003 оны наймдугаар сарын 18-нд Монголын нутагт хөл тавьсан байна. Афганистанд цэрэг оруулахаар болсон нь АНУ, Монголын цэргийн түншлэл Ази дахь НАТО-гийн үүргийг нэмэгдүүлэх чиглэл рүү шилжиж байгаагийн тэмдэг. ЗХУ-д хамжаа болон 1945 онд Манжуур руу цөмрөн орсноос хойш тулалдаан хийгээг үй Мон го лын цэрэг арга туршлага хуримтлуулж авахад Афганистаны талбар тус болох нь дамжиггүй. Монголчууд 2004 онд анх удаагаа Ази дахь хамгийн том цэргийн сургууль болох “Алтан кобра” (Golden Cobra) ажиллагаанд уригдсан.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОН ЖИЛҮҮД
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 2005 оны арваннэгдү- гээр сарын 21-нд Улаанбаатарт нэг өдрийн айлчлал хийв. Монголд ирж байгаа АНУ-ын анхны Ерөнхийлөгч.
Үүнээс өмнөхөн тус улсын Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфельд Монголд айлчлал хийж, бас л анхдагч болсон. Үүнээс өмнө Пентагоны нэг ч тэргүүн Монголд ирж байгаагүй хэрэг. Ж.Буш “Хүй тэн дайны үед ч гуйвж дайваагүй, чөлөөт ард түмэн терроризмийн эсрэг дайнд ч тийм л байна. Монголын Зэвсэгт хүчин эрх чөлөөний төлөө байна, тийм учраас манай цэрэг (АНУ-ын) тэдэнтэй хамтран зүтгэж байгаадаа бахархалтай байна” хэмээн хэлж байв. Айлчлалаас хойш хэдэн сарын дараа Д.Рамсфельд Монголд (хүн амын тоо нь Чикаго хотынхтой ойролцоо) 11 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ хэмээн амласан. Хойтон жил нь байнгын ажиллагаатай болсон Таван тол гой дахь цэргийн баазад хий сэн “Хааны эрэлд” цэргийн сургуулийг Пентагон оройлж, Америкийн 300, Монголын 600, БНСУ, Тайланд, Фижи, Тонга, Бангладешийн 200 орчим цэрэг оролцов. Ерөнхийлөгч Ж.Бушийн Мон голд айлчлахдаа амласан олон сая долларын зарим хэсэг цэргийн сургуульд зориулагдаж байгаа гэдгийг онцлон зарлаж байв. АНУын Номхон далайн цэргийн командлагч адмирал Уильям Фаллон энхийг сахиулах ажиллагаанд бэлдэх зорилготой цэргийн сургуулийг ихэд сайшаагаад, Таван толгой дахь цэр гийн баазыг олон улсын сургалтын төв болгох нь чухал гэдгийг онцлон хэлж байв. Тэрбээр хээрийн сургуулийн талаар “Орос, Хятадын дунд стратегийн чухал байрлалтай, АНУ-ын гол түнш Монголын нутагт цэргийн сургууль хоёр долоо хоног үргэлжиллээ” гэж хэлжээ.
2006 онд Монголын Агаарын цэргийн хүчнийхэн Аляскт болсон “Аянга” нэртэй цэргийн сургуульд уригдсан. Номхон далайн хойд хэсэгт болдог агаарын цэргийн хүчний хамгийн том энэ хээрийн сургуульд НАТО оролцсон. “Хааны эрэлд” цэргийн сургууль улам бүр өргөжиж, 2008 онд Франц, Энэтхэгийн цэргүүд оролцсон байна. Тухайн үед ВВС энэ тухай “Болж байгаа цэргийн сургууль цар хүрээний хувьд бага ч Монгол улс хил залгаа хоёр хэт их гүрнийг даван гарч бусадтай холбоо тогтоож чадсан гэдгийг харуулах зорилготой. Оролцож буй орнууд үүний нотолгоо болох юм” гэж мэдээлсэн. Гүрж, Украин, Кыргызэд гурван жилийн өмнө амжилттай болсон өнгөт хувьсгалтай төстэй явдал 2008 оны зун Монголд боллоо. Парламентын сонгуулийн дараа Улаанбаатарт болсон эмх замбараагүй байдлын үеэр эрх баригч МАХН-ын байр руу “Молотов коктель” чулуудан шатааж, таван хүн алагдсан бөгөөд 300 орчим хүн шархдаж, онц байдал зарласан.
Бүх арга техник нь өнгөт хувьсгалынхтай адил байв. Энэ явдлаас дөрвөн сарын дараа ОХУ, Монголын хамтарсан хээрийн сургууль болсон нь ЗХУ тарсанаас хойш хоёр орны хамтран хийж байгаа цэргийн анхны хамтарсан ажиллагаа байв. Энэ хооронд Пентагонтой хамтарсан хээрийн сургууль зургаан удаа болчихоод байна. Улаанбаатар 2004 онд Шанхайн хамтын нийгэмлэгийн ажиглагч болсон ч бүрэн эрхт гишүүн болох талаар ямар ч санаачилга гаргаагүй. Өнгөрс өн онд “Хааны эрэлд” цэргийн сургууль 20 хоног үргэл жилж, Энэтхэг, Япон, БНСУ-ын цэргүүд оролцсон. Ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд оролцсон орны цэр гүүд ёслолын жагсаал хийж, АНУ-ын Номхон далайн командлагч болон Монголын Батлан хам гаалахын сайд үг хэлсэн. Цэргийн сургуулийг АНУ-ын хөрөнгөөр хийж байгаа. Энэ жилийн хээрийн сургуулийг наймдугаар сарын 10-нд хийхээр төлөвлөсөн бөгөөд цар хүрээний хувьд өмнөх жилийнхээс том байх бололтой.
Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. Өрнөдөд боловсрол эзэмшсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор Вашингтон, НАТО-тай тогтоосон Монголын цэргийн харилцаа улам гүнзгийрч, өргөжих магадлалтай юм. Өргөн дэлгэр нутагтай, хүн ам сийрэг суудаг Монгол орон АНУ-ын цэргийнхний хувьд (газраар, агаараар, хиймэл дагуу лаар) ОХУ, Хятадыг хянаж байх хамгийн тохиромжтой газар юм. Тус улсын америк боловсролтой удирдагчид энэ талаарх Вашингтоны хүсэлтэд цааргалаад байхгүй бололтой.

April 06, 2010

ХОТЫН ГУДАМЖ




“Дуудах нэрийг эх, эцэг, дуурсах алдрыг өөрөө олдог” гээд нэг үг байдаг. Зөв л бичсэн байгаа даа. Эндээс аливаа хүн, цаашлаад хот балгад, улс орон өөртөө нэр өгдөггүй, хажуу хавирганыхан нь өгдөг гэсэн лут “оюун дүгнэлт” гарч байгаа юм. (Алдар хүнд хэрхэн олж авах тухай энд ярихгүй) Гудамж, талбай ч өөрцгүй. Тэнд хэн суудаг, ямар наймаа, арилжаа явдаг эсэхээс хамаараад нэрийг нь ойр хавийнх нь хүмүүс өгдөг байна. Нэвтэрхий тольд бичсэнээр Европ, Америкийн олон хотод Ломбард гэсэн нэртэй гудамж байдаг гэнэ. Энэ нэрний үүсэл бүхэл түүхийг агуулна. Уул нь Италийн Ломбарди мужаас Лондонд цагаачлан ирж, алтны дарх хийдэг байсан инжаанууд суудаг гудамжийг ийн нэрлэх болж. Сүүлдээ энэ гудамжинд алт барьцаалан зээл өгөх бизнес дэлгэрч, улмаар мөнгө хүүлэгчид суурьшсан аж. Их Британиас АНУ-д цагаачлан очигсод энэ нэрийг шинэ тив даяар тарааснаар өдгөө тус улсын олон том хотод ийм нэртэй гудамж буй болжээ.
Цагтаа манай эртний нийслэл Хархорум уран барилгын гайхамшиг байсан юм гэнэ лээ. Одоо гудамжны нэр бүү хэл хотоос тоймтой юм үлдээгүй. Байгаа нь нэг хоёрын зэрэг чулуун мэлхий л үлдээ шив. Тэгэхлээр гудамж талбайтай холбоотой өнө эртний түүх нүүдэлчин монголчуудад байхгүй. Байгуулагдаад 370 жил болж байгаа гэх нийслэл маань шав тавьсан газраасаа цөөнгүй удаа нүүж байж одоогийн бууриндаа төвхнөж. Манж нар бодлоготойгоор нүүлгэсэн гэж ч ярьдаг. Харин уул нуруу, ус мөрөнтэй холбоотой домог гэвэл бидэнд бий, бий. Хэн бугай ч бидний өмнө гишгэхгүй. Энэ бүхэн суурин иргэншил давуу, нүүдэлчнийх бүдүүлэг гэсэн үзүүлэлт биш болой.
Өдгөө бид гудамж талбайгаа ёстой өнөө дэлхийн “жишиг” гээч юмаар нэрлэж, хаягжуулахгүй бол болохоо болилоо. Сая хүнтэй хот байна даа. Нүүдэлчин гаралтай гэхээрээ л хамаа замбараагүй байж болохгүй. Гэсэн атлаа дотроо бие биенээ хот, хөдөөгөөр нь ялгаварлах аядана. Уул нь албан ёсны нэр, хаяг манай гудамж, талбайд бий л дээ. Тэгэхдээ хиймэл, оновчгүй учраас хүний чихэнд тэр бүр хоногших нь бага. Тухайлбал, Энгельсийн гудамж гэх газраар урагшаа гүүр ч гэл үү зам ч гэл үү барина гээд ярихад л чухам хаана гэдгийг нь баримжаалах хүн тун ховор. Төмөр замын модон гүүр гээд барагцаагаар ярихад сая нэг юм ойлгоно. Зүй нь тэр гудамжийг “Төмөр замын модон гүүр” гудамж гээд албан ёсоор нэрлэчихсэн байвал болох байж. Хаа хаанаа амар.
Гадна дотны хүн Улаанбаатрын газрын зураг дээрээс очих газрынхаа хаяг энэ тэрийг асуухаар ёстой хэцүү юм билээ. Мөнөөх зурган дээр нь бүх гудамж албан ёсны нэрээрээ. Нөгөөх чинь бидэнтэй адил “Урт цагаан”, “Таван шар”, “Шар дэлгүүр”, “Микр” гэж мэдэхгүй болохоор ёстой түвэгтэй. Болдог бол яг эдгээр нэрээр нь албан ёсоор нэрлээд, хотынхоо газрын зургийг гаргачихвал хичнээн таатай. Мэдээж гадныханд зориулаад гудамжны нэрээ солино гэж байж болохгүй л дээ. Гэхдээ заримдаа бидэнд ч түвэгтэй байх юм. Засвар энэ тэрээс болоод зам хаах хэрэг гардаг. Яг хаагуур хаахыг нь албан ёсны гудамжаар нь нэрлэхээр хүн мэдэхгүй. Яалт ч байхгүй өнөө 25 дугаар эмийн сангийн уулзвар, Баянбүрдийн тойрог, 100 айл, офицеруудын ордон гэх мэтээ дурдсан зарлалыг телевиз, радиогоор дамжуулж, сонинд хэвлүүлнэ. Нэгэнт хэрэглэгдэхгүй, хүний чихэнд хоногшдоггүй албан ёсны нэрсийг солиход буруудах зүйлгүй санагдах юм. Хүн болгоны мэддэг нэрээр нь тухайн гудамжийг нэрлэх нь Лондон, Парис, Нью-Йоркт түгээмэл байдгаас гадна түүх өгүүлдэг аж. 100 айлаас Баянбүрдийн тойрог хүртэлх гудамжийг албан ёсоор юу гэж нэрлэдгийг мэдэхгүй. Хар ярианд бол “амьжиргааны гудам” л гэдэг. Зах зээлд орж байх үед энэ гудамжны дагуух хашаанууд бараг бүгд машин, дугуй засварын газар болж, гуравдугаар арван жилийн ойролцоох байрны нэг давхарууд гуанз, тохиролцооны дэлгүүр болсон. Одоо ч бараг хэвээрээ. Хойшид яаж ч өөрчлөгдсөн тэр үеийн байр байдал ямар байсныг энэ гудамжны нэр сануулсаар байх болно. Албан ёсоор нэрлэгдвэл шүү дээ. “Өвгөнтийн хөндий” гэдэг гудамж заавал байх ёстой. Манай нэг байтугай үеийн гунигт түүхийг энэ нэр сануулж байх учиртай. Тоглоогүй байна.
Алдартай хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор гудамжийг нэрлэх нь түгээмэл үзэгдэл. Гэвч улстөрийн учир шалтгаан болон тухайн хотын засаг захиргааны үзэл баримтлалаас шалтгаалан иймэрхүү нэр олонтоо солигддог гэнэ.
Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ оролцоод эхэлмэгц Нью-Йоркын Брүклин дүүрэг дэх Хамбург гудамжны нэрийг даруй сольж Ерөнхийлөгч Вильсоны нэрээр нэрлэж байв. Нельсон Манделлаг дэмжин, арьс өнгөөр ялгаврлах бодлогыг эсэргүүцэгч орнууд ӨАБНУын Элчин сайдын яам байрладаг гудамжийг Манделлагийн нэрээр нэрлэж байсан гэдэг. Манайд гэхэд л сүүлийн үед бүх юм дээл, хөөмийтэй холбогдох болсон. Хятадын Элчин сайдын яам байрладаг гудамжийг “Монгол дээл” гудамж, эсвэл “Монгол хөөмий” гудамж гээд нэрлэхэд л асуудал Хятадын элчингээр дамжаад шууд дэлхийн “тавцанд” гарна даа. Хятадын Элчин хаа байдаг юм бэ гэж үү? Хөгжим бүжгийн дундын баруун талд, 64-ийн хойхно, Полийн яг ард, Их сургуулийн хоёрдугаар байрны зүүн талд, бишээ, дөрөвдүгээр байрны урд гэх мэтээр зааж өгч чадна. Тоглоомгүй бид яг ингэж зааж өгдөг. Дахиад хэлье гудамжийг хүмүүсийн хэлж сурснаар нэрлэх нь зүйтэй.
А.Дюмагийн зохиол дээр хачин жигтэй нэртэй гудамж зөндөө л гардаг. Хөрөнгөт нийгмийн нүүр царай аятай л юм боддог байсан. Үгүй юм. Юм байгаагаараа сайхан гэдэг чинь л энэ юм байна. Хуучин Их Хүрээнд байсан нэршлийг сэргээе гэсэн ч одоо нэгэнт мартагдсан, идээшихээсээ өнгөрсөн байхаа. Баруун, зүүн дамнуурчин, есөн гудамж, усны гудамж, харчуудын гудамж, Төмөрчний гудамж, өндөр хог гээд байсан л юм гэнэ лээ.
Телевизийн, Таван шарын, Урт цагааны, Төмөр замын, Их сургуулийн, Багшийн дээдийн, Хар захын, Хуучин захын гээд гудамж байвал сайхан ш дээ. Хаана байдаг, ямар бизнес буцалж байдаг нь сонсоход л ойлгомжтой байгаа биз дээ.
Сонирхуулж хэлэхэд АНУ-ын нийслэл Вашингтонд муж улсуудын нэрээр нэрлэгдсэн гудамжнууд байдаг гэнэ. Тусгаар тогтнолыг бэлгэдэж байгаа бололтой юм. Манай Улаанбаатар ч гэсэн аймгуудынхаа нэрээр гудамжаа нэрлэхэд бас л дажгүй. Гэхдээ аймгуудаа нэгтгэж магадгүй юм дуулдаад байгаа. Мөнгө хэмнэх сайхан санаа. Тэр болтол харзнах уу.

АЛТ ДЭЭР ҮҮ, АРДЧИЛАЛ ЧУХАЛ УУ

Орос, Хятад хоёр байгалийн баялгийнх нь төлөө өрсөлдөж, Монгол орон хүчний тэнцвэрийг барих гэж АНУ руу хандаж байна. Ингэлээ гээд Монголын ардчилал аюулгүй байж чадах уу. Чамгүй олон зууны туршид хоёр хөрш нь Монголыг ээлжлэн эзэрхсээр ирж. Хятадын 200 гаруй жил үргэлжилсэн дарлал 1911 онд Манжийн эзэнт гүрэн унаснаар төгсгөл болсон ч хэдхэн жилийн дараа Зөвлөлтийн коммунистууд тэдний халааг авсан аж. ЗХУ 1990 онд задран унаснаар Монгол орон жинхэнэ тусгаар тогтнолоо олж, шинэ удирдагчид нь олон ч бэрхшээлтэй нүүр тулсан. Нэг асуудал тухайлбал, Хятад, Оросын дунд хавчуулагдсан тусгаар тогтнолоо хэрхэн хадгалах вэ гэдэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Арвин баялаг нөөцтэй ашигт малтмалын ордууд энэ оронд нээгдэх тусам тусгаар тогтнол нь тулгамдсан асуудал болон хувирлаа. Монголын Засгийн газар 2010 оны аравдугаар сард өмнийн говьдоо байдаг Оюутолгойн ордоо олон улсын компаниудтай хамтран ашиглах таван тэрбум долларын гэрээг үзэглэсэн.
Гэрээний нийт өртөг нь энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хавьгүй их агаад тус баялаг ордоос жилдээ хэдэн тэрбум фунт зэс, 330.000 унци алт олборлоод байхад нөөц нь багаар бодоход 35 жил хүрэлцэнэ. Цаана нь дахиад нүүрс, ураны баялаг ордууд хэвтэж байгаа гэх. Чухам энэ бүхэн тусгаар тогтнолыг нь эрсдэлд оруулж байгаа юм.
Ялангуяа эрчимтэй томорч буй эдийн засгаа түүхий эдээр цатгаж чадахгүй, ангалзаж байгаа өлсгөлөн Хятадын зүгээс бодитой аюул нүүрлэж мэднэ. Сэтгэл зовнисон Монголын удирдагчид хэзээ ч алдагдаж мэдэх хүчний тэнцвэрийг барихын тулд улс оронд нь зайлшгүй хэрэгтэй байгаа Хятадын хөрөнгө оруулалтыг авахын зэрэгцээ улс төрийн нөлөөг нь сааруулах олон улсын түнш хайж байна. XIX зуунд геополитикийн тэмцлийн гол зэвсэг болж байсан төмөр замын асуудал энд давтагдана гэх нотолгоо одоохондоо алга. Хятадын хилээс холгүй байдаг асар их баялагтай Тавантолгойн нүүрсний орд уул уурхайн аварга компаниудын сонирхлыг татаж байна.
Уурхай ашиглалтад орвол жилдээ 50 сая тонн нүүрс олборлох боломжтой. Гол зангилаа нь нүүрсний уурхайгаас хамгийн том хэрэглэгч болох нь тодорхой байгаа Хятад руу төмөр зам тавих шаардлага гарч байгаа юм. Одоо байгаа төмөр зам Тавантолгойгоос 400 км орчим зайтай. Хамгийн хямд, хамгийн ойрхон хувилбар бол хилээс 80 км зайтай төмөр замыг Хятад руу татах. Тавантолгойн нүүрсний ордыг одоо эзэмшиж байгаа “Энержи ресурс” компани дээр дурдсан чиглэлээр төмөр зам тавихаар зэхэж байгаа бөгөөд Германы төрийн мэдлийн “Deutsche Bahn AG” төмөр замын компанитай гэрээ байгуулж, суурь судалгаа хийх ажилдаа орсон. “Deutsche Bahn” компани 2011 он гэхэд төмөр замыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Гэвч Монголын Засгийн газар энэ төлөвл өгөөнөөс жийрхэж байгаа. Тэд Тавантолгойг Хятадын төмөр замын сүлжээтэй холбосноор уурхайд өмнөд хөршийнх нь давамгайлал тогтох төдийгүй төмөр зам баригдсан тохиолдолд Оюутолгойн баялаг мөн түүгээр дамжин Хятадын нөлөөнд орно хэмээн зовниж байгаа юм. Улаанбаатар дахь Стратеги судлалын төвийн шинжээч Машбатын Отгонбаяр “Цаасан дээр байгаа төмөр замын зургаас үзэх юм бол Хятад Монголын нутгаас өм хазаад авчихсан юм шиг л харагдана” гэсэн юм.
Хятад руу төмөр зам тавих нь одоо байгаа төмөр замыг Тавантолгойн уурхайтай холбохоос илүү хямд гэдгийг Улаанбаатар хүлээн зөвшөөрдөг. Гэвч үндэсний аюулгүй байдал нь мөнгөнөөс үнэтэй аж. Монголын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Дашбалжирын Нэмэхбаяр “Төмөр зам бол бидний амин чухал хэрэгцээ мөн. Гэхдээ Засгийн газрын төлөвлөгөөнд нийцэхгүй байгаа төмөр замыг барьж байгуулах эрхийг хувийн компанид өгч чадахгүй. Хөрөнгө оруулагчид ахиухан ашиг харах нь ойлгомжтой. Харин бидэнд өөр зүйл хэрэгтэй. Тэд манай улсад орж ирсэн л юм бол бидэнтэй хамтран ажиллах ёстой.
“Энержи ресурс”, “Deutsche Bahn AG” санал болгож байгаа төмөр замын төлөвлөгөөнд Засгийн газар хаалт тавих нь бараг тодорхой” гэж хэлсэн. Хятад руу төмөр зам тавих хувилбарт хөрөнгө оруулах сонирхолтой Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын зээлдүүлэгчдийг Улаанбаатарын байр суурь аягүйцүүлж байна. Уурхайгаас зүүн хойшоо Монголын төмөр зам руу хандсан чиглэл тээвэрлэлтийн зардлыг гурав дахин өсгөнө гэж банкууд мэтгэж байна.
Энэ чиглэлээр тээвэрлэлт хийхэд урт зам туулахаас гадна галт тэрэгний дугуй солих илүү ажиллагаа шаардана. Учир нь Монголын төмөр зам ОХУынхтай адил өргөн царигтай бол Хятадынх нарийн байдаг. Хятад руу шууд төмөр зам тавихад дан ганц монголчууд ч дургүй байгаа юм биш. Хүйтэн дайны үеийн өв хөрөнгө болох “Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг хянадаг ОХУ монголчуудтай “эв санааны” нэгдэлтэй байгаа юм. Тавантолгойн нүүрсийг ОХУ руу зөөх боломж олгохын тулд одоо байгаа төмөр замын сүлжээтэй холбохыг тэд хүсэж байна. Уурхайгаас Хятад руу төмөр зам тавих хувилбарыг юун түрүүнд сонгох юм бол зүүн хойшоо тавих төслийг (одоо байгаа төмөр зам руу) гацаана хэмээн Москва монголчуудыг сүрдүүлж байгаа нь эргэлзээгүй. Оросуудад байгаа давуу тал нь тэд зүүн тийш төмөр зам тавих сан байгуулж байгаа төдийгүй Монголын Засгийн газартай бат бэх холбоотой. “Оросуудын нөлөө их байгаа. Төмөр замын асуудлаар монголчууд дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Стратеги, геополитикийн хувьд Орос Монголд нарийн царигтай төмөр зам тавих ажилд бэрхшээл учруулна. Үүнийгээ улс төрийн аргаар яаж ийгээд хийж дөнгөнө.
Бид ердөө хоёрхон хөрштэй гэдгээ мартаж болохгүй” гэж Нэмэхбаяр хэллээ. Гэвч Хятад руу төмөр зам тавих саналыг дэмждэг олон улсын байгууллагууд байгаа. Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Адриан Рутенберг “Монголын нийгмийн зарим хэсэг Хятад руу түрүүлж зам тавих юм бол оросууд зүүн тийш тавих төмөр замын ажилд саад учруулна хэмээн үздэг. Үүнд үнэний хувь бий” хэмээн хэлэв. Нэмэхбаяр энэ тухай “Хятад өмнө зүг тавих төмөр замыг дэмжиж байгаа нь гарцаагүй.
Гэхдээ тэдэнд зүүн тийш тавих төмөр замын ажилд саад хийх бодол байхгүй. Оросууд аль хэдийнэ Монголд ирчихсэн. Харин Хятад бол ирээгүй байгаа” гэсэн юм. Хятад, Оросын дунд хавчуулагдсан Монгол орон цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх арга чарга хайж, АНУ болон Өрнөдийн орнуудтай энэ талын харилцаагаа бэхжүүлж байна. “Улаанбаатар 1990-ээд оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлт тавьж байсан ч Монголын Зэвсэгт хүчин шаардлага хангахгүй гэж НҮБ үзсэн. Гэвч Иракийн эсрэг дайтах холбоотны цэргийн хүчинд аль болох олон орныг татан оролцуулах шаардлага АНУ-д гарсан тул цэрэг илгээх Монголын саналыг хүлээн зөвшөөрсөн” гэж шинжээч М.Отгонбаяр хэлж байв.
Ингээд өмнөд Ирак дахь “Camp Echo” цэргийн баазын аюулгүй байдлыг хамгаалахад оролцохоор 150 монгол цэрэг Иракт очсон бөгөөд 2008 онд сүүлчийн ээлж үүргээ гүйцэтгээд эх орондоо ирсэн. Монголын цэргүүд одоо ч Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа. Холбоотны цэргийн эвсэлд нэгдсэн Монголын зүтгэлийг АНУ урамшуулж “Мянганы сорилтын сан”-гаар дамжуулан 285 сая долларын тусламж өгч, “Хааны эрэлд” нэртэй хамтарсан хээрийн сургууль жил бүр зохион байгуулах болсон. Шинжээчийн хэлж байгаагаар энэ хээрийн сургууль Иракийн дайнд оролцсоны үр дүнд олж авсан шагнал аж. АНУ-ын тэнгисийн явган цэргийн баг Монголын Зэвсэгт хүчнийг Өрнөдийн цэргийн арга барилд сургаж байна.
Хамгийн гол нь монголчууд санасандаа хүрч НҮБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцож, 2006 оноос хойш Сьерра-Леон руу 250 хүнтэй цэргийн ээлж илгээх болсон. Хажуу хавирганд нь АНУ-ын нөлөө тэлж байгаад Орос таатай хандахгүй байгаа. Вашингтоны алхам болгонд хариу барьж эхэлсэн төдийгүй цуврал хээрийн сургууль зохион байгуулж, долоон сая долларын цэргийн тусламж амласан. Хоёр талын албаны хүмүүс хээрийн сургуулийг энхийн зорилготой хэмээн мэдэгдэж байгаа ч Монголын Батлан хамгаалахын офицерууд зорилгыг нь “Монголын армийн зэвсэглэлд байгаа Оросын хуучирсан тоног төхөөрөмжийг хэрхэн засаж сэлбэх вэ гэдэгт бүх зүйл чиглэгддэг” хэмээн аминчлан ярьж байна. Түүнээс гадна Москва Монголын төмөр замд АНУ-ыг оруулахгүй байх оролдлого хийх болсон.
АНУ Монголын төмөр замыг сайжруулахад зориулан 285 сая доллар өгөхийг зөвшөөрсөн. (Энэ тусламж одоо яригдаж байгаа уурхайгаас аль нэг тийш төмөр зам тавих асуудалтай ямар ч холбоогүй юм) Гэхдээ одоо байгаа Монгол төмөр замд санхүүгийн шалгалт хийх нөхцөлтэйгээр. Нөхцөлийг ОХУ хүлээн авахаас татгалзсан. Монголын Засгийн газарт дээрх тусламжийн мөнгийг өөр төсөлд зарцуулах тухай бодохоос өөр сонголт үлдсэнгүй. Гэлээ гээд монголчууд зүгээр суусангүй хүчний тэнцвэрийг хадгалахаар хичээж байгаа. Монголчуудын “гурав дахь хөрш” хэмээн тодорхойлсон бодлоготой төстэй “олон туйлт” бодлого явуулж байгаа Казакстаны жишээ тэдэнд өөдрөг сэтгэгдэл төрүүлж байгаа. Казахстан тусгаар тогтнолоо олж авснаас хойш байгалийн баялгаа ашиглан эдийн засгаа асар богино хугацаанд өөд нь татсан.
“Freedom House”-ын жил бүрийн индексээр чөлөөт орны ангилалд ордог Монгол орон улс төрийн хувьд хоёр хөршдөө үлгэр жишээ болно. Одоохондоо орлого багатай байгаа ч өсөн дэвжсээр байна. Тэднийг хүчирхэгжүүлэх уул уурхайн олон төсөл цаасан дээр нэгэнт буучихсан. Гэвч баян хүчирхэг болох хэрээр гаднаас ирэх даралт шахалт бас нэмэгдэнэ. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улс энэ хэвээр цаашид оршин байх эсэх нь тодорхойгүй байна хэмээн Joshua Kucera http://the-diplomat.com сайтад бичсэнийг хөрвүүлэв.

Гадаад бодлого

Туурга тусгаар улсын оршин байх нэг үндэс нь зөв, цаг үеэ мэдэрсэн гадаад бодлого. Төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй Монгол орны хувьд бие даасан гадаад бодлого явуулж чадалгүй олон зуун жил болсон. Манж, Хятадын талхинд 220 орчим, Оросын дагуул улс болж 70 шахам жил болсныг хэлж байна л даа. Дэлхийн талыг нурааж явах үедээ гадаад бодлого битгий хэл өөрсдийн дэг журмыг сэлмээрээ, суу залиараа тогтоож, өдийг хүртэл уламжлагдан тогтсон олон шинэ ойлголтыг дипломат ёсонд буй болгосон. Дотоод сөргөлдөөний улмаас гадаад бодлого дээрээ нэгдмэл байж чадалгүй байсаар бусдын хоол болсон монголчуудад бие даасан бодлого явуулах боломж 1990 оны ардчилсан хувьсгалаар олдсон.
Өнгөрсөн 20 жил алдаж оносон зүйл олон, эдийн засаг, улс төрийн чухал асуудал дээр хуваагдмал байр суурьтай байсан ч ардчилал гээч юмны буянаар хэнийх нь зөв болохыг ард түмнээрээ шийдүүлж (сонгууль), хайнаа хагалж байв. Хүч тэнцсэн үедээ дотроо зөвшилцөж чадаад байв. Харин ганцхан зүйл дээр тухайлбал гадаад бодлого дээр нэгдмэл байр суурьтай байж чадсан. Аль ч нам төр барьж байсан сөрөг хүчний зүгээс гадаад бодлоготой холбоотой том асуудал дээр маргаан өрнөж байгаагүй санагдана. Санаанд орж байгаагаас sincerely yours гэсэн нэг англи үг жигтэйхэн маргаан дэгдээж байж билээ. Америкийн билүү, Их Британийн ч бил үү нэг элчин сайдын яаманд бичсэн захидлаа хэсэг нөхөд энэ үгээр дуусгасан нь хэрүүлийн шалтгаан болсон. Захидлынхаа төгсгөлд цаад хүндээ хүндэтгэл илэрхийлэн бичдэг танд үнэнч, таныг хүндэтгэсэн гэхэрхүү утгатай дээрх үгийг эх орноосоо урваж, гадаадын хүчинд үнэнч байгаагаа илэрхийлсэн хэрэг хэмээн үзэж байв шүү, тэр үед. Инээдтэй ч юм шиг, одоо бодоход. Өнөөдөр ийм үгтэй захиа хүнд илгээгээгүй, хүнээс аваагүй хүн олдохгүй.
Харин өнөөдөр гадаад бодлогын хувьд хоорондоо зөрөлдөх, хамгийн гол нь “зөрөлдүүлэх” гэсэн гадаадын нөлөөлөл илт ажиглагдах боллоо. Сайны ёр огт биш. Шалтгаан нь уул уурхай, түүнийг дагасан их гүрнүүийн сонирхол. Энэ орны ашиг сонирхол дээр үндэслэн гадаад бодлого нь тодорхойлогддог баймаар. Ялангуяа одоо нээгдээд байгаа ордуудаас баялаг зөөх төмөр замын асуудал тойрон ид бужигналдаж байна. Сонсвол нарийн төмөр замыг Хятадын “талынхан” тавих гээд байгаа бол өргөнийг нь Оросын талыг “баримтлагчид” дэмжээд байгаа бололтой. Эдгээр улсыг бөөнд нь олигархиуд гэдэг гэнэ. Ард түмний, Монголын эрх ашгийг жинхэнээсээ дээдэлдэг “ориг” монголчуудад эрх мэдэл байхгүй байгаа аж. Яагаад ч юм ард түмэн тэдэнд эрх мэдэл өгсөнгүй. Гэхдээ хөөрхийс гудийхгүй юм. Яаж ийгээд мөнгө цаас “олоод” жагсаад, цуглаад, цустай, шүлстэй тангараг өргөөд ард түмнийхээ төлөө яваад л байна. Үйлс нь бүтээсэй билээ, хөөрхийс.
Хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг Монгол оронд маш зальжин, алсыг харсан гадаад эдийн засгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх овсгоо самбаатай сэтгэл нийлсэн баг (хувь хүн биш) яг одоо л хэрэгтэй. Тийм хүмүүс гудамжинд явж байгаа гэдэгт би л хувьдаа итгэхгүй. Бодлого боловсруулж, хэрэгжүүлж чаддаг бол олигархи байна уу, биш байна уу хамаа алга. Өнчин ишигний гарзгүйгээр өөрөөр хэлбэл огт шулуулахгүйгээр хөгжинө гэж огт байхгүй. “Гэлээн гэх байтугай, гөлөөг” гэх хүн байхгүй гэлээ гэдэг шиг Монголыг хараад нулимс нь гараад, хөөрхийсийг хувийн эрх ашиг харалгүй хөгжүүлээд өгье гэх хүн манай гудамжны хэдэн жагсаалчаас өөр байхгүй шүү, үнэндээ.