December 17, 2009

Халамж

О.ТОГОО (2009-12-17)
Аль ч улсын төр хөдөлмөрлөх чадвараа алдсан хүмүүс, өнчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг тэтгэх, асран хамгаалах үүрэгтэй. Хаана ч ийм байдаг. Монголын төр ч ялгаагүй энэ үүргээ ямар засаг тогтож байгаагаас үл хамаараад чадах ядахаараа биелүүлсээр ирсэн. Мэдээж иргэдээсээ татварлан авсан мөнгөөр хийдэг л дээ. Түүнээс төрд ямар юмны мөнгө байхав. Одоо хүнсний талон тараах гэж байна. Нэг бүр нь хоёр мянган төгрөгний үнэтэй долоон талоныг сар тутам 30.000 хүнд өгөх юм байна. Энэ талоноор мах, сүү, талх, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний 10 нэр төрлийн бараа авах аж. Учиргүй тооцоо хийгээд сардаа төдөн төгрөг болох юм байна, нөгөө гайхлуудын авах гээд байгаа нэг тэрбумаар чинь төдөн хүн тэжээх нь байна гэх мэт тооцоо хийхээ больё доо. Төвөг цаашаа. Хүний “буян” хүнд шингэх биш.

Ядуу чадуугаа асран тэтгэ¬дэг нь хүний ёс. Эрт цагаас л ийм байсан, одоо ч хэвээрээ. Нийгмийн хөгжлийн аль ч үед энэрэнгүй сэтгэл, улс төрийн зорилготой алхам хоёрын хольц болсон тусламж дэмжлэг байсаар ирсэн. Зорилго нь үгээгүй ядуусыг тэтгэх. Цаашлаад улс орныхоо хүч чадлыг бэхжүүлж, аль ч нийгэмд голдуу олонх байдаг ядуусыг талдаа татах. Гуйлгачин, түүлгэчин язганаж байдаг улсыг хэн ч гэсэн зүсэм талхаар эзлээд авчихна биз дээ. Гэхдээ дандаа ийм зорилготой байсан гэвэл алдас болно. Түүхэнд тэмдэглэснээр эртний ромчууд, жүүдүүд ядууст тусалж, ургац хураасны дараа тариан талбайд үлдсэн будаа тариаг түүж авахыг зөвшөөрдөг байж.

Лалын шашин энэ талаар гойд энэрэнгүй бодлого явуулж, исламын шашны таван тулгуур зарчмын нэг нь ядууст өглөг өгөх хэмээн үзэж байв. Хоосон тунхаглаад зогсохгүй, амьдралд хэрэгжүүлж, Халифын санд татварлан цуглуулсан баялгийн тодорхой хувииг өнчид, бэлбэсэн эхчүүд, өндөр настнуудад зориулдаг, муж бүр гамшиг, өлсгөлөнгийн үед хэрэглэхээр тариа будаа нөөцөлдөг байж. Тэртээ наймдугаар зуунд Аббасины халиф Аль-Мансурын гаргасан энэ шийдвэр олон зууныг дамжин мөрдөгджээ. Харамсалтай нь хүн төрөлхтний түүх иймэрхүү гэгээн сайхан зүйлээр хомс аж.

Нэн эртнээс дайн байлдаан хийж ирсэн нүүдэлчин монголчуудын хувьд олныг хамарсан өлсгөлөн, өвчин тахалд бараг өртөж байгаагүй тул дээр дурдсан “үйлчилгээ” байсан гэхэд эргэлзээтэй. Харин хэн нэгэн хаан ширээнд залрахад сангаас өвгөд хөгшид, өнчин ядууст бэлэг өгөх, зуд турхан болоход өнтэй газар өвөлжүүлэх зэрэг бол харин байжээ. 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жавзандамбыг хаанд өргөмжлөхөд мөн л “эмзэг хэсгийнхэнд” бэлэг сэлт өгөхийн сацуу хоригдлуудыг сулласан байна.
Харин шинэ Монголын халамж юу байв аа. За бараг л бүх үйлчилгээ үнэгүй байлаа. Бүх шатны сургууль, эмнэлэг, нэр нь л улсынх болохоос биш орон байранд хүртэл үнэгүй орж байв. Бас хүүхдийн мөнгө гэж байсан. Хаа очиж шударга хуваарилдаг байсан юм гэнэ лээ. Тухайн өрх хэдэн хүүхэдтэй энэ тэрээс хамаараад хэмжээ нь өөр өөр. Одоогийн хүүхдэд өгдөг мөнгөтэй адилгүй. Харин энэ бүгдийн өртгийг гаднаас зээлээр авч байлаа. Ардчилсан засгийн эхэн үед хэцүүхэн, цалин, тэтгэврээ арайхийн тавьж байсан бол одоо сагана гэдэг нь болж байх шиг.
Хүнсний талоныг эсэргүүцэх бодол алга, гагцхүү эзнээ олсон байгаасай л гэж хүсч байна. Ерөөсөө аливаа халамж тусламжийн талаас илүү хувь нь түгээлтийн системээр орж, үхэр долоочихсон юм шиг алга болдог, зохих эзэндээ хүрдэггүй. Хүрсэн ч өгч байгаа, авч байгаа хоёр сэтгэл дундуур үлддэг. Энэ нь түгээлтийн системийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын хүнд сурталтай холбоотой. Төрийн халамж үйлчилгээнд хамрагдаж, хишиг хүртэнэ гэдэг туйлаас бэрх. Бөөн бичиг цаас. Тусламж авах ёстой хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд тэр их бичиг цаасыг бүрдүүлж чадна гэж хэний толгойд ордог байна аа. Тэгсэн атлаа тохуурхаж байгаа юм шиг нээлттэй хаалганы өдөр бил үү, нэг марзан юм хийнэ. Бусад өдөр нь хаалттай байдаг гэдэг онигоо бараг үнэн шүү.
Орон нутгийн “феодалууд” аль намыг дэмждэг эсэхийг нь болгоож байж тусламжид багтаадаг гэсэн. Үнэн бол хэцүү еэ.
Хүнсний талон тараах бол муу биш санал. Ийм төсөлд төр санаачлагч, бодлогоор дэмжигч л байх хэрэгтэй. Хэрэгжүүлэх ажлыг нэр хүндтэй компани, алдартай хүмүүст даалгах нь илүү үр дүнтэй. Ийм газрууд, хувь хүмүүс нэр төрөө маш их эрхэмлэдэг. Нэр төр нь тэдний бизнесийн баталгаа байдаг учраас хулгай хийхгүй нь ойлгомжтой. Өлсгөлөнгийн үед ийм арга хэмжээ авч байсан түүх Орост байдаг юм билээ. 1891 онд тус улсын тариалангийн гол мужууд ургац алдаж, өлсгөлөн болоход хүнсний тусламж, мөнгө цуглуулах буяны ажлыг Лев Толстой, Антон Павлович Чехов, Владимир Короленко зэрэг нийгмийн оюун санааны хөтөч болсон хүмүүс зохион байгуулж, 12 сая хүний амийг аварсан түүхтэй. Өлсгөлөнг Орос орон 400.000 “төлийн” гарзтай давсан. Гэтэл манайд өлсгөлөн болоогүй байна шүү дээ. Бидний хаясан хогийг түүгээд, бүр идээд “амьдарч” байгаа цөөнгүй хүн байгааг бодохоор бид тартагтаа тулчихаагүй байна шүү. Энэ ч яахав холын жишээ.
Бидний гар утсанд заримдаа тусламж хүссэн мессэж ирдэг. Өвчин зовлонд унасан хүмүүст тусламж хүссэн, туслахыг хүссэн хүн ийм дансанд мөнгө илгээнэ үү гэх мэт. Нэг нэгж нэг төгрөгтэй тэнцдэг, тусламж болгон илгээсэн таны нэгжийг дараа нь мөнгө болгоод авна гэсэн үг шүү дээ. Тусламжаар илгээсэн нэгжийг мөнгө болгодог үйлчилгээ нээчих юм бол, тусламж хэрэгтэй хүмүүс тусгай дугаар хэрэглэдэг бол, ийм үйлчилгээтэй компанид бага зэрэг татварын хөнгөлөлт үзүүлдэг бол мөн зүгээр ээ. Төр заавал татвар аваад, буцаагаад тарааж байхаар зарим нэг юман дээр өөрийгөө чөлөөлж баймаар юм.
Африкийн Кенид safaricom гээд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг оператор байдаг юм гэнэ. Ашиг ч их олдог юм байх. Заавал тусламж гэх юм байхгүй, нэгжийг мөнгө болгох үйлчилгээ байдаг учраас хүмүүс нь дэлгүүрийн худалдагчийн гар утас руу харуулж байгаад л нэгжээ явуулаад наймаагаа хийчихдэг юм биш үү. Сайндаа ч биш хүмүүс нь тэр бүр дансны дугааргүй болохоор ийм үйлчилгээг нэг сэргэлэн англи эр сэдээд хэрэгжүүлсэн юм шиг байна лээ.
За даа, тэгээд тэнэг нь бичээд, сохор нь уншаад, дүлий нь сонсоод, хэлгүй нь ярьж өгөв гэгчийн үлгэрээр хөөрхий харуудын туршлагыг манайхан тоохгүй биз дээ.
Улс орны эдийн засаг сайжирч, бяд суухын хэрээр халамж хүртэгсдийн тоо нэмэгддэг бичигдээгүй хууль хаа сайгүй байна. Европ, АНУ-д ядуу, оронгүй гэргүй хүмүүсийг толгой хоргодуулах, хооллож ундлах ажлыг голдуу сүм хийд, “мөлжигч” гэсэн тодотголтой томоохон баячууд, үйлдвэрийн эзэд болгоод байдаг байж.
Гэтэл төр халамжийг гартаа аван татвар төлөгчдийн мөнгөөр туйлах явдлын эх анхлан Германд тавигджээ. Бүх асуудлыг цус, төмөр хоёроор шийдэх боломжтой хэмээн үздэг байсан “төмөр канцлер” хочтой Отто фон Бисмарк 1890-ээд онд осол, өвчин, хөгшрөлтийн даатгалыг Германд нэвтрүүлжээ. Цаад санаа нь хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж байсан социал демократуудыг улс төрийн тавцангаас шахах. Яваандаа халамжийн энэ тогтоц ХХ зууны үеэр Их Британид, гучаад оны Их хямралын дараа АНУ-д нэвтэрсэн байна. Одоо бол дэлхийн бараг бүх оронд их бага хэмжээгээр бий болсон. Ажилгүй ядууст, ажил хийдэг ядуусын мөнгийг авч өгдөг энэ үзэгдэл сүүлийн үед хэрээсээ хэтэрсэн тул олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах боллоо. Хямралын үед энэ нь бүр тод харагдаж байна. АНУ-д 1962 оноос хэрэгжиж эхэлсэн Хүнсний талон хөтөлбөрт (Food Stamp Program) 2009 оны зургадугаар сарын байдлаар 35 сая хүн хамрагдаад байгаа нь түүхэнд үзэгдээгүй явдал боллоо. Найман америк хүн тутмын нэг нь гэсэн үг. Хэдий баян орон ч гэлээ өдөрт 20.000 мянган хүн үнэгүй хоол хүнс авах хөтөлбөрт хамрагдаад ирэхээр юу болох нь ойлгомжтой.
Манайд одоохондоо даруухан эхэлж байна. Сонгууль дөхөөд ирэхээр юу болохыг таахад бэрх. Уул нь халамж гэдэг чинь энэрэнгүй сэтгэлийн үүднээс хийж байгаа “ялгаварлан” гадуурхалт шүү дээ. За, энэ энэ найз нар маань ийм ийм зовлон гачаал, золгүй явдлын улмаас тусламж авахаас аргагүй боллоо. Хөөрхийс минь та нартай адилхан ажил хийж чадахгүй байгаа юм, та хэдийнхээ цалин, орлогоос гувчуур татаж, өгөхөөс. Надад ямар мөнгө байх биш гэх маягаар л төр хандаж, бид өгч байгаа хэрэг шүү дээ. Түүнээс хүн бүрийг өлгийнөөс авс хүртэл тарвалзуулна гэсэн үг яавч биш. Зохих эзэд нь авч чадахгүй байгаад л хүмүүс бухимддаг болохоос татвар өгсөндөө уурлаад байгаа юм алга. Төлөхгүй гээд хаачих билээ. Энэ хорвоод чинь үхэх, татвар төлөх хоёроос бусад нь худлаа юм гэсэн.

No comments: