December 18, 2009

Ус, агаартай гариг олдов




Манай дэлхийгээс зургаа дахин том, гадаргын 3/4-ыг ус, үлдсэнийг нь хуурай газар, хад чулуу эзэлдэг байж болзошгүй гариг 40 гэрлийн жилийн зайд байгааг Харвардын одон орон судлалын төвийнхөн нээсэн байна. Одон орон судлалын хэмжүүрээр 40 гэрлийн жил гэдэг хол биш зай гэнэ.
Тэнгэрийн заадсын GJ1214 одыг тойрон эргэдэг уг гаригийг Харвардын их сургуулийн аспирантур Зачори Берта 16 инчийн диаметртай дуран авайгаар анх ажигласан байна. Энэ дуран сонирхогчдын хэрэглэдгээс нэг их томгүй гэнэ. Тэрбээр “Дэлхийтэй төстэй ийм гариг урьд өмнө ажиглагдаж байгаагүй. Тэнд байгаа мөс далайн түвшнээс 20.000-гаас дээш метрийн өндөрт бүрэлддэг усны нэг хэлбэр байж болох юм” гэжээ.
Эрдэмтэд тэнд мөс байгаа нь туяанаас хамгаалах агаар мандал байгааг нотолж буй хэрэг. Агаар мандал нь устөрөгч, гелигэс бүтсэн байх магадлалтай гэсэн таамаглал гаргаад байна. Судалгааг нарийвчлан хийхийн тулд сансар судлалын супер технологи болох Hubble дуран авайг найдвар төрүүлээд байгаа гариг руу чиглүүлжээ.
Профессор Дэвид Чарбонно “Бидэнд ойрхон байгаа энэ гаригийн агаар мандал, бүтцийг Hubble тодорхойлох болно. Удахгүй манай дэлхийтэй адил агаар мандалтай, устай гариг байна гэдгийг бид анх удаа нотолж мэдэх юм. Харин тэр агаар мандал нь бидний мэдэх амьдралын хэлбэрт зохицохгүй ч байж магад” гэлээ. Шинээр нээгдсэн GJ1214b гариг дэлхийгээс хэт халуун байж магадгүй гэсэн таамаглал байгаа юм.

No comments: