May 26, 2010

Хараал шингэсэн дугаар

Болгарын гар утасны “Mobitel” компани 0888 888 888 дугаарын утсыг сүлжээнээс салгаж, түдгэлзүүлсэн байна. Учир нь, сүүлчийн арван жилд энэ дугаарыг барьсан хүмүүс бүгд алагдсан аж. Дугаарын анхны эзэмшигч нь “Mobitel” компанийн эзэн Владимир Грашнов байсан агаад тэрбээр 2001 онд 48 насандаа хорт хавдраар үхжээ. Өрсөлдөгч компаниуд нв түүнийг радио идэвхт бодисоор хордуулан алсан гэсэн цуу яриа байдаг байна. Удалгүй энэ дугаарыг Болгарын мафийн босс Константин Дмитров авчээ. Ердөө 31 настай, 500 сая паундын хөрөнгөтэй байсан гэх К.Дмитров 2003 онд Голландад ажлаар явж байгаад тархиндаа сум зоолгон цаашаа харжээ. Хараал шингэсэн дугаарыг үл хөдлөх хөрөнгийн наймаагаар халхавчлан мансууруулах бодис зуучлан худалдаалдаг Константин Дишлиев гэгч барих болсон ч удалгүй ажил хэрэг нь өөдлөхөө больж, 130 сая паундаар үнэлэгдэх мансууруулах бодис нь цагдаагийн гарт оржээ. Удалгүй түншүүд нь түүнийг цааш нь харуулсан байна.
Ингээд хүмүүс ч уг дугаараас цээрлэх болж, “Mobitel” элдэв хэл амнаас зугатан уг дугаарыг хаажээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад “Бид ямар ч тайлбар хийхгүй. Хувь хүний асуудлыг бид хэлэлцдэггүй” гэсэн хариулт өгсөн байна.

Гитлерийн амийг Сталин хоёр удаа аварчээ



“Нацист Германы удирдагч Гитлерийг устгах төлөвлөгөөг Зөвлөлтийн тусгай албад дайны жилүүдэд хоёр удаа боловсруулсан ч И.Сталин тухай бүрд нь хүчингүй болгосон” гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайдаар 1995-1998 онд ажиллаж байсан өдгөө “Цэргийн удирдагчдын клуб”-ын тэргүүн генерал Анатоли Куликов Москвад болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэв. Гитлерийг устгах төлөвлөгөөг 1943, 1944 онуудад боловсруулсан агаад сүүлийнх нь тун ч нямбай бодож боловсруулсан ажиллагаа байсан гэнэ.
Гитлер амьд байх нь ялах нь тодорхой болсон И.Сталинд ашигтай байсан аж. Учир нь, Гитлер ямар нэгэн байдлаар алагдсан тохиолдолд оронд нь гарч ирсэн хүн Их Британи, АНУ-тай дайн зогсоох энхийг гэрээг хийх аваас Москвад ашиггүй төдийгүй туйлын аюултай улс төрийн нөхцөл үүсгэнэ гэж И.Сталин үзсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд У.Черчиль улаан, хүрэн хоёр тахлыг хоёуланг нь жигшдэг хүн байсан агаад хоёр муугаас арай дөнгүүрийг нь Москваг хэмээн үзэж Гитлерийн эсрэг холбоо байгуулсан байна. Түүнийгээ ч нууж байсангүй. “Гитлер тамд очлоо гэхэд бид шуламтай нийлэн түүнийг дарах болно” хэмээн улаан цайм хэлж байв. И.Сталин ч британчуудыг холбоотноо хэмээн үзэж хайрлаад сүйд болдоггүй төдийгүй өнөөгийн нөхөр маргаашийн дайсан хэмээн тооцдог байв. Тэрбээр дайн дуусмагц холбоотнуудтай үзэлцэнэ хэмээн шийдчихээд байсан аж.
Гитлерийг устгах төлөвлөгөөний талаарх нарийн ширийнийг өгүүлсэн “Дэлхийн хоёрдугаар дайн” номоо А.Куликов удахгүй хэвлүүлэх юм байна.

Эрдэмтэд бурхныг орлох болно



АНУ-ын эрдэмтэн Крейг Вентер болон түүний багийн судлаачид 15 жил уйгагүй хөдөлмөрлөж, олон сая долларын хөрөнгө зарсны үр дүнд лабораторийн аргаар хиймэл амьдрал гарган авч чадсан байна. Хүн бурхны үүргийг гүйцэтгэх боломжтой боллоо гэдгийг К.Вентерийн бүтээл харууллаа гэж олон хүн үзэж байгаа юм.
Судлаачид химийн нэгдлээс амьдралын цоо шинэ синтетик хэлбэрийг гарган авч чаджээ. Тэд туршилтын хоолойд байрлуулсан хиймэл ДНК-аас шинэ хромсом гарган авч, түүнийгээ хоосон эсэд амжилттай шилжүүлэн суулгаж чадсан төдийгүй үржүүлж дөнгөсөн байна. Хүний гараар буй болсон нэг эст энэ шинэ “зүйл” бол ердийн бактерийн сайжруулсан хэлбэр агаад технологийн шинэ эринийг хүн төрөлхтөнд авчрах юм.
Одоогоор “Synthia” хэмээн нэрлээд байгаа энэ организмыг ашиглан хорт хаягдлыг цэвэр түлш болгон хувиргах, байгаль орчныг цэвэрлэх, өвчний эсрэг вакцин бүтээхэд хэрэгтэй шинэ зүйлийн “амьтан, ургамал” гарган авах замыг нээж байгаа аж. Хүн төрөлхтөн төсөөлж боломгүй шинэ дэвшлийн өмнө тулж ирээд байгаа хэрэг. К.Вентер “Төсөөлөл төдий байсан шинэ эринд та бид алхан орлоо” гэсэн байна. “Science” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд К.Вентерийн багийнхан дэлхийн хамгийн жижиг бактери болох mycoplasma-ын генийн кодыг тайлан компьютерт оруулсан агаад уг кодоо ашиглан лабораторийн ар гаар хиймэл ДНК хийжээ.
Эцэст нь үүнийгээ ашиглан цаашид хуваагдан үржих чадвартай эс буй болгожээ. Эрдэмтэд шинэ ололтоо ашиглан ус цэвэршүүлдэг замаг гарган авахаар төлөвлөөд байгаа бөгөөд вакцин хийх аргачлалыг хурдавчлах, химийн шинэ бүтээгдэхүүн гаргах авах, хүнсний зүйлсийн найрлагыг өөрчлөх, ус цэвэршүүлэх технологи хийх ажлаа нэгэнт эхлээд байна. Энэ бүхнийг шинэ технологи, нэг ёсондоо шинэ төрөл зүйл гарган авах замаар хийх аж. Амьд багаж гарган авна гэсэн үг.
Нэр нөлөө бүхий эрдэмтэд, судлаачид хиймэл амьдрал гарган авсан явдлыг “Эрдэмтэд хүний түүхийн шинэ хаалгыг нээлээ. Тэд бурхныг орлон хэзээ ч байгаагүй зүйлүүдийг (ургамал, амьтныг) гарган авч, байгалийн бохирдлыг арилгаж, энергийн шинэ эх үүсвэр гарган авч, харилцаа холбооны цоо шинэ хэлбэрийг бий болгох ирэх замыг тавилаа. Үүнтэй зэрэгцээд эрсдэл, түгшүүр хамт ирнэ. Цаашид хүний амьдралд эрс шинэтгэл хийх энэ мэт эволюцийн судалгаанд шинэ хэм хэмжээ тогтоох, үр дүнг нь цэргийн болоод алан хядах зорилгод ашиглахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах шаардлага гарч байна.
Шинэ ололтыг ашиглан урьд өмнө төсөөлж байгаагүй аймшигтай, хүчтэй биологийн зэвсэг үйлдвэрлэх боломж нээгдэж байгааг мартаж болохгүй” гэсэн байна. Харин эрдэмтэд одоогоор техникийн боломж хязгаарлагдмал байгаа гэдгийг дурдаад, хийж байгаа зүйлийнхээ ач тус, хор холбогдлыг сайтар ойлгож байгаагаа илэрхийлжээ. Холливудын найруулагч Ридли Скотт, Стевен Спилберг нарын кинонд гардаг шиг хиймэл бодгаль, оюун ухааны эрин ойртож байгаа бололтой.

May 24, 2010

ДАЛАЙ ЛАМ: АЗ ЖАРГАЛ БОЛ САЙН ҮЙЛИЙН ҮР






Уулзалтын үеэр Ажиа гэгээний номыг худалдан авсан хүмүүс гарын үсэг зуруулахаар урт дараалал үүсгэ¬сэн. Ихэнх нь америкчууд. Нэг дор, нэг номыг тийм олон хүн худалдан аваад, зохиогчоор нь гарын үсэг зуруулахаар дугаарлан зогсохыг анх удаа Блүүмингтонд л харлаа. Харин Америкт бол ийм зүйл ердийн хэм хэмжээ болчихсон эд гэнэ. Зохиогч, уншигчдын ийм уулзалтыг байнга зохион байгуулдаг аж. Эмнэлэг барихад хэрэгцээтэй хандивыг босгоход бо¬ломж¬той бүх аргыг хэрэглэж байгаа нь харагдсан. Дээрхийн гэгээнтний ном айлдсаны дараа Төвдийн шашин соёлтой холбоотой эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал худалдаалахын хажуугаар Индианагийн их сургуулийн ойролцоо босгосон асарт төвд зах ажиллаж байсан. Далай ламтанд мөргөхөөр очсон монголчууд чамгүй сайн худалдаа хийхийн зэрэгцээ өглөг хандив ч өргөж байсан. Далай ламтан өглөгийн эздийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан. Ажиа гэгээнтэй хийсэн уулзалтын үеэр нэг америк “Та яагаад лам болохоор шийдсэн бэ” хэмээн асуусан шүү. Хариулт нь их хөгжилтэй. Ажиа гэгээн “Би тэр үед хоёр настай байсан болохоор шийдвэр гаргаагүй. Намайг хойд дүрээр тодруулсан” хэмээн хариул¬сан. Танхим нирхийгээд явчихаж байгаа юм. Их Британийн хатан хаанаас “Do you speak Еnglish” гэж асуудаг орос сэтгүүлчийнхтэй харьцуулбал буддын шашин мэдэхгүй хүнээс гарч болох л асуулт. Өдгөө 59 настай Ажиа гэгээн бурхны шашинд шинэтгэл хийсэн Зонхов Богдын эцгийн хойд дүрээр бага насандаа тодорсон аж.
Монголчууд бид бурхны ша¬шинтан гэж хий хашгирахаас өөрөөр хийсэн юм бага юм шиг. Харин америкчууд их зүйл амжуулжээ. Далай ламтны сургаал, номоос авахуулаад бурхны шашны гүн ухаан, соёл түүхийн талаар англиар бичсэн, орчуулсан номыг ёоз ёозоор нь өрөөд худалдаж байна. Дээрхийн гэгээнтний Блүүмингтонд ирж айлдсан “Төгс билгийн зүрхэн судар” хүртэл англиар байна. Нэгийг худалдаад авчихсан. Орчуулах санаа уг нь байгаа. Үг хэллэг нь энгийн ойл­гомжтой, боломжийн санагдсан. Энд ирээд хүмүүстэй ярьсан чинь ор¬чуулаад дэмий, хүн худалдаж авахгүй гэх юм. Хүн зарна гээгүй, тэгээд ч нэг ч өгүүлбэр орчуулаагүй байхад, сонин юм шүү. Тэгээд ч наана нь зөвшөөрөл авна энэ тэр гэж нэг юм байгаа.
Би лам нарыг дандаа өргөл хандив авдаг гэж боддог байсан үгүй юм билээ. “Summerhouse” буудалд надтай хамт байрласан монгол залуу нэлээд төөрч байж Блүүмингтонд ирсэн. АНУ-д Блүүмингтон нэртэй хот хоёр байдаг юм байна. Нэг нь Иллинойс мужид байдаг нэлээд том хот, нисэх буудал энэ тэртэй, нөгөө нь Индиана мужид байдаг аж. Мань хүнийг Д.Доржсүрэн гэдэг юм. Доржсүрэн Иллинойсийн Блүүмингтон хот руу гараад шидчихэж. Онгоцноос буугаад ТМШСТ рүү утасдаад, нисэх буудалд ирчихлээ ямар хаягаар очих вэ хэмээн лавласан гэж байгаа. Өөдөөс нь өгсөн хариулт ойлгомжтой, манайд нисэх буудал байхгүй, та хаана байгаа юм бэ? Хурал номын ажил эхлэх гээд байдаг. Төөрчихсөн, буудлын мөнгө, буцах тасалбар хоёроос өөр юм мань хүнд байхгүй. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон хэрэг. Гэвч ТМШСТ-ийн ажилтан М.Саран мань хүний тухай Ажиа гэгээнд илтгэснээр бүх юм сайхан бүтсэн. Мөнгөө шавхаад аргалаад ир, зардлыг чинь төлнө гэсэн хэрэг. Доржоо амжиж ирээд, надтай нэг өрөөнд орсон төдийгүй тооцооны хуудсаа үзүүлээд мөнгөө авсан. Юун хандив өгөх. Гэхдээ Доржоо “Надад боломж л олдвол, би сайн хүний ачийг заавал хариулна” хэмээн ам шүд алдаж байсан. Тэрэнд нь би ч эргэлзэхгүй байна. Д.Доржоо АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгөхөөр бэлдэж байгаа жирийн л эмч залуу. Манай эмч нар цалингаа голж, энд жагсаж байхаар сайн бэлдэж байгаад АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгмөөр юм. Жилийн орлого нь 200 мянган “ногоон” давдаг гэж байна шүү дээ. Бид хоёр маргааш нь хэрэг болгон сахиж байгаад Ажиа гэгээнтэй уулзан адис хүртэж, зургаа хамт татуулсан, бүр гэрийнх нь гадаа. За би чамд ёстой нэг тусалсан шүү, хэн минь гэж ирээд ярих юм байх гэсэн огт юм болоогүй юм шиг уулзаад, сайн явахын ерөөл хэлээд машиндаа суун одсон.
Сүүлдээ бид хоёр бүр давраад унаа¬гаар буудалдаа хүргүүлээд зогсохгүй, маргааш өглөө Индианаполис нисэх буудал орох унаагаа сүмээс авахаар болсон шүү. Харамсалтай нь таг унтаад хоцорчихсон. Монгол авгайтай нэг орос нөхөр аминд орсноор Вашингтон нисэх онгоцонд амжиж суусан. Тэнд найз нар маань хүлээж байгаа. Гудамжнаас авахуулаад, их сургууль, дараа нь “Монгол ньюс”-т хамт бу¬жигнаж байсан Баатараа, Ивээл, Пүүжээ гурав маань намайг, миний авч очих “монгол цайг” харуулдаад байж байхад хоцорч огт болохгүй, бөөн чирэгдэл гарна.

АМЬ САХИГЧИД

Америкт явж байхад анзаарагдсан нэг зүйл бол тэндхийн цагдаа, хамгаалалтын ажилтнуудын “сонин зан”. Үнэхээр хачин нөхөд. Далай лам тавдугаар сарын 14-ний үдээс хойш ТМШСТ-д залран ирж монголчуудтай уулзана, хэвлэлийн хурал хийлгэнэ гэсэн мэдээллийн дагуу сүмийн гадаа монголчууд лав 100 орчим машин хөлөглөн ирсэн. Гол зорилго нь зангиа, үрэл олж авах, Далай ламтнаас адис хүртэх. Ширүүн аадар цутгаад гадаа хийх байсан хэвлэлийн хурал ч болсонгүй. Мөргөлчдийг гучаар нь ч бил үү, дөчөөр нь таслан оруулна гээд эхний ээлжийг оруулаад таг болчихсон. Гадаа хүлээж байгаа мөргөлчидтэй тэр хэдэн хамгаалагч бараг найз болоод намтар түүхээ ярилцаад зогсож байв. Холоос ирснийг нь эхлээд оруулдаг юм уу гэж баахан маазраад авсан. Холоос ирснээ нотлох гэж хөөрхөн тэмцээн болсон. Хэвлэлийнхэн бүх арга хэмжээнд дараалалгүй орно хэмээн хэсэг нөхөд зүтгээд бараагүй. Цаашаа утсаар яриад тийм шийдвэр өгөөгүй гэдгийг инээмсэглэн тайлбарласан. Инээгээд л “I am sorry”, “Excuse me” гээд хаагаад зогсчихно.
Гэтэл манай хамгаалагчид бодохоос гомдмоор. Хамгаалж байгаа хүнийг нь бөөн дээрэмчин ирчихээд юу юугүй тонох гэж байгаа аятай, жигтэйхэн чухал царай гарган даналзана. Үнэндээ бол цаадуулыг нь хэн тоохов дээ, ганц хоёр зураг дарах гэсэн, боломж олдвол нэг яриа авчих гэсэн үйлтэй хэдэн сэтгүүлч л байж байдаг. Олон нийт бол ер тоохгүй. Өө нөгөө Төрийн гурван юу ирчихээ юү гээд авч хэлэлцэхгүй. Эртний монголчууд бие хамгаалагчийг амь сахигч гэдэг байж, орчин цагийн амь сахигчид дэндүү зөрүүтэй юм. За тэр цагдаа байна. Сүмд ирсэн монголчуудын машин бороо орсны улмаас шаварт сууж хөөрхөн бөглөө, таглаа үүссэн. Сүмийн үүдэнд нэг цагдаа, сайн дурын эмээ, өвөө хоёр л асуудлыг зохицуулчихаж байгаа юм. Өнөө сүрлэг сайхан шүглийн дуу энэ тэр огт байхгүй. Зүгээр гараараа дохимор аядаад л инээгээд л болчихсон. Урамгүй ч юм шиг. Манайхан бол байн байн шүгэл тачигнуулж, п… гээд л орос тарни уншаа л, бас л сүртэй шүү. Юун тэр сайн дурын ажилтан бэ.

ТӨГСГӨЛ

Буудалд унтаж унаанаасаа хо¬цорсныг эс тооцвол Блүүмингтонд ирсэн ажил аятай сайхнаар дууссан. Далай ламаас ярилцлага авна гэдэг мань зэргийн хүнд саналтгүй эд байна лээ. Юу бодож дуу хураагуур энэ тэр хэрэг болгон авсан юм, бүү мэд. Тэгээд ч нас өндөр болсон Дээрхийн гэгээнтэн хүссэн болгонтой уулзаад, ярилцлага өгөөд байдаггүй бололтой. Урьд нь Монголд ирж байхад нь миний бие хурал номонд нь нэг ч удаа очиж байгаагүй, гэгээн дүрийг нь харж байсангүй. Энэ удаа харин аз тохиож, хаа холын Америкт харах завшаан олдлоо.
Албан ёсны ажлаа дуусгаад тэнэх замдаа гарсан даа. Нэг сонин үүргэвчтэй, сонин нөхөр яваад л байсан даа хөөрхий чинь. “Өнөөдөр” сонины Гадаад мэдээний албанд орсноос хойш өдөр бүр биш юм гэхэд АНУ-ын тухай, Цагаан ордны тухай, Уолл Стритийн тухай, тэнд болсон сонин хачин зүйлсийн тухай долоо хоногтоо хэдэн удаа заавал бичдэг. Ингэхээс өөр арга ч байхгүй. Ёстой өнөө мэдээнд бичдэг газруудаараа чадахынхаа хэрээр явж, болох хэрээрээ зургаа татууллаа. Эрх чөлөөний хөшөөнөөс илүү “Уолл Стрит” дэх Хөрөнгийн биржийн өмнөх бухын баримал яагаад ч юм миний сонирхлыг их татдаг юм. Очиж зургаа авахуулсан төдийгүй, дурсгал болгон жижгэрүүлсэн дүрсийг нь худалдаад авчихсан. Найз нар гайхаад байсан. Би өөрөө яагаад татагдаад байгаагаа мэдэхгүй байхад тэд нар аргагүй шүү дээ. Гэхдээ олон жил уулзаагүй найз нартайгаа уулзах нь бүхнээс илүү сайхан байлаа. Цааших нь хувийн чанартай зүйлс учир ингэсгээд зогсохоос. Харин блогтоо дэлгэрэнгүй хүүрнэн өгүүлэх болно. Тэнд уулзъя.

May 23, 2010

Далай лам: Аз жаргал бол сайн үйлийн үр



О.ТОГОО


Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтан АНУ-д заларч сүсэгтэн олонд “Төгс билгийн зүрхэн судар” айлдаж, ном тавих буян номын ажлыг сурвалжлах завшаан олдож, тус улсыг тавдугаар сарын 8-нд зорилоо. Бээжингээр дамжаад Чикаго хүртэл нийтдээ 15 цаг орчим ниссэн. Чикаго хотоос машинаар зургаан цаг орчим явж байж хүрдэг Блүү­мингтон хэмээх жижиг хотод Дээрхийн гэгээнтэн лекц унших тул цаашаа хот хоорондын автобусаар явах ёстой болсон. Анх очиж байгаа хүнд автобусыг нь хайж олоод Блүүмингтон явна гэдэг давшгүй даваа байсан юм билээ. Явахаасаа өмнө тэнд амьдардаг ангийнхаа хүүхэдтэй холбоо тогтоож, далимд нь Чикаго хотыг үзэх гэж дөрөв хоногийн өмнө очсон хэрэг. Бас болоогүй ээ, өөрийгөө яая гэж байж Далай ламд мөргөхөөр явж байгаа Дашдорж гуайг Чикаго хүртэл харж хандах үүргийг хоёр хүүхдээс нь хүлээсэн гэж байгаа. Хөвсгөлөөс явж байгаа Мөнхбат гэх лам хүү надтай хамт мөн энэ үүргийг хүлээсэн. Тэнд суралцахаар явж байгаа хоёр оюутан бидэнтэй нийлснээр лам, хар, хөгшин залуу нийлсэн таван нөхөр нэг их будлилгүй явсаар Чикаго хүрчихлээ. Дашдорж гуай 70 хол гарсан хүн гэхэд хол замыг огт ажралгүй туулсан. Иймэрхүү хаттай хөгшчүүдтэй зам зуур олон таарсан, мань мэтийн янгууч улс нүүр халмаар юм байна лээ.
Буудал дээр их сургуулийн ангийн анд Заанаа хүүтэйгээ тосож, Дашдорж гуайн хүүхдүүд ч ирсэн байсан. Би ч яахав Заанаагийнд очихоор хөдөлж, цаашаа нисэх хүүхдүүдийг цай цүү уулгаж, амраахаар Дашдорж гуайн хүргэд гэр рүүгээ аваад явна лээ. Монголчуудын аяны хүнийг хүндлэн угтаж дайлж цайлдаг сайхан ёсон Америкт ч өөрчлөгдсөнгүй. Сайхан санагдсан шүү.
Чикаго хоттой боломжийн­хоо хэрээр танилцаж, жаахан явлаа. Тэнд барагцаагаар дөрвөн мянга орчим монголчууд амьдардаг юм байна. Амьдрал ахуй нь боломжийн сайхан л юм. Хүн амьдардаг, хүний нийгэм л юм хойно сайн муу юм бишгүйдээ л байна. Гэхдээ сайн нь муугаасаа олон байсан шүү. Тэмдэглэлийн дэвтэртээ юм бичиж байгаа аятай тэр тийм ажил хийдэг, тэдэн өрөө байранд амьдардаг, төдөн цаасны цалинтай гээд тоочоод байлтай биш. (Зарим хүн зөвхөн үүнийг сонирхоод байсан шүү) Айл амьтны амьдралд цагаан хэл ам хүргэхийн нэмэр. Тэнд амьдарч байгаа монголчууд ойлгоно биз. Амьдрал нь ахуй хангамж талаасаа үнэхээр зүйрлэх аргагүй сайхан юм билээ. Харин гараа хумхиж, гэдсээ илж хэвтэж байгаад хүний газар хөлөө олсон монгол хүний тухай сонсогдсонгүй.
Блүүмингтон хүртэл автобусаар явахад 60 орчим доллар юм байна. Далай ламыг ирэх сургаар монголчууд тийшээ олноороо явж байсан тул унаа олоход нэг их бэрхшээл гараагүй. Заанаа маань их тохитой хүмүүсээс бүрдсэн “команд” олж өгсөн.
Америкт очоод чамгүй олон жил болж байгаа, тэнд гэр бүлээрээ амьдардаг Ж.Батжаргал гуай машинаараа намайг авч явахыг зөвшөөрсөн. Монголоос очсон найз нар, өндөр настай болсон хадам хөгшнөө Далай ламд мөргүүлэхээр замд гарах гэж байхад нь очсон хэрэг. Толь шиг замаар давхих зуур бурхан шашин, нийгэм, ахуй амьдрал гээд олон сэдвээр хөөрөлдөв. Жолооны үнэмлэхийн тухай хүртэл яриад авсан. Монголд 120 доллараар авдаг олон улсын жолооны үнэмлэх гэгч зүгээр л луйвар юм билээ. Америкт тийм юмаар жолоо барьдаггүй гэнэ. Харин шинэ үнэмлэх авах хүртлээ Монголын жолооны үнэмлэхээрээ яваад байж болдог аж. Ээжийнх нь тухай манай Бал эрхлэгч хөрөг бичиж сониндоо нийтэлсэнд Ж.Батжаргал гуай талархаж явдаг, сэтгүүлчдэд элэгтэй ханддаг хүн гэдэг нь ярианаас нь мэдэгдэж байсан. Аятайхан сайхан яриатай, соёлтой, юм үзсэн түшигтэй хүн гэдэг нь ярианаас нь, амьдрал ахуйгаас нь илт байсан даа. Хадам хөгшин нь их наргиантай эмээ. Хол замд ядарч байна уу гэсэн чинь “Ядарна гэж бие өвдөхийг хэлдэг бил үү хүүхээ гэж авдаг байгаа”. Ная дөхсөн гэхэд дажгүй америкжсан эмээ шүү.
Блүүмингтонд очоод хоног төөрүүлэх буудал олох гэдэг бас л бэрх байсан. Цаг нь тулчихсан тул бүх буудал хүнээр дүүрэн. Далай ламын айлчлалыг зохион байгуулж байгаа Төвд, Монголын бурхны соёлын төвийн ажилтан М.Саран орой болсон гэж түвэгшээлгүй утас цохиж байж буудал олж өгсөн. Гадаа хонож мэдэхээр байсан шүү.

Дээрхийн гэгээнтэн юу айлдав

Дээрхийн гэгээнтэн Индиана мужид зургаа дахь удаагаа заларч байгаа нь энэ юм байна. Индианагийн их сургуулийн хүндэтгэлийн танхимд Далай ламтан тавдугаар сарын 12-нд морилж ном айлдсан. Хам­гаалалт тун чанга. Хамгаа­лалтын залуус нь элэг барьж болмоор найрсаг зантай ч яс юман дээрээ Далай лам руу ойртох, дөхөж очих тухайд хана хэрэм л гэсэн үг. Танхимд хэвлэлийнхнийг л камер, аппараттай орохыг зөвшөөрсөн.
Далай лам үдээс өмнө бурхны сургаал гэж юу болох, түүнийг хэрхэн ойлгох тухай, энэрэл нигүүлсэл, хайр ивээл, ёс суртахууны талаар голчлон айлдсан. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн олонх нь бурхны шашны тухай огтоос ойлголтгүй хүмүүс байсан болохоор Дээрхийн гэгээнтэн туйлын ойл­гомжтой энгийн хэллэгээр сур­гаал айлдсан. Шашны тэргүүн гэдгээс гадна Нобелийн шагналт хүн гэсэн утгаар нь америкчууд хүндэтгэлтэй ханддаг юм шиг санагдсан. Гэхдээ бурхны шашны тухай түүний лекц олон хүний бишрэл хүндэтгэлийг төрүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Сонин сэтгүүлүүд нь Далай ламтны сургаал, айлдварын тухай жирийн америкчууд, оюутнуудын сэтгэгдлийг маш их бичсэн. Манайхан интернэтээс хэдийнэ уншаа биз.
Аз жаргалтай, өвчин зовлонгүй, сайн сайхан амьдрахыг хүсдэг нь ерөөсөө хүний төрөлх шинж агаад үүгээрээ бүгд адилхан байдаг аж. Еврей, лал, бурхны шашинтан, загалмайтан хэн байх нь хамаагүй бүгд л үүнийг хүсэж тэмүүлдэг байна. Энэ чанараараа хүмүүс бүгд адилхан аж. Харамсалтай нь аз жаргал гэдэг хүссэн болгонд зориулаад хэн нэгний бэлдээд тавьчихсан зүйл биш гэнэ. Энэ бол ерөөсөө тухайн хүний өөрийнх нь хийсэн сайн үйлийн үр дүн байдаг гэж Далай ламтан айлдсан. Бусдын төлөө сайн үйл хийсэн хүн түүнийхээ үр шимийг амсан жаргадаг бол, нүгэл үйлдсэн нэгэн түүнийхээ горыг амсах нь зайлшгүй төдий­гүй, зугтах газар үгүй гэ­нэм. Мянган сайн лам байгаад, түмэн багц өргөл хандив өргөөд ч нэгэнт хийсэн үйлийн үрийг засаж залруулах нигуургүй аж. Одоогийн хэллэгээр бол юу тарьсан, түүнийгээ л хурааж авна гэдэгтэй төстэй юм байна. Сайн үйлийг үл хийх атлаа сайн сайхан болж жаргахаар сайн багш хайх, өргөл барьц өгөх нь мухар сүсэг төдийгүй бурхны шашин огтоос биш юм байна шүү, таминь.
Аз жаргалд хүрч, амар амгалан амьдрах гэсэн хүний өнийн хүсэлд хүрэх зам нь энэрэл нигүүлсэл юм байна. Гэхдээ энэрэл нигүүлсэл, хайр гэдэг чухам юу болохыг наана нь сайтар ойлгох учиртай аж. Энэ бол бидний амьдралыг, дотоод хүчийг тэтгэж байдаг эерэг бодол, мэдрэмж. Бусдыг зовлонгоос ангид байгаасай, аз жаргалыг олоосой гэсэн хүсэл хайр ажгуу.
Хүн ганц эд баялаг төдийгүй зүрх сэтгэл, оюун санааны баялагтай байж, түүгээрээ дам­жин амар амгаланд хүрдэг байна. Өнөөгийн бид оюун ухаа­наа материаллаг эд баялгийг буй болгохын төлөө хөгжүүлж, бусдыг хайрлан энэрэх зүрх сэтгэлээ орхисноос түмэн бэрхшээл, мянган зовлонтой учирч байгаа бололтой. Шинэ сайхан эд зүйлтэй болохоор хөлсөө дуслуулан зүтгэдэг, түүнийгээ олж авахаар чамгүй зовдог. Олоод авсныхаа дараа одоо боллоо гэж сэтгэл амардаггүй. Өнөөхөө бусдаас харамлах, хамгаалах, өсгөх, үржүүлэх гэсэн шинэ зовлонг олж авдаг гэнэ. Бодоод байхад үнэхээр л тийм юм. Хаа газрын суутнуудын хэлсэн үг, сургаал ойролцоо утгатай байх нь элбэг. Одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан Грекийн гүн ухаантан Сократ “Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох юм яасан ч олон байдаг юм” хэмээн хэлсэн нь бий. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн мөн ч ихийг үйлдвэрлэсэн байж таарна даа. Ерөөсөө хурж бүтсэн юмсыг хоосон хэмээн болгоож, бүгдийг

Сүүмийх од, сүүмэлзэх гал, сүрт цахилгааны гэрэл мэт
Биегүй зүүд, хоосон зэрэглээ, хуурмаг илбийн үзэгдэл лугаа
Сэрүүн шүүдэр, сэлгэх үүл, сийрэг хөөсний орших адилаар харагтун
гэж бурхны сургаалд өгүүлдэг гэнэм. Хоосон чанарын тухайд Монголын нэгэн хувилгаан “Хараар ярих гэхээр би чадахгүй, номоор нь ярих гэхээр чи ойлгохгүй” гэж нэгэн сүсэгтэнд хэлээд тооноор туссан нарны гэрэлд гаансыг нь өлгөж үзүүлсэн тухай домог байдаг шиг Дээрхийн гэгээнтний ярианаас иймэрхүү л юм ойлголоо.
Лекцийн хоёрдугаар хэ­сэг “Төгс билгийн зүрхэн судар” хэмээх бурхны шашны сур­гаалын тухай байсан. Сая сая бурх­ны шашинтнуудын амьдралд өдгөө хүртэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн энэ гайхамшигт судар 2000 илүү жилийн настай. Англиар “Heart of Sutra”, төвдөөр “Шэрнин” гэх буддын шашны Махаяна урсгалын энэ судрыг Төвд, Монгол, Япон, Хятад, Вьетнамын сүмүүдэд хурсаар байгаа аж.
Дээрхийн гэгээнтэн энгийн хөгжилтэй хүн шиг санагдсан. “Төгс билгийн зүрхэн судар”-ыг айлдахаасаа өмнө “Их зузаан судар учраас та нар хараад залхуу чинь хүрч мэднэ, би товчхон ярина” хэмээн хуудас цаас үзүүлж хүмүүсийг хөгжөөж байв.
Урсан өнгөрөх цаг хугацаанд төрсөн хүний амьдрал амьсгалах тусам хорогдож байдаг ахархан эд аж. Төрөхөөсөө эхлээд л бид үхэл рүүгээ явдаг. Энэ бол байгалийн, манай ертөнцийн жам ёс. Хэний хүү ч зөрчиж чадахгүй. Гэхдээ бидний оюун ухаан хязгааргүй учраас хэн ч бурхан багш (Будда) болох боломжтой. Эрдэнэт хүний биеийг олж төрсөн хэн бүхэн өөрийн сэтгэлийг шинжлэн гэ­мээ засаж явах учиртай аж. Бидний зарим нь математикт, зарим нь компьютерт авьяастай байдаг. Хэн нэгний амархан хийчих юм нөгөөд нь туйлаас хэцүү байх нь ч бий. Бүр шашин, ертөнцийг үзэх үзлийн хувьд ч бид нэгнээсээ ялгаатай байдаг. Энэ ялгаа тийм ч сүртэй зүйл биш. Гагцхүү бид боддог, сэтгэдэг, мэдэрдгээрээ, хүн төрөлхтөн гэх нэгэн том гэр бүлийн гишүүн гэдгээрээ адилхан. Хүн ухаанаараа өөрт хэрэгтэй эд зүйлсийг буй болгодог ч өөрийгөө устгах уур хилэн, шунал тачаалыг мөн л үүсгэдэг юм байна. Зэвсэг хураах гэсэн ойлголт байдаг. Ямар утгатай болохыг нь бүгд мэднэ. Тэгвэл өөрийн атгаг санааг ялан дийлэхийг, Далай ламтан дотоод сэтгэлийн “зэвсгийг хураах” хэмээн зүйрлэдэг юм байна.
Дээрхийн гэгээнтний айлдсан номоос ойлгосныхоо хэрээр л бичлээ. Буруу ойлгосон зүйл байгаа нь гарцаагүй ч санаатайгаар худлаа хэлсэн зүйл байхгүй гэдгийг хэлж чадах байна. Алдаа эндэгдлийг уншигч та бүхэн ухааны мэргэн сумаар харван бодож залруулна хэмээн найднам.
Далай ламтантай сүсэгтэн олныг уулзуулж, сургаал номыг нь сонсох боломж олгосон АНУ дахь Төвд, Монголын бурхан шашны төвийн тухай болон тус төвийн тэргүүн Ажиа гэгээний айлдсан номын тухай дараа өгүүлэх болно.