December 01, 2009

Найруулагч М.Мур Б.Обамад ил захидал илгээв


December 1, 2009

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Афганистан руу 30.000 орчим цэрэг нэмж илгээх шийдвэр гаргах нь бараг тодорхой болсон. Үүнтэй холбогдуулан Холливудын найруулагч Майкл Мур Б.Обамад хандан ил захидал бичсэн байна.
Тэрбээр захидалдаа цэрэг нэмж илгээхгүй байхыг уриалаад, “Таны төлөө саналаа өгөхдөө бид ямар нэг гайхамшиг, бас өөрчлөлтийг хүсээгүй. Гэхдээ бидэнд үүнийг л хийчэх болов уу гэсэн хүлээлт байсан юм. Бид таныг энэ бүх солиорол, аллагыг зогсооно хэмээн бодож байсан. Ялангуяа буу барьсан хэсэг хүн аль нэг улсад тавьж очоод л дэг журам тогтооно гэсэн солиотой үзлийг зогсооно хэмээн харж байсан. Тэр улс нь үндэстнийхээ хувьд хэзээ ч үүрэг хариуцлагатай байгаагүй, байж чадах ч үгүй ” гэжээ.
Бас цэрэг нэмж илгээх шийдвэр гаргах нь таны төлөө санал өгсөн залуусын урмыг хугалж, бүх улстөрчид адилхан худалч амьтад гэсэн ойлголт төрүүлэх болно. Энэ бүхэн сайн зүйл биш хэмээн М.Мур захидалдаа анхааруулсан байна.
М.Мур одоогоор Азийн орнуудаар аялж, өөрийн бүтээл “Капитализм: Нэгэн хайрын түүх” киногоо сурталчилж байгаа юм. Тэрбээр захидалдаа дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин өөрийн аав болон түүний япон найзын Ерөнхийлөгч Б.Обамад зориулан хэлсэн үгийг дайжээ. Дэлхийн дайныг туулсан америк, япон хоёр өвгөн “Ноён Обама, та дайн гэж юу болохыг мэдэхгүй. Харин бид бол мэднэ, тийм учраас дайныг үл хүснэ” гэжээ.
Өөрийн michaelmoore.com вэб хуудсанд тавьсан захиандаа М.Мур Цагаан ордон руу дайныг эсэргүүцсэн цахим шуудан илгээхийг хүмүүст уриалсан байна.

No comments: