December 18, 2009

Пхеньянд гахайн томуугийн эм илгээв

Пхеньянд гахайн томуугийн эм илгээв
Н1N1 вирусийн халдвар авсан хүмүүст өгөх эм, бэлдмэл ачсан Сөүлийн тусламжийн цуваа өчигдөр Хойд Солонгосын хилийг давлаа. Ли Мен Бак 2008 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Сөүл анх удаагаа Умардын ах дүүсдээ хүмүүнлэгийн цуваа илгээж байгаа нь энэ юм.
Усан хилийн маргаантай шугамын талаар хийсэн Хойд Солонгосын мэдэгдлийн улмаас хүмүүнлэгийн тусламж илгээх ажил цөөнгүй хоног саатсан.
Хэдийгээр Пхеньян халдварын талаар тодорхой мэдээлэл хийгээгүй ч арваннэгдүгээр сараас хойш 50 гаруй хүн өөд болсон гэж Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагууд үзэж байгаа. Ямар нэг болзолгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Сөүлийн саналыг Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт л зөвшөөрсөн. Энэ удаагийн тусламжаар 500.000 хүнд хүрэлцэх Tamiflu, Relenza эмийг илгээжээ.
Ли Мен Бак ямар нэг болзолгүйгээр тусламж илгээхийг хориглосон шийдвэр гаргаснаар хоёр Солонгосын харилцаа хүйтэрсэн. Коммунистууд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл тусламж өгөхгүй гэсэн байр суурийг БНСУ-ын Ерөнхийлөгч баримталж байгаа юм.

No comments: