December 10, 2009

Филиппин Магинданаогийн аллагад сэжиглэгдсэн 100 хүний нэрийг зарлав

Филиппинд сонгуулийн ажилаар явж байсан сэтгүүлчид, энгийн иргэдийг улс төрийн зорилгоор алсан хэрэгт сэжиглэгдэж байгаа 100 хүний нэрийг цагдаагийн газар зарлав.
Хэрэг гарсан Магинданао мужид тус улсын Ерөнхийлөгч Глория Арройо байлдааны цагийн хууль тогтоосон нь байдлыг улам дордуулж байна гэсэн шүүмжлэл газар аваад байна. Харин Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Байлдааны цагийн хууль тогтоосноор энэ аллагад сэжиглэгдэж байгаа Ампатуаны гэр бүлийн хувийн хамгаалалт нэртэй хэдэн мянган зэвсэгт этгээдийг дайн өдөөхөөс сэргийлж чадна” гэжээ.
Саатуулагдсан гэрчүүдийн мэдүүлж байгаагаар Ампатуаны гэр бүлийн хамгийн залуу гишүүн болох бага Андал Ампатуан аллагыг үйлдсэн Засгийн газрын цэргүүдийг толгойлон очиж, цувааг зогсоосон төдийгүй зарим хүмүүсийг өөрийн гараар буудан алжээ. Өчигдөр нэрийг нь зарласан сэжигтнүүд бүгд Засгийн газрын цэргүүд (government militiamen) юм байна. Цуваанд явж байгаад алагдсан хүмүүс утсаар ярихдаа биднийг цэргийн дүрэмт хувцастай хүмүүс зогсоолоо хэмээн хэлж амжсан аж.
Одоогоор нийтдээ 161 хүн энэ аллагад холбогдоод байгаагийн 30 нь Ампатуаны гэр бүлийн төлөө ажилладаг цэрэг, цагдаа болон орон нутгын түшмэд байна.
Ампатуаны гэр бүлийн тэргүүн Андал Ампатуан Магинданао мужийн захирагчаар гурван удаа сонгогдсон агаад тус мужийн бүх хотыг түүний ах дүү, хамаатнууд удирддаг. Хуулийн хүрээнээс гарсан энэ мужийн захирагч 2001 оноос одоогийн Ерөнхийлөгчийн улс төрийн холбоотон болсон агаад 2004 оны сонгуульд ялалт байгуулахад нь үнэтэй хувь нэмэр оруулсан. Уг сонгуульд Магинданао мужийн сонгогчид Глория Арройод санлаа өгсөн юм. Гэвч аллагад сэжиглэгдсэний дараа Г.Арройо түүнээс холбоогоо тасалж, намаасаа хөөсөн байна.

No comments: