July 25, 2010

Гадаад монголоор аялсан минь 5

2010-07-22 13:31
АНУ-ын жуулчин Уильям Дуглас манай улсаар аялсан тэмдэглэлээ “National Geographic” сэтгүүлийн 1962 оны гуравдугаар сарын дугаарт нийтлүүлжээ. Одоогоос 50 шахам жилийн өмнө гарсан энэ тэмдэглэл тухайн үед хаалттай байсан Монгол орныг өрнөдөд танилцуулахад өөрийн үүргээ гүйцэтгэсэн нь лавтай. Түүний бичсэн тэмдэглэл өнөөгийн уншигчдад сонин байх болов уу хэмээн санаж, бага зэрэг товчлон хөрвүүлээд толилуулахаар шийдсэн юм. Энэ ялдамд энэхүү тэмдэглэлийг бидэнд өгсөн МОҮХны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан гуайд талархлаа илэрхийлье. Түүний тэмдэглэлд лам нарын тухай, хятадтай хийдэг худалдааны тухай, адуу экспортолдог тухай бага зэрэг эргэлзээтэй зүйлс байсан ч засвар хийлгүй тэр хэвээр нь орчуулсан болно.
ҮРГЭЛЖЛЭЛ 5
Бээжингээс англи хэлээр дамжуулдаг нэвтрүүлэг нь тод сайн дуулддаг ч мэдээллийг коммунист үзэл суртлын өнцгөөс мушгин гуйвуулна. Бичиг үсэг үл мэдэх явдал их байсан энэ орон ердөө хүний нэг үе өнгөрөхөд хүүхэд багачуудаа уншиж, бичиж чаддаг болгожээ. Өөрийн эртний бичгээр төрийн хэргийг хөтлөн явуулахыг бүрмөсөн зогсоон хөсөр хаяж, 35 үсэг бүхий крилл цагаан толгойг өөриймшүүлж авчээ. Орос крилл үсэг нь 33 үсэгтэй байдаг. Гэхдээ одоогийн хүү- хэд багачууд нь өөрийн түүх соёлоосоо бүрмөсөн хөндийрс өнгүй. Эртний монгол бичгээ дунд сургуулийн 8-11 настай багачууд үзсээр байна.
“АГШНЫГ БҮТЭЭГЧ” БУЮУ НӨХӨРЛӨЛ АВЧИРСАН ЗУРГУУД
Урьд нь би Азийн орнуудын алслагдмал нутгаар аялж явахдаа тосгоны хүмүүстэй найрсаг харилцаа тогтооход хэрэг болохуйц бэлэг авч явдаг байлаа. Тосон бал хамгийн тохиромжтой бэлэг болохыг би туршлагаасаа мэднэ. Харин энэ удаа Дин Конгер илүү сайхан санаа олсон юм.
Дарсан зургийг тэр даруйд нь угааж, бэлэн болгодог зургийн аппарат. Их том хайрцагтай эд. Түргэн зураг гайхалтай үр дүн авчирсан даа. Улаанбаатар дахь албан ёсны уулзалт дээр, хөдөөгийн суманд, холын замд, сангийн аж ахуй, нэгдэл, хот айлд гээд бидний явсан газар бүрт энэ аппарат саад бэрхшээл бүрийг арилгаж, дулаарал авчирч байв. Хэлмэрч И.Очирбал маань үүнийг “Агшныг бүтээгч” (Moment camera) хэмээн нэрлэсэн. Биднийг айлд буудаллаад нэг зураг авахад л тэр дороо энэ тухай яриа тарна даа.
Хэд хэдээрээ хүрч ирээд зургаа дарж өгөөч хэмээн найрсгаар гуйдаг байсан юм. Авсан зураг маань хатаж амжаагүй шахам байхдаа хойморт заларч, мөнөөх Ленин, Зөвлөлтийн сансрын нисгэгчид, Монголын баатруудтай эн зэрэгцэнэ дээ. Гэр бүлийн зураг бол бүр хүндэтгэлтэй. Хэдийгээр монголчууд ХХ зууны дундуур өөрсдийн замаар механикжиж байгаа ч малчид нь Чингисийн үеэс уламжилж ирсэн үнэт зүйлсээ хадгалан үлдэж чадсан байна. Тэдний өвөг дээдсээрээ бахархах, үр удмаа, гэр бүлээ гэх халуун сэтгэл нь тусгаар тогтнолыг хүсэх тэмүүлэлтэй нь адил хүчтэй юм. Хятадын шунахай худалдаачид нэгэн цагт Монголоор дүүрч, ард түмнийг сорон мөлжиж байв.
Улаанбаатарын нэгэн профессор энэ тухай “Тэр цагт ардууд тал цайг нэг хонь, эсвэл ямаагаар авч байж. Дээлийн өнгө гэхэд зургаагаас долоон богийн үнэ хүрч байсан хэрэг. Яваандаа бүх мал Хятад худалдаачдын гарт орж монголчууд тэдний малыг хариулах болсон ” гэсэн юм. Оросын худалдаачдын тухайд гэж намайг асуухад “Тэд бас байсан. Гэхдээ хятадуудтай адил шулаачид байгаагүй” гэсэн юм.
________________________________________
ХЯТАДЫН ГАРААС АНГИЖИРСАН НЬ
-Хятадын худалдаачид өнөө- дөр ямар байгаа вэ хэмээн асуусан. Хятадын монополь урьдын адил дэлгүүр, зоогийн газруудад байгааг би мэдэж байсан юм. Профессор “Нэгдэлд элсэхгүйгээр зоогийн газартаа мах, ногоо худалдан авах боломжгүй гэдгийг хятад эздэд бид хэлдэг. Зоогийн газрууд нэгдлийн зарчмаар ажиллах ёстой” гэж хариулсан.
-Дэлгүүрүүдийн хувьд -Адилхан. Жижиглэнгийн бүх худалдаа төрийн мэдлийн, эсвэл нэгдлийн зарчмаар явах ёстой гэж тэрбээр хариулсан даа. Улаанбаатарын их сургуульд цөөвтөр хятад багш ажиллаж, эх хэлээ заадаг юм билээ.
Барилга, бүтээн байгуулалтын салбарт Хятадын коммунист бригадууд ажилладаг гэж би дээр хэлсэн. Бээжингийн тусламжаар тоосго, хавтан, шил, нэхмэл, гурилын шигшүүрийн үйлдвэрүүд босжээ. Гэхдээ миний бодлоор Монголын эдийн засаг дахь Хятадын оролцоо улам бүр багасч байх шиг санагдсан. Монголчууд энэ тусламжийг нэг ойшоохгүй, хөгжлийнхөө чиг хандлагыг Орос орноор баримжаалж байх шиг.
Зөвлөлтөөс хамааралтай болж байгаа нь гадаадад илгээж байгаа оюутнуудын тооноос тодорхой харагдаж байгаа юм. Энэ хичээлийн жилд гэхэд л 1300 хүн Орост сурч байгаа бол Хятадад ердөө үүний аравны нэгтэй тэнцэх тооны хүн сурч байх жишээтэй. Албаны хүн энэ бүхнийг товчхонд нь “Хятадууд түүх, уран зохиол, хэл шинжлэлээр олон оюутан сургаж өгөхийг санал болгодог. Гэвч Монгол орчин үеийн улс болохын тулд өрнө зүг харах хэрэгтэй” гэж дүгнэв.
________________________________________
ОРОСЫН ТУСЛАМЖААР БАРИГДАЖ БАЙГАА ТӨМӨР ЗАМ
Оростой холбоотой болсон нь бүх зүйл дээр илт. Улаанбаатарын өндөр албаны хүмүүсийн зарим нь орос эхнэртэй. Энэ жагсаалтын эхэнд Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал бичигдэнэ. Оросын зүгээс энэ бүхэнд дургүйлхээд байдаггүй бололтой. Тэд юм юманд оролцож байна. Үйлдвэр, станц, хотын гол суурийг тавихаар орос инженер үүд хэдэн зуугаараа иржээ. Эрхүү, Бээжинг холбосон төмөр замыг тэд дайны дараа барьжээ. Энэ төмөр зам Монголын хувьд алтны уурхай бол Москвагийн хувьд Хятадтай холбогдсон гол шугам. Энэ замаар дамжин үйлдвэрийн төслүүд ирж, монголчууд ажиллах хүчийг нь гаргаж, зөвлөлтүүд удирдаж, хяналт тавьжээ. Гэхдээ өнөөдөр монголчууд төмөр замыг өөрсдөө ажиллуулж байна.
Орос өдгөө Монголыг нисэх онгоц, нутагтаа бэлтгэсэн нисгэгчид, тэр бүү хэл гахай, тахиа, туулайн мах гээд шинэ төрлийн хүнсээр хангаж байна. Нүүдлийн мал аж ахуй дээр суурилсан уламжлалт эдийн засагт гахайн маханд “орон зай” байсангүй. Сангийн болон үр тарианы аж ахуй бий болохын хамтаар гахайн мах үзэгдэж эхэллээ. Тахианы мах 1921 оноос өмнө бас л нүдний гэм байсан бол одоо энэ чиглэлийн аж ахуйнууд олон болжээ. Монголын цэвэр тунгалаг гол мөрөн, нуур цөөрөм загасаар хахаж байдаг ч загасчин харин байгаагүй гэнэ. Одоо бол загасны аж ахуй цэцэглэн хөгжиж, жил бүр Орос руу их хэмжээний загас гаргадаг.
Монголын анхны инженер үүд, машинистууд, физикчид, химичид Москвад бэлтгэгджээ. Оросууд механикч, техникч бэлтгэх хүрээлэнгүүд байгуулснаас гадна лабораторийн ажилтнууд, хэл шинжээчид, ургамал судлаачид, эмч, багш нарыг бэлтгэж байна. Зөвлөлтийн мэргэжилтнүүд сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн бүтцийг байгуулахад тусалж байгаа юм. Зурагтай үлгэр үздэг цэцэрлэгүүд, зарим үлгэрүүд нь бидний багын дурсамжийг санагдуулж байлаа. Жишээлбэл, гэртээ үлдсэн бяцхан ишигн үүдийг хууран хаалгыг нь онгойлгуулаад, залгих гэж оролддог ховдог чононы тухай үлгэр байсан. Чоно санасандаа хүрдэггүй л дээ.
________________________________________
ЗӨВЛӨЛТ ЗАГВАРЫН МАШИНУУД
Зөвлөлтийн мэргэжилтнүүд хүүхдийн зуслан, сангийн аж ахуй, нэгдэл, балет, дуурь, багшийн сургууль байгуулахад тусалж байна. Оросын машин, багаж хэрэгсэл хаа сайгүй. Гурилын элеватороос угаалгын өрөөний хэрэгсэл, ачааны тэрэгнээс хүнд механизм хүртэл бүгд Зөвлөлтийнх. Оёдлын үйлдвэрт Британийн, гутлын үйлдвэрт Чехославакийн машинуудыг ашигласаар байна.
Зүүн Европын орнууд цөөнгүй төсөл хэрэгжүүлж байгаа ч аж үйлдвэр, боловсрол, хөдөө аж ахуй, газар тариаланд хойд хөрш нь зонхилдог. Засгийн газрын үйл ажиллагаанд нь оросуудын оролцоо яг ийм өндөр байгаа шинж тэмдэг бид олж хараагүй. Засгийн газрын албаны хүнээс асуусан юм.
-Оросын тусламж зээл үү, буцалтгүй тусламж уу?
-Зээл
-Зээлийн хүү нь ямар вэ?
-Хэвийн нөхцөлд 2.2 хувьтай
-Орос чанга гартай зээлдүүлэгч үү?
-Хүүнд ач холбогдол өг дөгг үй. Зээлээ буцалтгүй тусламж болгох нь ч байдаг гэсэн. Хувьсгалын цучлыг 1921 онд хаясан Сүхбаатар 1923 онд 30 насандаа өөд болсон аж.
Төр, шашны дээд эрхийг барьж байсан (Шашин, төрийг хослон баригч) Дээд ламын илгээсэн эмч Сүхбаатарыг хордуулж алсан гэж монголчууд ярих юм билээ. Сүхбаатар ташуурандаа нууц захидал хийж аваад 1920 онд Оросыг зорьжээ.
Ленинээс тусламж хүссэн захидал байж. Улс төрийн тогтолцооны хувьд Монгол орон Зөвлөлт хэлбэртэй болж, ердөө л ганц нам, Монгол ардын хувьсгалт нам үүсч, коммунизмын бэлгэ тэмдэг болжээ. Гишүүнчлэл нь хариугүй бага, 1.000.000 монголчуудын ердөө 50.000 нь энэ намд харьяалагдана. Марксист, ленинист ангийн зарчим сургуульд шаардагдана. Захидлыг нь задалж үздэгт зарим хүмүүс таагүй хандаж сэтгэл дундуур байдаг. Зохиолчид нь ямар нэг зохион байгуулалтад орж, ажлын бус цагаар бичдэг аж.
Зохиолчдын хороо ямар сэдвээр бичих, ямар ном бэлтгэхийг шийдэж, хянан засварлана. Тэгээд Хэвлэлийг хянах газар луу явна. Уг газар татгалзах юм бол Зохиолчдын хороо дахиад ажилдаа орно. Монголын хамгийн алдартай зохиолчдын нэг, одоо ч амьд сэрүүн байгаа Ц.Дамдинсүрэн Зохиолчдын хорооны ч, Хэвлэлийг хянах газрын ч шийдвэрийг дагахгүй хэмээн адарч байж. Түүний “Гологдсон хүүхэн” (Woman Rejected гэж хөрвүүлжээ. Орч) романаар кино хийж байгаа юм.
Очоод удаагүй хүний хувьд намын үхширмэл сурталд автсан гишүүдийг яг тийм гээд хэлчихэд төвөгтэй. Тэдний зарим нэгтэй уулзаад марксист үзэл баримтлалын тухай ярих үед хилэнтэй нүдээр ширтэж байсан даа. Хэдийгээр яриа хөөрөө хүнд болох үе байсан ч тэд оросуудтай адил муйхарлах нь үгүй.
Хэрэв Маркс ХХ зууны дундуур АНУ-д сууж байсан бол “Каритал”-ыг бичихгүй байсан гэдгийг би дахин давтан хэлж байсан. Бичих сонирхол ч, үзэн ядалт ч түүнд төрөхгүй байсан. “”Марксын бичсэн тэрхүү капитализм гэгч танай эртний нийслэл Хархоринтой адил булшлагдсан” гэж би монголчуудад хэлсэн юм.
________________________________________
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АМИН СҮНС НЬ ЯРИХ ЭРХ
Монголын хөгжлийн талаар өөрийн үзэл бодлоо хэлэхийг нэгэн зоог дээр надаас хүссэн юм. “Хэдийгээр чухал ач холбогдолтой ч хөг жил дэвшлийг зөвхөн хүнсний хангамж, үйлдвэр, эмч, эмнэлгийн үйлчилгээгээр тодорхойлох боломжгүй. Хөгжил дэвшил гэдгийг тодорхойлохын тулд оюун санааны үнэт зүйлсийг зайлшгүй тооцон үзэх ёстой. Яруу найргаар нь аль нэг нийгмийг тодорхойлж болно. Бичих эрх нь байна уу? Дуртай сэдвээрээ туурвиж болж байна уу? Албаны хүний үгийг сонсох ёстой юу гэх мэтчилэн.
Өөрөө бичиж, өөрөө хэвлүүлээгүй юм бол итгэх хэрэг байхгүй” гэж хэлсэн дээ. Орост тохиолддогтой адилаар эсэргүүцэн хашгиралдаж, намайг буруутгасангүй. Тэдний оюун санаа нээлттэй хэвээрээ юм байна гэж би дүгнэсэн. Гэлээ гээд монголчууд өрнийн, жүүдийн, загалмайн иргэншлээс даанч хол байна.
Өрнийн иргэншлийн гайхамшигт номууд, утга зохиолын тухай ойлголт алга. Хэрэв монголчууд Орос, Хятадын дунд энэ мэт хавчуулагдан оршсоор байх ахул хэзээ нэгэн цагт үзэл суртлын хүүхэлдэй болон хувирах нь дамжиггүй. Байдал иймдээ хүрэх юм бол халуун сэтгэлтэй, эрэлхэг зоригт энэ ард түмний хувьд ч, өрнийнхний хувьд ч эмгэнэл болох болно.

July 18, 2010

АМРАЛТ

2010-07-17 10:42
Төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй Монгол төрийн наадам өндөрлөөд хэдхэн хонож байна. “Дараа жилийн наадам хүртэл дахиад 365” гэж ирээд л санаа алддаг юм гэсэн. Надад ч тэгэх шалтгаан одоогоор алга. Наадам дуусаа л бол амралт эхэлдэг бичигдээгүй хууль Монголд бий.

Юун тэр наадмын дараа намар. Наадмын дараа жинхэнэ амралт эхэлнэ. Хөдөө л явцгаана даа. Төрсөн бууцан дээрээ хөрвөөх, эцэг өвгөдөөс шүтэж ирсэн уул овоо, ус голын тахилгадаа оролцох, нас өндөр болсон ижий, аавдаа бараагаа харуулж, нэг удаа ч болов унага, тугал татаж өгөхөөр гарч өгнө дөө, нутгаа санасан хотын монголчууд. Төрсөн нутгийн агаар салхи нь эм, хөрвөөсөн бууц нь бараг л вакцин шахуу гэж ярих юм билээ. Ортой л байх. Үнэхээр тийм юм бол миний муу хотыг муулан байж юунд энд амьдарна вэ. Утаатай л гэнэ, униартай л гэнэ. Өмхий л гэнэ, хог новштой л гэнэ.

Тэгвэл юунд нь хоргоддог байна аа. Дөрвөн уулын дунд тарчилж байхаар хөхрөх хөдөө, хөх тэнгэрийн хаяандаа очооч дээ. Шөнө зүүдлээд байдаг юм гээ биз дээ, нутаг жалгаа. Ёстой өнөө зүлгэн дээр гэрээ барьчихаад, зүгээр л нэг амьдраач дээ. Чадахгүй л дээ. Жаврын сөргүү харж чадахгүй нойрны ноднууд. Мань мэтэд бол хөдөө явах “ёс суртахууны эрх” алга. Энэ өвлийн зуднаар хэдэн навсгар малчдаа ёстой нэг авч өгсөн дөө хөөрхий чинь. Зуны дэлгэр цагаар өвс хадлангаа авч байхгүй яасын хохь нь, архи, айраг эргүүлж овоо тахиж байхаар отор нүүдэл хийх нь яав, хэнд эрхлээд байгаа юм, хэний малыг хариулж байгаагаа бодмоор доо, та нарын амьжиргаа юм байгаа биз дээ. Яахаараа та нарт туслах ёстой юм гэж ирээд л авч өгсөн. Тэр байтугай мал нь цөөрөөсэй гэж “ерөөсөн” хүн ч бий. Би өөрөө хүртэл “мах сүүг чинь зүгээр аваа юу” гэж ирээд л өвчигнөсөн.

Хүний зовлонг хараад баярладаг шимнус бид биш. Гэхдээ адилхан амьдрах гэж ядаж байж нэгийгээ зулгаагаад байхаар уур хүрээд байх юм. Өршөөгөөрэй. Ажаад байхад хотын монголчууд ид ажлын үеэр очоод наадам, найр зохион байгуулаад хөөрхийсийн ажлыг алдуулаад байдаг бололтой. Сураг сонсоход нэлээдгүй олон ланжгар наадам энэ зун хөдөөгүүр болох гэнэ. Юун хадлан, юун отор нүүдэл. Тонил цаашаа. “Шинэ монгол” адуу ирэх гэж байхад чинь л болоод явчина шүү дээ. Шинэ орос гэж бол байдаг. Гэхдээ энэ нь хүнийг хэлж байгаа хэрэг. Тэгсэн манайд мал адгуус болоод явчихаж байгаа юм. Үнэндээ бол эмгэнэл. Гашуун ёжлол шиг сонсогдож байна. “Шинэ монгол” адуу. Энийг орчуулах гээд нэг үзээрэй, аль нэг хэлнээ. Засваргүй онигоо гэдэг л болно доо.

Шинэ адуу дагасан хуучин хүү, хятад торгон дээлтэй гэж байгаа. Яана даа яана, малчид минь. Торгон дээл өмсчихөөд зуд очиж явна даа та нар руу. Мунхаг үзэж байж мэднэ гэгчээр заавал хөхөө өвлөөр малаа барж, хотын цатгалан банди нарын бахыг хангаж элдвээр хэлүүлэх хэрэг байна уу даа.

Дөрвөн хөлтэй, дөшин толгойтой юм үзээгүй биш хэдэн малаа тэвээрүүлэх талаар бодсон нь дээр байх аа. Жилдээ төрийнхөө баяр наадмаар ганц наадаад хурдан буяныхаа тоосыг үзчихсэн л бол хаваасаг биш үү. Уул нь миний мал биш болохоор надад хамаагүй л дээ. Чам шиг юмаар заалгахгүй гэж байгаа бол дураараа л бол. Танд хамаагүй бол надад бүр ч хамаагүй. Турж үхнэ гэж айгаад байгаа юм үнэндээ алга.
http://www.mongolnews.mn/p/7744

June 21, 2010

Гадаад Монголоор аялсан минь

(Дөрөвдүгээр хэсэг)

Бугуйл

Эрчүүд нь унагаа барьж, эмэгтэйчүүд нь гүүгээ саана. Бугуйл хэрэглэхгүй. Үзүүртээ суран гогцоотой уурга гэх 15 тохой орчим урт нарийн саваагаар унагаа барина. Дохиод л толгойд н шургуулна. “Шургуулаад авсан бол эмээл дээр сайн суух хэрэгтэй” гэж нэг малчин надад ярьсан. Зөв талаас (зүүн) нь дөхөж очих юм бол монгол морьд танихгүй хүнд хажиглаад байхгүй. Буруу зөвгүй байдаг фермийн морь шиг санаж баруун талаас нь очвол хаин аюултай.
Орчин үеийн монголчууд морийг төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг гэнэ. Хятадаас импортоор бараа аваад төлбөрт нь адуу өгдөг юм байна. Дугуй, цай, чихэр, халуун ногоо, үзэг, цаасны хавчаар, ноосон даавуу гээд өргөн хэрэглээний ихэнх бараагаа Хятадаас авч, төлбөрийнхөө 85 хувийг адууны экспортоор барагдуулдаг.
Энэтхэг хэлбэртэй Монгол соёл
Түүх сөхөн үзвэл Монголын соёлд Энэтхэг асар их нөлөө үзүүлжээ. Энэтхэгийн гүн ухаан, соёл Төвдөөр дамжин энд ирснийг номын сан, сүм хийдээр дүүрэн ном судраас харж болно. Бурханы шашнаар дамжуулан Монгол, Энэтхэг хоёр олон зууны турш харилцаатай байжээ. Монголын Шинжлэх ухаан академийн гишүүн түүхч Бира Монголд бурханы шашин хэрхэн орж ирсэн талаар бидэнтэй ярилцсан юм. Тэрбээр “Бурханы шашин Монголд гурвантаа дэлгэрсэн. Эхнйх нь VIII-IX зуунд. Чингис хаан XIII зуунд бурханы шашны байр суурийг Монголд бэхжүүлсэн гэсэн ташаа ойлголт байдаг ч тийм биш. Манж Монголыг бүрмөсөн эзлэн авах хүртэл тийм юм байгаагүй. Манжууд Монголыг эзлэн авч ертөнцөөс тусгаарласны дараа л бурханы шашны нөлөө нэмэгдэж, сүм хийдээ босгон төрийн шашин болсон” гэсэн юм.
Тэр үед Монголд 750 сүм хийд цогцлон босч, эрчүүдийн тал хувь нь тэнд шавилан сууна. Эрэгтэй хүүхдүүд таван настайгаасаа сүм хийдэд ирж шавилдаг уламжлал тогтжээ. Сургууль, соёлыг сүм хийд орлож, зөвхөн лам нарыг бэлтгэн гаргаад зогсохгүй лам нар эмч домчийн үүргийг гүйцэтгэнэ. Мал сүрэг, бэлчээрийн ихэнхийг сүм хийд өмчилж, нийгмийн баялгийг үл үйлдвэрлэх лам нарыг тэжээж байв.
Удалгүй бурханы шашин монголын нийгэмд баттай байр сууриа нэгэнт эзэлж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөө мөргөлтэй холилджээ. Дов толгод, уул, нуруу бүхэн өөрсдийн лус савдагтай болж, нэр өгөн тэднийг хүншүүлсэн байна. Ингээд зогссонгүй лус савдгийн нүүр царайг илэрхийлсэн баг хийж, цам хэмээх бүжигт наадам зохиов. Өрнөдийнхөн цамийг “шулмын бүжиг” гэж хочилдог. Цамын бүжигт сайн муу савдагууд, тэдний мөнхийн тэмцэл гардаг. Хэд хоногоор үргэлжилдэг цамын бүжигт наадмын хөтөлбөрт инээдмийн үзэгдэл байдаг байж. Гэхдээ цаад утга санаа нь маш гүн. Сайн тал нь үргэлж ялах боловч хялбар бус урт хугацааны тэмцэл ялалтад хүргэж буйг харуулдаг аж. Сайн талын баатрууд нь хүний эерэг тал болох Хөдөлмөрч чанар, Нөхөрсөг зан байх бол эсрэг дүрийн баатрууд нь Шунал, Тачаал, Хувиа хичээх, Хуурамч, Уур хилэн зэрэг болно.

Хувьсгал лам нарыг доройтуулав

1921 оны хувсгал гарах үед Монгол лам нарын орон болсон байлаа. Үйлдвэржилтийн их хувьсгал энэ орныг тойрон гарсанаар тухайн үед ажиллаж байсан ганц уурхай нь жилдээ ердөө 1500 тонн нүүрс олборлож байв. Байгаа хоёр хэвлэх үйлдвэрт нь орос, хятадууд ажиллах бөгөөд Хятадын дарлалын эсрэг боссон бослогын удирдагч Д.Сүхбаатар нэгэнд нь ажиллаж байж. Бүх баялаг сүм хийд, хятадууд, цөөн тооны язгууртнуудын гарт байв. Хувьсгал зөвхөн хятадуудын эсрэг биш феодалын ёсыг хэвээр байлгах гэсэн хятадуудын гар хөл болж байсан сүм хийдийн эсрэг чиглэжээ. Д.Сүхбаатарын Засгийн газар сүм хийдийн эсрэг хүч хэрэглээгүй ч нэлээд хатуу бодлого хэрэгжүүлжээ.
Лам болох гэж байгаа хүүхэд эхлээд бага боловсрол олж авах ёстой гэсэн хууль баталсан байна. Олон жил мөрдөгдсөн энэ хууль хүүхдээ лам болгох гэсэн олон хүний хорхойг дарж өгчээ. Айлын хоёр дахь хүү заавал лам болдог байсан уламжлал энэ хуулийн үр дүнд үгүй болжээ.
Засгийн газар, сүм хийдийн хоорондох зөрчил 1930-аад оны сүүл 1940 өөд оны эхээр хурцдаж, бослого гарсан төдийгүй Японы армиас тусламж авах гэсэн оролдлого хийжээ. Зарим лам нарыг цаазалсан ч сүм хийд улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Манай хэлмэрч И.Очирбал ингэж ярьсан “Сургуульд явахыг хүсвэл лам нар эсэргүүцнэ, эмч болмоор байна гэвэл мөн л эсэргүүцнэ. Тэд хүмүүст эм тариа, радио шулмын зохиосон өлзии бус зүйл хэмээн ухуулдаг байсан. Эмэгтэй хүн эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх нь нүгэл, тийм эмээс шулам өшөө авдаг гэх мэтээр сурталчилдаг байсан” гэсэн.
Улаанбаатар хотод 1961 он гэхэд ердөө хоёрхон сүм ажиллаж байсны нэг нь Гандан Тэгчилэн. Бид Гандангаар очиж, хоёр ч дуганаар нь орсон. Арц хүж үнэртэй, завилан суусан лам нар ном уншиж, Төвдийн хэнгэрг цан дуугарч, бүрээ бишгүүр хангинана. Эврээр урласан 12 тохой бүрээ газрын гүнээс дуугарч байгаа мэт сонсогдоно. Бүх ёслол нь төвдийнхтэй адил санагдсан.
Монголчууд гадаад ертөнцийг сонирхдог нь энд хүртэл мэдрэгдэж байсан. Гандан лээр болсон зоог дээр биднээс олон зүйлийг асуусан.
АНУ-д бурханы шашин дэлгэрсэн үү?, Яагаад Монгол НҮБ-д элсэхийг АНУ эсэргүүцээд байна вэ?, Яагаад АНУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ?, Яагаад манай хоёр орон багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлдэггүй юм бэ? гэх мэт. Хамба лам “Улс орноо гадаад ертөнцөд таниулах нь энэ түүхэн үед бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа юм” хэмээн айлдсан.
Өдгөө Монголын лам нар улс төрийн явуулгаас бүрэн татгалзаж, зөвхөн шашин номынхоо мөрийг хөөх болжээ. Байдалдаа сэтгэл хангалуун байгаа Гандангийн лам нарыг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Дүрэм журам нь эрт цагийнхаараа байсан. Хүний мөн чанар ч алга болсонгүй. Зовлон бэрхшээл тохиолдсон ч туйлбартай, чигч хүн саруул ухаанаа алддаггүй. Цаг үргэлжид ийм байсан.

Бадарчин
Ламын шашны зарим нэг нөлөө одоо ч байна. Үүний нэг жишээ нь өдийг хүртэл яригдсаар байгаа Бадарчингийн явган яриа. Хэрмэл лам нарын тухай хууч яриа, үлгэр домог бишгүй байдаг. Арабын хэрмэл баатруудын үлгэрийг зарим талаар санагдуулна. Тэдний нэгийг одоо энд хэлье.
Хэрмэл бадарчин нэлээд харамч айлд хоног таарч. Чанасан махнаас хүмүүст хувь өгөх үед бадарчин ч аягаа гэрийн эзэгтэйд барьж. Хоол идэх зуур гэрийн эзэн бадарчингаас “Явсан газраар газрын гарц, малын тарга хүч ямар байна даа” хэмээн асуухад, бадарчин хариулж гэнэ, “За даа янз бүр л байна. Зарим газар таны урдуурх шиг тарган сайхан. Зарим газар миний урдуурх шиг ядрангуй л байна” гэсэн юм гэнэ лээ. Олны ухаарал, цэцэн билэг, авууштай зөвлөгөөг хэрмэл бадарчингууд тарааж, тээж явсаар өнөөгийн Монголд авчирчээ.
Зөвлөлт маягийн зохион байгуулалтаар феодалын Монголыг өөрчилжээ. Тэртээ 1920-иод оноос эхэлсэн хөтөлбөр үндсэн өөрчлөлтүүдийг сүүлчийн 15 жилд хийсэн байна. Машин, техникийн эрин ирсэнийг монголчууд мэдэрч байна.
Манай тойрогтой адил засаг захиргааны нэгж болох сум бүр дөрвөн жилийн сургууль, мужтай зүйрлэж болох аймгийн төвүүд долоон жилийн сургуультай болсон юм байна. 1960-1965 онд хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний дагуу сум бүрийг долоон жилийн сургуультай болгохоор төлөвлөжээ. Миний дуулсанаар 1000 хүнд нэг эмч ногдож, сум бүрт эмнэлгийн анхны тусламж үзүүлэх төв заримд нь бүр эмнэлэг байгуулагдсан гэнэ. Аймгын төвүүд бол бүгд эмнэлэгтэй. Эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ үнэгүйгээс гадна яаралтай тусламжийн үед эмч сувилагчдыг жижиг онгоцоор хэрэгцээтэй газар нь хүргэдэг аж.

Байгалийн нисэх буудал

(Гуравдугаар бүлэг)


Ширүүн бороо говьд долоо, наймдугаар сард л ордог юм байна. Энэ үед жалга судаг усаар дүүрдэг. Жилийн бусад үед хур тунадас бага орлог тул жиип машинаар бараг дуртай зүг рүүгээ явж болно. Ерөнхийдөө талархаг газар учир жижиг онгоц тусгайлсан зурвасгүйгээр хөөрч, бууж болдог гэнэ.
Говьд галт уул олноороо байсныг нотлох ул мөр элбэг.
Говь нутаг байнга хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Намхан толгод нь хэзээ нэгэн цагт шовх оройтой, өндөр хадархаг уул байсан ч байж магадгүй.
Бидний явсан газраар хортой могой, мэрэгч амьтад маш их байсан. Бүр харх хүртэл харагдсан. Нам газартаа зээр тун элбэг. Бид хэр зэрэг давхидагийг нь үзэх гэж заримыг нь машинаараа элдэж үзсэн. Тоосонд нь булуулаад хоцрох юм билээ. Бөхөнгийн мөр их байсан ч бараа нь харагдаагүй. Жижиг шувуудаас эхлээд аварга том хар тас говьд бий. Говь бол хавтгай, хулан, тахийн эх орон. Бидний хэмжүүрээр пони морь гэж болох монгол мориноо арай бага биетэй зэрлэг адууг тахь гэнэ. Хулан буюу зэрлэг илжиг нь бидний мэдэх лууснаас багавтар биетэй. Туурай нь адууныхаас арай цомбогор.
Бид Улаанбаатараас баруун хойшоо 100 орчим км зайтай байх адуу үржүүлгийн газар очсон. Бие хааны хувьд америк азаргатай адил том азаргануудыг монгол адуутай эрлийзжүүлдэг газар. Монгол адууг арай өндөр болгох учиртай аж. Хулан, тахь нутгийн адуун сүрэгтээ эвцэлдсэн тохиолдол ч байдаг гэсэн.

Говийн гэрэл

Говийн жин үдийн наран даанч өршөөлгүй. Зуны урт өдрүүд нь нозоором халуун. Гэхдээ цэлмэг сайхан өдөр үд өнгөрөөд говьд л үзэж болох байгалийн чамин үзэгдлийг харж болно. Харин миний анх үзсэн тэргэл сартай тэр нэгэн шөнийн үзэгдлийг дахиж хараагүй.
Нар ташиж сүүдэр уртсах тусам говийн амьдрал оргилж эхэлнэ. Таван минут тутам өөрчлөгдөнө. Цөлийн нууцлаг шидэт хуулийн дагуу тод харагдаж байсан юмс бүрэлзэн далд орох шиг болж, байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан зүйлс тодрон харагдана.
Нэг орой шингэх нарны туяа, хөөрч буй нарны гэрэлтэй сүлэлдэх мэт болж хэсэг зуур говь тэр чигээрээ хүрэн улаан туяанд умбах мэт болсон. Хоёр бөхтэй тэмээ нь улам, улам томорч, харин унасан хүн нь жижигрээд байх шиг санагдаж билээ тэрхэн үед.

Гэр бол говьд, тал нутагт тавьсан цагаан цэг

Тэр шөнө ойролцоо байсан айлынхан бидгийг урьсан юм. Монгол гэр бол яг л алимтай бялуу шиг хэлбэртэй. Чингис хаан XIII зуунд эзэнт гүрнээ байгуулж байх үед ч гэр ийм л хэлбэртэй байж. Гэрийг бүрдүүлдэг гол цөм болох модон хэсгүүд нь огт өөрчлөгдөөгүй өдий хүрчээ. Гэрийн орой хагас бөмбөлгөн хэлбэртэй. Задгай гал түлэх үед утааг нь гаргах зориулалттай дугүй нүх оройд нь байна. Одоо бол айлууд нь нарийн яндантай, жижиг зуух тавьдаг болсон. Хоолоо зуухны амсарт тааруулсан бөмбөгөр ёроолтой дугуй тогоонд хийнэ.
Гэрийн диаметр нь 20-30 тохой орчим, модоор хийсэн намхан хана нь дөрвөн тохойгоос илүүгүй өндөртэй. Ханын бүтэц нь амьтан хашдаг эвхдэг торныхтой төстэй. Хананд бэхэлж тогтоодог урт моднууд (унь) гурван тохой орчим голчтой голын цагаригийн хоногт орон бэхлэгдэнэ. Яг л борооны шүхэрний доторх төмөр савх шиг. Ингээд гэрийн гол мод боссоны дараа унин дээгүүр эсгийгээр бүтээж, нарны гэрэлээс, цас борооноос хамгаалах бөгөөд басхүү гэрийг дулаан байлгах үүрэгтэй.
Өнгө өнгөөр будаж эрээлсэн, гараар хийсэн гэрийн модыг Улаанбаатарт зардаг юм байна. Гэрийг хучсан эсгий туурга нь дулаан барихаас гадна зундаа сэрүүн агаарыг хадгалж чаддаг аж. Эсгий туурган дээгүүр цагаан ёрог даавуу нөмөргөдөг. Гэрийн хаалга гурван тохой орчим өндөр бөгөөд хийцийн хувьд янз бүр. Хаалгыг нь хааж, өрхийг нь татсан гэр цэмцгэр, ая тухтай, салхи савраас найдвартай хамгаална. Байшингаас дутах юм байхгүй.
Зундаа ширдэг гэх зузаан ноосон дэвсгэр тавих бол намар орой малчид нэг инч (2.5 см) орчим зузаантай модон шал тавина. Модон шалтай, эсгийгээр дулаалсан гэр өвлийн жавар, салхинд ажирахгүй.
Мэдээж гэрт гүйдлийн ус байхгүй. Биеэ засах газар нь түр зуурынх. Малчид хэрэгцээний усаа худгаас залгуулна. Тусгаар тогтнолоо олсон 1921 оноос хойш өрөмдмөл худаг маш олныг гаргажээ. Гэрт Хятадаас авчирсан эсвэл гараараа хийсэн авдар нэг хоёрын зэрэг байхаас гадна сандалууд нь өвдөгнөөс өндөргүй. Айлуудын ихэнх нь хүлээн авагчтай. Ховд сутын айлууд цахилгаан гэрэлтэй байсан.

Малчид Оросын сансрын нисгэгчидэд хайртай
Оросын сансрын нисгэгч Гагарин, Титовын зурагнууд айл болгонд харагдана. Гэр бүлийн гишүүдийнхээс гадна Монголын жанжингуудын зураг өлгөөтэй үзэгдэнэ. Гэвч бидний зочилсон айлуудад Лениний зураг онцгой хүндэтгэл хүлээж, хойморт заларсан байсан даа. Яагаад ингэж онцолдогийг нь би асуухад, нэгэн малчин ард “Ленин бидэнд их ойр санагддаг юм. Тэр эх талаасаа монгол цустай” гэж бахархалтайгаар хариулсан. “Оросыг сайн маажвал татар л гарна” гэсэн азийн зүйр үг тэгэхэд миний санаанд орж билээ.
Ямааны арьсаар хийсэн борви эсвэл томхон модон торх айлуудын хатавчинд голдуу харагдана. Гүүний сүүг энэ саванд эсгэдэг юм байна. Айраг гэх энэ ундаа монголчуудын хувьд онцгой эд. Оросууд кумис гэх юм билээ. Гэр зөвхөн хөдөөд биш хотод ч бий. Улаанбаатарын захад байх гурилын үйлдвэрийн ажилчид голдуу гэрт суудаг. Гэхдээ хотод байх энэхүү гэр суурин ядуусын хороололын төрхийг бий болгож байх шиг сангадсан шүү. Хөдөө дэх гэр бол үзэмжтэй, цэвэр сайхнаас гадна, механикжиж байгаа энэ нийгэмд байхгүй болж байгаа уламжлалт соёл, зочломтгой зангаа хадгалан үлджээ.
Хөдөө нэг хот айлын гадаа очиход аль нэг айл биднийг гэртээ урин оруулж дайлж цайлж байсан. Удалгүй хөрш айл нь бас биднийг урина даа. Энэ бол зүгээр ч нэг ёс төдий урилга биш. Тэд үүндээ их нухацтай хандана. Айлд орж, гарахдаа хэлдэг тогтсон үг, хийдэг ёс гэж байдаг.
Айлчин хүн түрүүлж мэндэлнэ. Эхлээд гэрийнхэний мэнд усыг мэднэ, дараа нь мал сүрэг бүрэн бүтэн, тарган тавтай байгаа эсэхийг лавлана, эцэст нутаг орны байдал, өвс ногооны гарц асуудаг ёстой. Харин ямар ч муу зүйл болж байсан, өвчин хүрсэн, мал цариггүй, өвс ногоо муу гантай, зудтай байсан ч билэг дэмбэрэл бодон сайн сайхан үгээр зочинд хариу хэлдэг уламжлалт соёл байдаг аж.
Эдгээр нь протоколын шинжтэй асуулт юм билээ. Үүний жинхэнэ яриа хөөрөөндөө орж, гэрийн эзэгтэй цай эёвэл айраг барина. Айргыг хятад шаазанд юм уу модон тагшинд хийж барьдаг. Үе үеийн монголчуудын ундаа. Марко Поло айргыг сайн чанрын, сайхан амттай цагаан дарс гэсэн байдаг. Гэхдээ эхнэр Мерседесийн маань айрганд өгсөн тодорхойлолт надад илүү сайхан санагдсан. Тэрбээр айргыг “Оргилуун дарстай хольсон, цөцгийн тостой сүү” гэж нэрлэсэн. Ганц хул айраг уух гэрийн эзэнд хангалттай санагдахгүй. Айлчин найрсаг сайхан байгаагаа илэрхийлэн дор хаяж хоёр, гурван хул түүнээс илүү уух ёстой болдог. Нэг айлаас нөгөө рүү орох тусам айрагны чанар чангарч, нөлөө нь мэдрэгдэж эхэлнэ, нарны үйлчлэлээс эсвэл гэрийн эзэгтэйн ур чадвараас ч шалтгаалдаг байж болох юм. Харин манай Динг Конгерийн дүгнэлтээр бол зарим гүү бусдаасаа илүү “хүчтэй” байдгаас энэ бүхэн болдог гэнэ. Сайн айраг эсгэхийн тулд эхний хоёр өдөр зогсолтгүй бүлдэг аж.
Айрагны дараа зочдод ингэний сүүгээр хийсэн хоормог барьдаг. Ёстой шимтэй ундаа. Зарим газар ямаа, хонины тарагаар ч дайлдаг. Игэний бүлээн сүү ходоодонд шидтэй юм шиг нөлөөлнө. Монголоор аялан явахдаа зарим үед дээр дурдсан бүх ундаагаар нэг дор дайлуулсан ч бий.
Биднийг очсон газар бүрд хурууд гэх хатаасан аарцаар дайлж байв. чулуу шиг хатуурсан, саарал өнгөтэй идээ. Марко Пологийн бичсэнээр бол эртний дайчид ганзагалж явдаг хуруудаа, усанд дэвтээн өглөөний цайндаа иддэг байсан гэх.
Говийн нэгэн айлд очтол оройн хоолон дээр хониний чанасан толгой миний өмнө тавьсан, хажууд нь хутгатай. Протоколын дагуу хүндэлж байгаагаа үзүүлэхийн тулд эрүүнээс нь чихийг нь хүртэл хурц хутгаар зүсээд эрүүг нь заах ёстой байдаг. Тэгээд өөртөө нэг хэрчим огтолж аваад дараа нь бусдад хувь хүртээх учиртай. Араас нь хонины бүтэн ууц ирсэн. Мөн л хүндэтгэл үзүүлэн хөндөөд, гэрт байгаа хүмүүст нэг нэг хэрчим өгөх ёстой. Айраг бол тэрүүгээр тойроо л яваад байгаа. Энэ бүгдийн дараа харин бүгдээрээ чөлөөтэй идэж, ууна даа.
Гэрийн эзний хүү өөрийн хийсэн морин хуураар хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж, нулимс бөмбөрүүлсэн уянгалаг, тансаг аялгуу тоглосон. Тэр аялгуу үнэхээр сэтгэлийн гүнд хүрч, ямар нэг нууцлаг мэдэрхүй төрүүлж байсан.
Хоргодох газаргүй нүцгэн талд туйлдаж, ядарч цөхөрсөн хүн, мал, хайр энэрэлгүй оволзох тал нутгын хүчит салхи-хүлэг мориндоо үнэнхүү хайртай монголчууд- шандаст хүлэг нь л үхэх сэхэхийг шийднэ. Надад ийм мэдрэмж төрсөн.
Монгол морьд понигоос нэг их томгүй гэдгийг би түрүүн хэлсэн. Жижиг цомбон туурайтай болохоор барагтай бол тахалдаггүй, дэл сүүл их өтгөн. Сүүлийг нь хайчилдаггүй юм билээ.

Морин дэл дээрх монгол хүүхдүүд

Бүр эрт цагаас монголчууд адуу, үхэр, тэмээ, хонио тамгалж, залгай газар хотлуулдаг байсан нь хэвээрээ. Одоо ч гэсэн малаа хашдаггүй. Зарим малчид зөвхөн хонь, ямаагаа сараанд оруулдаг. Гэхдээ зөвхөн шөнө.
Монголчууд таван настайгаасаа эхлэн морь унана. Сайн ч унана. Мерседес дээл байхгүй мөртлөө боломж таарах бүрд морь унаж байсан. Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ адилхан байнга морь унана. Мерседесийн хувьд хувцас нь морь унахад тохиромж муутай байсан л даа. Тэгсэн атлаа тал нутгаар давхих дуртай. Араас нь заавал нэг хүн дагаж явахгүй бол болохгүй байсан нь бага зэрэг төвөг учруулж байсан. Монгол мориор жороолох тун сайхан. Чухам ингэхэд л зориулагдсан мэт. Манай морьдтой огт адилгүй.
Албаны нэг хүн “Чингисийн үед нэг цэрэг хориос дээш адуутай байсан” гэж хэлсэн. Ямар учиртайг нь асуухад “Монголчууд нэг морийг хоёроос илүү хоног унадаггүй. Хоёр хоног унаад арав гаруй хоног амраадаг” гэж тайлбарласан. Шандаслаг монгол морьд хоол ундгүй удаан явж чадахаас гадна тамир сайтай, тэдэнд тусгай тэжээл өгөх хэрэггүй байдаг. Монгол моринд тусгайд нь нэр өгдөг ёс байхгүй. Мориндоо хайргүйдээ ингэдэг юм биш. Марко Пологийн гэрчилж байгаагаар адуу хулгайлсан хүнд алах ял заадаг байсан аж. Үүгээр манай саяхны гэж хэлж болох зэрлэг өрнөдтэй төстэй.
Монголын баруун хязгаарт суудаг үндэсний цөөнх казакууд л адууны мах иддэг. Адууны мах идэх тухай бодол монголчуудын толгойд ч орохгүй. (Энд У.Дуглас ташаарсан бололтой. Орч)
Өнөөгийн монголчууд морио унан хонь малдаа явж, охид хөвгүүд нь сургуульдаа мориор ирж, очдог. Морийг анд явах, хол замдаа гарахдаа л эмээллэдэг. Ер нь бол айраг эсгэх гэж л адуугаа өсгөдөг.

Гадаад Монголоор аялсан минь

(Хоёрдугаар хэсэг)
Улаанбаатарын дуу бүжгийн чуулгын дуучин залуу дайсанд баригдан, эзнээсээ хагацсан хоёр цагаан морины тухай дуу дуулж өгсөн. Харийн хүний эрхшээлд орсон хүлгүүд ус нутагтаа харихаар хол зам гатлан гүйж, нэг нь л зорьсондоо хүрдэг тухай их гунигтай дуу.
Монгол бас ардын богино дуу гэж бий. Ихэвчлэн шог хошин эсвэл хайр дурлал, мөрөөдлийн тухай дуулдаг, уртын дууг бодвол арай түргэн хэмнэлтэй. Богино дууг морин хуураас гадна шудрага гэх банжотай төстэй урт хүзүүтэй, гурван чавхдаст хөгжим, эсвэл хуучир гэх чавхдаст хөгжимтэй дуулна. Бидэнд зориулсан Монголын ардын, дуу бүжгийн чуулгын тоглолт “Намсан гуай” гэх хошин дуугаар өндөрлөсөн. Намайг Монголд айлчлахыг урьсан хүн бол Монголын Хуульчдын нийгэмлэгийн хүндэт гишүүн С.Чойжамц гуай байлаа.
АНУ Монголтой албан ёсны харилцаа байхгүй учраас урилга маань Дээд шүүх хоорондын байх боломжгүй байсан тул Хуульчдын нийгэмлэг надад хаяглан илгээсэн юм. Гэхдээ хөдөө нутгаар аялж явахдаа С.Чойжамц, И.Очирбал бид нар албан бус энгийн нөхөрсөг харилцаатай байсан.

Хятад тусламжаа ажиллах хүчний хэлбэрээр илгээдэг

Говь руу машинаар хийсэн аялал их урт болсон доо. Хагарсан дугуйгаа хэд хэд сольсоор оройн 22.00 цагийн орчим сэрүү татчихаад байхад Өвөрхангай аймгийн төв Арвайхээр дэх хоёр давхар тохилог буудалд буусан.
Маргааш өглөө нь ажлын хөх хувцас өмссөн хятад барилгачид өглөөний дасгалаа хийж байхыг цонхоор харсан даа. Дунд сургуулийн сагсан бөмбөгийн талбай болон өөр бусад барилгын ажил хийхээр 60 орчим хятал ажилчин ирээд байгаа нь тэр гэнэ. Хятадын гадаад орнуудад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 20.000 хятад ажилчин Монголд илгээсний нэг хэсэг нь тэрхүү барилгачид гэж надад тайлбарласан. Тэд Монгол ажилчдын жишгээр цалинжиж, хоолоо өөрсдөө хийдэг агаад ихэнх нь 20 гаруй насны залуучууд. Зарим нь гэрлэчихсэн, гэр бүлийнхээ хамт суудаг юм байна.
Арвай хээрийн тал, түүнээс цааших нутаг өвс ургамал ихтэй ч ерөнхий байдлын хувьд Юта мужийн хойд, Айдахогийн өмнөд хэсэгтэй төстэй. Дээгүүр нь бүргэд, шонхор элин халих сахлаг өвстэй энэ талд хааш хаашаа 15 бээрийн газарт нүдэнд торох юм байхгүй. Тэртээ баруун өмнө зүгт Бага Богд, Гурван Богдын уулс бяцхан толгод мэт сүүмэлзэнэ. Үхрээс гадна монгол үхэр, сарлагийн эхний үеийн эрлийз ашиг шимээрээ “эх, эцгээсээ” илүү, арвин их сүүтэй хайнаг их тааралдана. Хангай газартаа адуу, хонь олонтой бол, хойд нутаг сарлагаар, өмнийн говь тэмээ, ямаанаар баян аж.

Үнэн сэтгэлийн зөвлөлгөө

Их говь дахь бидний очих газар бол тэмээний үржлийн станц байсан юм. Говийн зах руу орохоос өмнө Ховд суманд бид буудалласан. Орон нутгийн албаны хүн биднийг хоноод явахыг гуйгаад “Тийшээгээ зам хэцүү, донсолгоо ихтэй” хэмээн зөвлөсөн.
Бид санаа тавьсанд нь талархалаа илэрхийлээд, хэцүү замаар явж сурсан улс гэдгээ хэлээд хөдөлсөн. Гэвч удалгүй түүний үгэнд орсон нь дээр байж гэдгийг ойлгосон доо. “Зам хэцүү” гэсэн үг нь нэг ёсондоо тийшээ “Зам байхгүй” гэсэн утгатай байж. Олон цаг элсэн дундуур сэгсчүүлсний эцэст төөрсөн гэдгээ нэг юм ухаарцгаав. Албаны хүн хий боловсон зан гаргалгүй “Та нар үржлийн станцыг олоод очиж чадахгүй” гээд түс тас хэлж чадсан бол болох байж гэдгийг бид төөрсөн хойноо ойлгосон.
Аян замын эхлэл ер бусын байсан. Таван бээр орчим яваад бид хангай говийг заагласан ууланд хүрч очсон. Хадан хясаан дундуур гарсан нарийн жимээр явахдаа би Динд “Ерөөсөө хамгийн аюулгүй нь уулын зам юм байна” хэмээн хэлж байв. Үнэндээ бол бид төөрсөндөө нэг их санаа зоволгүй зураг авсан шигээ явж байгаад налуу хэсгээр нь хавцлыг даван говь руу орсон юм.
Миний сэтгэлийг соронз мэт татаж байсан тэрхүү өргөн уудам, нууцлаг газрын шороон дээр би зогсож байлаа. Говийн наран далд орж амжаагүй байхад шахам тэргэл саран зүүнтээгээс хөөрч байв. Говийн тэргэл саран ягаавтар өнгөтэй. Нууцлаг говийн үзүүлсэн олон гайхамшгийн дотроос хамгийн сайхан, бас сэтгэлд хадагдан үлдсэн нь энэ агшин байлаа, миний хувьд.
Дахиад зургаан цаг өнгөрсөн ч бид үржлийн станцыг олоогүй л байв. Ингээд “тагнуул”-ын хэсгээ түрүүлэн илгээчихээд, Очирбал бид хоёр сондуул сандайлаад хүлээж суув. Салхи хүчтэй үлээж байсан тул нөмөр газар олж аваад гал түлэхээр боллоо.
Очирбал “Тэмээний хомоол олдвол галтай боллоо л гэсэн үг” гэж хэлэв. Хомоол олох шиг амархан юм баймааргүй сэн. Гэвч сарны гэрэлд олддоггүй юм билээ. Хайж хайж олоогүй тул эцэст нь гал түлэх санаагаа орхиод тэнгэр харж хэвтэхээс өөр мэхгүй болсон доо.
Долоон бурхан (Big Dipper) од бараг нүүрэн дээр унжиж, Алтан гадас (Pole star) ойрхон гялалзана.
Очирбал “Big Dipper” гэнээ? Бид үүнийг “Долоон бурхан” гэдэг” гэж хэлээд. Домгийг нь ярьж өгсөн.
“North Star”-ыг юу гэдэг вэ хэмээн асуухад.
“Алтан гадас” (Golden Nail) гэж хэлж өгөөд “Морь аргамждаг гадастай адил утгатай. “Америкчууд “hitching post” гэдэг бил үү” хэмээн асуусан.
Бид хоёрыг ярьж байхад 100 метрийн зайтай байсан бут хөдөлж, чимээ гарсанд,
“Алмас явж байна даа” гээд Очирбал инээд алдсан.
“Тэр чинь хэн юм бэ?”
“Тэр үү. Говийн шоумэн” гэж хариулдаг юм.
Түүнээс хэлснээс үзэхэд алмас нь Хималайн нурууны “шоумэнтэй” төстэй, хүнээс арай багавтар үс ноос болсон амьтан байдаг бололтой.
Очирбал “Хүмүүс зөндөө харсан ч барьсан удаа нэг ч байхгүй” гэж ярив.
Ярианы сэдэв удалгүй өөрчлөгдөж Чингис хаан түүний хөвгүүд, дүү нарын байгуулсан Бээжингээс Дунай мөрөн хүртэлх эзэнт гүрний тухай болов. “ХIII зуунаас хойш бид өгсөж уруудсаар 1691 онд Манжид эзлэгдсэн. Хоёр зуу гаруй жил дэлхийгээс тусгаарлагдан, шинжлэх ухаан, технологи, анагаах, дэвштл хөгжилөөс хол хаягдсан” гэж Очирбал ярив.
Манжийн хууль цааз нэн хатуу байснаас монголчуудын ихэнх нь боол болон хувирч, эртний эзэнт улс руу гаднын нөлөө оруулахаас сэргийлэн хил, хязгаарыг хаасан байна.
Очирбалын ярьж байгаагаар Хятадын засаг Монголыг туйлын харгисаар засаглаж, есөн эрүү гэх харгис аргаар шүүдэг байж. Тэрхүү ярганы зэвсгүүд нь Улаанбаатарын музейд байхыг бид үзсэн бөгөөд зургыг нь авах гэж оролдсон зөвшөөрөл өгөөгүй. “Түүхийн энэ зурвас үеийг монголчууд бид мартахыг хүсдэг” гэж музейн тайлбарлагч хэлж байсан юм.
Өршөөл үзүүлдэг байсан эсэх тухай асуухад, Очирбал “Хэрэв есөн эрүүг даваад гарч чадвал дархлагдана, халдашгүй болно” гэсэн.
- Юунаас тэр вэ?
- Лус савдаг тэр хүний талд орж байгаа юм гэж Очирбал инээд алдаад, ингэж тайлбарласан, “Есөн эрүү давсан сайн эр сүр хүчин төгөлдөр эрүүгийн хэрэгтэн болоод дураараа дээрэмдэж, хулгайлж, хүчирхийлж болно. Ямар ч саад байхгүй”
Тэргэл сартай тэр шөнө бид хоёр их говиор алхан, Очирбат надад Хятадаас салан тусгаарласан Тусгаар тогтнолын өдөр болох 1921 оны тухай тайлбарлан өгч, би хариуд нь Долдугаар сарын 4-ний тухай ярьж өгсөн (Америкийн Тусгаар тогтнолын өдөр. Орч)
Алсад жийпний гэрэл гялалзан “тагнуул” ангийнхан ирснээр бидний яриа өндөрлөсөн юм. Бид халуун шөл ууж, сайхан амарна хэмээн горьдож байсан ч талаар болсон. Манайхан муу мэдээтэй. Өнөө үржлийн станц олдсон ч аль хэдийн ажиллахаа больсон төдийгүй үүнээс цааш явбал шатахуун авах газар ч байхгүй гэнэ. Сонголт байсангүй. Өглөө буцаад хөдөлсөндөө. Дөрвөн цаг орчим яваад түрүүн хажуугаар нь гараад явсан гэрт очин амарч, хэдэн цаг нүдний хор гаргаад цааш явсан. Ялгаатай нь ирэхдээ шөнөөр явсан бол буцахдаа өдрөөр.
Гадаад Монголд хамаарах говийн бүс үлэмж том буюу 175.000 бээр нутгыг эзлэн оршино. Техасаас хоёр дахин том гэсэн үг. Говийн бүсэд гурван аймаг байдаг.
Монголчууд тийм говь, ийм говь гэж яг оноож ярихгүй. Гэхдээ говь гэдэг үг нь өөрөө хатуу хэцүү, саарал шороон хөрс нь энд тэнд ургасан тачир ургамалтай гэсэн утга илэрхийлэх ажгуу. Их говийн зүүн үзүүр элсэн манхан ихтэй, элс шороо нь зарим хавар Улаанбаатарт туугдан ирэх нь ч байдаг байна. Сайншандаас урагш орших өмнийн говь орчимд Монголын өнөөгийн хэрэгцээг бүрэн хангах газрын тосыг боловсруулдаг.
Бидний очсон баруун говь элсэн манхан багатай, байсан ч нарийхан хэдхэн бээр үргэлжлэх урттай. Харин өвс ургамалын гарц нь арай илүү, худаг олонтой, тэмээ идээшлэхэд тохиромжтой бутлаг ургамалтай нутаг. Ургамлын хувьд их хатуу модлог ч тэмээ, ямаа өсгөхөд тохирромжтой газар юм байна.

Говийн шугуй

Говьд гурван төрлийн мод ургадагийн нэг нь заг. Мушгирсан цагаавтар мод. Найман тохойгоос өндөр байх нь ховор. Тоорой мод нь америкт ургадаг царстай төстэй, нөгөөх нь түүнээс арай намхан бутархаг, бургастай адил модыг сондуул гэнэ. (Хармаг жимсний бут). Хавартаа ягаан цэцэг дэлгэрдэг энэ модыг эхнэр маань говийн цэцэг хэмээн нэрлэсэн. Эдгээр модод говийн өнгөтэй уусаад, өвөрмөц зохицол үүсгэнэ.
Тал нутагт бол мод гэх юм байхгүй тул цорын ганц түлш нь аргал, хомоол. Эмэгтэйчүүд нь модоор матаж хийсэн араг үүрэн аргалаа түүнэ. Цэцэрлэгт навч цуглуулахад хэрэглэдэг тармууртай адилхан боловч богино иштэй савраар аргалаа түүнэ. Эвлэгхэн хөдөлгөөнөөр аргалаа савардан нуруундаа үүрсэн араг руу мөрөө давуулан сурмаг чулуудна. Аргалын хөх дөлтэй гал жигтэйхэн илчтэй тул гэрт түлэхэд туйлын тохиромжтой. Тал нутгийн эзэд болох малчин ардуудын өмч хөрөнгө нь адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ болой. Дангаараа ажиллаж, амьларч байгаа айл өрх алга. Бүх айл нэгдлийн гишүүн болсон ч чувийн өмч байсаар байгаа гэнэ. Нутгийн хойд хэсэг буюу хангайд нэг өрхийн амины мал 50 хүртэл толгой байж болох бөгөөд ашиг шимээс нь татвар авдаггүй юм байна. Говь, тал хээрт амьдардаг малчин айл 70 хүртэл амины малтай байхыг зөвшөөрчээ.
Айлууд зун, намартаа бэлчээр хөөн хангайд очоод өвөлдөө буцан нүүдэг байхад баруун говийнхон жил тойрон говьдоо л байдаг аж. 145 өрхөөс бүрддэг бригад нь хамтралын нэг нэгж бөгөөд 3000 тэмээ, 90.000 хонь, 40 адуу малладаг бөгөөд малаа зургаан шанд, хоёр голоос усалдаг ч хүрэлцээ муутай тул саяхан 120 худаг гаргажээ.
Говьд суурьшаад цөөнгүй жил болж байгаа гэх ногтон сахалтай, нар салхинд борлосон Жаргал хэмээх малчин залуу “Говьд ус их бий. Хоёр, гурван метр ухаад л гарна. Заримдаа долоо метр ухах нь ч бий. Шүд хага ташсан цэнгэг ус гардаг юм” гэж ярив. Ярьж байхдаа түүний царай гэрэлтэй байсан.
Худаг өрөмдөж байгаа унгар инженерүүд говьд устай газар олж, худаг гаргах хэцүү гэцгээж байх юм. Арван удаа 500 метр хүртэл өрөмдөхөд ес нь амжилтгүй болдог гэж тэд хэлж байв. Жаргалын бригадын нутгийн нэг хэсэг нь говьд хамаардаг, зундаа бэлчээр хөөн Гурван Сайхан ууланд очоод өвөлдөө далайн төвшнөөс 3000 тохой өндөр говьдоо ирдэг аж.

June 11, 2010

Гадаад Монголоор аялсан минь

(нэгдүгээр хэсэг)

Уильям Дуглас


АНУ-ын жуулчин Уильям Дуглас манай улсаар аялсан тэмдэглэлээ “National Geographic” сэтгүүлийн 1962 оны гуравдугаар сарын дугаарт нийтлүүлжээ. Одоогоос 50 шахам жилийн өмнө гарсан энэ тэмдэглэл тухайн үед хаалттай байсан Монгол орныг өрнөдөд танилцуулахад өөрийн үүргээ гүйцэтгэсэн нь лавтай. Түүний бичсэн тэмдэглэл өнөөгийн уншигчдад сонин байх бол уу хэмээн санаж, бага зэрэг товчлон хөрвүүлээд толилуулахаар шийдсэн юм. Энэ ялдамд энэхүү тэмдэглэлийг бидэнд өгсөн Олимпийн хорооны ажилтан Ж.Отгонцагаан гуайд талархалаа илэрхийлье

**

Гадаад Монгол 1961 оны сүүлээр НҮБ-ын гишүүн болсноор анх удаагаа дэлхийн үйл хэрэгт оролцох боломжтой болсон юм.
Орос, Хятадын дунд түгжигдсэн энэ орон олон зууны турш тэдний шатрын хүү байлаа. Хэдэн зууны тэртээ монгол дайчид Бээжин, Мосваг галдаж байв. Түүх эргэж Орос, Хятад хоёр хөх тэнгэрийн орныг ээлжлэн эзэрхэх болов. Өдгөө хоёр том коммунист орны ашиг сонирхол энд давхцаж, Оросын мэргэжилтнүүд, Хятад ажилчид БНМАУ-ын амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болжээ.
АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Уильям Дуглас бол ойрын жилүүдэд Монголд жуулчлаад ирсэн өрнөдийн цөөхөн хүмүүсийн нэг юм. Олон сайхан ном бичсэн, газар зүйд ихээхэн хувь нэмэр оруулсан шүүгч Дуглас Азийн алслагдмал нутгийг сайн мэддэг хүн. Тэрбээр Монголд хувийн шугамаар очиж чөлөөтэй аялсан агаад үзсэн харсан зүйлийнхээ тухай дэлгэрэнгүй материал авчирсан юм.
Коммунист орнуудын тухай мэдэж авах нь өрнөдөд ихээхэн чухал байгаа энэхэн үед Дугласын нийтлэл одоог хүртэл нууцлагдмал байсан тэрхүү газар орныг танин мэдэхэд нэмэр болох нь гарцаагүй-Сэтгүүлийн зөвлөл.

Миний хувьд Монгол гэдэг шидэт үг шиг л санагддаг байлаа. Бүр хүүхэд байхаасаа л Бээжингээс Дунай мөрөн, өмнө зүгт Египет хүрч байсан эзэнт улсыг байгуулсан Чингис хаан болон түүний хөвгүүдийн тухай шимтэн уншдаг байв. Морин дэл дээр дарцагласан энэ эрчүүд хөхөө өвлийн хүйтнээр Москваг буулган авч байж.
Монголчуудын эзлэн түрэмгийлэгчдийн эр зориг зөвхөн тэдний харгислалаар хязгаарлагдахгүй. Хэдэн жилийн өмнө миний бие энэ бүхний гэрч болох Афганистаны Бамиан мужид очиж байсан юм. Монголын арми дайран өнгөрсөн уг тосгонд амьд амьтан үлдээгүй гэдэг. Хятадууд умрын зэрлэгүүдээс хойд хилээ хамгаалах гэж Цагаан хэрэмийг босгосон. Гэхдээ 1691 онд Хятадууд Монголыг эзлэн авсанаар энэ хэрэм цоож, гадныхнаас тэднийг (монголчуудыг) тусгаарласан хаалт болсон юм. Ингээд Монгол нууцлаг газруудын нэг болох нь тэр.

Хүчирхэг хөршүүдийн шатрын хүү

Монгол бол хүчирхэг хөршүүдийнхээ өрсөлдөөний талбар байлаа. Орос Монголыг олон сая хүнтэй Хятадаас өмнөд хилээ хамгаалах жийргэвч болгох сонирхолтой бол Хятадад нөлөөгөө тэлэхэд нь Монгол хэрэгтэй байв. Хэдийгээр Монгол 1921 онд Хятадаас тусгаарлаж чадсан ч 40 орчим жил гадаад ертөнцөөс таслагдмал байв. Гэхдээ байдал өөрчлөгдсөн байж магад хэмээн санаж 1961 онд эхнэртээ болон өөртөө виз хүсэх өргөдлөө өгсөн юм.
Москвагаас визээ аваад БНМАУ-ын нийслэл Улаанбаатарт ирсэн.
Улаанбаатар луу нисч байсан онгоцны цонхонд нүүрээ наачихаад явж байсан бидний бодлыг илэрхийлэн зурагчин Дин Конгер “Яг л Виомин шиг юм байна” хэмээн өгүүлж билээ. Москвагаас Сибирийн Эрхүү хот хүртэл Оросын Ту гэх онгоцоор нисээд цаашаа Улаанбаатар орохоор “Эйр Монгол”-ын “Илюшин-14” гэдэг онгоцоор явж байгаа нь энэ. Монголын умард хэсэг битүү ойгоор хучигдаж, хөх цэг хатгасан мэт энд тэндээ нуур цөөрөмтэй зэлүүд онгон нутаг.
Монгол орон 600.000 бээр буюу Их Британи, Герман, Франц, Итали, Португалийг нийлүүлсэнтэй бараг тэнцүү газар нутагтай. Хүн ам нь ердөө нэг сая. Бидний агаараас харсан анхны хот болох Сүхбаатараас урагш суурин газар дахин үзэгдээгүй. Толгодын ойролцоо барьсан гэр гэх дугуй сууц л хаа нэг үзэгдэнэ. Оросууд юрт гэх юм билээ. Гэхдээ ганц нэгээрээ байх нь ховор. Гурав, дөрөв, таваараа буусан гэрүүдийг монголоор хот айл гэнэ. Хөх тэнгэрийн доор, ногоон зүлгэн дээр бөмбийх эдгээр гэрүүд Монгол гэсэн өвөрмөц нэгэн өнгийг бүрэлдүүлнэ. Чингисийн үед ч ийм л байсан бол уу.
Гэхдээ нисэх буудлаас хөдлөөд Улаанбаатарт ирэхэд шинэ орчин үеийн барилгууд харагдаж эхэлсэн. Гантигаар барьсан ганц нэг байх ч ихэнх нь шавран байшингууд. Саяхан баригдсан цахилгаан станц, ус цэвэрлэх байгууламж зэрэг нь 160.000 хүнтэй хотын хэрэгцээг хангана.
Хотын баруун хэсэгт сүндэрлэж байгаа гурилын үйлдвэрээс зүүн талд босч байгаа телевизийн асар том барилгын хооронд орших Улаанбаатар бол гялалзаж байгаа шинэ хот. Цэнхэр тууз шиг тахиралдсан Туул гол хотыг эмжин урсана.
Нисэх буудлын хөөрөх зурвас, тэндээс нийслэл хүрэх зам нь цардмал. Бусад зам нь шороогоороо. Хаа сайгүй явж болох ганц унаа нь жиип. Зам муу байсан ч хажуугийн зөөлөн ногоон дээгүүр давхиад байж болохоор. Гэвч сайн явлаа гэхэд өдөртөө 250 бээр зам туулвал их юм. Гол горхи гатлах, бензин авах, гэрүүдээр зочлох, зураг авах гээд ажил зөндөө. Орос жийп хүчтэй, сайн ч юм билээ.
Урт үс, өргөн шанаа, шулуун хамартай монголчууд индианчуудтай төстэй ч юм шиг. Гэхдээ зарим нь дугуй царайтай, намхан хамартай. Ихэнх монголчууд намхан, шөрмөслөг биетэй ч зургаан тохой өндөр хүн бас байна аа тэдний дунд. Тэд голдуу албан маягтай төв сайхан хувцаслана. Харин энгийн үедээ орос маягийн спорт хувцас өмсөх нь нэг л зохимжгүй. Хөвгүүд нь сургуульдаа хүрэн өнгийн хилэн хувцас өмсөх бол охид нь хүрэн даавуун даашинз өмсөн, үсэндээ тууз зангидна. Хормогч нь цагаан, хар гэсэн хоёрхон өнгөтэй. Хүзүүндээ зангидсан улаан бүч нь тэдний хувцасанд нь өнгө нэмнэ.
Томчуудын хувьд ажилдаа баруун маягийн хувцас өмсөхийг зөвшөөрдөг ч урт хормойтой, босоо захтай дээлээ өмссөн хүмүүс Улаанбаатарт элбэг тааралдана. Хөдөөд бол эр, эмгүй дээлээ өмсөх юм билээ. Дээл бол бүжигэнд явахад гоёлын, гудамжаар зугаалахад гадуур хувцас болдог таатай эд. Жуулчдыг ардууд (малчид хэмээн хаалтад бичсэн байна), тосгоны иргэд үргэлж найрсгаар гар дэлгэн угтаж, цагаан шүдээ яралзуулан “сайн байна уу” хэмээн үнэн сэтгэлээсээ мэндэлнэ.



Оксфорд аялгатай “Орос”-ын англи хэл

“Монгол жуулчин”-аас бидэнд гаргаж өгсөн манай хэлмэрч И.Очирбал Улаанбаатарын их сургуульд англи хэл үзсэн намхан залуу. Долоо хоногт найман цагаар Орос арга барилаар таван жил англи хэл заалгасан гэнэ.
Яагаад британи аялгаар ярьдаг юм бэ? хэмээн намайг асуухад, “Орос багш маань Оксфордод англи хэл үзсэн байж болох юм. Америкчууд та нарын аялга их өөр юм” гээд жуумалзсан. Монголын их сургуульд төвд, хятад, орос, манж, англи хэл заадаг юм байна. И.Очирбалын хэлж байгаагаар 1961-1962 оны хичээлийн жил 100 орчим оюутан анли хэл үзэж байгаа гэнэ. Бид Улсын төв номын санд нь очиж орчин үеийг монголчууд анли хэлээр ямар ном уншиж байгааг сонирхсон. үнэндээ сэтгэл жаахан гонсойсон. Америкийн зохиолчдоос Марк Твен, Жэк Лондон, Теодор Драйзерийн цөөн хэдэн бүтээл, Эрнест Хэменгуйн “Өвгөн, тэнгис хоёр” л байсан. Их Британиас Чарльз Дикенс, Сомерсет Моэм хоёрын хэдхэн ном тэгээд л дуусаа.
Жэфферсон, Мэдисон, Томас Пейний зохиолууд байгаа эсэхийг номын санчаас асуухад толгой сэгсэрсэн.
Карл Сандберг, Авраам Линкольн, Роберт Фрост нарын бүтээлийн тухай асуугаад мөн л адилхан хариу авсан. “Бид Күперийг сайн мэддэг” гэж И.Очирбал яаран сандран нэмсэн.
Америк киноны тухай түүнээс асуухад “Миний үзсэн цорын ганц америк кино бол “Тарзан” гэж хариулсан. Миний урам үнэхээр хугарсан. И.Очирбал ч байдлыг гадарласан бололтой, зальжин инээмсэглээд “Танд санал болгохоор илүү дээр юм байна уу” хэмээн асуусан.
Эхнэр Мерседес маань ярианы сэдвийг өөрчлөн “Та нар америкчуудын тухай ямар бодолтой байдаг вэ” гэж асуусан. Монголчуудыг юу бодож байгааг царайг нь хараад ойлгоход их хэцүү. И.Очирбат яг тийм байдлаар “Шүдний эмнэлэг нь их сайн гэж сонссон” хэмээн хариулсан даа. Мерседес инээд алдаад, “Та нүд гялбам цагаан шүдтэй байж. Шүлний эмнэлгийн тухай юу мэдэх юм бэ” гэж асуухад “Би 28 настай ч надаа ломботой шүд нэг ч байхгүй” гэсэн.
-Хүүхдүүдийн хувьд ямар вэ? гэхэд
-Эмч нар үүнд их сэтгэл зовниж байгаа. Бүр Чинигсийн үеэс л монголчуудын шүд сайн байсан. Одоо чихэр, жимс, мөхөөлдөс их иддэг болсон болохоор. Хүүхдүүд шүдээ ломбодуулахаас өөр аргагүй болно биз дээ гэж хариулсан.
Энэ үед мах, сүү хэрэглэдэг монголчуудын шүд үнэхээр эрүүл байдаг гэж Марко Пологийн тэмдэглэн хэлсэн байдаг нь санаанд орж байв. (Монголчуудыг эрүүл, гоё шүдтэй гэдгийг У.Дуглас олон удаа тэмдэглэн хэлсэн байна. Орч)

Монголчууд бүжиг, хөгжимд үнэхээр дуртай. Америкийн дуу хөгжим ч түгээмэл юм байна. Нийслэлд нь жааз хөгжмийн бичлэг ч хийдэг бөгөөд 1961 оны зун “Улаанбаатар вальс” худалдаанд гарсан гэнэ. Харин Шинжлэх ухааны акедемийн гишүүд нь хөдөө нутгаар бэдэрч ардын аман зохиол, дуу хуур цуглуулдаг юм байна.
Монголчууд гайхамшигтай бүжигчид, бүжгийнх нь ая судсаар нь лугшиж байна уу гэлтэй. Мерседес ардын бүжгийн нэг хамтлагтай хамт бүжиглээд авсан. Тэрбээр “Монгол эрчүүд их авьяаслаг болохоор бүр хэцүү алхамыг ч тэдэнтэй хийхэд хялбар санагдсан” гэж хэлсэн.
Монголд эгшиглэсэн Йелийн дуу

Монголчууд сайн дурынханы дуунд ч дуртай юм билээ. Улаанбаатараас зүүн хойшоо байдаг Тэрэлжийн амралтад зочилж байхад намайг дуулж өгөхийг хүссэн. Цаг шахам болсны эцэст Йелийн “Whiffenpoof” дууг дуулахаар шийдсэн. И.Очирбал хурсан олонд энэ дууг орчуулж өгсөн. Миний дуулахыг халуунаар хүлээн авсан. Хурсан олон дахиулахыг хүссэн бол би тэдэнд бүтэн шөнөжингөө америк дуу дуулж өгч чадах байлаа. Гэвч хэн ч дахиулахыг хүсээгүй юм.
Монголын ардын дуу хөгжмийг бүхэлд нь эцэс төгсгөлгүй гэмээр уртын дуугаар илэрхийлж болно. Дууны үргэлжлэх хугацааг урт хэмээн нэрлэж байгаа юм биш. Хааяа хярхаггүй уудам тал, уйтгар гуниг алив бүхэн зүйрлэж боломгүй тийм өнгө аясаар дуучны хоолойноос гарна.
Морин хуур гэх хоёр чавхдастай, морин хийлтэй төстэй боловч царыг нь могойн арьсаар бүрсэн хөгжимтэй уртын дууг дуулна. Морин хуурын үүслийг яривал Монголын эртний түүхийг сөхөх хэрэг гарна. Морин хуур хэрхэн үүссэн тухай домог бол бий. Өндөр язгуурт нэгэн ноён хайртай хурдан хүлэг морио алдсандаа ихэд гуниглан, дэл сүүлээр нь чавхдасыг нь хийж, толгойг нь дууриалган сийлсэн хөгжмийг бүтээж. Хүлэг мориныхоо явдал, эзэндээ үүрсэх дууг нь аялгуулан хөгжимдсөн юм гэнэ лээ.

Нью-Йорк

June 08, 2010

Андууд



Индианаполиcийн нисэх буудал хүрээд албаны ажил дуусч байгаа юм. Тэндээс Атлантагаар дамжаад Вашингтоны “Рональд Рейган”-ы нэрэмжит нисэх буудалд буулаа даа. Найз нарын маань аль нэг нь тосох учиртай юм. Утасны номерууд нь хармаанд байж байгаа. Буугаад эргүүтээд явж байсан араас нэг хүн тэврээд авсан, Пүүжээ. Уулзаагүй удсан андууд яадаг билээ тийм л юм болсон доо, бид хоёр. Гэхдээ хүүхнүүд шиг уйлалдаж бариагүй ээ. Нөгөө хоёр ажилтай болохоор Пүүжээ намайг тосох ажилд томилогдсон гэнэ. Тэндхийн яриагаар бол “off” гээч юмтай гэнэ. Ажилгүй өдрөө ингэж хэлдэг юм билээ.
Андууд хуралдаад намайг Ивээлийнд байлгахаар болж. Пүүжээ, -Чи Баатараа бид хоёртой байвал шал дэмии “зообийрохын” нэмэр. Ивээлийнд буусан нь дээр гэж байхын. Уг нь эндээс явахад л авгай хэлсэн л дээ, -Чи Ивээлийнд байсан нь дээр гэж. Би нэг их очихгүй гээд байгаа аятай, сонин гарууд шүү. Угаасаа Ивээлийн авгай Үлэмж, Баатараа, би, манай авгай бид нар чинь оюутан байхын нэг “праакцынхан”, цус ойртоод хооронд сууцын шд.
Пүүжээ ярьж байнаа, маргааш Нью-Йорк явцгаана. Баагий чөлөө авцан байгаа. Ивээл яаж ч магад хэдүүлээ автуусаар гараад шидчинэ. Чайна таунаас тийшээ автуус явдын гэж байна. Пүүжээгийн лекцийг сонссоор яваад Ивээлийндээ ирлээ дээ. Үлэмж хоол хийгээд хүлээж байж жаал чихэж аваад Вашингтоныг үзэх гээд гарлаа даа. Багын найз нартайгаа уулзана гэхээс сэтгэл догдлоод болох биш. Манай Post-ын Сумьяа зэрлэг гар бол Вашингтонд ирээ л газрын зураг, Гүүгл хоёр ашиглаа л Баагий дээр тавиад очсон гэжээшд. Надаа тийм юм байх биш Пүүжээг дагаа л явсан. Ганцхан Монголд ч биш америкчууд Бааска ахын төрсөн өдрийг тэмдэглээд бас л балай авдаг юм билээ. Вашигтоны төвөөр түмэн хэлийн инээд алдсан эр эм согтуу гарууд. Ганхаа л, найгаа л айн. Сайхаан сайхан.
Пүүжээг гадаа үлдээчээ л Баагий руу гаа тавиад орсон. Уа нэг их ажилтай амьтан, болоогүй ээ ахлах тогооч гэж байгаа зааварлаа л, бааварлаа л гачин байна аа. Намайг хараа л орилоо л гараад ирсэн, андыгаа тэврэн золголоо доо, найман жилийн дараа. Хэлэх үг олдохгүй сайхан байсан шүү. –Андаа одоохон ажил ингэсгээд дуусна ширээ захицан байгаа. Пүүжээ та хоёср суужий, Ивээл удахгүй ирнэ, би одоохон гээд инээд алдаад л. Найз нар маань бүгд яг хэвээрээ Монголд байдаг шигээ хэнэггүй, ёжтой инээд алдсан гурван арзгар нөхөр. Удалгүй Ивээл маань тавиад ирсэн дээ. Бахираа л монхор оо гээл тэвэрч аваа л өргөө л, цохио л. өнөө чанга дуу нь яг хэвээрээ. Согтуудаа намайг толгой дээрээ өргөөд Улаанбаатрын гудамжаар шөнө согтуу алхдаг хүн дээ. Ерөөсөө ч дуу чангатай нөхөр. Хичээл тасалцан байхад нь аргалчаа л сууж байхад доор аймаар чанга инээгээ л баригдий шд. Багш –Өө Ивээл энд доор дугаржээншд “тас” гээл тавчина даа. Гадаа инээж байгаа нь гурван давхарт сонсогджоогоо юм чинь аргагүйшд. Багшиийн зөвөө.
За ингээд команд бүрэн болж хэдүүлээ арабын усан гаанс гээч юм татаад буу халсан даа. Тэр баарных нь хөгжим нүгэлтээ чангаа ёооё гадаа гарч тамхилангаа яриагаа үргэлжлүүлж байгаам чинь. Тэр усан гаансны тамхи бол шал хулхи эд байна лээ дээ. Тамхи бараг биш ээ тэр. Бас тэнд архи зардаг цаг магтаа шал шог юм билээ. Last call-гээч юмаа зарлаа л сүүлчийн захиалгаа авдын билээ. Тэрнээс цааш архи пиав миав нөү гэнэ дээ. Манайд бол аргална даа найз холоос ирээд энэ тэр маньдаа ганц юм аваад ир ганц хоёр гамган цаас илүү өгнө мөгнө гээ л яриад үзнэ дээ айн. Тэнд болдоггүй гэнэ. Гэхдээ бас болгочмоор газар манай гурав мэддийн байлээ, маргалдаж маргалдаж хаашаа ч гэнэ үү явахаар болсон. За энд бичиж болохгүй нэг хэсэг гарна алгасий даа…
…сүүлдээ аваргууд согтох маягтай болсон Ивээл өглөө эрт ажилтай гээд явсан Пүүжээ хаана ч гэнэ үү хүнтэй уулзах юм болоод явцан. Шөнийн дөрөв болжооход хэнтэй уулздын ёстой мэдэхгүй. Баахан хоол захичаад тэгж хэлээд явчдын. Баагий бид хоёр идэж аваад илүү гарсан хоолнуудаа баахан саванд хийж аваад тэдний рүү явсан. Шал дэмий баахан хоол авцан Нью-Йоркоор тэнэж яваад ирсэн муудалгүй хаачихав Баагий хаясан гэсэн. За энэ ч яахав. Маргааш нь Пүүжээтэй Вашингтоноор жаал тэнж, нөгөө алдартай газруудыг нь үзэж зургаа даруулж байгаад оройхондоо, Нью-Йорк гараад тууцсан даа. Манай Пүүжээгийн тэр элдэв газрын түүхийг уншиж судалсан гэж янзтай. Би өөрийгөө америкийн түүх чамгүй мэднэ гэж бодож байсан бас л биш ээ. Ялангуяа тэр барилга байшин, архитегтор, Вашингтоны тухай бол Пүүжээ багшоо, багш.
Ивээл явж амжихгүй болсон тул бид гурав НЙ (Нью-Йоркийг ингэж товчилно оо, зус яадын) явсан. Манай хүн ч уул нь явах санаа их байсан л даа даанч ажил нь болоогүй. Замаараа спорт бааранд манай хоёр халаалтаа хийсэн.



Өнөө америкийн хэд алхаа л бөөгнөж унадаг спорт чинь юу билээ. Америк хөлбөмбөг бил үү тэрэнд манай Баагий жигтээхэн дуртай болчиж, бооцоо тавьдын билээ. Зөндөө тайлбарласан би юу ч ойлгоогүй.
Чайна таунд Баатараа гуай юм л бол хятадуудтай түр тар гэчих гээд байсан Пүүжээ ч яахав угаасаа дөлгөөн юм чинь гайгүй. Хятадууд ч гэсэндээ үнэн сонин гарууд, юм шидэж өгнө, тэр автуусанд суух гэсэн яаваа дайрж бариа л оруулахгүй гэжаагаа юм шиг. Манай Баагий яаж дуугай байхав шөргөөцөлдөө л авсан. Тэр хоёр бас хүний мууд дуртай энэ зургийг ав даа гэхээр нь харсан нэг нөхөр тасраад унцан унтжаагаа юм чинь. үнэр танар гэж аймаар. Пүүжээ гялс гээл зургий нь дарсан даа. Одоо энд тавина аа. Ер нь гуйлгачин, архичид ихтэй юм билээ, Вашингтонд. Автуусанд ороод манай хоёр цэвэр усны саванд хийсэн “цайгаа” ууж эхэлсэн. Цэвэр усны саванд архи хийх ч монголчуудын дархан мэх дээ хөөрхий.

НЙ-д

Өглөө долоо болж байхад НЙ-т ирсэн. Чайна таунд бууж байгаа юм. Юун америк вэ. тэр үнэр танар энэ тэр нь зүгээр л Эрээнинградад ирцийм уу хаашаа ин. Хаашаа л харна гитадууд. Гурван гар арзагнаа л хөхөрдөө л алхаа д байсан төөрөх нь ээ. Нөгөө тосч авна гэсэн гар байдаггүй дээ. Утасдлаа, нөгөө хүн лүүгээ, Баатараа. Урьд шөнө саваад таг унтчихаж гэнэ байгаа газрынхаа хаягыг хэлчих гэсэн бололтой юм. Хятадуудаас асуулаа ямар гудамжны хэддүгээр байрны орчим орчим байгаагаа. Мэддэгүүм даа. Англиар ч ярьдаггүй гэнэ. Баатараа харааж эхэллээ муусайн f… өчнөөн жил болчоод англи мэдэхгүй байхдаа яадын, мэджээгаа муу үхжээсэн зэвүүн as… , f... , гээл авч өгсөн одоо яахав дээ.




Гөлийтөл алхаж гудамжны үзүүрт хүрч хаягыг нь харж байж нэг юм хаа байгаагаа хэлэхчээ аядсан. Гитадууд аа гэж. Бүх юмаа өнөө ханзаараа бичээд тавьцан.
Удсан ч гүү Баагийгийн танил Баясаа гэж бүсгүй ирж биднийг авсанаар НЙ танилцах аялал эхэлсэн. “Senton” бил үү нэг тиймэрхүү нэртэй буудалд буудсан. Мөнгийг нь Баатараа төлсөн болохоор үнийг нь мэдээгүй. Хогийн буудал гэхдээ Time Square-д ойрхон давуу талтай тэрийг нь бодож хөлсөлсөн байх. Солонгос ресторанд орж сайн цусалж аваад өнөө Эрх чөлөөний хөшөө рүү явсан даа. Ерөөсөө тэрийг үзэх гэж л жуулчид очдог юм байна лээ. Минийх бол Хөрөнгийн биржийн өмнөх бухыг үзэх түүний өмнө зургаа авахуулах байсан. Яагаад ч юм тэр бух нэг тийм дулаахан санагдаад байдын гэхдээ яахав эхлээд Эрх чөлөөний хөшөө явах болсон. Манай хоёр урьд энд зөндөө ирсэн атлаа шоудахаас өөр юм хийгээгүй улс бололтой.


Баатараа бол Цагаан ордонг ч үзээгүй гэж байгаа. Вашингтонд байжииж. За тэр ч яахав. Эрх чөлөөний хөшөө руу явдаг усан онгоцонд орох гээд зогсжээсэн чинь, тэнд нэг хар байна аа. Гитар энтэр барьцан, үс мүсээ хэдэн өнгөөр ч будсын мэдэхгүй. Хүмүүсээс хаанаас ирсэн гж асуугаал тэр хэлээр нь ганц хоёр бадаг ая гусаа л хэдэн цаас олдийм билээ. Тэгсэн бид хэдээс асуужийн хаанаас ирсэн гээл, хэллээ Монгол гээл тэгсэн чинь аварга монголоор дуулдым даа, харин

Улаанбаатарын гудамжаар хайрттайгаа

Энтэр гээд авч өглөө шүү. Бид нар бүр гайхцан. Хэн тэрэнд тийм юм зааж өгдөг байна аа. Сайхан гарууд байхым билээ. Хөшөө рүү оччоод буцаад гараад явжээсэн хэдэн харууд амьтан хүн бөөгнүүлцэн хашхичаад байсан. Өнөө гудамжинд бүжиглэж, акарбаат хийдэг гарууд. Тэд нар алсаан алсан. Пүүжээ бичлэг хийгээд байсан. Боломж гарвал блогтоо тавинаа. Бас л дажгүй жүжиглэж байсан шүү муу зуснууд. За тэндээс тэгээд өнөө бух руугаа очиж зургаа авахуулаад, дурсгал болгож жижигрүүлсэн дүрсийг нь худалдаж аваад. ерөнхийдөө өдрийн ажиллагаа дууссан. Орой нь шөнийн НЙ гол нь Time Square үзэх. Тэр болтол Мөөгий гээд тэнд амьдардаг залуу бидэнтэй ханьсаад жаал дарсан. Гол нь манай хоёр гайгүй үнэтэй газар олуулж халаалтаа авах. Нутгийн хүн тийм газар олж ядаагүй тэгэсгээд нэг спорт бааранд аваачсан.
Оройхон тийшээ жаахан юм идэж аваад өнөө TS-рүү явсан даа. Баатараа НЙ бас нэг зарга үүсгээд авсан нэг газар орсон хаалаа, үйлчлэхгүү гээд нэг испани хэлдын. Тэгсэн манай хүн чи яахаараа үйлчилдэгүүн мэнэжэр чинь хаа байна болоод явцан. Хөөрхий халтарыг мээнэжэр хүүхэнтэй нь нийлж дарамталсан уу яасан үйлчилсэн дээ хөөрхий, наашаа инээж, цаашаа ярзаажаагаад.




TS тухай бичсэнээс зургын үзүүлцэн дээр байхоо, тээ. Мэдээж дараа нь паатий болсон л доо. Гэхдээ би ч ядараад буудал даа очихын түүс. Пүүжээ ч санал нэг байсан. Удсан ч үгүү нөгөө Last Call нь болж гуруулаа буудалдаа очсон доо.
Цаашаа онц юм болоогүй дээ. Өнөө Чайна таунаараа дамжаад Ивээлийндээ ирж гэдэс гарч авсан. Мань хүн бид нарыг ирнэ гээд хоол хийцсэн бас халаалтаа хийцсэн инээд алдаад угтсандаа, хүүтэйгээ цуг. Үнжээг ажлаасаа нь ирэхээс өмнө халаалтаа хийж авахгүй бол болохгүүшд авгай нар нөхрөө дуугай архи уулгах биш эрүүдээ л, загнаа л. Гэхдээ эрчүүд бидний сайн сайхны төлөө байдаг нь сайхан шүү. Ойлгоход их хугацаа ордийм доо. Уул нь ч ойлгоод байгаа мөртлөө, үгэнд орж чаддагүүм, нэг уучихаараа. За энэ ч яахав.




Нэг юм анзаарахад найз нар маань англи монголоор хольж ярьдаг болчихож. Өнөө монгол хэл, монгол судлалын ангийн оюутнууд хаачсан бүү мэд. Англиар голдуу ярихым. Манай Ивээлийн хүү, Заанаагийн хүү бүгдээрээ анлиар ярьж байна арга ч үгүй юм. Орчин нь англи тэгээд дээрээс нь зурагт үзсээр байгаад анлиар хэлд орж байна. Ганц манай найз нарын биш тэнд байгаа монголчуудын хүүхдүүд бүгдээрээ ийм байна. Очоод хэлний бэрхшээлтэй учирч, зовж байсан хүмүүс зориудаар хүүхдүүдээ англитай болгож, эх хэлийг нь мартуулж байна. Аймаар юм. Манай найз нарын хувьд хэлний бэрхшээл гээч юмтай учраагүй нь лавтай. Ажилтай болохоор нэг л мэдэхэд ийм болчих юм гэцгээж байсан. Тийм ч байх. Манай Пүүжээ хэлж байна. Англи хэл мэдэх бол онгироод байх юм биш эндхийн хулгайч, худалчууд нь хүртэл ярьдаг юм чинь гэж байсан. Үнэн л үг.
Заанаагийн авгай Мягмарсүрэн “Манай хүү монголоор ярихаар ойлгодог хэрнээ юм уншихаараа сайн ойлгодоггүй. Тэрийг нь чангаар уншаад яриад өгөхөөр ойлгодог юм” гэж байсан. Гэхдээ хүүхдүүддээ монгол хэл соёлыг нь заах юм сан гэсэн хүсэлтэй хүмүүс байгаа л юм байна лээ. Онлайнаар ийм хичээл заагуул мөнгө олж болмоор санагдсан шүү, залуусаа.
Вашингтонд үзээгүй үлдээсэн ганц хоёр газраа дараа нь Ивээл, Үнжээ, Анар, эдүүстэй явж гүйцээсэн. Тэнжаагаад ирсэн Ивээлийн машин дээр 100 долларын торгууль нааццан байдийм даа. Хэдэн цагаас хойш ч гэлээ машин тавьж болохгүй гэсэн бичгийн Ивээл хараагүй юм шиг билээ. Угаасаа хэнэггүй гардоо харсан ч тоогоогүй байж чадах л хүн дээ. Нэг л мэдэхэд буцах болчихсон доо. Пилээдээ сунгуулчих гэж манай хэд уул нь хэлсэн л дээ. Тэгмээр л байлаа гэвч ардаа ажилтай хүн чинь буцахаас яахав. Яажаахад ажил руу ганц мэдээ явуулаагүй байдаг. Нөгөөх чинь харалчижээ гэсэн яриа явжээсэн гэжээшд.







Буцахдаа яахав Сан Францискогоор дайраа л Бээжин тэгээд Улаанбаатартаа буусан даа. За тэр Амээркийн “Юнайтед айрлайнз онгоцоор болбол нисмээргүй юм билээ. Нисдэг л болохоос биш автуусоо автуус. Үйлчлэгч нар кандууктар л гэсэн үг байжаагаан. Хоол гэсэн бэлэн гоймон өгдын. Юу вэ тээ. Манай Миат хажууд яаая. Үхрийн мах зах айн. Гэхдээ ЮА аюулгүй байдлын хувьд муугүй юм гэсээн.
Найз нарынхаа бүтэн нэрийг бичнэ ээ, бүр овогтой нь. Гаябазарын Энхбаатар, Алтанхуягийн Ивээл, Цэрэнсодномын Пүрэвсүрэн, Лонжидийн Үлэмж, Мөнхөөгийн Заанбаатар, Мягмарсүрэн, Ивээлийн Анар, Заанбаатарын Мөнхзолбоо (Энзи). Баярласан шүү Залуусаа. Анараа аавдаа тавих “анхаарлаа” улам сайжруулна шүү. Монголоор сайн ярьдаг болоорой. Энзи, чи бид хоёрын наймаа дажгүй болжээ. Хүүд маань их таалагдсан монгол хэлээ сайн сураарай. Аав чинь англи тэр битгий хэл монгол бичиг зааж өгч чадийшд уул нь.

June 03, 2010

Далай лам: Аз жаргал бол сайн үйлийн үр /Хоёрдугаар хэсэг/



Төвд, Монголын шашин соёлын төвийн (ТМШСТ)тэргүүн Ажиа гэгээн тавдугаар сарын 14- ний өдөр сүсэгтэн олонтой уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулахын зэрэгцээ өөрийн бичсэн “Surviving the Dragon: A Tibetan Lama’s Account of 40 Years Under Chinese Rule,” номынхоо нээлтийг хийсэн. Гүмбүм хийдийн хамба лам Ажиа гэгээн Төвдийн шашин, соёл, түүх уламжлалд Бээжингийн зүгээс үзүүлж буй дарамт шахалтаас зугтан 1998 онд эх орноо орхин гарсан хүн. Тэрбээр төвдийн шашин, үндэст учраад байгаа аюул занал, Төвдийн үнэн байдлын тухай болон бага насныхаа тухай өөрийн номондоо өгүүлжээ. ТМШСТ буддизмын онол ухаан, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэхийн хамтаар өглөг буяны ажил зохион байгуулдаг. Тус төвөөс хорт хавдар туссан хүүхдүүдийг асран сувилах шинэ эмнэлгийг Монголд байгуулахад хэрэгцээтэй хөрөнгө мөнгийг босгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан юм байна.
Уулзалтын үеэр Ажиа гэгээний номыг худалдан авсан хүмүүс гарын үсэг зуруулахаар урт дараалал үүсгэ сэн. Ихэнх нь америкчууд. Нэг дор, нэг номыг тийм олон хүн худалдан аваад, зохиогчоор нь гарын үсэг зуруулахаар дугаарлан зогсохыг анх удаа Блүүмингтонд л харлаа. Харин Америкт бол ийм зүйл ердийн хэм хэмжээ болчихсон эд гэнэ. Зохиогч, уншигчдын ийм уулзалтыг байнга зохион байгуулдаг аж. Эмнэлэг барихад хэрэгцээтэй хандивыг босгоход боломж той бүх аргыг хэрэглэж байгаа нь харагдсан. Дээрхийн гэгээнтний ном айлдсаны дараа Төвдийн шашин соёлтой холбоотой эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал худалдаалахын хажуугаар Индианагийн их сургуулийн ойролцоо босгосон асарт төвд зах ажиллаж байсан. Далай ламтанд мөргөхөөр очсон монголчууд чамгүй сайн худалдаа хийхийн зэрэгцээ өглөг хандив ч өргөж байсан. Далай ламтан өглөгийн эздийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан. Ажиа гэгээнтэй хийсэн уулзалтын үеэр нэг америк “Та яагаад лам болохоор шийдсэн бэ” хэмээн асуусан шүү. Хариулт нь их хөгжилтэй. Ажиа гэгээн “Би тэр үед хоёр настай байсан болохоор шийдвэр гаргаагүй. Намайг хойд дүрээр тодруулсан” хэмээн хариулсан.
Танхим нирхийгээд явчихаж байгаа юм. Их Британийн хатан хаанаас “Do you speak Еnglish” гэж асуудаг орос сэтгүүлчийнхтэй харьцуулбал буддын шашин мэдэхгүй хүнээс гарч болох л асуулт. Өдгөө 59 настай Ажиа гэгээн бурхны шашинд шинэтгэл хийсэн Зонхов Богдын эцгийн хойд дүрээр бага насандаа тодорсон аж. Монголчууд бид бурхны ша шинтан гэж хий хашгирахаас өөрөөр хийсэн юм бага юм шиг. Харин америкчууд их зүйл амжуулжээ. Далай ламтны сургаал, номоос авахуулаад бурхны шашны гүн ухаан, соёл түүхийн талаар англиар бичсэн, орчуулсан номыг ёоз ёозоор нь өрөөд худалдаж байна. Дээрхийн гэгээнтний Блүүмингтонд ирж айлдсан “Төгс билгийн зүрхэн судар” хүртэл англиар байна. Нэгийг худалдаад авчихсан. Орчуулах санаа уг нь байгаа. Үг хэллэг нь энгийн ойлгомжтой, боломжийн санагдсан. Энд ирээд хүмүүстэй ярьсан чинь ор чуулаад дэмий, хүн худалдаж авахгүй гэх юм. Хүн зарна гээгүй, тэгээд ч нэг ч өгүүлбэр орчуулаагүй байхад, сонин юм шүү. Тэгээд ч наана нь зөвшөөрөл авна энэ тэр гэж нэг юм байгаа.
Би лам нарыг дандаа өргөл хандив авдаг гэж боддог байсан үгүй юм билээ. “Summerhouse” буудалд надтай хамт байрласан монгол залуу нэлээд төөрч байж Блүүмингтонд ирсэн. АНУ-д Блүүмингтон нэртэй хот хоёр байдаг юм байна. Нэг нь Иллинойс мужид байдаг нэлээд том хот, нисэх буудал энэ тэртэй, нөгөө нь Индиана мужид байдаг аж. Мань хүнийг Д.Доржсүрэн гэдэг юм. Доржсүрэн Иллинойсийн Блүүмингтон хот руу гараад шидчихэж. Онгоцноос буугаад ТМШСТ рүү утасдаад, нисэх буудалд ирчихлээ ямар хаягаар очих вэ хэмээн лавласан гэж байгаа. Өөдөөс нь өгсөн хариулт ойлгомжтой, манайд нисэх буудал байхгүй, та хаана байгаа юм бэ? Хурал номын ажил эхлэх гээд байдаг. Төөрчихсөн, буудлын мөнгө, буцах тасалбар хоёроос өөр юм мань хүнд байхгүй. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон хэрэг. Гэвч ТМШСТ-ийн ажилтан М.Саран мань хүний тухай Ажиа гэгээнд илтгэснээр бүх юм сайхан бүтсэн. Мөнгөө шавхаад аргалаад ир, зардлыг чинь төлнө гэсэн хэрэг. Доржоо амжиж ирээд, надтай нэг өрөөнд орсон төдийгүй тооцооны хуудсаа үзүүлээд мөнгөө авсан. Юун хандив өгөх. Гэхдээ Доржоо “Надад боломж л олдвол, би сайн хүний ачийг заавал хариулна” хэмээн ам шүд алдаж байсан. Тэрэнд нь би ч эргэлзэхгүй байна. Д.Доржоо АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгөхөөр бэлдэж байгаа жирийн л эмч залуу. Манай эмч нар цалингаа голж, энд жагсаж байхаар сайн бэлдэж байгаад АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгмөөр юм. Жилийн орлого нь 200 мянган “ногоон” давдаг гэж байна шүү дээ. Бид хоёр маргааш нь хэрэг болгон сахиж байгаад Ажиа гэгээнтэй уулзан адис хүртэж, зургаа хамт татуулсан, бүр гэрийнх нь гадаа. За би чамд ёстой нэг тусалсан шүү, хэн минь гэж ирээд ярих юм байх гэсэн огт юм болоогүй юм шиг уулзаад, сайн явахын ерөөл хэлээд машиндаа суун одсон. Сүүлдээ бид хоёр бүр давраад унаагаар буудалдаа хүргүүлээд зог сохгүй, маргааш өглөө Индианаполис нисэх буудал орох унаагаа сүмээс авахаар болсон шүү. Харамсалтай нь таг унтаад хоцорчихсон. Монгол авгайтай нэг орос нөхөр аминд орсноор Ва шингтон нисэх онгоцонд амжиж суу сан. Тэнд найз нар маань хүлээж байгаа. Гудамжнаас авахуулаад, их сургууль, дараа нь “Монгол ньюс”-т хамт бу жигнаж байсан Баатараа, Ивээл, Пүүжээ гурав маань намайг, миний авч очих “монгол цайг” харуулдаад байж байхад хоцорч огт болохгүй, бөөн чирэгдэл гарна.


АМЬ САХИГЧИД
Америкт явж байхад анзаарагдсан нэг зүйл бол тэндхийн цагдаа, хамгаалалтын ажилтнуудын “сонин зан”. Үнэхээр хачин нөхөд. Далай лам тавдугаар сарын 14-ний үдээс хойш ТМШСТ-д залран ирж монголчуудтай уулзана, хэвлэлийн хурал хийлгэнэ гэсэн мэдээллийн дагуу сүмийн гадаа монголчууд лав 100 орчим машин хөлөглөн ирсэн. Гол зорилго нь зангиа, үрэл олж авах, Далай ламтнаас адис хүртэх. Ширүүн аадар цутгаад гадаа хийх байсан хэвлэлийн хурал ч болсонгүй. Мөргөлчдийг гучаар нь ч бил үү, дөчөөр нь таслан оруулна гээд эхний ээлжийг оруулаад таг болчихсон. Гадаа хүлээж байгаа мөргөлчидтэй тэр хэдэн хамгаалагч бараг найз болоод намтар түүхээ ярилцаад зогсож байв. Холоос ирснийг нь эхлээд оруулдаг юм уу гэж баахан маазраад авсан. Холоос ирснээ нотлох гэж хөөрхөн тэмцээн болсон. Хэвлэлийнхэн бүх арга хэмжээнд дараалалгүй орно хэмээн хэсэг нөхөд зүтгээд бараагүй. Цаашаа утсаар яриад тийм шийдвэр өгөөгүй гэдгийг инээмсэглэн тайлбарласан. Инээгээд л “I am sorry”, “Excuse me” гээд хаагаад зогсчихно.
Гэтэл манай хамгаалагчид бодохоос гомдмоор. Хамгаалж байгаа хүнийг нь бөөн дээрэмчин ирчихээд юу юугүй тонох гэж байгаа аятай, жигтэйхэн чухал царай гарган даналзана. Үнэндээ бол цаадуулыг нь хэн тоохов дээ, ганц хоёр зураг дарах гэсэн, боломж олдвол нэг яриа авчих гэсэн үйлтэй хэдэн сэтгүүлч л байж байдаг. Олон нийт бол ер тоохгүй. Өө нөгөө Төрийн гурван юу ирчихээ юү гээд авч хэлэлцэхгүй. Эртний монголчууд бие хамгаалагчийг амь сахигч гэдэг байж, орчин цагийн амь сахигчид дэндүү зөрүүтэй юм. За тэр цагдаа байна. Сүмд ирсэн монголчуудын машин бороо орсны улмаас шаварт сууж хөөрхөн бөглөө, таглаа үүссэн. Сүмийн үүдэнд нэг цагдаа, сайн дурын эмээ, өвөө хоёр л асуудлыг зохицуулчихаж байгаа юм. Өнөө сүрлэг сайхан шүглийн дуу энэ тэр огт байхгүй. Зүгээр гараараа дохимор аядаад л инээгээд л болчихсон. Урамгүй ч юм шиг. Манайхан бол байн байн шүгэл тачигнуулж, п… гээд л орос тарни уншаа л, бас л сүртэй шүү. Юун тэр сайн дурын ажилтан бэ.

Төгсгөл
Буудалд унтаж унаанаасаа хоцорсныг эс тооцвол Блүүмингтонд ирсэн ажил аятай сайхнаар дууссан. Далай ламаас ярилцлага авна гэдэг мань зэргийн хүнд саналтгүй эд байна лээ. Юу бодож дуу хураагуур энэ тэр хэрэг болгон авсан юм, бүү мэд. Тэгээд ч нас өндөр болсон Дээрхийн гэгээнтэн хүссэн болгонтой уулзаад, ярилцлага өгөөд байдаггүй бололтой. Урьд нь Монголд ирж байхад нь миний бие хурал номонд нь нэг ч удаа очиж байгаагүй, гэгээн дүрийг нь харж байсангүй. Энэ удаа харин аз тохиож, хаа холын Америкт харах завшаан олдлоо. Албан ёсны ажлаа дуусгаад тэнэх замдаа гарсан даа. Нэг сонин үүргэвчтэй, сонин нөхөр яваад л байсан даа хөөрхий чинь. “Өнөөдөр” сонины Гадаад мэдээний албанд орсноос хойш өдөр бүр биш юм гэхэд АНУ-ын тухай, Цагаан ордны тухай, Уолл Стритийн тухай, тэнд болсон сонин хачин зүйлсийн тухай долоо хоногтоо хэдэн удаа заавал бичдэг. Ингэхээс өөр арга ч байхгүй.
Ёстой өнөө мэдээнд бичдэг газруудаараа чадахынхаа хэрээр явж, болох хэрээрээ зургаа татууллаа. Эрх чөлөөний хөшөөнөөс илүү “Уолл Стрит” дэх Хөрөнгийн биржийн өмнөх бухын баримал яагаад ч юм миний сонирхлыг их татдаг юм. Очиж зургаа авахуулсан төдийгүй, дурсгал болгон жижгэрүүлсэн дүрсийг нь худалдаад авчихсан. Найз нар гайхаад байсан. Би өөрөө яагаад татагдаад байгаагаа мэдэхгүй байхад тэд нар аргагүй шүү дээ. Гэхдээ олон жил уулзаагүй найз нартайгаа уулзах нь бүхнээс илүү сайхан байлаа. Цааших нь хувийн чанартай зүйлс учир ингэсгээд зогсохоос. Харин блогтоо дэлгэрэнгүй хүүрнэн өгүүлэх болно. Тэнд уулзъя.

May 26, 2010

Хараал шингэсэн дугаар

Болгарын гар утасны “Mobitel” компани 0888 888 888 дугаарын утсыг сүлжээнээс салгаж, түдгэлзүүлсэн байна. Учир нь, сүүлчийн арван жилд энэ дугаарыг барьсан хүмүүс бүгд алагдсан аж. Дугаарын анхны эзэмшигч нь “Mobitel” компанийн эзэн Владимир Грашнов байсан агаад тэрбээр 2001 онд 48 насандаа хорт хавдраар үхжээ. Өрсөлдөгч компаниуд нв түүнийг радио идэвхт бодисоор хордуулан алсан гэсэн цуу яриа байдаг байна. Удалгүй энэ дугаарыг Болгарын мафийн босс Константин Дмитров авчээ. Ердөө 31 настай, 500 сая паундын хөрөнгөтэй байсан гэх К.Дмитров 2003 онд Голландад ажлаар явж байгаад тархиндаа сум зоолгон цаашаа харжээ. Хараал шингэсэн дугаарыг үл хөдлөх хөрөнгийн наймаагаар халхавчлан мансууруулах бодис зуучлан худалдаалдаг Константин Дишлиев гэгч барих болсон ч удалгүй ажил хэрэг нь өөдлөхөө больж, 130 сая паундаар үнэлэгдэх мансууруулах бодис нь цагдаагийн гарт оржээ. Удалгүй түншүүд нь түүнийг цааш нь харуулсан байна.
Ингээд хүмүүс ч уг дугаараас цээрлэх болж, “Mobitel” элдэв хэл амнаас зугатан уг дугаарыг хаажээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад “Бид ямар ч тайлбар хийхгүй. Хувь хүний асуудлыг бид хэлэлцдэггүй” гэсэн хариулт өгсөн байна.

Гитлерийн амийг Сталин хоёр удаа аварчээ



“Нацист Германы удирдагч Гитлерийг устгах төлөвлөгөөг Зөвлөлтийн тусгай албад дайны жилүүдэд хоёр удаа боловсруулсан ч И.Сталин тухай бүрд нь хүчингүй болгосон” гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайдаар 1995-1998 онд ажиллаж байсан өдгөө “Цэргийн удирдагчдын клуб”-ын тэргүүн генерал Анатоли Куликов Москвад болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэв. Гитлерийг устгах төлөвлөгөөг 1943, 1944 онуудад боловсруулсан агаад сүүлийнх нь тун ч нямбай бодож боловсруулсан ажиллагаа байсан гэнэ.
Гитлер амьд байх нь ялах нь тодорхой болсон И.Сталинд ашигтай байсан аж. Учир нь, Гитлер ямар нэгэн байдлаар алагдсан тохиолдолд оронд нь гарч ирсэн хүн Их Британи, АНУ-тай дайн зогсоох энхийг гэрээг хийх аваас Москвад ашиггүй төдийгүй туйлын аюултай улс төрийн нөхцөл үүсгэнэ гэж И.Сталин үзсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд У.Черчиль улаан, хүрэн хоёр тахлыг хоёуланг нь жигшдэг хүн байсан агаад хоёр муугаас арай дөнгүүрийг нь Москваг хэмээн үзэж Гитлерийн эсрэг холбоо байгуулсан байна. Түүнийгээ ч нууж байсангүй. “Гитлер тамд очлоо гэхэд бид шуламтай нийлэн түүнийг дарах болно” хэмээн улаан цайм хэлж байв. И.Сталин ч британчуудыг холбоотноо хэмээн үзэж хайрлаад сүйд болдоггүй төдийгүй өнөөгийн нөхөр маргаашийн дайсан хэмээн тооцдог байв. Тэрбээр дайн дуусмагц холбоотнуудтай үзэлцэнэ хэмээн шийдчихээд байсан аж.
Гитлерийг устгах төлөвлөгөөний талаарх нарийн ширийнийг өгүүлсэн “Дэлхийн хоёрдугаар дайн” номоо А.Куликов удахгүй хэвлүүлэх юм байна.

Эрдэмтэд бурхныг орлох болно



АНУ-ын эрдэмтэн Крейг Вентер болон түүний багийн судлаачид 15 жил уйгагүй хөдөлмөрлөж, олон сая долларын хөрөнгө зарсны үр дүнд лабораторийн аргаар хиймэл амьдрал гарган авч чадсан байна. Хүн бурхны үүргийг гүйцэтгэх боломжтой боллоо гэдгийг К.Вентерийн бүтээл харууллаа гэж олон хүн үзэж байгаа юм.
Судлаачид химийн нэгдлээс амьдралын цоо шинэ синтетик хэлбэрийг гарган авч чаджээ. Тэд туршилтын хоолойд байрлуулсан хиймэл ДНК-аас шинэ хромсом гарган авч, түүнийгээ хоосон эсэд амжилттай шилжүүлэн суулгаж чадсан төдийгүй үржүүлж дөнгөсөн байна. Хүний гараар буй болсон нэг эст энэ шинэ “зүйл” бол ердийн бактерийн сайжруулсан хэлбэр агаад технологийн шинэ эринийг хүн төрөлхтөнд авчрах юм.
Одоогоор “Synthia” хэмээн нэрлээд байгаа энэ организмыг ашиглан хорт хаягдлыг цэвэр түлш болгон хувиргах, байгаль орчныг цэвэрлэх, өвчний эсрэг вакцин бүтээхэд хэрэгтэй шинэ зүйлийн “амьтан, ургамал” гарган авах замыг нээж байгаа аж. Хүн төрөлхтөн төсөөлж боломгүй шинэ дэвшлийн өмнө тулж ирээд байгаа хэрэг. К.Вентер “Төсөөлөл төдий байсан шинэ эринд та бид алхан орлоо” гэсэн байна. “Science” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд К.Вентерийн багийнхан дэлхийн хамгийн жижиг бактери болох mycoplasma-ын генийн кодыг тайлан компьютерт оруулсан агаад уг кодоо ашиглан лабораторийн ар гаар хиймэл ДНК хийжээ.
Эцэст нь үүнийгээ ашиглан цаашид хуваагдан үржих чадвартай эс буй болгожээ. Эрдэмтэд шинэ ололтоо ашиглан ус цэвэршүүлдэг замаг гарган авахаар төлөвлөөд байгаа бөгөөд вакцин хийх аргачлалыг хурдавчлах, химийн шинэ бүтээгдэхүүн гаргах авах, хүнсний зүйлсийн найрлагыг өөрчлөх, ус цэвэршүүлэх технологи хийх ажлаа нэгэнт эхлээд байна. Энэ бүхнийг шинэ технологи, нэг ёсондоо шинэ төрөл зүйл гарган авах замаар хийх аж. Амьд багаж гарган авна гэсэн үг.
Нэр нөлөө бүхий эрдэмтэд, судлаачид хиймэл амьдрал гарган авсан явдлыг “Эрдэмтэд хүний түүхийн шинэ хаалгыг нээлээ. Тэд бурхныг орлон хэзээ ч байгаагүй зүйлүүдийг (ургамал, амьтныг) гарган авч, байгалийн бохирдлыг арилгаж, энергийн шинэ эх үүсвэр гарган авч, харилцаа холбооны цоо шинэ хэлбэрийг бий болгох ирэх замыг тавилаа. Үүнтэй зэрэгцээд эрсдэл, түгшүүр хамт ирнэ. Цаашид хүний амьдралд эрс шинэтгэл хийх энэ мэт эволюцийн судалгаанд шинэ хэм хэмжээ тогтоох, үр дүнг нь цэргийн болоод алан хядах зорилгод ашиглахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах шаардлага гарч байна.
Шинэ ололтыг ашиглан урьд өмнө төсөөлж байгаагүй аймшигтай, хүчтэй биологийн зэвсэг үйлдвэрлэх боломж нээгдэж байгааг мартаж болохгүй” гэсэн байна. Харин эрдэмтэд одоогоор техникийн боломж хязгаарлагдмал байгаа гэдгийг дурдаад, хийж байгаа зүйлийнхээ ач тус, хор холбогдлыг сайтар ойлгож байгаагаа илэрхийлжээ. Холливудын найруулагч Ридли Скотт, Стевен Спилберг нарын кинонд гардаг шиг хиймэл бодгаль, оюун ухааны эрин ойртож байгаа бололтой.

May 24, 2010

ДАЛАЙ ЛАМ: АЗ ЖАРГАЛ БОЛ САЙН ҮЙЛИЙН ҮР






Уулзалтын үеэр Ажиа гэгээний номыг худалдан авсан хүмүүс гарын үсэг зуруулахаар урт дараалал үүсгэ¬сэн. Ихэнх нь америкчууд. Нэг дор, нэг номыг тийм олон хүн худалдан аваад, зохиогчоор нь гарын үсэг зуруулахаар дугаарлан зогсохыг анх удаа Блүүмингтонд л харлаа. Харин Америкт бол ийм зүйл ердийн хэм хэмжээ болчихсон эд гэнэ. Зохиогч, уншигчдын ийм уулзалтыг байнга зохион байгуулдаг аж. Эмнэлэг барихад хэрэгцээтэй хандивыг босгоход бо¬ломж¬той бүх аргыг хэрэглэж байгаа нь харагдсан. Дээрхийн гэгээнтний ном айлдсаны дараа Төвдийн шашин соёлтой холбоотой эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал худалдаалахын хажуугаар Индианагийн их сургуулийн ойролцоо босгосон асарт төвд зах ажиллаж байсан. Далай ламтанд мөргөхөөр очсон монголчууд чамгүй сайн худалдаа хийхийн зэрэгцээ өглөг хандив ч өргөж байсан. Далай ламтан өглөгийн эздийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан. Ажиа гэгээнтэй хийсэн уулзалтын үеэр нэг америк “Та яагаад лам болохоор шийдсэн бэ” хэмээн асуусан шүү. Хариулт нь их хөгжилтэй. Ажиа гэгээн “Би тэр үед хоёр настай байсан болохоор шийдвэр гаргаагүй. Намайг хойд дүрээр тодруулсан” хэмээн хариул¬сан. Танхим нирхийгээд явчихаж байгаа юм. Их Британийн хатан хаанаас “Do you speak Еnglish” гэж асуудаг орос сэтгүүлчийнхтэй харьцуулбал буддын шашин мэдэхгүй хүнээс гарч болох л асуулт. Өдгөө 59 настай Ажиа гэгээн бурхны шашинд шинэтгэл хийсэн Зонхов Богдын эцгийн хойд дүрээр бага насандаа тодорсон аж.
Монголчууд бид бурхны ша¬шинтан гэж хий хашгирахаас өөрөөр хийсэн юм бага юм шиг. Харин америкчууд их зүйл амжуулжээ. Далай ламтны сургаал, номоос авахуулаад бурхны шашны гүн ухаан, соёл түүхийн талаар англиар бичсэн, орчуулсан номыг ёоз ёозоор нь өрөөд худалдаж байна. Дээрхийн гэгээнтний Блүүмингтонд ирж айлдсан “Төгс билгийн зүрхэн судар” хүртэл англиар байна. Нэгийг худалдаад авчихсан. Орчуулах санаа уг нь байгаа. Үг хэллэг нь энгийн ойл­гомжтой, боломжийн санагдсан. Энд ирээд хүмүүстэй ярьсан чинь ор¬чуулаад дэмий, хүн худалдаж авахгүй гэх юм. Хүн зарна гээгүй, тэгээд ч нэг ч өгүүлбэр орчуулаагүй байхад, сонин юм шүү. Тэгээд ч наана нь зөвшөөрөл авна энэ тэр гэж нэг юм байгаа.
Би лам нарыг дандаа өргөл хандив авдаг гэж боддог байсан үгүй юм билээ. “Summerhouse” буудалд надтай хамт байрласан монгол залуу нэлээд төөрч байж Блүүмингтонд ирсэн. АНУ-д Блүүмингтон нэртэй хот хоёр байдаг юм байна. Нэг нь Иллинойс мужид байдаг нэлээд том хот, нисэх буудал энэ тэртэй, нөгөө нь Индиана мужид байдаг аж. Мань хүнийг Д.Доржсүрэн гэдэг юм. Доржсүрэн Иллинойсийн Блүүмингтон хот руу гараад шидчихэж. Онгоцноос буугаад ТМШСТ рүү утасдаад, нисэх буудалд ирчихлээ ямар хаягаар очих вэ хэмээн лавласан гэж байгаа. Өөдөөс нь өгсөн хариулт ойлгомжтой, манайд нисэх буудал байхгүй, та хаана байгаа юм бэ? Хурал номын ажил эхлэх гээд байдаг. Төөрчихсөн, буудлын мөнгө, буцах тасалбар хоёроос өөр юм мань хүнд байхгүй. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон хэрэг. Гэвч ТМШСТ-ийн ажилтан М.Саран мань хүний тухай Ажиа гэгээнд илтгэснээр бүх юм сайхан бүтсэн. Мөнгөө шавхаад аргалаад ир, зардлыг чинь төлнө гэсэн хэрэг. Доржоо амжиж ирээд, надтай нэг өрөөнд орсон төдийгүй тооцооны хуудсаа үзүүлээд мөнгөө авсан. Юун хандив өгөх. Гэхдээ Доржоо “Надад боломж л олдвол, би сайн хүний ачийг заавал хариулна” хэмээн ам шүд алдаж байсан. Тэрэнд нь би ч эргэлзэхгүй байна. Д.Доржоо АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгөхөөр бэлдэж байгаа жирийн л эмч залуу. Манай эмч нар цалингаа голж, энд жагсаж байхаар сайн бэлдэж байгаад АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгмөөр юм. Жилийн орлого нь 200 мянган “ногоон” давдаг гэж байна шүү дээ. Бид хоёр маргааш нь хэрэг болгон сахиж байгаад Ажиа гэгээнтэй уулзан адис хүртэж, зургаа хамт татуулсан, бүр гэрийнх нь гадаа. За би чамд ёстой нэг тусалсан шүү, хэн минь гэж ирээд ярих юм байх гэсэн огт юм болоогүй юм шиг уулзаад, сайн явахын ерөөл хэлээд машиндаа суун одсон.
Сүүлдээ бид хоёр бүр давраад унаа¬гаар буудалдаа хүргүүлээд зогсохгүй, маргааш өглөө Индианаполис нисэх буудал орох унаагаа сүмээс авахаар болсон шүү. Харамсалтай нь таг унтаад хоцорчихсон. Монгол авгайтай нэг орос нөхөр аминд орсноор Вашингтон нисэх онгоцонд амжиж суусан. Тэнд найз нар маань хүлээж байгаа. Гудамжнаас авахуулаад, их сургууль, дараа нь “Монгол ньюс”-т хамт бу¬жигнаж байсан Баатараа, Ивээл, Пүүжээ гурав маань намайг, миний авч очих “монгол цайг” харуулдаад байж байхад хоцорч огт болохгүй, бөөн чирэгдэл гарна.

АМЬ САХИГЧИД

Америкт явж байхад анзаарагдсан нэг зүйл бол тэндхийн цагдаа, хамгаалалтын ажилтнуудын “сонин зан”. Үнэхээр хачин нөхөд. Далай лам тавдугаар сарын 14-ний үдээс хойш ТМШСТ-д залран ирж монголчуудтай уулзана, хэвлэлийн хурал хийлгэнэ гэсэн мэдээллийн дагуу сүмийн гадаа монголчууд лав 100 орчим машин хөлөглөн ирсэн. Гол зорилго нь зангиа, үрэл олж авах, Далай ламтнаас адис хүртэх. Ширүүн аадар цутгаад гадаа хийх байсан хэвлэлийн хурал ч болсонгүй. Мөргөлчдийг гучаар нь ч бил үү, дөчөөр нь таслан оруулна гээд эхний ээлжийг оруулаад таг болчихсон. Гадаа хүлээж байгаа мөргөлчидтэй тэр хэдэн хамгаалагч бараг найз болоод намтар түүхээ ярилцаад зогсож байв. Холоос ирснийг нь эхлээд оруулдаг юм уу гэж баахан маазраад авсан. Холоос ирснээ нотлох гэж хөөрхөн тэмцээн болсон. Хэвлэлийнхэн бүх арга хэмжээнд дараалалгүй орно хэмээн хэсэг нөхөд зүтгээд бараагүй. Цаашаа утсаар яриад тийм шийдвэр өгөөгүй гэдгийг инээмсэглэн тайлбарласан. Инээгээд л “I am sorry”, “Excuse me” гээд хаагаад зогсчихно.
Гэтэл манай хамгаалагчид бодохоос гомдмоор. Хамгаалж байгаа хүнийг нь бөөн дээрэмчин ирчихээд юу юугүй тонох гэж байгаа аятай, жигтэйхэн чухал царай гарган даналзана. Үнэндээ бол цаадуулыг нь хэн тоохов дээ, ганц хоёр зураг дарах гэсэн, боломж олдвол нэг яриа авчих гэсэн үйлтэй хэдэн сэтгүүлч л байж байдаг. Олон нийт бол ер тоохгүй. Өө нөгөө Төрийн гурван юу ирчихээ юү гээд авч хэлэлцэхгүй. Эртний монголчууд бие хамгаалагчийг амь сахигч гэдэг байж, орчин цагийн амь сахигчид дэндүү зөрүүтэй юм. За тэр цагдаа байна. Сүмд ирсэн монголчуудын машин бороо орсны улмаас шаварт сууж хөөрхөн бөглөө, таглаа үүссэн. Сүмийн үүдэнд нэг цагдаа, сайн дурын эмээ, өвөө хоёр л асуудлыг зохицуулчихаж байгаа юм. Өнөө сүрлэг сайхан шүглийн дуу энэ тэр огт байхгүй. Зүгээр гараараа дохимор аядаад л инээгээд л болчихсон. Урамгүй ч юм шиг. Манайхан бол байн байн шүгэл тачигнуулж, п… гээд л орос тарни уншаа л, бас л сүртэй шүү. Юун тэр сайн дурын ажилтан бэ.

ТӨГСГӨЛ

Буудалд унтаж унаанаасаа хо¬цорсныг эс тооцвол Блүүмингтонд ирсэн ажил аятай сайхнаар дууссан. Далай ламаас ярилцлага авна гэдэг мань зэргийн хүнд саналтгүй эд байна лээ. Юу бодож дуу хураагуур энэ тэр хэрэг болгон авсан юм, бүү мэд. Тэгээд ч нас өндөр болсон Дээрхийн гэгээнтэн хүссэн болгонтой уулзаад, ярилцлага өгөөд байдаггүй бололтой. Урьд нь Монголд ирж байхад нь миний бие хурал номонд нь нэг ч удаа очиж байгаагүй, гэгээн дүрийг нь харж байсангүй. Энэ удаа харин аз тохиож, хаа холын Америкт харах завшаан олдлоо.
Албан ёсны ажлаа дуусгаад тэнэх замдаа гарсан даа. Нэг сонин үүргэвчтэй, сонин нөхөр яваад л байсан даа хөөрхий чинь. “Өнөөдөр” сонины Гадаад мэдээний албанд орсноос хойш өдөр бүр биш юм гэхэд АНУ-ын тухай, Цагаан ордны тухай, Уолл Стритийн тухай, тэнд болсон сонин хачин зүйлсийн тухай долоо хоногтоо хэдэн удаа заавал бичдэг. Ингэхээс өөр арга ч байхгүй. Ёстой өнөө мэдээнд бичдэг газруудаараа чадахынхаа хэрээр явж, болох хэрээрээ зургаа татууллаа. Эрх чөлөөний хөшөөнөөс илүү “Уолл Стрит” дэх Хөрөнгийн биржийн өмнөх бухын баримал яагаад ч юм миний сонирхлыг их татдаг юм. Очиж зургаа авахуулсан төдийгүй, дурсгал болгон жижгэрүүлсэн дүрсийг нь худалдаад авчихсан. Найз нар гайхаад байсан. Би өөрөө яагаад татагдаад байгаагаа мэдэхгүй байхад тэд нар аргагүй шүү дээ. Гэхдээ олон жил уулзаагүй найз нартайгаа уулзах нь бүхнээс илүү сайхан байлаа. Цааших нь хувийн чанартай зүйлс учир ингэсгээд зогсохоос. Харин блогтоо дэлгэрэнгүй хүүрнэн өгүүлэх болно. Тэнд уулзъя.

May 23, 2010

Далай лам: Аз жаргал бол сайн үйлийн үр



О.ТОГОО


Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтан АНУ-д заларч сүсэгтэн олонд “Төгс билгийн зүрхэн судар” айлдаж, ном тавих буян номын ажлыг сурвалжлах завшаан олдож, тус улсыг тавдугаар сарын 8-нд зорилоо. Бээжингээр дамжаад Чикаго хүртэл нийтдээ 15 цаг орчим ниссэн. Чикаго хотоос машинаар зургаан цаг орчим явж байж хүрдэг Блүү­мингтон хэмээх жижиг хотод Дээрхийн гэгээнтэн лекц унших тул цаашаа хот хоорондын автобусаар явах ёстой болсон. Анх очиж байгаа хүнд автобусыг нь хайж олоод Блүүмингтон явна гэдэг давшгүй даваа байсан юм билээ. Явахаасаа өмнө тэнд амьдардаг ангийнхаа хүүхэдтэй холбоо тогтоож, далимд нь Чикаго хотыг үзэх гэж дөрөв хоногийн өмнө очсон хэрэг. Бас болоогүй ээ, өөрийгөө яая гэж байж Далай ламд мөргөхөөр явж байгаа Дашдорж гуайг Чикаго хүртэл харж хандах үүргийг хоёр хүүхдээс нь хүлээсэн гэж байгаа. Хөвсгөлөөс явж байгаа Мөнхбат гэх лам хүү надтай хамт мөн энэ үүргийг хүлээсэн. Тэнд суралцахаар явж байгаа хоёр оюутан бидэнтэй нийлснээр лам, хар, хөгшин залуу нийлсэн таван нөхөр нэг их будлилгүй явсаар Чикаго хүрчихлээ. Дашдорж гуай 70 хол гарсан хүн гэхэд хол замыг огт ажралгүй туулсан. Иймэрхүү хаттай хөгшчүүдтэй зам зуур олон таарсан, мань мэтийн янгууч улс нүүр халмаар юм байна лээ.
Буудал дээр их сургуулийн ангийн анд Заанаа хүүтэйгээ тосож, Дашдорж гуайн хүүхдүүд ч ирсэн байсан. Би ч яахав Заанаагийнд очихоор хөдөлж, цаашаа нисэх хүүхдүүдийг цай цүү уулгаж, амраахаар Дашдорж гуайн хүргэд гэр рүүгээ аваад явна лээ. Монголчуудын аяны хүнийг хүндлэн угтаж дайлж цайлдаг сайхан ёсон Америкт ч өөрчлөгдсөнгүй. Сайхан санагдсан шүү.
Чикаго хоттой боломжийн­хоо хэрээр танилцаж, жаахан явлаа. Тэнд барагцаагаар дөрвөн мянга орчим монголчууд амьдардаг юм байна. Амьдрал ахуй нь боломжийн сайхан л юм. Хүн амьдардаг, хүний нийгэм л юм хойно сайн муу юм бишгүйдээ л байна. Гэхдээ сайн нь муугаасаа олон байсан шүү. Тэмдэглэлийн дэвтэртээ юм бичиж байгаа аятай тэр тийм ажил хийдэг, тэдэн өрөө байранд амьдардаг, төдөн цаасны цалинтай гээд тоочоод байлтай биш. (Зарим хүн зөвхөн үүнийг сонирхоод байсан шүү) Айл амьтны амьдралд цагаан хэл ам хүргэхийн нэмэр. Тэнд амьдарч байгаа монголчууд ойлгоно биз. Амьдрал нь ахуй хангамж талаасаа үнэхээр зүйрлэх аргагүй сайхан юм билээ. Харин гараа хумхиж, гэдсээ илж хэвтэж байгаад хүний газар хөлөө олсон монгол хүний тухай сонсогдсонгүй.
Блүүмингтон хүртэл автобусаар явахад 60 орчим доллар юм байна. Далай ламыг ирэх сургаар монголчууд тийшээ олноороо явж байсан тул унаа олоход нэг их бэрхшээл гараагүй. Заанаа маань их тохитой хүмүүсээс бүрдсэн “команд” олж өгсөн.
Америкт очоод чамгүй олон жил болж байгаа, тэнд гэр бүлээрээ амьдардаг Ж.Батжаргал гуай машинаараа намайг авч явахыг зөвшөөрсөн. Монголоос очсон найз нар, өндөр настай болсон хадам хөгшнөө Далай ламд мөргүүлэхээр замд гарах гэж байхад нь очсон хэрэг. Толь шиг замаар давхих зуур бурхан шашин, нийгэм, ахуй амьдрал гээд олон сэдвээр хөөрөлдөв. Жолооны үнэмлэхийн тухай хүртэл яриад авсан. Монголд 120 доллараар авдаг олон улсын жолооны үнэмлэх гэгч зүгээр л луйвар юм билээ. Америкт тийм юмаар жолоо барьдаггүй гэнэ. Харин шинэ үнэмлэх авах хүртлээ Монголын жолооны үнэмлэхээрээ яваад байж болдог аж. Ээжийнх нь тухай манай Бал эрхлэгч хөрөг бичиж сониндоо нийтэлсэнд Ж.Батжаргал гуай талархаж явдаг, сэтгүүлчдэд элэгтэй ханддаг хүн гэдэг нь ярианаас нь мэдэгдэж байсан. Аятайхан сайхан яриатай, соёлтой, юм үзсэн түшигтэй хүн гэдэг нь ярианаас нь, амьдрал ахуйгаас нь илт байсан даа. Хадам хөгшин нь их наргиантай эмээ. Хол замд ядарч байна уу гэсэн чинь “Ядарна гэж бие өвдөхийг хэлдэг бил үү хүүхээ гэж авдаг байгаа”. Ная дөхсөн гэхэд дажгүй америкжсан эмээ шүү.
Блүүмингтонд очоод хоног төөрүүлэх буудал олох гэдэг бас л бэрх байсан. Цаг нь тулчихсан тул бүх буудал хүнээр дүүрэн. Далай ламын айлчлалыг зохион байгуулж байгаа Төвд, Монголын бурхны соёлын төвийн ажилтан М.Саран орой болсон гэж түвэгшээлгүй утас цохиж байж буудал олж өгсөн. Гадаа хонож мэдэхээр байсан шүү.

Дээрхийн гэгээнтэн юу айлдав

Дээрхийн гэгээнтэн Индиана мужид зургаа дахь удаагаа заларч байгаа нь энэ юм байна. Индианагийн их сургуулийн хүндэтгэлийн танхимд Далай ламтан тавдугаар сарын 12-нд морилж ном айлдсан. Хам­гаалалт тун чанга. Хамгаа­лалтын залуус нь элэг барьж болмоор найрсаг зантай ч яс юман дээрээ Далай лам руу ойртох, дөхөж очих тухайд хана хэрэм л гэсэн үг. Танхимд хэвлэлийнхнийг л камер, аппараттай орохыг зөвшөөрсөн.
Далай лам үдээс өмнө бурхны сургаал гэж юу болох, түүнийг хэрхэн ойлгох тухай, энэрэл нигүүлсэл, хайр ивээл, ёс суртахууны талаар голчлон айлдсан. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн олонх нь бурхны шашны тухай огтоос ойлголтгүй хүмүүс байсан болохоор Дээрхийн гэгээнтэн туйлын ойл­гомжтой энгийн хэллэгээр сур­гаал айлдсан. Шашны тэргүүн гэдгээс гадна Нобелийн шагналт хүн гэсэн утгаар нь америкчууд хүндэтгэлтэй ханддаг юм шиг санагдсан. Гэхдээ бурхны шашны тухай түүний лекц олон хүний бишрэл хүндэтгэлийг төрүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Сонин сэтгүүлүүд нь Далай ламтны сургаал, айлдварын тухай жирийн америкчууд, оюутнуудын сэтгэгдлийг маш их бичсэн. Манайхан интернэтээс хэдийнэ уншаа биз.
Аз жаргалтай, өвчин зовлонгүй, сайн сайхан амьдрахыг хүсдэг нь ерөөсөө хүний төрөлх шинж агаад үүгээрээ бүгд адилхан байдаг аж. Еврей, лал, бурхны шашинтан, загалмайтан хэн байх нь хамаагүй бүгд л үүнийг хүсэж тэмүүлдэг байна. Энэ чанараараа хүмүүс бүгд адилхан аж. Харамсалтай нь аз жаргал гэдэг хүссэн болгонд зориулаад хэн нэгний бэлдээд тавьчихсан зүйл биш гэнэ. Энэ бол ерөөсөө тухайн хүний өөрийнх нь хийсэн сайн үйлийн үр дүн байдаг гэж Далай ламтан айлдсан. Бусдын төлөө сайн үйл хийсэн хүн түүнийхээ үр шимийг амсан жаргадаг бол, нүгэл үйлдсэн нэгэн түүнийхээ горыг амсах нь зайлшгүй төдий­гүй, зугтах газар үгүй гэ­нэм. Мянган сайн лам байгаад, түмэн багц өргөл хандив өргөөд ч нэгэнт хийсэн үйлийн үрийг засаж залруулах нигуургүй аж. Одоогийн хэллэгээр бол юу тарьсан, түүнийгээ л хурааж авна гэдэгтэй төстэй юм байна. Сайн үйлийг үл хийх атлаа сайн сайхан болж жаргахаар сайн багш хайх, өргөл барьц өгөх нь мухар сүсэг төдийгүй бурхны шашин огтоос биш юм байна шүү, таминь.
Аз жаргалд хүрч, амар амгалан амьдрах гэсэн хүний өнийн хүсэлд хүрэх зам нь энэрэл нигүүлсэл юм байна. Гэхдээ энэрэл нигүүлсэл, хайр гэдэг чухам юу болохыг наана нь сайтар ойлгох учиртай аж. Энэ бол бидний амьдралыг, дотоод хүчийг тэтгэж байдаг эерэг бодол, мэдрэмж. Бусдыг зовлонгоос ангид байгаасай, аз жаргалыг олоосой гэсэн хүсэл хайр ажгуу.
Хүн ганц эд баялаг төдийгүй зүрх сэтгэл, оюун санааны баялагтай байж, түүгээрээ дам­жин амар амгаланд хүрдэг байна. Өнөөгийн бид оюун ухаа­наа материаллаг эд баялгийг буй болгохын төлөө хөгжүүлж, бусдыг хайрлан энэрэх зүрх сэтгэлээ орхисноос түмэн бэрхшээл, мянган зовлонтой учирч байгаа бололтой. Шинэ сайхан эд зүйлтэй болохоор хөлсөө дуслуулан зүтгэдэг, түүнийгээ олж авахаар чамгүй зовдог. Олоод авсныхаа дараа одоо боллоо гэж сэтгэл амардаггүй. Өнөөхөө бусдаас харамлах, хамгаалах, өсгөх, үржүүлэх гэсэн шинэ зовлонг олж авдаг гэнэ. Бодоод байхад үнэхээр л тийм юм. Хаа газрын суутнуудын хэлсэн үг, сургаал ойролцоо утгатай байх нь элбэг. Одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан Грекийн гүн ухаантан Сократ “Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох юм яасан ч олон байдаг юм” хэмээн хэлсэн нь бий. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн мөн ч ихийг үйлдвэрлэсэн байж таарна даа. Ерөөсөө хурж бүтсэн юмсыг хоосон хэмээн болгоож, бүгдийг

Сүүмийх од, сүүмэлзэх гал, сүрт цахилгааны гэрэл мэт
Биегүй зүүд, хоосон зэрэглээ, хуурмаг илбийн үзэгдэл лугаа
Сэрүүн шүүдэр, сэлгэх үүл, сийрэг хөөсний орших адилаар харагтун
гэж бурхны сургаалд өгүүлдэг гэнэм. Хоосон чанарын тухайд Монголын нэгэн хувилгаан “Хараар ярих гэхээр би чадахгүй, номоор нь ярих гэхээр чи ойлгохгүй” гэж нэгэн сүсэгтэнд хэлээд тооноор туссан нарны гэрэлд гаансыг нь өлгөж үзүүлсэн тухай домог байдаг шиг Дээрхийн гэгээнтний ярианаас иймэрхүү л юм ойлголоо.
Лекцийн хоёрдугаар хэ­сэг “Төгс билгийн зүрхэн судар” хэмээх бурхны шашны сур­гаалын тухай байсан. Сая сая бурх­ны шашинтнуудын амьдралд өдгөө хүртэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн энэ гайхамшигт судар 2000 илүү жилийн настай. Англиар “Heart of Sutra”, төвдөөр “Шэрнин” гэх буддын шашны Махаяна урсгалын энэ судрыг Төвд, Монгол, Япон, Хятад, Вьетнамын сүмүүдэд хурсаар байгаа аж.
Дээрхийн гэгээнтэн энгийн хөгжилтэй хүн шиг санагдсан. “Төгс билгийн зүрхэн судар”-ыг айлдахаасаа өмнө “Их зузаан судар учраас та нар хараад залхуу чинь хүрч мэднэ, би товчхон ярина” хэмээн хуудас цаас үзүүлж хүмүүсийг хөгжөөж байв.
Урсан өнгөрөх цаг хугацаанд төрсөн хүний амьдрал амьсгалах тусам хорогдож байдаг ахархан эд аж. Төрөхөөсөө эхлээд л бид үхэл рүүгээ явдаг. Энэ бол байгалийн, манай ертөнцийн жам ёс. Хэний хүү ч зөрчиж чадахгүй. Гэхдээ бидний оюун ухаан хязгааргүй учраас хэн ч бурхан багш (Будда) болох боломжтой. Эрдэнэт хүний биеийг олж төрсөн хэн бүхэн өөрийн сэтгэлийг шинжлэн гэ­мээ засаж явах учиртай аж. Бидний зарим нь математикт, зарим нь компьютерт авьяастай байдаг. Хэн нэгний амархан хийчих юм нөгөөд нь туйлаас хэцүү байх нь ч бий. Бүр шашин, ертөнцийг үзэх үзлийн хувьд ч бид нэгнээсээ ялгаатай байдаг. Энэ ялгаа тийм ч сүртэй зүйл биш. Гагцхүү бид боддог, сэтгэдэг, мэдэрдгээрээ, хүн төрөлхтөн гэх нэгэн том гэр бүлийн гишүүн гэдгээрээ адилхан. Хүн ухаанаараа өөрт хэрэгтэй эд зүйлсийг буй болгодог ч өөрийгөө устгах уур хилэн, шунал тачаалыг мөн л үүсгэдэг юм байна. Зэвсэг хураах гэсэн ойлголт байдаг. Ямар утгатай болохыг нь бүгд мэднэ. Тэгвэл өөрийн атгаг санааг ялан дийлэхийг, Далай ламтан дотоод сэтгэлийн “зэвсгийг хураах” хэмээн зүйрлэдэг юм байна.
Дээрхийн гэгээнтний айлдсан номоос ойлгосныхоо хэрээр л бичлээ. Буруу ойлгосон зүйл байгаа нь гарцаагүй ч санаатайгаар худлаа хэлсэн зүйл байхгүй гэдгийг хэлж чадах байна. Алдаа эндэгдлийг уншигч та бүхэн ухааны мэргэн сумаар харван бодож залруулна хэмээн найднам.
Далай ламтантай сүсэгтэн олныг уулзуулж, сургаал номыг нь сонсох боломж олгосон АНУ дахь Төвд, Монголын бурхан шашны төвийн тухай болон тус төвийн тэргүүн Ажиа гэгээний айлдсан номын тухай дараа өгүүлэх болно.