December 10, 2009

Тайланд, Камбожийн харилцаа дахин хурцдав

Камбожийн шүүх агаарын хөдөлгөөн зохицуулагч 31 настай Сиварак Чотипонд долоон жилийн хорих ял оноолоо. Түүнийг Тайландын талд тагнуул хийж, тус улсын Ерөнхий сайд асан Таксин Чинаватрагийн онгоцны нислэгийн талаарх мэдээллийг Тайландын дипломат албаны хүмүүст өгсөн хэмээн буруутгав. Хоёр орны харилцаа өнгөрсөн долдугаар сараас эхлэн хүйтэрсэн агаад асуудал хилийн маргаантай бүс дэх бурхны шашны эртний сүмийг Дэлхийн соёлын өвд авах тогтоол гарснаар эхэлсэн аж.
Саяханаас Таксин Чинаватра Камбожид эдийн засгийн зөвлөх нэрээр орогнох болсонд Бангкок дургүйцэж димломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн. Таксин Чинаватраг Ерөнхий сайд байхдаа авлига авсан гэж Тайланд буруутгаж байгаа юм.
Тагнуул хийсэн хэргээр ял авсан Сиварак Чотипон тай үндэстэн аж. Түүний ялыг хөнгөлүүлэхээр Тайландын албаны хүмүүс хөөцөлдөж, Камбожийн хаан Нородом Сиамонид хандан өршөөл үзүүлэх хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл тарсан. Гэвч Пномпень дэх ВВС-гийн сурвалжлагч Гай Ди энэ мэдэгдэл нотлогдоогүй гэсэн байна.

No comments: