December 03, 2009

Өөд болсон хойноо хулгайлагдсан тэрбумтан

Дэлхийн хамгийн баян 100 хүмүүсийн жагсаалтад багтсан Австрийн тэрбумтан Фредрих Карл Фликийн шарил 2008 оны арваннэгдүгээр сард хулгайлагдсан. Тэрбумтны шарилыг хулгайлсан этгээдүүд ар гэрийнхнээс нь зургаан сая евро нэхэж, өгөхгүй бол шарилыг устгана хэмээн сүрдүүлсэн аж. Харин Фликийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч “Тэрбумтны шарилыг эргүүлэн авсан” хэмээн мэдэгдэв. Хэргийг мөрдүүлэхээр Фликийн гэр бүлийнхний хөлслөн авсан хувиа мөрдөгчид шарилыг олж өгсөн аж.
Хувиараа мөрдөгчид үйлчлүүлэгчийнхээ хүсэлт ёсоор мөрдөх ажиллагааг Австри, Унгарын цагдаа, тусгай албаныханд хэлэлгүйгээр хийжээ. Унгарын цагдаагийн газрын дарга Габор Тоз “Украин, Австри, Унгарын хувиараа мөрдөгчид, хамгаалалтын компаниуд цагдаагийн газарт мэдэгдэлгүйгээр мөрдлөг явуулж, шарилыг олсон” гэлээ. Гэхдээ тэрбээр хувиараа мөрдөгчдийн үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх талаар тодорхой зүйл хэлсэнгүй.
Унгарын цагдаагийн газар энэ хэргийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж, 41 настай хуульчийг баривчлаад байна. Мөн авсыг Австриас тээвэрлэн авчрах ажилд хөлслөгдсөн унгар хүнийг өнгөрсөн долоо хоногт саатуулжээ. Хэрэгт хамсан оролцсон Румыний гурван иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм. Австрийн Холбооны мөрдөх товчооны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Эрнст Геигер “Арга хэлбэр нь жаахан өөр болохоос биш өндөр түвшинд зохион байгуулагдсан айлган сүрдүүлэх гэмт хэрэг” гэжээ.

No comments: