December 08, 2009

Ирак сонгуулийн хуулиа батлав

Иракийн парламент арванхоёрдугаар сарын 6-нд сонгуулийн хуулиа баталлаа. Удтал хэлэлцсэн энэ хууль батлагдсан нь Иракийн ард түмний түүхэн ялалт болон үлдэнэ гэж парламентын дэд дарга Халид Аль-Аттия мэдэгдсэн байна. Сонгуулийг хоёрдугаар сарын 27-нд хийхээр болжээ. Цагаан ордон үйл явдлыг “Иракийн ардчиллын шийдвэрлэх мөч” хэмээн дүгнэв.
Тус улсын Дэд Ерөнхийлөгч Аль-Хашими сонгуулийн хуулийн өмнөх төслийг цөөнх болох суннитуудын эрхэнд харшилr байна гэсэн үндэслэлээр хориг тавьсан юм. Харин энэ удаа хоригоо цуцалж, “Цөөнхийг хүндэтгэсэн хууль болж чадсан” гэлээ. Олон үндэстэн холилдон суудаг Киркук хотод хэдэн мандат оногдох, тэдгээрийг хэрхэн тэгш хуваарилах нь маргаантай асуудлын нэг байсан ч парламентын гишүүд харилцан буулт хийж, тохиролцож чадлаа. Ингэснээр парламентын 275 суудлын тоо 325 болж нэмэгдсэн байна.

No comments: