December 08, 2009

Осама бин Ладен Афганистанд эргэн ирсэн бололтой

Афганистанд 30.000 цэрэг нэмж илгээх болсон шалтгаанаа Цагаан ордон “Аль-Каида”-г булшлах, тэргүүнийх нь толгойг авах хэмээн тайлбарласан. Арванхоёрдугаар сарын 6-нд Ерөнхийлөгч Б.Обамагийн зөвлөх Жеймс Жонс “Пакистаны Умард Вазаристан мужийн ууланд бүгж байгаа гэх Осама бин Ладен Афганистанд түр хугацаагаар буцаж ирсэн байж болох тухай мэдээ бидэнд байна” гэж мэдэгдэв.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс “Сүүлийн жилүүдэд Осама бин Ладентай холбоотой, тагнуулын өлгөөд авчихмаар мэдээ бидэнд ирээгүй. Түүнийг Афганистанд буцаж ирсэн гэх мэдээлэл нотлогдоогүй. Түүний хаана байгааг нотлох баримт байхгүй ч Умард Вазаристанд орогнож байгаа гэсэн таамаглал ортой” гэж АВС сувагт өгсөн яриандаа дурджээ. Тэрбээр мөн өнгөрсөн нэг, хоёрдугаар сарын орчим Осама бин Ладентай Афганистаны Газни мужийн орчим уулзсан гэх этгээдийн мэдэгдэл нотлогдоогүй гэсэн байна. Өдгөө Пакистанд хоригдож байгаа “Талибан” хөдөлгөөний нэгэн гишүүн ийм мэдүүлэг өгснийг ВВС дамжуулсан юм.
Үүнээс гадна сенатч Жон Маккейн Осама бин Ладен Афганистанд буцаж ирсэн байж болзошгүй тухай мэдээлэл авсан гэдгээ NBC сувгийн “Meet Press” нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Шинжээчид Цагаан ордон Осама бин Ладены араас дахин хөөцөлдөж эхэлсэн нь тодорхой боллоо гэж дүгнэсэн байна.

No comments: