December 01, 2009

Иран уран баяжуулах хөтөлбөрөө яаравчлахаар шийдвэрлэв

December 1, 2009
НҮБ-аас уран баяжуулах үйлдвэрээ хаах сануулга авсан Ираны Засгийн газар улам зөрүүдэлж эхэлсэн байна. Тус улсын цөмийн эрчим хүчний агентлаг уран баяжуулах таван газрын үйл ажиллагааг эхлүүлэх, ойрын хэдэн сарын дотор дахиад таван газарт уран баяжуулах үүргийг Засгийн газраасаа авсан байна.

Цагаан ордон Тегераны энэ алхмыг “Иран хүлээсэн үүргээ хөсөрдүүлж байна” гэсэн бол, Их Британи “НҮБ-ын тогтоолыг санаатай зөрчиж буй ноцтой алхам” гэж дүгнэсэн байна. Иран уран баяжуулах хөтөлбөрөө энхийн зорил¬готой хэмээн мэдэгдэж байгаа ч тус улсад одоо ажиллахад бэлэн болсон нэг ч атомын цахилгаан станц байхгүй. Бушерт баригдаж байгаа атомын цахилгаан станцын барилга дуу¬саагүй, бусад нь зүгээр л цаасан дээр байгаа юм.

Өнгөрсөн жил ердөө нэг метр тонн уран баяжуулж байсан Иран одооноос эхлэн 10 газарт уран баяжуулснаар нөөц нь ирэх жил 300 метр тонн болох аж.
Гэвч энэ хэмжээний ураныг баяжуулах зайлшгүй хэрэгцээ тус улсад байхгүй нь хардлага төрүүлэх нэг шалтгаан болоод байгаа. Бушерийн реактор ажилд орлоо ч түлшийг нь ОХУ нийлүүлэхээр болсон. Шинжээчдийн үзэж байгаагаар баяжуулсан ураныг шахмал болгон цөмийн реакторт ашиглах технологи Иранд байхгүй гэнэ. Өрнөдийн орнууд Иран цөмийн хөтөлбөрөө түргэвчлэхээр шийдлээ гэсэн дүгнэлтэд хүрснээр цаашид ямар хариу өгөхөө нухацтай хэлэлцэхээс өөр аргагүй байдал үүсч байна.

Харин Ерөнхийлөгч М.Ахмединежад “Пар¬ламент 2020 он гэхэд 20.000 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх үүрэг өгсөн учраас уран баяжуулах ажлыг түргэтгэхээс өөр аргагүй” гэж Засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ. Үүний тулд тус улсад жилд 250-300 метр тонн баяжуулсан уран, 500.000 центрфуг хэрэгтэй гэнэ.

No comments: