December 02, 2009

“Кавказийн мужахед” дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээнэ гэв



Арваннэгдүгээр сарын 28-нд Москвагаас Санкт-Петербургийг чиглэн явж байсан суудлын галт тэргэнд бөмбөг дэлбэлэн замаас нь гаргаж 26 хүний амь насыг хохироосон алан хядах ажиллагааг зохион байгуулсан хариуцлагыг хүлээнэ гэдгээ “Кавказийн мужахед” зэвсэгт бүлэглэл интернэтээр дамжуулан мэдэгдэв.
Тус байгууллагын kavkazcenter.com вэб хуудсаар дамжуулан хийсэн энэ мэдэгдэл одоогоор нотлогдоогүй байна. ОХУ-ын цэргийг Чеченээс бүрэн гаргаж, исламын улс байгуулах зорилготой гэх энэ байгууллагын тэргүүн нь Док Умаров гэгч аж. “Кавказийн мужахед” бүлэглэл ОХУ-ын цэрэг Хойд Кавказаас гарах хүртэл хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, цахилгааны шугам сүлжээ, газрын тось хийн хоолой руу халдлага хийнэ хэмээн сүрдүүлсэн байна.

No comments: