November 30, 2009

Оюун түлхүүр

Дээд лам гурван эрдэнэд итгэмой
Эртний Богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир
Эзэд хаадтан олныг хураая гэвэл өглөгөө өг
Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө
Аугаа хүчнээн ихэтгэе гэвэл цэргээ асар
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ
Өдөр явсан явдлыг шөнө шүүгтүн
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун
Олны дотор үгээ бэхэл
Ганцаар суухуй дор сэтгэлээ шинжил
Олон хүмүн лүгээ найран зохилдож
Ер авах гээхийн ялгалыг шинжлэн мэд
Их багын санааг асууж нэгтгэн
Егүүтгэлгүй сэтгэлийг угаас барьж
Шашин амьтны тусын тулд шимтэн
Хамаг амьтныг гагц хөвгүүн мэт асарч
Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ
Засаг цаазыг номын ёсоор барьж
Олон амьтныг жаргаланд зохиож
Төрөл төрөгсдөө энх амарт хүргэгтүн
Үзтэл үнэнээр явагчдыг
Үргэлж өргөж хөгжөөгтүн
Үнэхээр гэмт хүмүнийг гэсгээ
Хатан хөвгүүн албат нарыг адил сурга
Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт
Хичээн бүтээж явбаас
Төрийн бамбай, дайсны баг \хуяг\ адил
Ер биеийн амрыг үл харан
Бусдын үйлнээс үл уйдан явбаас
Дээдсийн явдалд ойр гэх
Асрахын урьд айлгах
Албат лугаа бэн атаа тэмцэх
Ах дүүтэйгээ хэрүүл үүсгэх
Дэмий холын хүмүнтэй ханилан эвдрэх
Дэргэдэх хүмүүнийг дэнсэлгэн зовоох
Төрөл төрөгсдөө үл амруулах
Төр цаазнаас үл айх
Муу хүмүүний үгэнд орох
Сайн хүмүүний үгийг үл итгэх
Ширүүн үгээр дайсныг хураах
Хорт сэтгэлээр хамгийг хашруулах тэргүүтнийг тэвчтүгэй
Тойн хүмүүний хамаг эрдмийн дотор нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм
Хаан хүмүүний гучин таван эрдмийн дотор хайрлах сэтгэл нэн эрдэм
Хатан хүмүүний арван таван эрдмийн дотор сайхан ааль нэн эрдэм
Түшмэл хүмүүний есөн эрдмийн дотор түвшин сэтгэл нэн эрдэм
Тойн хүмүүн хамаг эрдмийг төгс суравч дотроо нигүүлсэхүй сэтгэл үгүй болбоос
Туулшгүй эрдэмтэй боловч
Тун тусгүй
Хаан хүмүүн хамаг эрхийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болбоос
Хамаг дор аргагүй хөнгөн болмой
Хатан хүмүүн хамаг сайхныг төгсөвч ааль муутай болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болмой
Түшмэл хүмүүн есөн эрдмийг төгсөвч түвшин сайн сэтгэл үгүй болбоос
Хорт чоно мэт жигшигдэхийн тул
Төв сэтгэлийн эеийг хичээ
Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах
Барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд дагах
Ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах
Чоно мэт ноёдыг үнэг мэт ноёд дагах тул
Хамаг дор зовлон болмой
Ер хүмүүн сайн сайхан үнэн үг, шудрага явдлыг хичээн сурагтун.
Өндөр их заяатныг үзэн ядваас
Өөрийн амныг хишиг зайлах
Өнчин хүмүүний жаргалыг хөнөөвөөс
Өөрийн хишиг эвдрэх
Үнэн тус хүргэгчдийг муулваас
Тэнгэр үл таалах
Үзтэл муулсан хүнийг аргадваас
Үйл үл бүтэх
Үзмэгц яаран бүү магт
Түргэн зуур ханилсан нөхөрт яаран бүү уурла
Үргэлж ханилж таньсан мэт
Нэгэнтээ учирсан хойно яаран бүү цуцар
Итгэсэн хойно үгээ бүү нуу
Итгэлгүй хүнд
Ямагт зүрхний үгийг бүү хэл
Муу хүмүүний үгэнд бүү ор
Эм хүмүүний үгийг бүү дага
Хөвгүүн ба боолоор бүү мэдүүл
Хартай хүн лүгээ үг бүү зөвлө
Олон хүний зөвшсөнийг бүү эвд
Хилэнцэт үйл дор бүү шуна
Буянт үйлэн дор бүү саад хий
Үнэхээр зүтгэсэн ардын урмыг
Өчүүхэн юманд бүү шантал
Үзмэгц яаран магтаад
Учралдан ханилж гайхуулаад
Удалгүй хэрэлдэн салаад
Түр буцаж инээдэм наадам хийн явагч хүмүүн
Үзтэл муу ард мөний тул
Үтэр түүнээс зайл
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж
Дэмий муу биеэ гайхуулаад
Дээдсийн ёсоор загнагч
Танхай ард ичих мэт
Түүний түргэн зайл
Хилэн ихтийг аргаар өнгөрүүл
Хилэнц ихтийг номоор тэтгэ
Төрөл төрөгсдөө тэтгэж явбаас
Бөх их хүчтэй болох
Төр ёсыг төв шударга дагаж явбаас
Хүнд их нэртэй болох
Төв ихсийн журмыг дагаж явбаас
Түмнийг эхлэх болох
Түүнийг үүнийг ялгалгүй асарваас
Олон нөхөдтэй болох
Холын хүмүүн дор өршөөл тус хүргэвээс
Алдар нэр дуурсмой
Ойрын хүмүүнд асрал өглөгийг хүртээвээс
Эв эеийг бүтээн хүч нэммой
Харийн газар арга чадлаа бэхэл
Халуун зуураа эв эеийг хичээ
Шашинд дургүй сэтгэлтнээс
Сайн сүсэгт харь хүмүүн дээр билээ
Төр ёсон үл мэдэх хаадаас
Төвшин сайн түшмэл дээр гэлээ
Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ
Хадгалж үл чадах хөвгүүнээс
Халамжит сайн боол дээр гэлээ
Харам сэтгэл тушаа
Хатуу сэтгэл жад
Хар санаа хор
Ханилсан нөхрөө хуурваас
Харин биеэ хуурсан адил болюу
Үнэхээр барилдсан сайн нөхрийг үгсийг
Үхтэл бүү март
Хагацашгүй хань нөхөрт
Марташгүй муу үгийг бүү хэл
Үг үл сонсох муу хүмүүнд
Олон үг бүү хэл
Харин улиг болмой
Үг үл мэдэх мунхаг хүмүүн лүгээ
Үг бүү тэмц, харин ичгүүр болмой
Өчүүхэн номч хүмүүн омгоор
Үргэлж их мэдэх мэргэн дор халдваас
Үтэр шантрахын тэмдэг
Гэнэт сайжирсан ард
Хэтэрхий ихэст халдваас
Гэмшиж үл барагдахын тэмдэг
Арслангийн омог баатар мөн арсландаа зохих
Үнэгний уран арга мөн үнэгэндээ зохих
Арслангийн баатар омог үнэгэнд тусгүй
Үнэгний уран арга арсланд тусгүй
Арслан үнэг мэт явбаас түргэн гутах
Үнэг арслан мэт явбаас түргэн үхэх хэмээсэн үлгэрийг
Хэн хүмүүн хянан үзэж хэр хэрээ мэдэж
Чинээ чинээгээ бодож явсан нь сайн
Ер хоёр хүмүүн эвтэй болвоос
Төмөр хүрээ мэт бэх
Хорин хүмүүн эвгүй болвоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг
Өнөр хүмүүн эвгүй болвоос
Өнчин хүний элэг болох
Олон хүмүүн эвгүй болвоос
Оорцог хүмүүний идэш болох
Цувж явсан барсаас
Цуглаж суусан шаазгай дээр гэлээ
Тиймийн тул эеэ нэн бэхлэгтүн
Амархан ханилсан нөхөр дор
Аливаа хүмүүний үгээр бүү уурла
Ажиглан онож мэдээд харин биеэ шүүгтүн
Үлэмж сайн ханилсан хүмүүсийг
Үнэхээр муу сэтгэлтэн хүмүүс
Үзэн ядаж хуурмаг аргаар эвдрэлцүүлээд
Элэглэеэ гэх мэдэшгүй
Өнгөц зусар аргатай хүмүүн
Зөөлөн худал үгээр хууран байж
Үнэн санааг аваад
Үймтэл муутган хэлэх нь олон буй
Үзэж таньж ханил
Худал үгийг ерд тэвч
Хүмүүн мэдвээс бие хөнгөрмой
Бардам хатуу үгсийг орхи
Хүмүүн мэдвээс өшмой
Хулгай худал нь энэ насны ичгүүр
Эцэст тамын буг
Үүнийг урьдаас тасал
Ариун явдалт ламыг бурхан мэт тахь
Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл
Ам авсан тангарагийг амь мэт сахь
Арга заль хоёрыг угаас орхи
Аливаа хүмүүн лүгээ нийцэн зохь
Хэн хүмүүн лүгээ бүү тэрсэл
Сайд хүмүүн лүгээ бүү эвдэр
Лам хүмүүний эд малд бүү хурьц
Тарничийг хүндэл
Дэмий хүнийг бүү аргад
Өчүүхэн бага хүнийг бүү бас
Самуун муу сэтгэлийг бүү үүсгэ
Бурхан тэнгэрийг сайтар сахь
Эзэд сайдыг бүү хараа
Айх ичих хоёрыг ажиглаж мэд
Аливаа хүмүүний зан аалийг
Аргаар тэнсэж мэд
Дотор муутай төрлөөс
Тун үл таних хүн дээр гэлээ
Муу сэтгэлт ах дүү дайсан лугаа адил гэлээ
Өрсөх дайсанд цусаа бүү үзүүл
Өшөөтэй хүнд муугаа бүү үзүүл
Хортон дайсанд хол ойр гэж үгүй буй
Хэн хортой болвоос шадар гэж бүү янагла
Хэн тустай болвоос гадуурхаж бүү ялга
Зөвтэй явах хүмүүнийг бүү дарла
Буруутай явах хүмүүнийг бүү асар
Муу явах хүмүүнийг ихэд хайрлаваас
Харин биед халдах гэм буй
Сайн ардыг муулваас харин хойно гэмших буй
Сайн муу, үнэн худлыг ялгаж мэдэх хэрэгтэй
Сайн ардад өглөг өгч үйлээ захирга
Хэдүй өргөмжлөгдөвч өчүүхэн сэтгэлийг барьж олон лугаа зохь
Гэнэт доройтвоос гэмшилгүй хатуужих хэрэгтэй
Хүмүүний нүүрийг харалгүй
Үйлээ туйлд хүртэл зүтгэж хэргээн бүтээ
Харийн үйлийг ашид сэрэмжил
Халуун зуураа эв эеэ хичээ
Дээдсийг хүндэл
Дордсыг асар
Бурхны шашинд амиа талби
Бултралгүй явбаас
Богд сайдын явдал ойр гэх
Самуун муу биеэ ихэд бодоод
Сайн хүмүүнийг сонжоод \үзэн ядаад\
Саваагүй мунхаг үгээ зөв болгоод
Санаандаа их дүрийг барьж
Арга хуурмагаар авах идэхийг сурч
Дорд хүмүүнийг дарлан явагчийг
Адгуусны зэрэгт ойр гэх
Ил магтаад, далд муулаад
Ихээхэн өгвөөс баярлаад
Эс өгвөө гомдоод
Инээдэм наадмаар өнгөрүүлэн явах
Ичгүүргүй, сурталд үл орогч хүмүүнийг гэсгээвээс
Улам хойтдоо тустай биш үү
Өөрийн хэргээ орхиж
Үнэн санаагаар зүтгэж
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон
Олзонд шуналгүй
Нэгэн зоригоо хугалалгүй
Ер уйдах чилэхийг саналгүй
Хэв хэзээд цөхрөлгүй
Зовох цагт зайлалгүй
Жаргах цагт хэтрэлгүй
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гуталгүй
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас
Улам хойтдоо хөгжлөг болохуй
Ер хүмүүний ахуйн үйл яршигтай
Амьтныг сэтгэлийг мэдэшгүй
Зальхай хуурмаг аргатан олон тул
Тиймийг яахин баримталмой
Тустай сайн санааг насад хичээ
Тустай сайн хүмүүн ус мэт эелдэг
Тун муу хүмүүн мод мэт хөшүүн
Бусдын гэмийг ятгаж орхи
Өөрийн гэмээ магталгүй
Үйлээ үргэлжид шинжигтүн
Шашин амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас
Хэв хэзээд юун хэрэг болох буй
Үхэлгүй насны шидийг эс олсны тул
Мөнх бусыг санах хэрэгтэй
Аюулт тамын хаалгыг эс хаасны тул
Хилэнцээс зайлах хэрэгтэй
Ашдын хүнс номын өглөг
Амгалангийн дээд бодь мөр
Мэргэдийн гэгээнийг үзэлгүй ном номлогч
Ноёдын гэгээнийг танилгүй төр ёсон хэлэгч
Энэ хоёр мунхагийн туйлд эндүүржүхүй.
Гэм хийвээс цааз бэрх
Хилэнц хийвээс там бэрх
Жаргал зовлон бүгд ач үрийн хувь
Ашдын амар жаргалыг олъё гэвээс
Онц буян хэрэгтэй тул хичээн үйлд
Эрдэмт ламын тангарагыг бүү эвд
Эзэд хаадын зарлигийг бүү дав
Эцэг эхийн сургаалийг бүү март
Эм хөвгүү ба боолын үгийг дага
Шударга үгний сургааль үүнээс
Элдэв жаргал үүсэх болтугай

* * *
Үүнээс үлэмж сударт номлосон нь
Сонсохын дээд олноо өргөгдөх
Жаргалын дээд сэтгэл амар
Нөхрийн дээд үл аргадагч
Үйлийн дээд бодь мөрийн зэрэг
Хортой бөгөөс хөвгүүнийг ч тэвч
Тустай бөгөөд дайсныг ч асар
Үлэмж олон нүд буй боловч
Өчүүхэн зулын гэрэл хэрэгтэй хэмээгчийн үлгэр нь
Олон хүмүүн цугласан боловч
Түүний дотроос ганц сайн хүмүүн удирдан хэлэх
Алтан дэлхийг өргөстэй гэж бүтээж үл болох
Харин өөрийн хоёр хөлөө бэхэлвэл дээр хэмээгийн үлгэр нь
Олон мунхаг ардыг сургаснаас
Гагц биеэ сургасан нь сайн
Тэргүүлэгч ноён хүмүүн
Албат юугаа тэжээн чадах хэмээгчийн үлгэр нь
Гэмтнийг гэсгээвээс түмэн амьтныг жаргуулан чадах
Жаргах цагт сэрэх хэрэгтэй
Зовох цагт хатуужих хэрэгтэй
Дайсангүй гэж ирт мэсийг биеэс бүү холдуул
Даруй хортой хэмээн нөхрийг бүү сөнөө
Онож мэдсэн сайн
Алтыг арчваас улам сайхан өнгө гарах
Нүүрсийг угааваас улам харлах
Мэргэдийг хорсговоос улам эрдэм гарах
Мунхагийг хорсговоос баас гарах
Муу хүмүүн нэг ч эрдэмгүй болвоос
Дээрээ шүдтэйгээс бус үхэр лүгээ адил
Сургаал үл сонсох бөгөөд гагцхүү цадахыг хүсэгч хүмүүн
Үсгүйгээс буй гахай лугаа адил
Авах идэхэд шунагч өнгөц зусарч хүмүүн
Сүүлгүйгээс бус нохой лугаа адил
Муу хүмүүнд хүргэсэн тус
Хужиртай газар тарьсан тариа
Доргоны нууж тавьсан хүнс
Тэр гурав алинд ч тусгүй
Ер бусад юмыг засч болмой
Гагцхүү муу хүмүүнийг засч үл болмой
Олон бүгд архи уусан хүмүүнийг жаргал гэнэм
Айралжлан явах өвчтэй хүмүүнийг жаргалд тооцох буюу
Муу хүмүүнийг хэрэг дор зарваас өвчин хүртэх
Аргагүй зарваас хойноос нь явах
Хэрэв аянаа явбаас
Өмнөөс урагшлан ирж
Шал бал худал өгүүлэн хэрүүл үүсгэх
Эцэг эх хуурч бүрэлгээд
Ийн тийн гуйж
Эс өгөв хэмээн харин гутах
Эмээ даган төрхөмд нь зарагдах
Өр шир хийж төрөл төрөгсдөө зовоох
Хулгай худал хийж амь биеэ үрэх
Ийн зовлон бүгдийг өөрөө үйлдээд
Ах дүү минь аль буй гэж гомдох олон буй за.
Эрдэнэт хүмүүний төрлийг олсон тул
Тийм муугаас зайлах хэрэгтэй
Манагар үхэх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй
Хэрэв эс суравч хойт төрөлдөө
Сайн авьяас болох тул хичээгтүн
Адгуус ч эрдмийг сурах бөгөөтөл
Эрдэнэт хүмүүний биеийг олсон тул
Хүмүүний сурсан эрдмийг болгоомжтой болвол сурах хялбар
Үхэхийн урьд амьд цагтаа буяныг үйлд
Өтлөхийн урьд залуу цагтаа эрдмийг хичээ
Өвчин хүртэхийн урьд эрүүлдээ буян номыг хичээ
Үгүйрэхийн урьд баян цагтаа өглөгийг өг
Бүтэхийн дөрвөн нөхөр тэр болой.
Хоосон чанарыг олсон ламыг тахь
Хоёр заяаг ялгаж мэдэх эздийг хүндэл
Үхэх хүмүүн сайн ламаас айх
Үгүйрэх хүмүүн сайн хоточ нохойноос уйдах
Доройтох ноён сайн түшмэлээс уйдах
Маш зөв явбаас сайн нэр алдаршиж
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох.
Арга билэг хоёр алган дээр тогтох
Зусар ихэдвээс тамираа мэдэгдэх
Борооны ус түргэн урсавч үтэн замхрах
Их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах
Чин сайн эрдэмт хүмүүн
Чоно, хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт
Чингис Богдын зохиосон сургааль үүгээр
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.

* * *
Аяа гайхамшигт сайн үлгэр үүнийг
Танхай ард өөрчлөн шалгаад
Сайтан ухаж шүүвээс эдүгээгийн энэ цаг лугаа нийлэх тул
Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг үзэж сурах хэрэгтэй

* * *
Үлгэрлэвээс мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх
Нүүрсийг хаа байвч үл шинжлэх
Жигүүртний хаан гарьд наран гарахыг таалах
Муу хар элээ бүрий болохыг хүсэх
Цаст уулын цагаан арслан
Хар ууланд үл одох зан
Сарьсан багваахай шөнө нисэх зан
Галт хорхой гурван ертөнцийг дүүргэвч
Гагцхүү нарын гэрэлд дарагдах
Эрдмийг хичээн сурваас алдах нэр хаач алдаршмой.
Гэм эрдэм хоёрыг ялгаж эс мэдсэний үлгэр нь
Мунхаг ухаант хүмүүн, мэргэнээс дайжаад
Сармагчин хөтөлсөн хүмүүнийг хүндэлвэй гэх
Ийм ийм утгыг санаж
Язгуурын эрдмээ сэлбэн ав
Эрдэм сурсангүй бөгөөд
Арга хуурмаг сурч
Авах идэхийн үлгэр нь
Урьд нэгэн хүмүүн бусдын тарианд харуулаас нууж
Илжгэнд ирвэсийн арьс нөмөргөж тавьсанд
Олноор айн эмээсний хожим
Тэр ирвэсийн арьс салхинд хийсэж унасанд
Тарианы эзэд илжгийг таньж
Эзэнтэй нь алав гэх
Мигуй хүзүүндээ эрхи зүүж
Махнаас гарав хэмээж
Хулгана барьж идсээр мэдэгдэв гэх
Үнэгний гэмийг хэлээд үнэгэнд хэлэгдэв гэх
Үнэн эрдэм алтан төр адил
Алтыг түлвээс улам өнгө гарах
Занданг түлвээс улам сайхан үнэр гарах
Галыг уруу хандуулваас харин гар өөд шатмой
Эрдэмтэй болвоос олноо хүндлэгдэх
Эрдэмгүй болвоос доромжлогдохын үлгэр нь
Өлсгөлөн барсын дэмий хүрхэрсэн дуунд
Өндөр модны орой дээр хэвтсэн бичин
Өөрөө хөсөр унаж идэгдэв гэх
Пагжал улсын бярманы хөвгүүн
Ганцаар хамаг дайсныг дарав гэх
Шоргоолж бүх газрыг цоолох чадалтай гэх
Сайн хүмүүн хамгийг эрхэндээ хураах чадалтай гэх
Хүр хараацай хөсрийн усыг үл уух
Арслан бөөлжсөө үл идэх
Сайн хүмүүн мөн үгээ үл урвах
Нохой бөөлжсөө идэх
Муу хүмүүн үгээ урвах
Соронзон гүр төмрийн үртсийг аван чадах адил
Сайн хүмүүн сайн үгсийг авч мэргэдийн санд нийлүүлмой
Шагжийн хөвгүүн Шигэмун
Хамаг эрдмийг төгс сурсны тул
Туулсан бурхан болж
Хамаг судар тарнисыг бадруулсан
Баршгүй энэ номын тивд учирч
Эрдэм хүний төрлийг олсон нь маш чухал бөлгөө
Олохуйяй бэрх энэ цогц бүхий цагт
Шатны гишгүүрийг улам дээш тавигтун
Оюун түлхүүр нэрт шастир төгсвэй.

шүлэг

Би тэнэх дуртай хүн
Бишгүй олон уул усыг үзэж
Бичигдээгүй шүлэг болсон зам харгуйг уншиж
Би аялан жуулчлах дуртай

Үй олон хүн зонтой нүүр учирч,
Үйлдвэр завод, хот сууринг үзэж,
Үхэгсдийн үгийг сонсож, төрөгсдөд нэр өгч
Үлгэр туульст итгэж явах дуртай

Хааны хувцаснаас, боолын хуулга хүртэл
Харагдсан бүхнийг өмсөхийг би хүсдэг.
Хашралгүй дахин дахин дурлаж
Хайр даах бүсгүйг хайрлахыг би хүсдэг.

Амттан бүхнийг идэхийг би хүсдэг.
Архи ууж, тамхи татаж, дуулахыг би хүсдэг
Айхтар их баярлаж, дэвхцэхийг би хүсдэг.
Ан агнаж, байшин барьж, найрлахыг би хүсдэг.

Хэрвээ би, энэ бүхэндээ дургүй болох юм бол
Хэн хүнд бас хэрэггүй болж байгаа нь тэр

Р.Чойном

Осамаг барих боломж байсан


November 29,2009

Зартай алан хядагч Осама бин Ладеныг барих боломж АНУ-ын цэргүүдэд байсан гэсэн дүгнэлтийг тус улсын Сенатын Гадаад харилцааны байнгын хороо хийсэн байна. Уг илтгэлд “Засгийн газрын баримт бичиг болон үйл явдалд ойрхон байсан хүмүүсийн өгсөн ярилцлагаас үзэхэд 2001 оны арванхоёрдугаар сард Осама бин Ладен Тора Борагийн ууланд бидний хамар дор байсан гэдэг нь илт байна. Тэрбээр 2001 оны арванхоёрдугаар сарын 16-нд Тора Борагийн уулнаас хамгаалагчдынхаа хамтаар элдэв саадгүй гарч Пакистан руу нэвтэрсэн” гэжээ. Их хүчээр дайралт хийхийн оронд Тэнгисийн явган цэргийн тусгай ангийн 100 хүрэхгүй дайчинг илгээхэд л халуун мөрөөр нь орох байсан гэж Сенатын байнгын хороо үзсэн байна.
Тухайн үед Д.Рамсфелд их хүчээр дайралт хийх нь түүнд мултрах боломж олгоно хэмээн сануулж байсан аж. Сенатын байнгын хороо 2001 онд Осама бин Ладеныг Тора Борагаас алдсан нь Афганистан дахь дайныг улам сунжруулж, Пакистанд аюултай нөхцөл байдал үүсгэх нэг шалтгаан болсон гэдэгт итгэлтэй байгаа аж. Гэхдээ Осама бин Ладен Тора Борагийн уулны чухам аль хэсэгт нь бүгж байгаад алга болсон тухай баттай баримт байдаггүй.
Ерөнхийлөгч Б.Обама Афганистан руу олон мянган цэрэг нэмж илгээх шийдвэр гаргаж магадгүй байгаатай холбогдуулан сенатч Жон Керри 2001 онд болсон явдлын талаар дүгнэлт гаргаж өгөхийг Ардчилсан намынхан олонх байдаг Гадаад харилцааны байнгын хороонд тавьсан юм байна.

Дарвинд итгэх үү, шашинд итгэх үү

November 29,2009

Лалын шашинт эрдэмтэд Дарвиний хувьслын онолыг үгүйсгэх нь нэмэгдсээр байгаа аж. Эрдэмтний мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Их Британи консулын газраас Эмиратын их сургуульд зохион байгуулсан бага хурал дээр Арабын нэгдсэн Эмиратын профессор Нидхал Гуссом ингэж хэлсэн байна. Тэрбээр “Тунис, Турк, Египет, Пакистан, Малайзийн иргэдийн ердөө 15 хувь нь эволюцийн онолд итгэдэг нь судалгаагаар тогтоогдсон” гэжээ. Түүний багшилдаг Шаржаны их сургуулийн багш, оюутнуудын 62 хувь нь уг онолыг батлагаагүй зүйл гэж үздэг гэнэ. Бусдад боловсрол олгох ёстой хүмүүс ийм бодолтой байгаад профессор сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, “Шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс их сургуульд олноороо байгаа нь гайхал түрүүлж байна” гэжээ.
Тэрбээр “Энэ бол үнэхээр ноцтой асуудал. Зүйрлэн хэлбэл оюутануудад гариг, эрхэс хоорондоо огт хамааралгүй, тэдний хооронд таталцлын хүч гэж зүйл байхгүй. Бүх ертөнцийг хэн нэгэн нэг л өдөр байгуулсан юм гэх мэтээр оюутан сурагчидад зааж байгаатай адил хэрэг ” гэжээ. Дарвиний хувьслын онолд лалын шашинтай зөрчилдсөн, үгүйсгэсэн зүйл огт байдаггүй гэнэ.
Европт ч байдал сайнгүй гэнэ. Санал асуулга явуулж үзэхэд хүн амын 54 хувь нь сургуульд амьдралын үүсэл гарлын талаар заахдаа христийн сургаалийг баримталах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ Дарвиний эволюцийн онолыг мөн заах ёстой гэжээ. Ердөө 21 хувь нь л ямар ч шашингүйгээр зөвхөн Дарвиний онолыг үзэх ёстой гэсэн байна

Швейцарь лалын сүм барих эсэхийг санал асуулгаар шийднэ

November 29,2009

Швейцарийн сонгогчид цаашид тус улсад лалын сүм барихыг хориглох нь зүйтэй эсэх талаар санлаа өгөхөөр боллоо. Лалын сүм барихыг хориглох саналыг парламентад олонх болох Швейцарийн Ард түмний нам болон Христын бүлэглэлүүд дэмжиж байгаа юм. Харин тус улсын Засгийн газар иргэддээ хандан лалын сүм барихыг хориглох саналыг дэмжихгүй байхыг уриалсан байна. Тус улсад 400.000 орчим лалын шашинтан байдаг агаад дийлэнх нь лалын тулгуур үзлийн түүхэн уламжлал бахгүй хуучин Югославаас орж ирсэн хүмүүс. Тус улсад одоогоор лалын сүм ердөө дөрөв бий.
Хоригийг дэмжигсэд өөрсдийн үндэслэлээ “Лалын сүм барих нь ардчилалд харш шариатын хуулийн үзэл санааг дэлгэрүүлэх аюултай” хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин тус улсын Засгийн газар сүм барихыг хориглох нь лалын шашинт иргэдийг дунд үймээн дэгдээж, улмаар лалын шашинт орнуудтай тогтоосон найрсаг харилцаанд сэв суулгана хэмээн болгоомжилж байгаа юм.
“Эмнести интернэшнл” байгууллага “Швейцарь лалын сүм хийд барихыг хориглох шийдвэр гаргаснаараа хүний рэх, шашны эрх чөлөөний талаарх үүрэг хариуцлагаа огоорсон хэрэг болно” хэмээн анхааруулав.

Хятадын рок дуучин зургаан жилийн ял авав

November 29,2009

Нэг хүний амь насыг хохироож, олныг хамарсан зодоон зохион байгуулсан Хятадын рок дуучин Зэнь Тяньшаод тус улсын шүүх зургаан жилийн хорих ял оноосон. Зэнь баар хамтран эзэмшдэг Сан Баохэтэй бизнесийн асуудлаар амь муруйснаар асуудал эхэлсэн аж. Зэнь өөрийн менежер Лу Чаньчунд зодоончдыг цуглуулах үүрэг өгсөн гэнэ. Лугийн толгойлсон 100 орчим гудамжны зодоончид Ланфаний галт тэрэгний буудал дээр Сан Баохэгийн хорь гаруй хүнийг зодож танхайрсны улмаас нэг хүн алагдаж, гурван хүн хүнд гэмтсэн байна.
Зодооны дараа зугатаж, сураггүй болсон Лу долдугаар сард баривчлагдсан агаад түүнд есөн жилийн хорих ял оноожээ. China Daily сонин “Зэнийн хатгалгаар иймэрхүү зодоон олон удаа болсон” гэж мэдээлэв. Зэнь 2003 онд Хятадын хөгжмийн дээд шагналыг “Хамгийн алдартай дуучин” номинацаар авч байжээ. Түүний өмгөөлөгчид давж заалдана хэмээн мэдэгдлээ.

Шанхайд ачааны онгоц осолджээ

November 29,2009
Хятадын Шанхай хотын Пудонг нисэх онгоцны буудалд Зимбабвед бүртгэлтэй ачааны онгоц хөөрөх үедээ сүүлээрээ газар цохиж дэлбэрсний улмаас багийн гурван гишүүн амь үрэгдэж, дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэн байна. “Багийн гишүүд АНУ-ын иргэд байсан гэж Синьхуа агентлаг” мэдэгдэв. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс хүнд шархадсан агаад нэг хүний биеийн байдал тун муу байгаа аж. Хятал дахь АНУ-ын Элчин сайдын яам ийм ядал болсон гэдгийг нотлоод “Амь үрэгдсэн гурван хүн бүгд манай улсын иргэд. Шархадсан хүмүүсийн нэг нь америх хүн” гэсэн байна.
Шанхай хотын телевизээр “Ослын улмаас онгоцны сүүл гурван хэсэг зад үсэрч, онгоц галд автсан. Түймрийг унтраахаар олон зуун гал сөнөөгчид очсон ” гэж мэдээлжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

November 27, 2009

Путиний барын сураг алдрав уу


November 27, 2009

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин 2008 онд Алс Дорнодоор айлчлах үерээ таван настай эм барыг унтуулдаг сумаар буудаж, хүзүүнд нь хиймэл дагуулын холбоогоор байршил тодорхойлогч бэхлэн тавьсан. Гэвч өнгөрсөн есдүгээр сараас хойш барын сураг тасарч дохиолол ирэхээ больсон гэж Зэрлэг амьтдыг хамгаалах сангийн (WWF) байгаль хамгаалагч Владимир Крев мэдэгдэв. Харин Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Псков “Бар амьд мэнд, сайн байгаа. Хүзүүвчний зай хураагуур дууссан, долоо хоногоос хол хэтрэхгүй судлаачид шинэ хүзүүвч түүнд хийнэ” гэж АР-т өгсөн тайлбартаа өгүүлжээ. Тэрбээр барыг зулзагаласан гэж хэлсэн ч чухам хэзээ гэдгийг нь мэдэхгүй гэсэн байна.
Хүрээлэн буй орчны өөрчлөлт, хулгайн ангийн улмаас Алс Дорнодод Уссурийн бар цөөрсөөр байгаа. Онгон байгальд ердөө 300 орчим үлдээд буй энэ амьтан ОХУ-д 50 гаруйхан байгаа гэсэн тооцоо байдаг. Хятадын Манжуур мужид энэ амьтныг төрийн ивээлд авч, хулгайгаар агнасан этгээдэд цазаар авах ял оноодог.

Сайн дурын гуйланчлал эрх чөлөө авчирдаг гэв

November 27, 2009

Ердөө нэг жилийн өмнө боломжийн мөнгөтэй, өөрийн гэсэн ажилтай, ирээдүйтэй бизнес эрхэлж байсан Марк Боиль одоо хаягдал жимсээр хооллож, зоогийн газрын хоолны үлдэгдлээр гол зогоож явна. Сонирхолтой нь одоо 30 настай энэ залуу эдийн засгийн хямралд өртсөнөөс гудамжинд гараагүй гэнэ. Өөрөө сайн дураараа бүх эд хөрөнгө, ажил төрлөө орхин золбин амьдрал сонгон авчээ. Тэрбээр шинэ байдалдаа сэтгэл хангалуун байгаа тул цаашид ч ингэж амьдрах гэнэ. М.Боиль The Telegraph сонинд өгсөн яриандаа “Өөрийгөө чөлөөлөх хүртлээ ямар их дарамттай амьдарч байснаа би мэддэггүй байж. Мөнгө надад энэ бүх дарамтыг авчирч байсныг ойлгосон. Хүмүүс надаас хуучин амьдралдаа эргэж орох уу гэж байнга асуудаг. Тэр замын бөглөрөл, банкны элдэв мэдэгдэл, хэнд ч хэрэггүй үүрэг хариуцлага, тооцооны хуудсыг хэн үгүйлэх юм бэ. Мөнгөгүйгээр л амьдралын жинхэнэ амтыг мэдэрч байна. Дахиж хэзээ ч урьдынх шигээ амьдрахгүй” гэжээ.
Харин оюутан цагаасаа үерхсэн найз бүсгүй Клейрээсээ салахад түүнд хүнд байсан гэнэ. Тэрбээр өөрийн сонгож авсан, шинэ, чөлөөт амьдралынхаа тухай ном бичих төлөвлөгөөтэй байгаа аж.

Үхсэнийг үл мартагч

November 27, 2009

Вьетнамын Куанг Нам мужийн нэгэн жижиг хотын иргэн 55 настай Ли Вангийн эхнэр 2003 онд өөд болсон аж. Тэр цагаас хойш тэрбээр эхнэрийнхээ булшны дэргэд хоноглох болсон агаад яваандаа газрыг нь доогуур нь хөндийлөн ухаж, авсанд нь орж унтах болсон байна. Түүний энэ явдлыг мэдсэн хүүхдүүд нь оршуулгын газар луу явуулахгүй хориглох болсон ч 2004 арваннэгдүгээр сарын нэгэн шөнө гэрээсээ нууцаар гарч, эхнэрийхээ шарилыг авчирсан байна.
Энэ явдлаас хойш хөршүүд нь ирэхээ больсон аж. Үхдэлтэй унтагч эр vietnamnet.vn-д энэ тухайгаа ярьсан бөгөөд өөрийгөө “Би аливаа юмыг бусдаас өөрөөр хийдэг хүн. Жирийн улстай адил биш” гэж тодорхойлжээ.

Харийнхантай холбоо тогтоосон шинжлэх ухааны академи

November 27, 2009
Болгарын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн дэд захирал Лашезар Филипов “Харь гаригийнхан хаа сайгүй оршиж, цаг үргэлж биднийг ажигласаар байна. Тэд бидэнд мууг биш сайныг хүсч, туслахыг хичээдэг. Гэвч бид тэдэнтэй харилцах хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа нь саад болж байна” гэжээ. Түүнээс хэлснээс үзэхэд тус хүрээлэнгийнхэн харийнхантай холбоо тогтоож чадсан төдийгүй 30 орчим асуулт тавьж хариу аваад байгаа гэнэ.
Тус төвийн эрдэмтэд тариан талбайд шөнөөр үлдээдэг үл ойлгогдох дүрсүүдийг харь гаригийнхны илгээлт хэмээн үзэж дүн шинжилгээ хийж байгаа аж. Ирэх 10-15 жилд хүн төрөлхтөн харийнхантай шууд холбоо тогтоох агаад ингэснээр хүний оролцооны улмаас сүйрэлд хүрээд байгаа байгаль орчныг хамгаалах талаар туслалцаа авах боломжтой гэж Л.Филипов үзэж байгаа юм.
Харийнхантай холбоо тогтоосон гэх судалгааны тайлан хэвлэгдсэний дараа Болгарын Шинжлэх ухааны акедемид шинэчлэл хийх асуудал босч ирсэн байна. Академийн төсөв санхүүгийн асуудлын улмаас өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ситеон Дьянков, Ерөнхийлөгч Георги Парванов нарын дунд халуухан маргаан дэгдсэн. Сангийн яамны үзэж буйгаар Ерөнхийлөгчийн найз нар үүрлэсэн академи феодалын ёс тогтсон газар болсон гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Бойко Борисов Академи элдэв дуулиан шуугианаас хол байх учиртай, харьяа хүрээлэнгүүд нь юу хийдэг, юу бүтээдэг, хэрхэн ажилладагыг нь шалгаж үзнэ гэсэн байна.

Хаж мөргөлийн үеэр 77 хүн үерт амьүрэгдэв



November 27, 2009
Саудын Арабын Жедда, Рави, Мекка хотод Арваннэгдүгээр сарын 25-нд ширүүн бороо орсны улмаас үер бууж, 77 хүн амь үрэгдэж, олон хүн сураггүй алга боллоо гэж тус улсын Saudi Press агентлаг мэдээлэв. Тухайн өдөр ариун хот Меккад эхэлсэн хаж мөргөлд оролцогчдоос нэг ч хүн амь үрэгдээгүй гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. Улаан тэнгисийн эрэг орчим дахь Жедда хот хамгийн их хохирол амссан байна. Амь үрэгдсэн иргэдийн 21 нь Саудын Арабын, бусад нь тус улсад байнга оршин суудаг цагаач иргэд байсан аж.
Тус улсын эрх баригчид хаж мөргөл үйлдэхээр ирсэн гурван сая гаруй мөргөлчдөд хандан болгоомжтой байхыг сануулсан байна. Өнгөрсөн жилүүдэд хэт олон хүн цугларсны улмаас шахцалдаан үүсч, хүн дарагдаж үхсэн тохиолдол гарсан. Хаж мөргөл маргааш дуусна. Дөрөв хоног үргэлжилдэг энэ мөргөлийн үеэр бороо орох нь бий ч энэ удаагийнх шиг олон хүний аминд хүрсэн тохиолдолд гарч байгаагүй юм байна.
Ширүүн борооноос гадна H1N1 вирусийн тархалт ихсэх вий гэдэгт тус улсын эрүүл мэндийн байгууллага ихээхэн сэтгэл зовниж байна. Олон хүн цуглардаг мөргөлийн үеэр тархалт эрчимжиж болзошгүй гэж АНУ-ын эрүүл мэндийн байгууллага анхааруулга өгчээ.

Зайны сургалт

О.Тогоо
November 21,2009
Дунд сургуулийн хүүхдүүд зурагтаар номоо үзэж байна. Шалтгааныг нь бүгд мэдэж байгаа тул энд дурдаад яахав. Айхтар шинэ зүйл биш л дээ, намайг арван жилд байхад Чой.Лувсанжав багштан зурагтаар англи хэл зааж байлаа. Үнэнхүү сонирхолтой байсан учраас хөгшин, залуу олон хүн тэр үед хориотой шахуу байсан англи хэлний зах зухтай болсон. Би ч ялгаагүй. Ялангуяа орос хэлний сайн суурьтай, гэртээ дэмжээд туслаад өгөх хүнтэй хүүхдүүд бол бараг л болоод явцан. Удалгүй Ш.Чоймаа багштан монгол бичгийн хичээл заасан. Бас л олон хүн ба, бэ, на, ну-тай болоод авсан.
Зурагтаар зааж байгаа бас интернэтэт тавьсан хичээлийг хүүхдүүд үзэж байна аа, үзэж байна. Гэхдээ нэг их сонирхохгүй байх шиг. Авууштай нэг зүйл нь хичээл, ном гэдэг чинь “залхаах” биш заавал үзэх ёстой зүйл юм байна, өвчин тахал гарсан ч үүнийг орхих ёсгүй юм байна шүү гэдгийг багачууд гадарлах боллоо. Хамгийн гол нь хүнээр хэлүүлэлтгүй өөрсдөө ойлгож авсанд тэдний “гавьяа” оршино.
Өөр нэг сайн зүйл гэвэл зайны сургалтыг цаашид явуулах суурь тавигдаж байх шиг. Гэхдээ үүнийг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэвэл бизнес болгох хэрэгтэй. Харин төрийг үүнд хавьтуулж болохгүй. Баллаад хаяна. Боловсролын яаманд боловсролыг хорлогчид байдаг гэж байгаа юм биш.Төр угаасаа бизнес хийж чаддаггүй, үүнийг бүгд мэднэ. Интернэт ашиглан ийм бизнес хийх талаар Энэтхэг чамгүй туршлагатай. Төр нь биш шүү, залуучууд, оюутнууд нь. Америк хүүхэд геометрийн хичээлээр давтлага авах шаардлагатай боллоо гэхэд эх, эцэг нь энэтхэгээс багш хөлсөлнө. Америк багшид цагийн 40 доллар төлдөг бол, энэтхэг оюутанд 15 орчим доллар төлнө. Үр дүн нь адилхан. Энэтхэг багш хичээлээ интернэт ашиглана заадаг юм билээ. Ийм жишээ Томас Фридманы “Хавтгай дэлхий” номонд хэдэн зуугаараа бий. Эхний удаа webcam, интернэт байхад л “хаваасаг”.
Манай залуучууд, багш нар, сэтгүүлчид, эрдэмтэд мэргэшсэн хичээлээ интернэтээр заагаад байж дөнгөнө. Зах зээлийн жамаар, сайн хичээл заадаг хүмүүс, сайн үйлчилгээ үзүүлдэг вэб хуудсууд ашиг орлого нь нэмэгдээд, бизнес нь өргөжөөд л явна. Базаахгүй нэг нь аяндаа хаагдана. Мөнгө хийх боломж байна шүү, залуусаа. Аливаа бизнес хөгжөөд, ашиг олоод ирэхээр төрийн нэр барьсан луйварчид гарч ирдэг. Та биднийг шулаач, луйварчдаас хамгаалахын тулд тухайн бизнес эрхлэгч хэр зэрэг шударга болохыг шалгана , цэгцэлнэ, зөвшөөрөл өгнө гэсээр тэд хүрч ирнэ. Авлига авах гэж байгаа санаа нь, гонж байлгүй. Мэдлэг, боловсрол, хүч чадал гэхээсээ илүү танил талдаа найддаг тэд яаж ч чардайгаад энэ бизнест шон байхгүй. Энэ бол залуус бидний юм.
Зах зээл олдохгүй гэж санаа зоволтгүй. Гадаадад байгаа монголчууд үр хүүхдийнхээ төрөлх хэлний боловсролд ихээхэн санаа зовдог юм билээ. Орос, монгол нь мэдэгдэхгүй амьтан болгохыг хэн л хүсээ аж. Жаахан том болсон хүүхдүүдэд нь түүх, зан заншлын тухай цэгцтэй ойлголт өгөх хэрэгтэй байна. Үүний төлөө тэд мөнгө төлөхөд бэлэн байдаг. Тэдний олонх нь хэзээ нэгэн цагт эх орондоо ирж, ажиллаж, амьдарна шүү дээ. Хаа хаанаа хэрэгтэй бизнес.
Чой.Лувсанжав багштны заасан англи хэлний хичээлийг интернэтэд тавихад л “гадаад хэл заадаг” их олон дамжаа хаагдана даа. Харин сануулж хэлэхэд энэ бүхэн үнэгүй тавигдах ёстой. Энэ бол монголчуудын өмч. Хайран сайхан түүх, соёл минь мартагдлаа гэж шүлсээ үсчүүлж байхын оронд Ш.Чоймаа багштны монгол бичгийн хичээлийг интернэтэд тавиасай билээ. Ийм ажлыг ивээн тэтгэж, мөнгө төгрөг хаяад, далиманд нь өөрсдийгөө сурталчлах сонирхолтой пүүс, компани битгий хэл дэлгүүр, ТҮЦ хогоороо байна, цаана чинь.

November 25, 2009

ЗАХ ЗЭЭЛ ЖАМААРАА ЯВААСАЙ

О.Тогоо
(2008-01-21)

Гучаад онд зартай дээрэмчин, “шагчин” нэг этгээд ямар ч татвар төлөлгүйгээр жилд 60 сая ам.доллар олж байв. Тухайн үед АНУ-д үйлдвэрийн жирийн ажилчин жилд 1000 хүрэхгүй “ногоон” авч байлаа.
Энэхүү дээрэмчний нэр нь Аль Капони.
Харин Ардчилсан Монгол Улс хууль ёсны “Апупони”, “Бурампони”, “Жемпони” гэх зэрэг этгээдийг төрүүлэн гаргах ажилд дээр дооргүй шуудран орлоо. Зорилго нь хортой архи үйлдвэрлэн олныг хордуулаад байгаа жижиг гаруудыг зах зээлээс шахах. Хоргүй архи хаана үзсэн юм бол. Бүх архи хортой, их идвэл чихэр ч хортой.

Архийг хориглосны горыг хамгийн хүндээр амссан улс бол АНУ. Бидний унасан нүхэнд уналгүй тойроод гараарай гэсэндээ анхааруулга болгон олон олон судалгаа, ном зохиол хэвлэж, кино хүртэл хийсэн. Харин бид тэр нүх рүү “хууль ёсоор” унахаар эргэлтгүй шийдсэнийг сонин хэвлэл, зурагтаас харж болно.

Тухайн үед АНУ-ын улстөрчид, олон нийт “Хориг хууль” (Prohibition Law) буюу албан бусаар “хуурай хууль” (Dry law) гэгчийг үнэнээсээ дэмжиж байсан, цөөн хэдэн эдийн засагчийг эс тооцвол. Тэднийхээр архийг хорьсноор гэмт хэрэг буурч, нийгмийн асуудал бүрэн шийдэгдэхээс гадна шорон барих, ядууст дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарыг дэмжихэд зориулагдаж байгаа татварын их мөнгийг өөр зүйлд зарцуулан, улс орон хөгжин бадрах болно хэмээн үзэж байв шүү. Монголд ч иймэрхүү маягаар ярьж байгаа.

Хилээр метилийн спирт оруулахгүй, импортын архи, согтууруулах ундаанд тавих хяналтыг чангаруулах бололтой.
Үл ажиглагдах аюулын гогцоо энд л бий. Учир нь аливаа хувь хүн, компани хэрэгжүүлж буй төсөл, бизнес нь амжилтгүй байвал хөрөнгө оруулалтаа шууд зогсоодог. Харин төр бол огт үгүй, мөнгө хүнд сурталтны өврөөс биш татвар төлөгчдийн түрийвчнээс гардаг тул төсвийг нь нэмээд л зүтгүүлээд байна. Ашиг гарна аа нэг байхгүй.

Жишээлбэл, хуурай хууль батлагдмагц, Канадаас хулгайгаар орж ирэх архийг хязгаарлахаар шийдсэн. Сүүлдээ энэ хууль бус сүлжээ АНУ-ыг тэр чигт нь хэрсэн. Үр дүнд нь хуурай хуулийг хэрэгжүүлэгч агентлаг буюу “Bureau of Prohibition”-ны төсөв хууль батлагдахаас өмнө 4.4 сая ам.доллар байсан бол нэн даруй 13 сая болон өссөн. Гаалийн ажилтны тоо 1920-1930 онд 45 хувиар нэмэгдэж, төсөв нь 123 хувиар өсөв. Эргийн хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүн “ердөө” 188 хувиар өсч, төсөв санхүүжилт нь “шальсангүй” 500 хувиар өсөөд орхиж, 10 хүрэхгүй жилийн дотор.
Харамсалтай нь ямар ч үр дүн гараагүй.

Монголын гаальчид нэг грамм ч метилийн спирт оруулаагүй гээд ам шүд алдаад байсан гэтэл юу боллоо. Одоо дэлгүүр, баар, рестораныг шалгах, лацдах, торгох гээд том том арга хэмжээ авч эхлээд байгаа. Үнэгүй юм байхгүй хойно бензин тосноос авахуулаад бидний мөнгө урсаж л байгаа. Удахгүй хоргүй (согтоодоггүй гээгүй байгаадаа) архи үйлдвэрлэдэг “сайн” хэдэн үйлдвэрийг, мөн тэдний архийг зарах “сайн” дэлгүүрүүд (томхон гэж байгаа) тодруулах сунгаа хийх юм гэнэ лээ.

“Гахай илүү тэгш эрхтэй” гэсэн зарчмаар л битгий тодруулаасай.
Эрдэнэт хүний амь юунаас ч үнэтэй, үүнтэй маргахгүй. Гэхдээ архийг хорьсноор үнэртэй ус уухаас өгсүүлээд, бензин, гутлын тос үнэрлэж мансуурах, гэртээ элдэв аргаар архи нэрж мөнгө олохыг хорхойсох хүн нэлээн бий. Энэ талаар бид баялаг туршлагатай улс. Иймэрхүү “архины” хорыг метилийн спирттэй зүйрлэх юм биш.

АНУ-ын судлаач Менделсоний судалгаагаар 1927 онд 12 мянган хүн архинд хордож өөд болсон агаад тэдний олонх нь хотын ядуучууд байсныг тогтоожээ. Тус улсын Эрүүл мэндийн яам энэ тоо 1930 онд жилдээ 15 мянгад хүрсэн болохыг нотлоод хортой бодисоор хийсэн архины улмаас нэг төрлийн саа өвчин үүсч байгааг мэдэгджээ.

Хожим сэтгүүлчид энэ өвчинд “Jake foot” буюу “Жакийн хөл” гэсэн нэр хайрласан юм. Энэ өвчинд хамгийн түрүүнд хүний хөл нэрвэгддэг аж. Ер нь америкчууд аливаа юманд нэр өгөхдөө дажгүй улс. Эрүүл мэнд болон шоронгийн зардалд хэчнээн мөнгө урссаныг тооцоолох аргагүй, хуурай хуулийн үед. Холбооны шоронд хоригдсон олон мянган ялтны тэн хагас нь “хуурай хууль”-ийг үл тоомсорлосны улмаас хоригджээ.

Бид мэдсээр байж энэ замаар явах хэрэг байхгүй л юмсан. Монголд хээл хахууль их байгаа, улам ихэсгэхийг хүсээгүй л юм бол “хуурай хууль” огт хэрэггүй.
“Хуурай хууль”-ийн үед хамгийн том хожлыг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд, синдикатууд авсан. Тэд хахуульд өгснөөсөө хэд дахин илүүг олж байсан. Хожмоо тэр их мөнгөөр казино, хар тамхины тив дамнасан сүлжээг буй болгосон юм.

Бидний зарим нь өөрийнхөө болоод амьдарч буй нийгмийнхээ гол логикийг огт ойлгодоггүй, ойлгосон ч дахин сонгогдохоо бодоод шал өөр юм ярьж байна. Лацадсан шар айрагны хугацаа дуусах, орлогогүй болох зэрэг бол ердөө л мөсөн уулын орой үүнтэй зүйрлэмгүй аюултай зүйлсийг бидний нэрийг барин хийж байна.

Ерөөсөө аливаа хүн аз жаргалтай амьдрах гэж энэ хорвоод мэндэлдэг. Түүнээс биш аль нэг төрийн төлөө, үндэсний аюулгүй байдал гэх мэт гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй зүйлийн төлөө, аль нэг “сайн” компанийг улам баяжуулахын төлөө төрөөгүй. Үүнийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Аливаа юм өөрийн жам ёсоор л явдаг. Хэн нэгэн хүн ард түмнийхээ төлөө талх, гурил, архи үйлдвэрлэдэггүй.

Зөвхөн өөрийнхөө төлөө, ашиг олохын төлөө үүнийг хийдэг. Ашиг олохын тулд сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийг өөртөө татах хэрэгтэй болно. Үүнийг чөлөөт зах зээлийн өрсөлдөөн буюу хөгжлийн түлхүүр гэдэг. Түүнээс биш хэн нэгэн хүнд сурталтан алив нэг далимыг ашиглан өөрийн үзэмжээрээ жамаараа яваа зах зээлд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөх боломжгүй. Гарах үр дүн нь даанч аймшигтай. Хүмүүсийн амиа бодсон үзэл нийлэн нийлсээр, цаад утгаараа нийгэмд асар их хөгжил авчирдаг болохыг алдарт Адам Смит 200 гаруй жилийн өмнө хүмүүн төрөлхтөнд хэлж өгсөн. Энэ нь ч нотлогдсон. Чанартай бүтээгдэхүүнийг чөлөөт өрсөлдөөн л буй болгоно, сэтэр зүүсэн “үхэр” яагаад ч чадахгүй.

Хэний бүтээгдэхүүн сайн байна тэр их ашиг олно.Түүнээс сайн мууг нь мэргэжлийн хяналт гэх марзан газар тогтоохгүй, хэрэглэгчид өөрсдөө тогтооно. Үүнийг зах зээлийн нийгэм төлөвшсөн, өндөр хөгжилтэй оронд “үл үзэгдэх гар” хэмээнэ. Түүх сөхвөл, аль нэг дарангуйлагч, эсвэл хааны хоолыг хортой үгүйг нь амсаж шалгадаг хүмүүс байсан тухай бишгүй дээ бий. Харин манайд архийг амсаж үздэг хүмүүс нь мэргэжлийн хяналтын түшмэд байх ажгуу. Та дэлгүүрээс архи авангуут уг эрхэм амтлан үзээд хортой, хоргүй эсэхийг нь тогтоосны дараа гэртээ аваачдаг тийм сайхан үе ирэх нь, удахгүй. Тэр бүү хэл барилгын хана, туургыг өшиглөж, хазаж барьж шалгах аятай юм яригдаад байна.

Африкийн нэг улстөрч-хаан “пигмэй” буюу одой гэсэн үгийг хэрэглэхийг хориглоод орхиж. Өөрөө энэ овгийн хүн байж. Юу боллоо гэж хэрэгжих вэ дээ. Аливаа хэл өөрийн жам ёсны хөгжлөөр л явдаг. Ямар нэг дарангуйлагч яаж ч чардайгаад нөлөөлж чадахгүй.

Зах зээл яг л үүнтэй адил гэдгийг тэрэг унуулах биш тэргэнд хөллөж байвал таарах одоогийн өндөр дээдсүүд ойлгоосой билээ. Уул нь архи гэдгийг монгол бичгээр арихи хэмээн бичдэг. Энэ нь аригуун буюу ариун гэдэгтэй нэг язгууртай болохыг харуулж буй юм. Харамсалтай нь илэрхий балархай эгшигтэй, эрэмдэг заримдаг гийгүүлэгчтэй ЛҮД, ДҮД-ийн дүрмийн (Лувсанвандангийн үсгийн дүрэм), (Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм) харгайгаар бид мартаж орхиж

Оюутолгой толгойд тань бий

(2008-03-15)


О.Тогоо
1955 оны аравдугаар сарын 28-нд Уильям Хенри Гейтс гэгч нөхөр хорвоод мэндэлжээ. Түүний унасан газар, угаасан ус нь АНУ. 1995-2007 он хүртэл дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан энэ эрхэм 2008 онд дэлхийн толгой баячуудын жагсаалтад 58 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээгдэн гуравт жагсаж. Хүн болгон “Forbce”-ийн сайт руу ороод үүнийг мэдээд авч болно л доо. Гэхдээ одоо “сараачих” гээд байгаа бичвэрийн маань зорилго энэ биш.

Ойролцоогоор 500 сая орчим тонн зэс, 330 мянга орчим унци алтны нөөцтэй Оюутолгой хэмээх уурхайг Монголд нээснээр “Хэн ард түмэндээ хамгийн их хайртай вэ?” гэсэн уралдаан эхэлсэн юм даа. Дээр ярьсан нөхөр ойролцоогоор мөнөөх Оюутолгойгоос 19 дахин их хөрөнгийг толгойдоо хийчихээд байгаа. Оюутолгойг ашиглахад гурав орчим тэрбум ам.доллар хэрэгтэй.

Хэн ийм боломжийг түүнд өгөв өө. Нийгмийн тогтоц нь юм болов уу, эсвэл бурхан уу, аль нь ч биш байх. Минийхээр боловсролын тогтолцоо нь. Ийм тогтолцоо мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр бүрэлдэнэ. Сургахдаа гол биш, сурахгүй бол “амьтан” болно шүү гэдгийг л ойлгуулдаг тогтолцооноос энэ мэт нөхдүүд төрж таарна.

Оюутолгой, Тавантолгойн орд мөрийтэй тоглоомчийн ханцуйд байдаг луйврын хөзөр бус. Бид нар хамгийн ухаантай нь биш, гэхдээ адгийн тэнэг бас биш. Одоогийн залуусын, хүүхдүүдийн маань толгойд “Толгой”-нууд байгаа, эргэлзэх хэрэггүй. Түүнийг нь “талх” болгоход саад хийгээд байгаа улсуудаас салчих юмсан, нийлж байгаад. Хугацаа их орох байх л даа. Гэхдээ л гэдэг шиг бид чинь 20 шахам жил боллоо шүү дээ, өмчтэй болох зөвшөөрөл аваад. Энэ хавраас “алтан загас”-тай уулзах боломжтой, эсвэл араб үлгэрт гардаг бирдийг домбоноос нь суллах аргыг олчихсон, арван жилийн багшийнх нь хажууд айлын хүний үйлдвэрт “нисдэг хивс” оёулахаар захиалгаа өгчихсөн баахан улс бидэнд баялаг өгөхөөр ирнэ.

Дахиад хэлье, энэ баялаг таны, одоогийн залуусын, хүүхдүүдийн маань толгойд бий. Бидний жилдээ бүтээдэг баялаг гурван тэрбум ам.доллар хүрэхгүй. Канадчууд нэг өдөрт ийм хэмжээний баялаг хийдэг. Жилд хийдэг баялагтай чинь тэнцэх хөрөнгө оруулъя гэхээр манайхан дургүйцэх юм.

Ялагдах дуртай хүн байхгүй. Тэгэхдээ ялагдах сонирхол бидэнд байх шиг. “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэсэн үгийг бүгд мэднэ. Ингэж байж л “толгой”-нуудаа ашиглах байх даа. (Оюутолгой, Тавантолгойг хэлээгүй шүү)
Ялагдвал хичээх болно, хичээвэл чийрэг болно, чийрэг болбол дийлэхэд амаргүй гэдэг байх аа.

Олон улсын байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлэв

November 25, 2009
Хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч “Хил хязгаргүй сурвалжлагчид” байгууллага Филиппиний Магинданао мужид жигшүүрт аллага гарч гэм зэмгүй иргэд, сурвалжлагчдийн хомроглон устгасан явдлыг эрс буруутгаж, гэмт хэрэгтнүүдийг нэн даруй олж, шудрага шүүхэд шилжүүлэхийг шаардав.
Тус мужид сонгуулийн ажлаар явж байсан цуваа халдлагад өртсөнөөр 52 хүн алагдсаны 13 нь ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага мэдэгдэлдээ “Сэтгүүл зүйн түүхэнд ганц өдрийн дотор, нэг дор ийм хүнд гарз тохиолдож байсан удаагүй. Тус байгууллага Филиппинд тэр тусмаа Минданаод хүчирхийлэл гарч байгааг байнга сануулж, эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн гэдгээ дурдаад, энэ удаагийн хэрцгий аллага авлигад идэгдсэн улстөрчидтэй холбоотой, эрх баригчид энэ удаа шийдвэртэй алхам хийх хэрэгтэй хэмээн уриалсан байна.
Филиппинд гарсан аллагатай холбоотойгоор олон улсын сэтгүүлчдийн эрхийн хамгаалах байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Нью-Йоркт төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хороо (СХХ) “Минданао үнэний дуу хоолой болсон сэтгүүлчидэд халтай газар болоод удаж байгаа. Энэ удаа тэд дэндүү их хохирол амсч, ажил үүргээ гүйцэтгэхээр явж байгаад амиа алдлаа” гэсэн байна. СХХ энэ аллагыг гарахаас өмнө Филиппинийг сэтгүүлчидэд хамгийн халтай дөрвөн орны жагсаалтад оруулаад байв. Зүүн өмнөд Азийн хэвлэлийн холбоо ч СХХ-той санал нэг байгаагаа илэрхийлжээ. Сэтгүүлчдийн амь насанд халтай орнуудын жагсаалтыг Филиппин тэргүүлж, Сомали, Ирак, Пакистан удаалах боллоо. Үүнээс гадна АНУ болон гадаадад ажиллаж буй Филиппиний сэтгүүлчид олон улсын байгууллагуудтай дуу хоолойгоо нэгтгэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, “Энгийн иргэд, эмэгтэйчүүд, сэтгүүлчдийг хомроглон алсан гэмт хэрэгтнүүд шудрага шүүхээс цээрлэл хүлээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгээ илэрхийлжээ. Европын холбоо болон АНУ, Их Британи тэргүүтэй орнууд Филиппин дэх дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Глория Арройо Минданаогийн хоёр мужид онц байдал зарлаж, хүчний байгууллагууд аллага үйлдсэн этгээдүүдийг хайсаар байна.

Ким Чен Ир хөлбөмбөг үзэхийг хориглов

November 25, 2009

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир ирэх жил Өмнөд Африкт болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр дамжуулахыг хориглосон шийдвэр гаргалаа. Харин тус улсын баг учраагаа буулгаж авсан тохиолдолд тоймыг нь дамжуулж болох аж. Тойм дамжуулахад хүртэл цензуртэй. Тоймыг үзүүлэхдээ тоглолт болж байгаа цэнгэлдэх хүрээлэн дэх аливаа зар сурталчилгааг харуулах ёсгүй гэсэн журмыг Ким Чен Ир гаргасан гэж Их Британийн The Sun сонин мэдээлэв. Энэ журам батлагдсанаар тус улсын 29 сая иргэний 99 хувь нь аль улс дэлхийн аварга болсныг ч мэдэлгүй өнгөрөх болотой.
Хойд Солонгосын иргэд хөл бөмбөгт үнэнхүү дуртай ч Кимийн дэглэмийн үзэл сурталд бүгдийг тааруулан зохицуулдаг дүрэм энэ удаа ч үйлчлэх нь. Хүн амын өчүүхэн хэсгийг эзэлдэг дарга, дээд ангийн хүрээнд л сансрын антенн ашиглаж, дэлхийн аваргын тоглолтыг үзэх боломжтой аж.
Хойд Солонгосын хөл бөмбөгийн шигшээ баг 44 жилийн дараа дэлхийн аваргад орох эрхээ аваад байгаа юм. Их Британид 1966 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын баг Италийн багийг 1:0-оор хожин дуулиан дэгдээж, шөвгийн дөрөвт шалгарсан удаатай.

Баскийн радикал бүлгийн гишүүдийг баривчлав

November 25, 2009

Испанийн цагдаагийнхан Баск мужид тусгай ажиллагаа явуулж, салан тусгаарлагч ЕТА зэвсэгт бүлэгтэй хамтран ажилладаг 34 хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан залуусын олонх нь 2007 онд үйл ажиллагааг нь хуулиар хориглосон Баскийн радикал залуучуудын Segi бүлгийн гишүүд.
Цагдаа нар тэдний орогнодог 60 гаруй газарт зэрэг дайралт хийж, тэсрэх бодис бэлтгэх материал, зааварчилгаа илрүүлжээ. Испанийн Хууль зүйн сайд Алфередо Рубалкаба “Ажиллагаа үргэлжилж байгаа. Зарим нэг сэжигтэн Франц руу зугатан гарсан ч “Segi” бүлгийн гол удирдагчдыг баривчилж чадсан” гэлээ.

АНУ-ын зорилго хэрэгжсэний дараа Афганистаны дайн дуусна

November 25, 2009

Нөхцөл байдал эрс хүндэрсэн Афганистанд нэмэлт цэрэг илгээх эсэх шийдвэрээ Ерөнхийлөгч Б.Обама ирэх долоо хоногт гаргана. Шинжээчдийн таамаглаж буйгаар тэрбээр 40.000 цэрэг илгээх шийдвэр гаргахад бэлэн болсон аж.
Тэрбээр Цагаан ордонд Энэтхэгийн Ерөнхий сайд Монмахан Сингхийн хамтаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын удирдлагаар Афганистанд хэрэгжүүлж буй ажиллагааг амжилттай дуусгахад бүх дэлхийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Афганистан дахь ажиллагаанд бүс нутгийн тэргүүлэх гүрнүүд болох Хятад, Энэтхэгийн дэмжлэг Цагаан ордонд зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
Тэрбээр найман жил үргэлжилж байгаа дайны стратегийн зорилгыг “Аль-Каида” болон түүний холбоотнуудыг устгаж, сүлжээг нь үгүй хийх” гэж томьёолоод, өнгөрсөн жилүүдэд энэ зорилгоо хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Стратегийн энэ зорилгыг хэрэгжүүлснээр дайн дуусч, АНУ-ын аюулгүй байдал хангагдах аж.
Б.Обама Афганистаны талаар ямар арга хэмжээ авахаа ирэх мягмар гаригт ард түмэндээ мэдэгдэх бололтой. Цагаан ордны эзэн америкчууд Афганистанд хийж байгаа дайны гол утга учрыг ойлгож, стратегийн зорилгодоо хүрэх ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Харин цэрэг нэмж илгээх шийдвэр гаргасан тохиолдолд намын нөхөд нь баярлахгүй байх гэж ВВС-гийн тоймч Марк Мардел дүгнэв.

November 24, 2009

76 насандаа Эверестийн оргилд гарчээ

24 November, 2009
Дэлхийн дээвэр хэмээн өргөмжлөгддөг Эверестийн ноён оргилд 76 насандаа гарсан Балбын иргэн Мин Бахадур Шерчан Гиннесийн аварга амжилтын номонд албан ёсоор тэмдэглэгдэж, батламжаа гардан авлаа. Өмнөх дээд амжилтыг 71 насандаа Эверестийн оргилд гарсан, Японы иргэн Кацусуке Янагисава эзэмшиж байсан юм.
М. Шерчан 2008 оны тавдугаар сард 76 нас 340 хоногтойдоо Эверестийн оргилд гарсан юм. Ахмад уулчинд батламжийг нь гардуулах ёслолд тус улсын Ерөнхий сайд Мадхав Кумар оролцож, баяр хүргэсэн байна. М.Шерчан “Би хамгийн өндөр орилд гарах гэж, эсвэл амиа хорлох гэж авиралт хийдэггүй. Дэлхийн амар амгалангийн төлөө үүнийг хийдэг” гэлээ.
Эверестийн оргилтой холбоотой олон дээд амжилтыг энэ уулын бэлд төрсөн балбууд эзэмшдэг. Дэлхийн дээвэрт хамгийн хурдан, хамгийн залуудаа гарсан, тэнд хамгийн урт хугацааг өнгөрөөсөн гэсэн дээд амжилтыг тэд тогтоосон.

Зүсээ мэдэхгүй толио голох

24 November, 2009

Эмэгтэйчүүд нас ахих тусмаа тольдох нь их болдог агаад энэ нь өөрийгөө залуу хүмүүстэй харьцуулан дүгнэж, хөгширч байна гэсэн дарамтад ордогтой холбоотой гэнэ.
Их Британийн бүжгийн багш Ирене Истри, сэтгэл судлаач Эмма Кенни нар 35-69 насны 100 эмэгтэйг оролцуулсан судалгаагаараа энэ бүхнийг тогтоожээ. Энэ насны эмэгтэйчүүд өөрийн царай зүс, бие галбирын тухай өдөрт дор хаяж 36 удаа бараан талаас нь боддог гэнэ. Дунджаар энэ насны бүсгүйчүүд долоо хоногт 1400 гаруй удаа тольдож, 256 удаа биеийн галбирынхаа тухай боддог байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хүнд үе нь өглөө босоод толинд харах байдаг аж. Өдгөө 59 настай хатагтай Хьюсон Шеррие “Зарим өглөө өөрийгөө толинд хараад, бурхан минь, би энэ эмэгтэйг танихгүй гэж хэлчихмээр болдог” гэжээ.
Нас ахиж байгаа эмэгтэйчүүдийн 2/3 нь сэрүүн хэвтэж байхдаа гурван минут тутамд өөрийнхөө гадаад байдалын тухай муугаар боддог байна. Тэдний баталж буйгаар эргэн тойрных нь хүмүүс үргэлж биеийнх нь “санаа зовоосон” хэсгийн талаар яриад байх шиг санагдаг байна. Сэтгэл судлаачийн зөвлөж буйгаар энэ бүгд өөртөө зохиомлоор үүсгэж байгаа сэтгэлийн дарамт бөгөөд энэ тухай хэт их бодохгүй байх нь эерэг нөлөө үзүүлдэг аж.

ЗЭС



О.ТОГОО (2009-07-25)

Оюутолгойн асуудлаар Монгол амьсгалж байна. “Яг болох гэж байтал энэ ингээд бүтэлгүй болчихлоо, тэр тэгээд саад хийчихлээ” гэх мэтээр биенээ хэмлэж байна. Зэс бол цахилгааныг хамгийн сайн дамжуулдаг металл, цахилгаантай холбоотой бүх зүйлд зэс орно. “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” болно гэж В.И.Ленин айлдсан. Цахилгаанжуулахад манай Эрдэнэт чамгүй хувь нэмэр оруулсан ч коммунизм байгуулагдсангүй.

Зэс байхгүй бол юун цахилгаан, юун коммунизм байх билээ. Гэтэл бидэнд зэс байна. Байх байхдаа хэд хэдэн “коммунизм” байгуулчихаар их гээч. Монголын ардчилал дээр зэс нэмбэл юу яачих гээд байдаг. Болдоггүй ээ. Гадна, дотны саад тотгороос болоод байгаа гэнэ. Ингэсээр байтал зэсийн үнэ унаад, зэс хэрэггүй болно гэх нь хаашаа юм, хэрэглээ нь багасч мэдэх юм. Мэргэлж байгаа юм биш. Зэсийн хэрэглээ багасч болох нигуур үнэхээр байна. Одоохондоо айхтар ноцтой биш. Гэхдээ л чингэх суурь нь тавигдаж байна гэх үү дээ.

Ойрын өдрүүдэд Оксфордод “TED Global” нэртэй өндөр технологийн бага хурал болж байгааг бүгд мэдэж байгаа. Тэнд үзүүлж байгаа технологи энэ тэр нь атаархаж үхмээр. Хиймэл тархи хийнэ ч гэх шиг. Манай хөрсөн дор “хиймэл тархи” байхгүй болохоор үүгээр ч яахав, тээ.
АНУ-ын “Witricity” компанийн гүйцэтгэх захирал Эрик Гилер “Манай шинэ систем хэдэн бээрээр үргэлжилдэг өндөр өртөгтэй цахилгааны шугамыг орлох болно. Эрчим хүчийг хэрэгтэй газарт нь хүргэхээр баригдаж буй дэд бүтцэд хэдэн их наядаар нь доллар зарцуулж байна шүү дээ” гэж мэдэгдэв. Тус компанийн бүтээсэн систем маш энгийн. Цахилгаан утас ашиглахгүйгээр цахилгаан хэрэгслийг ажиллуулах, гар утас цэнэглэсэн ч болно.
Бага хурал дээр тэрбээр дотор нь өөрсдийн бүтээсэн системээ суулгасан Google компанийн G1 утас, зурагт зэргийг ажиллуулж үзүүлсэн байна.
Физикийн энгийн үзэгдэл дээр тулгуурласан энэ системийг Их Британийн физикийн профессор Марин Солжачич гэж хүний бүтээл дээр үндэслэн бүтээжээ.

Хар ухаанаар бол цахилгаан соронзон долгионыг цахилгаан болгон хувиргах. Физикийн резонанс гэдэг үзэгдэл бий. Аливаа системийн давтамж гадны хүчний давтамжтай давхцахаар резонанс болж хүч нь эрс нэмэгддэг. Чухам үүнийг ашиглан цахилгаан соронзон долгионыг цахилгаан болгон ашиглах системийг тус компани хийжээ. Аугаа их юм энгийн байдаг гэдэг үнэн аж.
Гэхдээ бидэнд айх юм алга. Сүх далайтал үхэр амар гэгчээр хэзээ үйлдвэрээс гарч, хэзээ хэрэглэгчдийн гар дээр очих юм билээ. Тэрнээс өмнө бид амжаад зэсээ ухаж аваад, түрийвчээ түнтийлгэж орхино л доо, эргэлзэх юмгүй. Тэгээд ч Оюутолгойг ашиглан улс орноо хөл дээр нь босгох нь манай улс төрчдийн нэн тэргүүний зорилго биш юм шиг ээ. Хамгийн гол нь энэ гэрээг байгуулснаараа, Монголын түүхэнд үеийн үед дурсагдах баатар болох зорилго олон хүнд байна. Өөрөө баатар болдоггүй юм гэхэд өрөөлийг ийм болгохгүй байх нь чухал бололтой. Түүхэнд үлдэхийн тулд түүх сайн мэддэг, түүх хэрхэн бүтдэгийг мэддэг байх хэрэгтэй.

Цаг хугацаа бол хамгийн шударга шүүх. Түүхийг ямар ч өнцгөөр хэн ч бичиж болно, бас харж болно. Харин цаг хугацаа бол бүгдийг үнэнээр нь шүүж, хэзээ нэгэн цагт дэлгэн тавина. Учир түүнийг хүн бүтээдэггүй юм.

Мөнгөөр “Дуулдаг гудамжны дуучид, мөнгөөр кноп дардаг төрийн түшээдийн дэмжлэгээр хэн нэгнийг унагаж болно, байр суурийг нь эзэлж болно, өөрөө оронд нь очоод гэрээ байгуулж, бас “баатар” болж болно. Баатар болчихоод баярлан хөөрч болно. Яаж баатар болсныг чинь хүмүүс санаж л байна. Ер нь тэгээд хүний зовлонд баярлаж, түүгээрээ баяр бах болох нь чөтгөр болж байгаагийн шинж юм гэнэ лээ. Чөтгөрийг сайнаар дурсдаг юм болов уу.

Хас тэмдэг хан үндэстний эсрэг

О.ТОГОО (2009-07-27)

Монголын нийслэл Улаанбаатарт нэгэн кино театрын ойролцоох тоосгон ханан дээр шүршдэг будгаар “Хятадуудыг бууд” хэмээн бичсэн нь харагдана. Хас тэмдэг зураад, “Алуурчин залуус…! Аюул! гэсэн бичгийг гэр хорооллын хашаан дээр бичсэн байх нь ч үзэгдэнэ. Хотын хаа сайгүй тааралдах ийм бичээсүүд бол Монголын шинэ нацистуудын “уран бүтээл”.

Жинхэнэ шинэ нацистууд биш ч үе үе хүчирхийлэл үйлдэж, айдас төрүүлдэг хөдөлгөөн. Бүх гишүүн нь нийлээд хэдэн мянгад хүрдэг хэт үндсэрхэг үзэлт гурван бүлэглэл Улаанбаатарт бий. Тэд нацистийн бэлгэ тэмдэг, үзэл суртлыг ашиглах агаад гол зорилго нь Хятадыг үзэн ядах. “Хөх Монгол” бүлэг гэхэд л хятадуудтай унтсан хүүхнүүдийн толгойтой үсийг хусна. Тэдний удирдагч өнгөрсөн жил охиныхоо найз, Хятадад сурдаг монгол залууг хөнөөсөн хэрэгтээ шийтгүүлжээ. Шинэ нацистууд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй байж болох ч өнөөдөр бодитой байгаа үндсэрхэг үзэл тэднээр дамжин илэрч байна.

Орос, Хятадын дунд оршдог энэ үндэстэн, асар их байгалын баялгийнхаа улмаас гаднын аль нэгэн улсын мэдэлд орох вий гэдгээс болгоомжлох болжээ. Үүнээс үүдэн гаднынханд дайсагнах болсноор гадаадын хөрөнгө оруулалтын олон чухал гэрээ удааширсан. Хамгийн нэртэй нь болох “Даяр Монгол” хөдөлгөөний тэргүүн, 50 настай З.Эрдэнэбилэг бол парламентын сонгуульд дөрвөн удаа өрсөлдөөд сонгогдож чадаагүй хүн. Тэрбээр биеэ үнэлэх, мансууруулах бодис дэлгэрч байгаад хятадууд буруутай хэмээн үзэж, жигшин зэвүүцдэг. З.Эрдэнэбилэг “Монголчуудын цус харийнхантай холилдох л юм бол дуусна. Бид маш хурдан уусна” гэсэн юм. З.Эрдэнэбилэг бол Монголын нацистуудын дотор настайд орох хүн. Харин 23 настай Ш.Мөнгөн-Эрдэнэ бол өвчүүн дээрээ хас тэмдэг шивсэн залуухан толгойлогч. Тэрбээр 200 орчим гишүүнтэй “Нэгдсэн Монгол” бүлгийн тэргүүн. Энэ хөдөлгөөн хууль зөрчсөн гадаадын иргэд, тэр дундаа хятадуудын эсрэг арга хэмжээ авдаг. Яагаад ингэдгийг нь асуухад “Тэд энд амьдрах ёсгүй” хэмээн хариулсан юм. Тэрбээр зөөврийн компьютерээ дэлгэн өөрийн нацист найз нарын зургийг үзүүлсэн.

“Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн төслийн менежер Дагвын Энхцэцэг “Шинэ нацистууд гадаадаас ямар нэг дэмжлэг авдаггүй. Тэдний хэт үндсэрхэг байр суурь гадаадад сурч байгаа олон монгол залуусын амьдралыг эрсдэлд оруулж байгаа юм” гэсэн. Тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хятад гаралтай гэсэн хийрхэл дэгдсэн гэнэ. Д.Энхцэцэг “Энэ бол хуучны мэх. Дээр үед ч ингэдэг байсан” хэмээн тайлбарласан.

Шинэ нацистууд аюултай хүмүүс
Тавдугаар сард “Энхтайвны корпус”-ын хоёр ажилтан бааранд “Даяар Монгол”-ын залуустай муудалцаад гарч явсныхаа дараа нэвширтэл зодуулсан. Эрдэнэбилэг үүнийг манай залуус оролцоогүй хэмээн эрс үгүйсгэсэн. Улаанбаатарт амьдардаг, нэрээ хэлэхгүй байхыг хүссэн америк залуу “Шөнийн клубт монгол бүсгүйтэй нэлээд задгайдуу бүжиглэсний төлөө нацистууд намайг хоргоож, хас тэмдэг үзүүлсэн. Тэдний энэ үйлдэл ердийн тэмцэл биш. Тэд гаднынхан зайл гэсэн мессэжийг хүнд нударга, ханан дээр бичсэн үгсээрээ дамжуулан өгч байна” гэв.

Харамжаар өвчин анагаагч монгол бөө

О.ТОГОО (2009-07-21)

Удган бүсгүй тэвдсэн янзтай янжуураа савчиж, нэг залууд засал хийж буян заяаг нь тэгшитгэнэ гэлээ. Хоёр удаа салж, ажил тань бүтэлгүйтсэн үү? гэж асуугаад, тийм ээ, тийм байна гэх нь аль хэдийнэ энэ бүгдийг мэдэж байсан янзтай. Гэхдээ засал хийхэд дахиад архи хэрэгтэй бололтой. Бүсгүй лонхонд үлдсэн шаравтар өнгөтэй архинаас аяганд нь тонгойлгох өнөө залууг харангаа, өгсөн архийг нь авч балгав. Зөвхөн архины нууцлаг увидасийн ачаар л удган юу хийхийг хэлж өгдөг гэнэ.

Тэрбээр архийг илүүтэй таалдаг ч догшин онго, шүтээн нь шар айргийг илүүд үздэг аж. 47 настай Энхтуяа /Монголчууд овгоо хэрэглэх нь түгээмэл биш/ аз муутай залууд шүгэлсэн хар хүчийг /bad energy гэж бичсэн байна/ зайлуулахын тулд түүнийг архиар биеэ угааж, нойтон цамцаа архи, ус хольсон түмпэн рүү хийгээд дээрээс нь хэдэн хэрчим адууны мах хая. Дараа нь түмпэнтэй “хольцыг” гэрээсээ хол аваачиж асга гэв. Ингээд түүнд шүгэлсэн муу зүгийн сүнс тонилж алга болно гэж удган айлдсан юм. Түүнээс гадна бүтэн сарын турш хармаандаа давс, элсэн чихэр авч явах ёстой бөгөөд өдөр бүр нэг аяга архи баруун талдаа асгах ёстой гэж айлдсан. “Эдгээрийн аль нэгийг биеэсээ салгах л юм бол муу зүгийн сүнс буцаж ирээд улам их түвэг учруулах болно шүү” гэж удган мөнөөх залууд анхааруулж байв.

Залуу ч баярласан талархсанаа илэрхийлэн 1000 төгрөг /70 орчим цент/ бариад гарч одов. Түүний дараа гадаа дугаарлаж байсан хүмүүсийн хамгийн эхнийх нь болох настай эмэгтэй орж ирсэн.
Энхтуяа бол өдөр ирэх тусам тэлж буй нийслэл хотод борооны дараах мөөг шиг олширч, бөө мөргөлөөр ашигтай бизнес хийж байгаа удгануудын нэг. Гурван сая хүн амтай энэ орны иргэдийн гуравны нэг нь нийслэлдээ сууж байна. Коммунист дэглэмийн үед 70 шахам жил хориотой байсан бөө мөргөл өдгөө төрийн хамгаалалтад орж, хотын амьдралын нэг хэсэг болжээ.

Бөө, удганууд эрэлт ихтэй. Улс орон нь зах зээлийн эдийн засагт шилжих үед хөл алдан ахуй амьдрал нь доройтсон түшмэд, ажилгүй болсон хүмүүс, малаа баран хот бараадсан малчид ажил хөдөлмөр, хайр дурлал, эрүүл энхийг хайн бөө, удгануудын гэрт багтаж ядан чихэлдэж байна.
Цахилгааны инженер байгаад саяхан чанар хийж бөө болсон 30 настай Чинбат “Урьдын цагт хүмүүс голдуу бороо хур оруулж өгөхийг хүсэмжилдэг байсан юм гэнэ лээ. Одоо бол мөнгөтэй болгож өгөхийг л хүсдэг” гэж байна.

XVI зуунд Төвдөөс бурханы шашин орж ирэх хүртэл бөө мөргөл тал нутагт байсан юм. Гол үзэл нь онгон байгалийг шүтэж, уул ус, газар тэнгэрийн эзэд болох онго савдгийг тахих. Цагийн эрхээр овог аймгууд нь өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө аястай мөргөл ёслол, дэг жаягтай болжээ. Зарим бөө онго шүтээнээ дуудахдаа хэнгэрэг дэлддэг бол, зарим нь аман хуур хэрэглэнэ, нэг хэсэг нь онго шүтээнтэйгээ харилцахдаа амнаас нь хөөс сахарч үл мэдэгдэх үг хэлнэ.

Бөө болох хүнийг тэнгэр өөрөө аль нэг гэр бүлээс сонгодог агаад сонгогдсон хүнд ихэвлэн шинжлэх ухааны онолоор үл тайлагдах явдал учрах эсвэл онош нь үл тогтоогдох ямар нэг өвчин тусах зэрэг байдлаар илэрдэг гэх яриа бий. Чинбат өөрийгөө сонгогдсон болохыг нэгэн бөөгийнд очихдоо мэдсэн гэнэ. Учир нь уг бөө түүнд “Аавд чинь элэгний өвчин туссан нь чамд өгч буй нууцлаг дохио” гэж айлджээ. Эхэндээ тэрбээр энэ саналыг няцаасан ч удалгүй аав нь өөд болсноор, долоо хоногт 500 мянган төгрөг /350 доллар/ төлж, өөр 11 хүний хамт бөөгийн чанарт суралцсан байна. Хэнгэрэг, хуягны /бөөгийн өмсгөл. Орч/ үнийг тусад нь төлсөн аж. Одоо тэрбээр онго шүтээн дуудан хардаг, харьцдаг болсон гэж хэлсэн. Гэхдээ энэ чадвараа зөвхөн гэртээ ашигладаг агаад тэр бүр хүнд хэлээд байдаггүй гэсэн. Тэгээд ч цаашид мэргэжлийн ажлаа хийх төлөвлөгөөтэй байгаа хүн. “Бөө хүн мөнгө хийх биш, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй” гэж тэр хэлдэг.
Гэвч түм түчигнэсэн Улаанбаатарт зүрхний шигдээснээс авахуулаад өвчин зовлон, ажлаас халагдах энэ тэр гээд асуудал мундахгүй тул үйлчлүүлэгч ихтэй. Бөөгийн сүр хүчинд итгэсэн олон зуун монголчууд тэднийг таксигаар авчирна, яаруу үед утсаар ч дуудна.

Будапешт дахь Eotvos Lorand их сургуулийн Монгол судлалын танхимийн дэд профессор, Монголын орчин цагийн бөө мөргөлийг судлаач Матиас Балог “Бөө хэмээн өргөмжлөгдөх нь алдар нэр, амьжиргаа авчирдаг. Бөө гээд байгаа эдгээр хүмүүсийн зарим нь ёслолоо өөрсдөө зохиодог, уламжлалт арга хэрэглэдэг бөө, удганууд тэднийг мөнгөний төлөө явдаг хэмээн буруутгадаг юм билээ. Шинэ бөө /neo-shaman гэсэн байна/ нарт суралцах хүн үгүй учраас юмаа өөрсдөө зохиодог” гэв.

Зоригтбаатарын Банзар өөрийн ид шидийг Бөө мөргөл, мөнх тэнгэрийн төв гэж нэрлэсэн, дугуй ханатай майхан буюу гэрт үзүүлнэ. Улаан хамартай, тавь орчим настай Банзар дээд тэнгэрээс заяасан их хүчтэй болохоо цэрэгт байхдаа говьд төөрч, дараа нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэн хэвтэж байхдаа мэдэж, бусдад энэхүү гайхамшигт “бэлэгнийхээ” тухай хэлсэн юм байна. Өнөөдөр тэрбээр удган эхнэрийнхээ хамт Монголын удирдагч Чингис хааны нэрээр амжилттай бизнес хийж байна. Тэдний хэлж буйгаар Чингис хаан бүх үеийн хамгийн хүчтэй бөө байсан гэнэ. Тэрбээр Чингис хааны сүнстэй холбоо тогтоож, долоо хоногт хэдэн зуугаар ирдэг сүсэгтнүүдээс ашиг олдог. Банзарын хэлж буйгаар түүний ажил дундаж бөө нарынхаас хамаагүй чухал зүйл аж. “Дэлхийн төгсгөл ирж байна.

Өнөөгийн монголчууд энерги, эрч хүчээ улам бүр алдаж байгаа учраас залхуу хойрго болсон. Би ард түмэнд туслахаар илгээгдсэн хүн, ямар нэг хорт хавдар, шүдний өвчнийг анагаагч биш” гэсэн.

Гоёмсог малгай, муу муухайг зайлуулагч эрдэнийн чулуугаар чимсэн торгон хувцастай Банзар баавгайн хохимой толгой, монгол төгрөг, Гордоны жин архи тавьсан тахилынхаа өмнө хонины арьсан хэнгэргээ дэлдэн, бөөлнө. Хорь гаруй сүсэгтэн өргөлийн идээ, тавгаа барин дугуйран суужээ. Сүсэгтнүүд гадаа чих дүлийртэл чарлалдах сигналын дууг үл хайхран түүний хэнгэрэг рүү хамаг анхаарлаа хандуулан, амандаа сайн сайхныг хүсэн бувтнаж, архиар сэржим өргөнө. Ёслол дуусч Банзараар толгойдоо массаж хийлгэсэн хүмүүс, аз авчирдаг гэх нэг, нэг дөрвөлжин ёотон өвөртлөн одов.

Уламжлалт бөө мөргөлийг хадгалах зорилготой Голомт бөө мөргөлийн төвийн ерөнхийлөгч Шагдарын Сүхбат сүсэгтнүүдийг өөртөө татахаар өрсөлдөж буй Банзар мэтийн хүмүүсээс авахуулаад саяхнаас орж ирсэн Мормон, Католикийн сургаал дэлгэрүүлэгчдийн тухай ярихдаа уурссандаа байж ядах юм.

Гэлээ гээд түүний толгойлдог төв 1996 онд нээгдсэнээсээ хойш 1500 бөөг сургасан агаад бас ч үгүй орчин үеийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрчээ. Санхүүгийн зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс ч хаалгыг нь тогшдог юм байна. Лас-Вегаст хамгаа алдчихаад ирсэн хоёр ч нөхөр тэдний дотор байгаа гэнэ. Сүхбатын хэлж буйгаар тэд Лас-Вегаст буцаж очоод, үтэр түргэн хоёр сая доллар хожсон бөгөөд ямар нэг технологи ашиглан тэндээс энэ төвийн бөөтэй холбогдож байсан юм байх.

“Өнөө бөөгийн бие нь энд ажиллаж байх зуур сүнс нь тэнд /Лас-Вегаст/ оччихсон байсан“ гэж Сүхбат гар утсаараа оролдох зууртаа тайлбарласан юм хэмээн Ден Левин Нью-Йорк Таймс сонины долдугаар сарын 10-ны дугаарт бичсэнийг хөрвүүлэв.

“Ямар нэг өөрчлөлт гарахыг би мэдэрч байна”

О.ТОГОО (2009-06-20)

Зургадугаар сарын 18-ны пүрэв гаригт олон мянган монголчууд нийслэлийнхээ төв талбайд цугларч, 1990 оноос хойш тав дахь удаагаа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ялалт байгуулсан сөрөг хүчний АН-ын нэр дэвшигч тангаргаа өргөхийг харахаар иржээ.

Харвардын их сургуулийн боловсролтой, Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан Цахиагийн Элбэгдорж шударга ёс тогтооно, авлигатай тэмцэнэ, уул уурхайн баялгаас түмэн олондоо илүү ихийг хүртээх гарц олох болно хэмээн амлаж, тавдугаар сарын 24-нд болсон сонгуулиар 51 хувийн санал авч, МАХН-ын нэр дэвшигч Намбарын Энхбаярыг ялсан юм.

51 настай, нягтлан бодогч байгаад одоо хоосорч гудамжинд гарсан Мөнхийн Мөнхбаяр “Үнэхээр сайхан хэрэг. Ямар нэг өөрчлөлт гарна гэдгийг би мэдэрч байна” гэсэн юм. Хүн амынх нь гуравны нэг нь өдөрт таван доллараас бага орлоготой, эх газарт түгжигдсэн орныхоо 2.7 сая иргэнд амласнаа Ц.Элбэгдорж биелүүлж чадах уу, үгүй юү гэдгийг харах л үлдлээ. Уул уурхайн инженер, шинэ Ерөнхийлөгчийг дэмжигч 43 настай Д.Мөнхбаатар “Нийгэмд авлига хамгийн том асуудал гэдгийг бүгд мэднэ. Тэр үүнийг зогсоож чадна гэдэгт би итгэж байгаа” гэв.

Үндэсний хувцас, малгай өмссөн 46 настай Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, шинэчлэл түүний ажлын үндсэн чиглэл байна гэдгийг цохон хэлсэн.

“Авлигач төр хүчгүй байдаг. Бид энэ өдрөөс эхэлж авлигыг таслан зогсоох ёстой. Хүмүүс олон зүйл хүсч буйг би мэдэрч байна. Тэд эдийн засгийн таатай орчин, шударга ёс, авлигагүй эрүүл нийгэм хүсч байна. Богино хугацаанд энэ бүхнийг хийх боломжгүй ч ард түмэн юу хүсч байгааг миний бие хэзээ ч умартахгүй гэж хэлэв.

Хэдийгээр ноён Элбэгдоржид шүүх засаглалд шинэчлэл хийх эрх мэдэл очиж байгаа ч улс төрийн хамгийн том эрх мэдэл бүхий парламент, Засгийн газар өдгөө МАХН-ын хяналтад байгаа. Тус улсын парламент Ерөнхийлөгчийн хоригийг гуравны хоёрын саналаар хүлээн авахгүй байх эрхтэй.

Энэ өдөр Сүхбаатарын талбай амар амгалан байлаа. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд МАХН парламентын сонгуульд хөндлөнгөөс оролцож, санал худалдан авч, ялалт байгууллаа гэсэн мэдэгдэл тарсны дараа үймээн дэгдэж таван хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан. Ёслолын ажиллагааны үеэр энэхүү үйл явдлын тухай өгүүлсэн “Долдугаар сарын 1” киноны танилцуулгыг монгол залуус тарааж байв.

Тавдугаар сард болсон Ерөнхий¬лөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж хотод, Н.Энхбаяр хөдөөд илүү олон санал авчээ. Ёслолын ажиллагааг үзэхээр ач охинтойгоо ирсэн 57 настай Н.Дулмаа хоёр нам хамтран ажиллана гэдэгт итгэдэггүй бөгөөд түүний бодлоор Элбэгдорж илт давуу ялах ёстой байтал Улаанбаатараас бусад газарт санал худалдаж авах явдал хавтгайрснаар тэгж чадаагүй гэнэ. Гэхдээ Монголд ардчилсан үйл явц төгөлдөр болж, бүрэн төлөвших цаг ирнэ гэдэгт Н.Дулмаа найдаж байгаа аж. Тэрбээр “Коммунистууд 70 гаруй жил төр барьсан. Одоо эрх мэдлийн зарим хэсэг АН-д очлоо. Өөрчлөлтийн салхи сэвэлзэж байгааг бид анзаарч байна” гэсэн юм.

Уул уурхайн баялагт тулгуурладаг Монголын эдийн засаг энэ жил үнийн уналтын улмаас хүнд цохилт амссан. Эдийн засгийн хямралаар ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ доошилсноор малчид, худалдаачдын амьжиргаа дордсон. Эдгээр хүндрэл нь эргээд хөрш ОХУ, Хятадын нөлөө дахин сэргэх, нэмэгдэх хүчин зүйл боллоо. Хэдий тийм боловч Америкийн тал баримтлагч Ц.Элбэгдорж АНУ, Японтой тогтоосон харилцаагаа улам бэхжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр уул уурхайд шинэчлэл хийж, гадаадын компаниудтай дахин хэлэлцээ хийнэ гэж амлалаа. “Айвенхоу майнз”-тай хийж буй гэрээнд ашгийн 50 хувийг төр авна гэсэн заалт оруулах хүсэлтэй байгаагаа Ц.Элбэгдорж тангараг өргөхөөсөө өмнөхөн илэрхийлсэн юм.

“Уул уурхайгаас орох ашгийг дарга нар, баячуудад биш, энгийн иргэдэд зориулах ёстой” гэж тэрбээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан юм гэж Майкл Стандаерт “Вашингтон пост” сонины зургадугаар сарын 19-ний дугаарт бичсэнийг хөрвүүлэв.

Цагаан зээрийн чуулган

О.ТОГОО (2009-05-18)

Онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн нутгийн нэг болох Монголын тал нутагт цагаан зээр хэдэн зуун мянгаараа багширна. Сахлаг уудам энэ талд ийм олноор багширч байсан нь бараг үгүй аж. Үүнийг харсан биологичид дэлхий дээрх бүх цагаан зээрийн дөрөвний нэг нь Монголд байна гэсэн барагцаа тоо хэлсэн юм.

АНУ-ын Массачусетс муж улсын их сургуулийн эрдэмтэн Кирк Олсон “Сая харсан зүйлээ хараад би маш их гайхаж, юу хийхээ мэдэхгүй болсон” хэмээн өгүүлсэн.

К.Олсон болон түүний америк, монгол хамтран зүтгэгчид цагаан зээрийн энэ том чуулганы талаарх судалгааны материалаа Oryx сэтгүүлд хэвлүүлжээ. 2007 оны есдүгээр сарын 7-нд Олсоны багийнхан Монголын уудам тал нутагт үхэж үрэгдэлгүйгээр тэсч үлдсэн олон зуун цагаан зээрийг судлахаар Дорнод руу гарчээ. Тэдэнтэй хамт Смитсониан хүрээлэнгийн ажилтнууд цуг явсан бөгөөд тэд цагаан зээрийн хөдөлгөөн, нүүдлийг нь олж тогтоохын тулд барьж авсан зээрийнхээ хүзүүнд GPS дамжуулагч суулгасан хүзүүвч хийн тавьсан.

Дорнодын их талын зах руу ороод л тэд, нэг хоёр мянгаараа сүрэглэсэн цагаан зээртэй таарч эхэлсэн байна. Үүнийг К.Олсон “Ийм тоо толгойтой сүргийг харахад маш сайхан, сэтгэл хөдөлмөөр байсан” хэмээн дүрсэлсэн юм. Дараах өдрийнхөө үд дунд тэд бяцхан толгод даваад жинхэнэ гайхамшгийг олж харсан аж. “Тэр бол 250 мянган тоо толгойтой аварга сүргийн нэг зах нь байсан. Ийм зүйл хараад бид зүгээр л хөшчихсөн. Цагаан зээрийн аварга том сүргийн дүр төрх миний ой тойнд хэзээ ч арилшгүйгээр хадагдан үлдсэн. Бид цагаан зээрийн том сүрэгтэй тааралдана гэдгээ мэдэж байсан. Гэхдээ тэнгэрийн хаяа хярхаг хүртэл хэдэн зуун мянгаараа багширсан сүрэгтэй таарна гэж төсөөлөөгүй. Урьд өмнө ийм том сүрэгтэй би таарч байгаагүй, ингэж олноор сүрэглэсэн тухай мэдээ баримт ч олж хараагүй” гэсэн юм.

Монголын цагаан зээр олон мянгаараа сүрэглэдгээрээ алдартай. 10 мянга юм уу түүнээс дээш тоо толгойтой сүргийн тухай мэдээлэл байнга шахуу сонсогдож байдаг аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 80 мянган толгойтой сүргийн тухай мэдээ бүртгэгджээ. Хээр талыг хамарсан их түймэр, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ингэж олноороо цуглардаг нь жам ёсны үзэгдэл аж. 2007 оны зун тал нутгийн ихэнх хэсгийг хамарсан ган болж, цаг агаар хуурайшсан аж. Цагаан зээр тэр зун нутгаасаа дайжиж, ногоо гарсан хэсэгхэн газар цугларсан байна. Одоохондоо хүний хөл хүрээгүй зарим газарт хоёр долоо хоногийн өмнө усархаг бороо орсноор ногоо цухуйсан нь цагаан зээрийн зоог тэнийлгэжээ.

К.Олсон “Бага ч гэсэн бэлчээрлэж болохоор нутаг үлдсэн байна. Зун ган болбол цагаан зээр энд зусах боломжтой байна гэдэг сайн зүйл. Тал нутаг өнөөг хүртэл онгон зэрлэгээрээ байна. Гэвч энэ том сүрэг толгой бүтэн онд орж чадахгүй байх” гэв.

Нутгийн малчид “Хээрийн амьтад дайжих, дүрвэх болохоороо ингэж олноороо цуглардаг” гэцгээж байгаа гэнэ. Тал нутгийг зорин хөгжил дэвшил айсуй. Бүс нутагт газрын тосны хайгуулын ажил өрнөж, тэр хэрээр хүн ам олшрон зам тавигдаж, газар хагалж, хашаа хатгах нь улам бүр ихсэж байна. Дорнод Монголын 250 мянган ам.км тал нутаг бол Өвөрмонгол, Манжуурыг бүхэлд нь хамарсан 1.5 сая ам.км экосистемээс онгон зэрлэгээрээ үлдсэн сүүлчийн хэсэг нь юм.

“Дахиад ган болох юм бол цагаан зээрд хоол хайн нүүдэллэх газар байхгүй. Урагшаа 30 км яваад л хилийн хашаатай тулна. Олон мянган зээр үхлээ гэсэн мэдээг бид дамжуулж болох юм” гэж К.Олсон нэмж өгүүллээ. Ганц зээр ч биш бөхөн, монголчуудын хулан гэх зэрлэг илжиг анчдын бууны амыг тосолсоор тоо толгой нь ихээхэн цөөрч. Зээрийн сүрэг цөөрөхөөс өмнө тэднийг хамгаалах үйл ажиллагаагаа амьтан хамгаалагчид идэвхжүүлнэ гэдэгт эрдэмтэд найдаж байна. Сахлаг өвстэй тал нутаг, түүгээр нүүдэллэн амьдардаг амьтдын хувь заяа улам бүр бүрхэг болж байна.

Эцэст нь К.Олсон болон түүний багийнхан “Дорнод Монголын тал нутаг бол өнөөгийн дэлхий дээр экологийн тэнцвэрээ бүрэн бүтэн авч үлдсэн сүүлчийн газруудын нэг. Цагаан зээр бол Төв Азид хамгийн олон тоотойгоор үлдсэн зэрлэг амьтдын нэг. Өнөөдөртөө бэлчээрлэж буй нутаг газар нь удалгүй алга болж, тэдний амьдрах орчин нь үгүй болоход хувь заяа нь хаашаа эргэхийг мэдэх аргагүй” хэмээн ВВС-гийн Матт Уолкер бичсэнийг хөрвүүлэв.

Говьд нүүрлэсэн санхүүгийн зуд

О.ТОГОО (2009-04-21)

Зах зээлийн донсолгоо малчин Халтархүүгийн Содномдаржаад хүндээр тусч байна. Банкны хүмүүс их говийн захад орших гэрт нь ирж өгсөн зээлийнхээ оронд малыг нь авна гэдгээ дуулгажээ. Ноолуураар хийсэн цамц, алчуур худалдаалдаг Өрнөдийн дэлгүүрүүд үүдээ барих болсноор Монголын малчдын бэлтгэдэг ноолуурын ханш унаж, банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Монголчууд энэ хямралыг хамаг малыг нь бардаг хайрам өвлийн аюулт үзэгдэлтэй зүйрлэн санхүүгийн зуд хэмээн нэрийджээ.

Банкны хүмүүс малаараа барьцаалан авсан 2700 долларын зээлээ төлж чадахгүйд хүрсэн Х.Содномдаржааг малаа зар хэмээн дарамтлах болж. Тэдний үзэж буйгаар Х.Содномдаржаа малынхаа тоо толгойг худлаа мэдээлж банкийг хуурсан этгээд. Гэвч тэрбээр тийм юм огт болоогүй гээд байгаа. Үлдсэн мөнгөө яаралтай төлөхгүй бол гэрийг нь хураах шийдвэрийг шүүх гаргасан байна. Аргал өрдсөн дулаан гэртээ өвөлжиж байгаа Х.Содномдаржаа өрөө яаж барагдуулахаа мэдэхгүй шаналж сууна. Хэлдэг үг нь “Надад ямар ч мал үлдээгүй”.

Монгол малчдад тулгараад буй энэ байдал эдийн засгийн хямрал дэлхийг тэр чигт нь хамарсны нэг нотолгоо. 2.6 сая хүн амтай энэ орны хүмүүсийн дөрөвний нэгийнх нь амьжиргаа мал аж ахуйгаас шалтгаална. Хямралын шалтгаан нь АНУ-д орон сууцны баталгаагүй зээл ихээр өгсөнтэй адилавтар. Малчдын зарим нь ноолуурын үнэ байнга өндөр байх юм шиг санаж, олж чадахаасаа илүү зээл банкинд тавьсан төдийгүй авсан мөнгөө мотоцикль, нарны зай хураагуур гэх зэрэг зүйлд үрж дуусгажээ.

“Банкууд учирч болох эрсдэлийг тооцолгүй зээлийг чөлөөтэй өгч байсан” гэж банкирууд хэлж байна. Өдгөө банкууд арга буюу малчдыг барьцаанд тавьсан мал хуйгаа зар гэж тулгах болж. ХААН банкны орлогч захирал Даймаагийн Батсайхан “Байдлыг хүндрүүлэхгүйн тулд бид чадах бүхнээ хийж, аль болох уян хатан бодлого барьж байна. Өнгөрсөн жил банк ноолуурын ханш чухам хэд байхыг нарийн тооцоолох боломжгүй байлаа. Бид эрсдэлийг тооцох менежментээ өөрчилсөн. Манайх болон бусад олон зээлдүүлэгчид малчидтай хамтран ажилладаг. Малчдад тараасан их зээлийн 11 орчим хувийнх нь төлөх хугацааг сунгасан. Үнэндээ бол малчдад зээлдүүлсэн тэр мөнгө чинь бусад монголчуудын хадгаламж юм шүү дээ. Түүнийг нь эрсдэлд оруулахгүй байх нь банкны үүрэг” гэлээ.

Одоо бол банк зээлээ зогсоосон. Малыг нь хүчээр заруулснаас зах зээлд бөөгнөрөл үүсч малын арьс, махны үнэ доошилсон. Говь-Алтай аймгийн төв Алтайд суудаг гэх малын худалдаачин Мөнхбатын Цэдэндорж “Хотын зах дээр мал, махны үнэ хямралын өмнөх үеийн үнээс 50 хувиар унасан. Би энэ бизнесийг 10 жил хийхдээ ийм юм үзээгүй. Тэд малчдыг дампууруулж байна” гэж хонь, ямааны гулууз пиг ачсан ачааныхаа машины өмнө зогсоод хэлж байв. Гэр хороолол, захиргааны хэдэн байшин, цөөхөн дэлгүүртэй Цогт суманд ярианы гол сэдэв нь өр.

Аймгийн төвөөс өнгөрсөн нэгдүгээр сард өрөө төлөөгүй хүмүүсийн хөрөнгийг шүүхийн шийдвэр гартал битүүмжлэх тушаал иржээ. 45 настай Сономын Наранчимэг зээлээ барагдуулахаар 300 гаруй малаа зарсан бөгөөд удахгүй барьцаанд тавьсан гэрийг нь ч зарах гэнэ. Түүний хэлж буйгаар банкны ажилтан “Та нар цөмөөрөө гуйлгачингууд. Төлж чадахгүй бол яах гэж зээл авдаг юм” хэмээн хэлсэн аж.

Малчид хавар ноолуур самнах, намар мах бэлтгэхэд л мөнгөний бараа хардаг. Сүүлийн жилүүдэд арилжааны банкууд энэ орлогоор нь барьцаа хийж зээл олгохоор өрсөлдөх болсон. Сарын 2-3 хувийн хүүтэй банкны зээл энэ хооронд малчдад үнэхээр дэм болдог. 2007 оны сүүлээс АНУ-ын эдийн засагт уналт эхэлснээс хойш байдал өөрчлөгдөж эхэлж. Өнгөрсөн оны зургадугаар сард зах зээл дээр нэг кг ноолуурын үнэ өмнөх жилийнхээс 33 хувиар унажээ. 33000 төгрөг байснаа 19000 болсон хэрэг. Уналт ингээд зогссонгүй. Малчдын ярианаас үзэхэд тэд үүнээс хойш өөрсдийнхөө биш банкны малыг хариулах болж. Малаа өрөнд өгсөн малчид орлогын өөр эх үүсвэрээ олохоор зүтгэж байгаа ч мухардалд орж. 128 богоо 1270 долларын өрөнд өгөөд Алтай хотыг бараадсан Пүрэвдэлгэрийн Будхүү гэх бэлэвсэн эхнэр, хоёр хүүхдийн хамт хар захын ойролцоо сууж байна. Тэрбээр “Яахаа мэдэхгүй байна. Хөдөө гарна гэхээр мал байхгүй болсон. Дэлгүүр, зоогийн газар, зочид буудлаар ажил хайсан ч бүтэлтэй юм алга. Ажилгүй болохоор суурин газар хэцүү юм” гэв.
Х.Содномдаржаа урьд нь банкнаас зээл авч байгаагүй бөгөөд өөрийнх нь хэлж буйгаар банкны ажилтан түүнд зээл өгөх сонирхолтой байсан гэнэ.

Харин банкны ажилтнуудын яриагаар бол тэд зээл өгөхөөсөө өмнө мал тооллогын албан ёсны тайланг үзсэн агаад Х.Содномдаржаа 267 мал тоолуулсан байсан тул зээл өгөхөөс татгалзаагүй аж. Гэтэл зээлээ төлөх болоход тоолуулсан малын 90 толгой нь л түүнийх болохыг мэджээ. Үүнийг нь мэдсэн бол бид түүнд ийм их зээл өгөхгүй байсан гэж банкныхан хэлж байна. Харин Содномдаржаа үүнийг эрс үгүйсгээд “Банкны хүн надаас малын тоо толгойны тухай ерөөсөө асуугаагүй “гэж байгаа. Тэрбээр бүх малаа зарсан ч одоо банкинд 2.7 сая төгрөгийн өртэй. Өрөө төлөхөөр барилга, уул уурхайд ажиллахаар зэхэж. Одоохондоо сүү, саалийг нь хэрэглэх зарах эрхтэйгээр айлын тэмээ авч маллаж байгаа. Хоёр сард нэг удаа авдаг цалин нь авахад дөнгөн данган хүрдэг.

“Хүүхдүүд маань махсаж байгаа. Гэвч бид хоёрт тэдэнд өгөх мах алга” гэж Содномдаржаа өгүүллээ хэмээн Гордон Файрлофын “Wall Street Journal” сонины өчигдрийн дугаарт бичсэнийг хөрвүүлэв.

Хөлгийн шандас сорьсон хөдөө талаар

Домогт байлдан дагуулагч Чингис хаан ч үзэж өнгөрүүлсэн байж магадгүй тэсвэр хатуужлийн шалгуурыг давсан хорь гаруй морьтон барианы зурхай руу хурдлана. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн морин аялагчид Монголын тал нутгаар 10 хоног уралдаж, 860 км замыг туулсан юм. Зохион байгуулагч Монгол Дерби үүнийг дэлхийд хамгийн холд тооцогдох уралдаан хэмээн хэлж байв.

Өмнөд Африкийн уран барилгач Чарльз Ван Уик, Монголын Шаравсамбуугийн Галбадрах нар зуузай холбон барианд орсон бөгөөд араас нь Аргентин, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Испани, АНУ-ын морьтонгууд орсон. Их Британид төвтэй The Adventurists байгууллага энэхүү ер бусын уралдааныг Монголын уламжлал, соёл, зан заншлыг дэмжих зорилгоор зохион байгуулсан юм. Уралдаанд оролцогсод хоорондоо 40 км зайтай байрлах өртөөн дээр морьдоо юүлж байв. Өртөөг Чингис хааны үед Монголын эзэнт гүрний нэг захаас нөгөөг хүртэл мэдээ дамжуулдаг байсан тэр хэлбэрээр байгуулсан байлаа. Монголын эзэнт гүрний нэг захаас нөгөөг хүртэлх нутаг гэдэг нь Номхон далайн эргээс Европ хүрсэн уудам орон зай.

28 настай Чарльз Ван Уик “Орчин үеийн амьдралын хэв маяг тал нутгийг ихээхэн өөрчилж. Гэхдээ хүмүүс нь бүгд хот руу ирж байна гэсэн үг биш л дээ. Үнэндээ бол хөдөө нутагт амьдралын төвшин муугүй юм. Бид хотод ирчихсэн хойноо хүртэл зарим зүйлийг нь үгүйлж л байлаа” гэсэн. Өртөө болгон дээр барьсан монгол гэрт морьтнуудыг хонины чансан мах, монголчууд их уудаг айргаар зочилж, тухтай амрааж байсан ч заримдаа аялагчид хээр хонох тохиолдол байсан. Уралдааны үеэр нийтдээ 700 гаруй морьд хэрэглэсэн.

The Adventurists-ийн захирал Том Морган “Сүүлийн долоон жил Монголд амьдарсны хувьд хөдөөд морь хичнээн үнэ цэнэтэй зүйл болохыг бид сайн мэднэ. Дэлхийд ийм олон адуутай, унаад давхих уудам дэлгэр, төгс төгөлдөр газар нутагтай орон хаа ч байхгүй. Урьд нь ийм уралдаанд зохион байгуулж байгаагүй болхоор айх эмээх зүйл бишгүйдээ л гарсан. Гэвч бүх юм тун сайхан болж өнгөрлөө. Монголын нүүдэлчид, тэдний гайхамшигт морин өртөө, шандаст хүлгүүдэд нь талархал илэрхийлье” гэлээ.

The Adventurists жил бүр Лондоноос Улаанбаатар хүртэлх авто ралли уралдааныг зохион байгуулдаг. Дандаа жижиг машин оролцдог энэ уралдаан аюул осол ихтэй эд.
Морьтонгуудын зарим нь мориноосоо унан бага зэрэг шалбарч, нэг нь тархиа жаахан хөдөлгөснийг эс тооцвол бүх юм сайхан болсон. Юндэнбатийн Үнэнбат үүнд их гайхсан байртай “Замынхаа талыг барахгүй улс байна гэж бодож байлаа. Харин урт замыг мэнд туулаад барианд орж ирэхэд нь л андуурсанаа мэдсэн. Залуус зоригтой, шаргуу, хатуужилтай болохоо үзүүлсэн” гэж байв.

Оролцогч бүрд эртний улаачид хэрэглэдэг байсан пайз олгосон. Тэр цагт үүнийгээ үзүүлэн эзэнт гүрний нутгаар хөндлөн гулд явах эрхтэй байдаг байж. Харин уралдаанд оролцогсод орчин үеийн харилцаа холбооноос хол байсангүй. Малчид гар утас хэрэглэнэ, зарим нь гэрийнхээ гадаа тавган антеннтай.

Энэ уралдаанаар босгосон мөнгөний дийлэнхийг Азийн буурай орнуудын нэг болох Монголд ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж буй Mercy Corps-т хандивлах юм. Хойтон жил ийм арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй буйгаа Т. Морган хэлсэн. Оролцох хүсэлтэй хүмүүс онлайнаар анкет бөглөж, морь унаж чаддаг, онгон байгальд тэсч үлдэх чадвартай гэдгээ нотлох ёстой гэнэ. Хаяг нь www.mongolderby.theadventurists.com гэж Michael Kohn 2009 есдүгээр сарын 13-нд AFR-ийн сайтад бичсэнийг хөрвүүлэв