November 30, 2009

шүлэг

Би тэнэх дуртай хүн
Бишгүй олон уул усыг үзэж
Бичигдээгүй шүлэг болсон зам харгуйг уншиж
Би аялан жуулчлах дуртай

Үй олон хүн зонтой нүүр учирч,
Үйлдвэр завод, хот сууринг үзэж,
Үхэгсдийн үгийг сонсож, төрөгсдөд нэр өгч
Үлгэр туульст итгэж явах дуртай

Хааны хувцаснаас, боолын хуулга хүртэл
Харагдсан бүхнийг өмсөхийг би хүсдэг.
Хашралгүй дахин дахин дурлаж
Хайр даах бүсгүйг хайрлахыг би хүсдэг.

Амттан бүхнийг идэхийг би хүсдэг.
Архи ууж, тамхи татаж, дуулахыг би хүсдэг
Айхтар их баярлаж, дэвхцэхийг би хүсдэг.
Ан агнаж, байшин барьж, найрлахыг би хүсдэг.

Хэрвээ би, энэ бүхэндээ дургүй болох юм бол
Хэн хүнд бас хэрэггүй болж байгаа нь тэр

Р.Чойном

No comments: