November 25, 2009

АНУ-ын зорилго хэрэгжсэний дараа Афганистаны дайн дуусна

November 25, 2009

Нөхцөл байдал эрс хүндэрсэн Афганистанд нэмэлт цэрэг илгээх эсэх шийдвэрээ Ерөнхийлөгч Б.Обама ирэх долоо хоногт гаргана. Шинжээчдийн таамаглаж буйгаар тэрбээр 40.000 цэрэг илгээх шийдвэр гаргахад бэлэн болсон аж.
Тэрбээр Цагаан ордонд Энэтхэгийн Ерөнхий сайд Монмахан Сингхийн хамтаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын удирдлагаар Афганистанд хэрэгжүүлж буй ажиллагааг амжилттай дуусгахад бүх дэлхийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Афганистан дахь ажиллагаанд бүс нутгийн тэргүүлэх гүрнүүд болох Хятад, Энэтхэгийн дэмжлэг Цагаан ордонд зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
Тэрбээр найман жил үргэлжилж байгаа дайны стратегийн зорилгыг “Аль-Каида” болон түүний холбоотнуудыг устгаж, сүлжээг нь үгүй хийх” гэж томьёолоод, өнгөрсөн жилүүдэд энэ зорилгоо хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Стратегийн энэ зорилгыг хэрэгжүүлснээр дайн дуусч, АНУ-ын аюулгүй байдал хангагдах аж.
Б.Обама Афганистаны талаар ямар арга хэмжээ авахаа ирэх мягмар гаригт ард түмэндээ мэдэгдэх бололтой. Цагаан ордны эзэн америкчууд Афганистанд хийж байгаа дайны гол утга учрыг ойлгож, стратегийн зорилгодоо хүрэх ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Харин цэрэг нэмж илгээх шийдвэр гаргасан тохиолдолд намын нөхөд нь баярлахгүй байх гэж ВВС-гийн тоймч Марк Мардел дүгнэв.

No comments: