November 24, 2009

“Ямар нэг өөрчлөлт гарахыг би мэдэрч байна”

О.ТОГОО (2009-06-20)

Зургадугаар сарын 18-ны пүрэв гаригт олон мянган монголчууд нийслэлийнхээ төв талбайд цугларч, 1990 оноос хойш тав дахь удаагаа болсон Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ялалт байгуулсан сөрөг хүчний АН-ын нэр дэвшигч тангаргаа өргөхийг харахаар иржээ.

Харвардын их сургуулийн боловсролтой, Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан Цахиагийн Элбэгдорж шударга ёс тогтооно, авлигатай тэмцэнэ, уул уурхайн баялгаас түмэн олондоо илүү ихийг хүртээх гарц олох болно хэмээн амлаж, тавдугаар сарын 24-нд болсон сонгуулиар 51 хувийн санал авч, МАХН-ын нэр дэвшигч Намбарын Энхбаярыг ялсан юм.

51 настай, нягтлан бодогч байгаад одоо хоосорч гудамжинд гарсан Мөнхийн Мөнхбаяр “Үнэхээр сайхан хэрэг. Ямар нэг өөрчлөлт гарна гэдгийг би мэдэрч байна” гэсэн юм. Хүн амынх нь гуравны нэг нь өдөрт таван доллараас бага орлоготой, эх газарт түгжигдсэн орныхоо 2.7 сая иргэнд амласнаа Ц.Элбэгдорж биелүүлж чадах уу, үгүй юү гэдгийг харах л үлдлээ. Уул уурхайн инженер, шинэ Ерөнхийлөгчийг дэмжигч 43 настай Д.Мөнхбаатар “Нийгэмд авлига хамгийн том асуудал гэдгийг бүгд мэднэ. Тэр үүнийг зогсоож чадна гэдэгт би итгэж байгаа” гэв.

Үндэсний хувцас, малгай өмссөн 46 настай Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, шинэчлэл түүний ажлын үндсэн чиглэл байна гэдгийг цохон хэлсэн.

“Авлигач төр хүчгүй байдаг. Бид энэ өдрөөс эхэлж авлигыг таслан зогсоох ёстой. Хүмүүс олон зүйл хүсч буйг би мэдэрч байна. Тэд эдийн засгийн таатай орчин, шударга ёс, авлигагүй эрүүл нийгэм хүсч байна. Богино хугацаанд энэ бүхнийг хийх боломжгүй ч ард түмэн юу хүсч байгааг миний бие хэзээ ч умартахгүй гэж хэлэв.

Хэдийгээр ноён Элбэгдоржид шүүх засаглалд шинэчлэл хийх эрх мэдэл очиж байгаа ч улс төрийн хамгийн том эрх мэдэл бүхий парламент, Засгийн газар өдгөө МАХН-ын хяналтад байгаа. Тус улсын парламент Ерөнхийлөгчийн хоригийг гуравны хоёрын саналаар хүлээн авахгүй байх эрхтэй.

Энэ өдөр Сүхбаатарын талбай амар амгалан байлаа. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд МАХН парламентын сонгуульд хөндлөнгөөс оролцож, санал худалдан авч, ялалт байгууллаа гэсэн мэдэгдэл тарсны дараа үймээн дэгдэж таван хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан. Ёслолын ажиллагааны үеэр энэхүү үйл явдлын тухай өгүүлсэн “Долдугаар сарын 1” киноны танилцуулгыг монгол залуус тарааж байв.

Тавдугаар сард болсон Ерөнхий¬лөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж хотод, Н.Энхбаяр хөдөөд илүү олон санал авчээ. Ёслолын ажиллагааг үзэхээр ач охинтойгоо ирсэн 57 настай Н.Дулмаа хоёр нам хамтран ажиллана гэдэгт итгэдэггүй бөгөөд түүний бодлоор Элбэгдорж илт давуу ялах ёстой байтал Улаанбаатараас бусад газарт санал худалдаж авах явдал хавтгайрснаар тэгж чадаагүй гэнэ. Гэхдээ Монголд ардчилсан үйл явц төгөлдөр болж, бүрэн төлөвших цаг ирнэ гэдэгт Н.Дулмаа найдаж байгаа аж. Тэрбээр “Коммунистууд 70 гаруй жил төр барьсан. Одоо эрх мэдлийн зарим хэсэг АН-д очлоо. Өөрчлөлтийн салхи сэвэлзэж байгааг бид анзаарч байна” гэсэн юм.

Уул уурхайн баялагт тулгуурладаг Монголын эдийн засаг энэ жил үнийн уналтын улмаас хүнд цохилт амссан. Эдийн засгийн хямралаар ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ доошилсноор малчид, худалдаачдын амьжиргаа дордсон. Эдгээр хүндрэл нь эргээд хөрш ОХУ, Хятадын нөлөө дахин сэргэх, нэмэгдэх хүчин зүйл боллоо. Хэдий тийм боловч Америкийн тал баримтлагч Ц.Элбэгдорж АНУ, Японтой тогтоосон харилцаагаа улам бэхжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр уул уурхайд шинэчлэл хийж, гадаадын компаниудтай дахин хэлэлцээ хийнэ гэж амлалаа. “Айвенхоу майнз”-тай хийж буй гэрээнд ашгийн 50 хувийг төр авна гэсэн заалт оруулах хүсэлтэй байгаагаа Ц.Элбэгдорж тангараг өргөхөөсөө өмнөхөн илэрхийлсэн юм.

“Уул уурхайгаас орох ашгийг дарга нар, баячуудад биш, энгийн иргэдэд зориулах ёстой” гэж тэрбээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан юм гэж Майкл Стандаерт “Вашингтон пост” сонины зургадугаар сарын 19-ний дугаарт бичсэнийг хөрвүүлэв.

No comments: