November 24, 2009

Харамжаар өвчин анагаагч монгол бөө

О.ТОГОО (2009-07-21)

Удган бүсгүй тэвдсэн янзтай янжуураа савчиж, нэг залууд засал хийж буян заяаг нь тэгшитгэнэ гэлээ. Хоёр удаа салж, ажил тань бүтэлгүйтсэн үү? гэж асуугаад, тийм ээ, тийм байна гэх нь аль хэдийнэ энэ бүгдийг мэдэж байсан янзтай. Гэхдээ засал хийхэд дахиад архи хэрэгтэй бололтой. Бүсгүй лонхонд үлдсэн шаравтар өнгөтэй архинаас аяганд нь тонгойлгох өнөө залууг харангаа, өгсөн архийг нь авч балгав. Зөвхөн архины нууцлаг увидасийн ачаар л удган юу хийхийг хэлж өгдөг гэнэ.

Тэрбээр архийг илүүтэй таалдаг ч догшин онго, шүтээн нь шар айргийг илүүд үздэг аж. 47 настай Энхтуяа /Монголчууд овгоо хэрэглэх нь түгээмэл биш/ аз муутай залууд шүгэлсэн хар хүчийг /bad energy гэж бичсэн байна/ зайлуулахын тулд түүнийг архиар биеэ угааж, нойтон цамцаа архи, ус хольсон түмпэн рүү хийгээд дээрээс нь хэдэн хэрчим адууны мах хая. Дараа нь түмпэнтэй “хольцыг” гэрээсээ хол аваачиж асга гэв. Ингээд түүнд шүгэлсэн муу зүгийн сүнс тонилж алга болно гэж удган айлдсан юм. Түүнээс гадна бүтэн сарын турш хармаандаа давс, элсэн чихэр авч явах ёстой бөгөөд өдөр бүр нэг аяга архи баруун талдаа асгах ёстой гэж айлдсан. “Эдгээрийн аль нэгийг биеэсээ салгах л юм бол муу зүгийн сүнс буцаж ирээд улам их түвэг учруулах болно шүү” гэж удган мөнөөх залууд анхааруулж байв.

Залуу ч баярласан талархсанаа илэрхийлэн 1000 төгрөг /70 орчим цент/ бариад гарч одов. Түүний дараа гадаа дугаарлаж байсан хүмүүсийн хамгийн эхнийх нь болох настай эмэгтэй орж ирсэн.
Энхтуяа бол өдөр ирэх тусам тэлж буй нийслэл хотод борооны дараах мөөг шиг олширч, бөө мөргөлөөр ашигтай бизнес хийж байгаа удгануудын нэг. Гурван сая хүн амтай энэ орны иргэдийн гуравны нэг нь нийслэлдээ сууж байна. Коммунист дэглэмийн үед 70 шахам жил хориотой байсан бөө мөргөл өдгөө төрийн хамгаалалтад орж, хотын амьдралын нэг хэсэг болжээ.

Бөө, удганууд эрэлт ихтэй. Улс орон нь зах зээлийн эдийн засагт шилжих үед хөл алдан ахуй амьдрал нь доройтсон түшмэд, ажилгүй болсон хүмүүс, малаа баран хот бараадсан малчид ажил хөдөлмөр, хайр дурлал, эрүүл энхийг хайн бөө, удгануудын гэрт багтаж ядан чихэлдэж байна.
Цахилгааны инженер байгаад саяхан чанар хийж бөө болсон 30 настай Чинбат “Урьдын цагт хүмүүс голдуу бороо хур оруулж өгөхийг хүсэмжилдэг байсан юм гэнэ лээ. Одоо бол мөнгөтэй болгож өгөхийг л хүсдэг” гэж байна.

XVI зуунд Төвдөөс бурханы шашин орж ирэх хүртэл бөө мөргөл тал нутагт байсан юм. Гол үзэл нь онгон байгалийг шүтэж, уул ус, газар тэнгэрийн эзэд болох онго савдгийг тахих. Цагийн эрхээр овог аймгууд нь өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө аястай мөргөл ёслол, дэг жаягтай болжээ. Зарим бөө онго шүтээнээ дуудахдаа хэнгэрэг дэлддэг бол, зарим нь аман хуур хэрэглэнэ, нэг хэсэг нь онго шүтээнтэйгээ харилцахдаа амнаас нь хөөс сахарч үл мэдэгдэх үг хэлнэ.

Бөө болох хүнийг тэнгэр өөрөө аль нэг гэр бүлээс сонгодог агаад сонгогдсон хүнд ихэвлэн шинжлэх ухааны онолоор үл тайлагдах явдал учрах эсвэл онош нь үл тогтоогдох ямар нэг өвчин тусах зэрэг байдлаар илэрдэг гэх яриа бий. Чинбат өөрийгөө сонгогдсон болохыг нэгэн бөөгийнд очихдоо мэдсэн гэнэ. Учир нь уг бөө түүнд “Аавд чинь элэгний өвчин туссан нь чамд өгч буй нууцлаг дохио” гэж айлджээ. Эхэндээ тэрбээр энэ саналыг няцаасан ч удалгүй аав нь өөд болсноор, долоо хоногт 500 мянган төгрөг /350 доллар/ төлж, өөр 11 хүний хамт бөөгийн чанарт суралцсан байна. Хэнгэрэг, хуягны /бөөгийн өмсгөл. Орч/ үнийг тусад нь төлсөн аж. Одоо тэрбээр онго шүтээн дуудан хардаг, харьцдаг болсон гэж хэлсэн. Гэхдээ энэ чадвараа зөвхөн гэртээ ашигладаг агаад тэр бүр хүнд хэлээд байдаггүй гэсэн. Тэгээд ч цаашид мэргэжлийн ажлаа хийх төлөвлөгөөтэй байгаа хүн. “Бөө хүн мөнгө хийх биш, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй” гэж тэр хэлдэг.
Гэвч түм түчигнэсэн Улаанбаатарт зүрхний шигдээснээс авахуулаад өвчин зовлон, ажлаас халагдах энэ тэр гээд асуудал мундахгүй тул үйлчлүүлэгч ихтэй. Бөөгийн сүр хүчинд итгэсэн олон зуун монголчууд тэднийг таксигаар авчирна, яаруу үед утсаар ч дуудна.

Будапешт дахь Eotvos Lorand их сургуулийн Монгол судлалын танхимийн дэд профессор, Монголын орчин цагийн бөө мөргөлийг судлаач Матиас Балог “Бөө хэмээн өргөмжлөгдөх нь алдар нэр, амьжиргаа авчирдаг. Бөө гээд байгаа эдгээр хүмүүсийн зарим нь ёслолоо өөрсдөө зохиодог, уламжлалт арга хэрэглэдэг бөө, удганууд тэднийг мөнгөний төлөө явдаг хэмээн буруутгадаг юм билээ. Шинэ бөө /neo-shaman гэсэн байна/ нарт суралцах хүн үгүй учраас юмаа өөрсдөө зохиодог” гэв.

Зоригтбаатарын Банзар өөрийн ид шидийг Бөө мөргөл, мөнх тэнгэрийн төв гэж нэрлэсэн, дугуй ханатай майхан буюу гэрт үзүүлнэ. Улаан хамартай, тавь орчим настай Банзар дээд тэнгэрээс заяасан их хүчтэй болохоо цэрэгт байхдаа говьд төөрч, дараа нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэн хэвтэж байхдаа мэдэж, бусдад энэхүү гайхамшигт “бэлэгнийхээ” тухай хэлсэн юм байна. Өнөөдөр тэрбээр удган эхнэрийнхээ хамт Монголын удирдагч Чингис хааны нэрээр амжилттай бизнес хийж байна. Тэдний хэлж буйгаар Чингис хаан бүх үеийн хамгийн хүчтэй бөө байсан гэнэ. Тэрбээр Чингис хааны сүнстэй холбоо тогтоож, долоо хоногт хэдэн зуугаар ирдэг сүсэгтнүүдээс ашиг олдог. Банзарын хэлж буйгаар түүний ажил дундаж бөө нарынхаас хамаагүй чухал зүйл аж. “Дэлхийн төгсгөл ирж байна.

Өнөөгийн монголчууд энерги, эрч хүчээ улам бүр алдаж байгаа учраас залхуу хойрго болсон. Би ард түмэнд туслахаар илгээгдсэн хүн, ямар нэг хорт хавдар, шүдний өвчнийг анагаагч биш” гэсэн.

Гоёмсог малгай, муу муухайг зайлуулагч эрдэнийн чулуугаар чимсэн торгон хувцастай Банзар баавгайн хохимой толгой, монгол төгрөг, Гордоны жин архи тавьсан тахилынхаа өмнө хонины арьсан хэнгэргээ дэлдэн, бөөлнө. Хорь гаруй сүсэгтэн өргөлийн идээ, тавгаа барин дугуйран суужээ. Сүсэгтнүүд гадаа чих дүлийртэл чарлалдах сигналын дууг үл хайхран түүний хэнгэрэг рүү хамаг анхаарлаа хандуулан, амандаа сайн сайхныг хүсэн бувтнаж, архиар сэржим өргөнө. Ёслол дуусч Банзараар толгойдоо массаж хийлгэсэн хүмүүс, аз авчирдаг гэх нэг, нэг дөрвөлжин ёотон өвөртлөн одов.

Уламжлалт бөө мөргөлийг хадгалах зорилготой Голомт бөө мөргөлийн төвийн ерөнхийлөгч Шагдарын Сүхбат сүсэгтнүүдийг өөртөө татахаар өрсөлдөж буй Банзар мэтийн хүмүүсээс авахуулаад саяхнаас орж ирсэн Мормон, Католикийн сургаал дэлгэрүүлэгчдийн тухай ярихдаа уурссандаа байж ядах юм.

Гэлээ гээд түүний толгойлдог төв 1996 онд нээгдсэнээсээ хойш 1500 бөөг сургасан агаад бас ч үгүй орчин үеийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрчээ. Санхүүгийн зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс ч хаалгыг нь тогшдог юм байна. Лас-Вегаст хамгаа алдчихаад ирсэн хоёр ч нөхөр тэдний дотор байгаа гэнэ. Сүхбатын хэлж буйгаар тэд Лас-Вегаст буцаж очоод, үтэр түргэн хоёр сая доллар хожсон бөгөөд ямар нэг технологи ашиглан тэндээс энэ төвийн бөөтэй холбогдож байсан юм байх.

“Өнөө бөөгийн бие нь энд ажиллаж байх зуур сүнс нь тэнд /Лас-Вегаст/ оччихсон байсан“ гэж Сүхбат гар утсаараа оролдох зууртаа тайлбарласан юм хэмээн Ден Левин Нью-Йорк Таймс сонины долдугаар сарын 10-ны дугаарт бичсэнийг хөрвүүлэв.

No comments: