November 25, 2009

ЗАХ ЗЭЭЛ ЖАМААРАА ЯВААСАЙ

О.Тогоо
(2008-01-21)

Гучаад онд зартай дээрэмчин, “шагчин” нэг этгээд ямар ч татвар төлөлгүйгээр жилд 60 сая ам.доллар олж байв. Тухайн үед АНУ-д үйлдвэрийн жирийн ажилчин жилд 1000 хүрэхгүй “ногоон” авч байлаа.
Энэхүү дээрэмчний нэр нь Аль Капони.
Харин Ардчилсан Монгол Улс хууль ёсны “Апупони”, “Бурампони”, “Жемпони” гэх зэрэг этгээдийг төрүүлэн гаргах ажилд дээр дооргүй шуудран орлоо. Зорилго нь хортой архи үйлдвэрлэн олныг хордуулаад байгаа жижиг гаруудыг зах зээлээс шахах. Хоргүй архи хаана үзсэн юм бол. Бүх архи хортой, их идвэл чихэр ч хортой.

Архийг хориглосны горыг хамгийн хүндээр амссан улс бол АНУ. Бидний унасан нүхэнд уналгүй тойроод гараарай гэсэндээ анхааруулга болгон олон олон судалгаа, ном зохиол хэвлэж, кино хүртэл хийсэн. Харин бид тэр нүх рүү “хууль ёсоор” унахаар эргэлтгүй шийдсэнийг сонин хэвлэл, зурагтаас харж болно.

Тухайн үед АНУ-ын улстөрчид, олон нийт “Хориг хууль” (Prohibition Law) буюу албан бусаар “хуурай хууль” (Dry law) гэгчийг үнэнээсээ дэмжиж байсан, цөөн хэдэн эдийн засагчийг эс тооцвол. Тэднийхээр архийг хорьсноор гэмт хэрэг буурч, нийгмийн асуудал бүрэн шийдэгдэхээс гадна шорон барих, ядууст дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарыг дэмжихэд зориулагдаж байгаа татварын их мөнгийг өөр зүйлд зарцуулан, улс орон хөгжин бадрах болно хэмээн үзэж байв шүү. Монголд ч иймэрхүү маягаар ярьж байгаа.

Хилээр метилийн спирт оруулахгүй, импортын архи, согтууруулах ундаанд тавих хяналтыг чангаруулах бололтой.
Үл ажиглагдах аюулын гогцоо энд л бий. Учир нь аливаа хувь хүн, компани хэрэгжүүлж буй төсөл, бизнес нь амжилтгүй байвал хөрөнгө оруулалтаа шууд зогсоодог. Харин төр бол огт үгүй, мөнгө хүнд сурталтны өврөөс биш татвар төлөгчдийн түрийвчнээс гардаг тул төсвийг нь нэмээд л зүтгүүлээд байна. Ашиг гарна аа нэг байхгүй.

Жишээлбэл, хуурай хууль батлагдмагц, Канадаас хулгайгаар орж ирэх архийг хязгаарлахаар шийдсэн. Сүүлдээ энэ хууль бус сүлжээ АНУ-ыг тэр чигт нь хэрсэн. Үр дүнд нь хуурай хуулийг хэрэгжүүлэгч агентлаг буюу “Bureau of Prohibition”-ны төсөв хууль батлагдахаас өмнө 4.4 сая ам.доллар байсан бол нэн даруй 13 сая болон өссөн. Гаалийн ажилтны тоо 1920-1930 онд 45 хувиар нэмэгдэж, төсөв нь 123 хувиар өсөв. Эргийн хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүн “ердөө” 188 хувиар өсч, төсөв санхүүжилт нь “шальсангүй” 500 хувиар өсөөд орхиж, 10 хүрэхгүй жилийн дотор.
Харамсалтай нь ямар ч үр дүн гараагүй.

Монголын гаальчид нэг грамм ч метилийн спирт оруулаагүй гээд ам шүд алдаад байсан гэтэл юу боллоо. Одоо дэлгүүр, баар, рестораныг шалгах, лацдах, торгох гээд том том арга хэмжээ авч эхлээд байгаа. Үнэгүй юм байхгүй хойно бензин тосноос авахуулаад бидний мөнгө урсаж л байгаа. Удахгүй хоргүй (согтоодоггүй гээгүй байгаадаа) архи үйлдвэрлэдэг “сайн” хэдэн үйлдвэрийг, мөн тэдний архийг зарах “сайн” дэлгүүрүүд (томхон гэж байгаа) тодруулах сунгаа хийх юм гэнэ лээ.

“Гахай илүү тэгш эрхтэй” гэсэн зарчмаар л битгий тодруулаасай.
Эрдэнэт хүний амь юунаас ч үнэтэй, үүнтэй маргахгүй. Гэхдээ архийг хорьсноор үнэртэй ус уухаас өгсүүлээд, бензин, гутлын тос үнэрлэж мансуурах, гэртээ элдэв аргаар архи нэрж мөнгө олохыг хорхойсох хүн нэлээн бий. Энэ талаар бид баялаг туршлагатай улс. Иймэрхүү “архины” хорыг метилийн спирттэй зүйрлэх юм биш.

АНУ-ын судлаач Менделсоний судалгаагаар 1927 онд 12 мянган хүн архинд хордож өөд болсон агаад тэдний олонх нь хотын ядуучууд байсныг тогтоожээ. Тус улсын Эрүүл мэндийн яам энэ тоо 1930 онд жилдээ 15 мянгад хүрсэн болохыг нотлоод хортой бодисоор хийсэн архины улмаас нэг төрлийн саа өвчин үүсч байгааг мэдэгджээ.

Хожим сэтгүүлчид энэ өвчинд “Jake foot” буюу “Жакийн хөл” гэсэн нэр хайрласан юм. Энэ өвчинд хамгийн түрүүнд хүний хөл нэрвэгддэг аж. Ер нь америкчууд аливаа юманд нэр өгөхдөө дажгүй улс. Эрүүл мэнд болон шоронгийн зардалд хэчнээн мөнгө урссаныг тооцоолох аргагүй, хуурай хуулийн үед. Холбооны шоронд хоригдсон олон мянган ялтны тэн хагас нь “хуурай хууль”-ийг үл тоомсорлосны улмаас хоригджээ.

Бид мэдсээр байж энэ замаар явах хэрэг байхгүй л юмсан. Монголд хээл хахууль их байгаа, улам ихэсгэхийг хүсээгүй л юм бол “хуурай хууль” огт хэрэггүй.
“Хуурай хууль”-ийн үед хамгийн том хожлыг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд, синдикатууд авсан. Тэд хахуульд өгснөөсөө хэд дахин илүүг олж байсан. Хожмоо тэр их мөнгөөр казино, хар тамхины тив дамнасан сүлжээг буй болгосон юм.

Бидний зарим нь өөрийнхөө болоод амьдарч буй нийгмийнхээ гол логикийг огт ойлгодоггүй, ойлгосон ч дахин сонгогдохоо бодоод шал өөр юм ярьж байна. Лацадсан шар айрагны хугацаа дуусах, орлогогүй болох зэрэг бол ердөө л мөсөн уулын орой үүнтэй зүйрлэмгүй аюултай зүйлсийг бидний нэрийг барин хийж байна.

Ерөөсөө аливаа хүн аз жаргалтай амьдрах гэж энэ хорвоод мэндэлдэг. Түүнээс биш аль нэг төрийн төлөө, үндэсний аюулгүй байдал гэх мэт гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй зүйлийн төлөө, аль нэг “сайн” компанийг улам баяжуулахын төлөө төрөөгүй. Үүнийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Аливаа юм өөрийн жам ёсоор л явдаг. Хэн нэгэн хүн ард түмнийхээ төлөө талх, гурил, архи үйлдвэрлэдэггүй.

Зөвхөн өөрийнхөө төлөө, ашиг олохын төлөө үүнийг хийдэг. Ашиг олохын тулд сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийг өөртөө татах хэрэгтэй болно. Үүнийг чөлөөт зах зээлийн өрсөлдөөн буюу хөгжлийн түлхүүр гэдэг. Түүнээс биш хэн нэгэн хүнд сурталтан алив нэг далимыг ашиглан өөрийн үзэмжээрээ жамаараа яваа зах зээлд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөх боломжгүй. Гарах үр дүн нь даанч аймшигтай. Хүмүүсийн амиа бодсон үзэл нийлэн нийлсээр, цаад утгаараа нийгэмд асар их хөгжил авчирдаг болохыг алдарт Адам Смит 200 гаруй жилийн өмнө хүмүүн төрөлхтөнд хэлж өгсөн. Энэ нь ч нотлогдсон. Чанартай бүтээгдэхүүнийг чөлөөт өрсөлдөөн л буй болгоно, сэтэр зүүсэн “үхэр” яагаад ч чадахгүй.

Хэний бүтээгдэхүүн сайн байна тэр их ашиг олно.Түүнээс сайн мууг нь мэргэжлийн хяналт гэх марзан газар тогтоохгүй, хэрэглэгчид өөрсдөө тогтооно. Үүнийг зах зээлийн нийгэм төлөвшсөн, өндөр хөгжилтэй оронд “үл үзэгдэх гар” хэмээнэ. Түүх сөхвөл, аль нэг дарангуйлагч, эсвэл хааны хоолыг хортой үгүйг нь амсаж шалгадаг хүмүүс байсан тухай бишгүй дээ бий. Харин манайд архийг амсаж үздэг хүмүүс нь мэргэжлийн хяналтын түшмэд байх ажгуу. Та дэлгүүрээс архи авангуут уг эрхэм амтлан үзээд хортой, хоргүй эсэхийг нь тогтоосны дараа гэртээ аваачдаг тийм сайхан үе ирэх нь, удахгүй. Тэр бүү хэл барилгын хана, туургыг өшиглөж, хазаж барьж шалгах аятай юм яригдаад байна.

Африкийн нэг улстөрч-хаан “пигмэй” буюу одой гэсэн үгийг хэрэглэхийг хориглоод орхиж. Өөрөө энэ овгийн хүн байж. Юу боллоо гэж хэрэгжих вэ дээ. Аливаа хэл өөрийн жам ёсны хөгжлөөр л явдаг. Ямар нэг дарангуйлагч яаж ч чардайгаад нөлөөлж чадахгүй.

Зах зээл яг л үүнтэй адил гэдгийг тэрэг унуулах биш тэргэнд хөллөж байвал таарах одоогийн өндөр дээдсүүд ойлгоосой билээ. Уул нь архи гэдгийг монгол бичгээр арихи хэмээн бичдэг. Энэ нь аригуун буюу ариун гэдэгтэй нэг язгууртай болохыг харуулж буй юм. Харамсалтай нь илэрхий балархай эгшигтэй, эрэмдэг заримдаг гийгүүлэгчтэй ЛҮД, ДҮД-ийн дүрмийн (Лувсанвандангийн үсгийн дүрэм), (Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм) харгайгаар бид мартаж орхиж

No comments: