November 24, 2009

ЗЭС



О.ТОГОО (2009-07-25)

Оюутолгойн асуудлаар Монгол амьсгалж байна. “Яг болох гэж байтал энэ ингээд бүтэлгүй болчихлоо, тэр тэгээд саад хийчихлээ” гэх мэтээр биенээ хэмлэж байна. Зэс бол цахилгааныг хамгийн сайн дамжуулдаг металл, цахилгаантай холбоотой бүх зүйлд зэс орно. “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” болно гэж В.И.Ленин айлдсан. Цахилгаанжуулахад манай Эрдэнэт чамгүй хувь нэмэр оруулсан ч коммунизм байгуулагдсангүй.

Зэс байхгүй бол юун цахилгаан, юун коммунизм байх билээ. Гэтэл бидэнд зэс байна. Байх байхдаа хэд хэдэн “коммунизм” байгуулчихаар их гээч. Монголын ардчилал дээр зэс нэмбэл юу яачих гээд байдаг. Болдоггүй ээ. Гадна, дотны саад тотгороос болоод байгаа гэнэ. Ингэсээр байтал зэсийн үнэ унаад, зэс хэрэггүй болно гэх нь хаашаа юм, хэрэглээ нь багасч мэдэх юм. Мэргэлж байгаа юм биш. Зэсийн хэрэглээ багасч болох нигуур үнэхээр байна. Одоохондоо айхтар ноцтой биш. Гэхдээ л чингэх суурь нь тавигдаж байна гэх үү дээ.

Ойрын өдрүүдэд Оксфордод “TED Global” нэртэй өндөр технологийн бага хурал болж байгааг бүгд мэдэж байгаа. Тэнд үзүүлж байгаа технологи энэ тэр нь атаархаж үхмээр. Хиймэл тархи хийнэ ч гэх шиг. Манай хөрсөн дор “хиймэл тархи” байхгүй болохоор үүгээр ч яахав, тээ.
АНУ-ын “Witricity” компанийн гүйцэтгэх захирал Эрик Гилер “Манай шинэ систем хэдэн бээрээр үргэлжилдэг өндөр өртөгтэй цахилгааны шугамыг орлох болно. Эрчим хүчийг хэрэгтэй газарт нь хүргэхээр баригдаж буй дэд бүтцэд хэдэн их наядаар нь доллар зарцуулж байна шүү дээ” гэж мэдэгдэв. Тус компанийн бүтээсэн систем маш энгийн. Цахилгаан утас ашиглахгүйгээр цахилгаан хэрэгслийг ажиллуулах, гар утас цэнэглэсэн ч болно.
Бага хурал дээр тэрбээр дотор нь өөрсдийн бүтээсэн системээ суулгасан Google компанийн G1 утас, зурагт зэргийг ажиллуулж үзүүлсэн байна.
Физикийн энгийн үзэгдэл дээр тулгуурласан энэ системийг Их Британийн физикийн профессор Марин Солжачич гэж хүний бүтээл дээр үндэслэн бүтээжээ.

Хар ухаанаар бол цахилгаан соронзон долгионыг цахилгаан болгон хувиргах. Физикийн резонанс гэдэг үзэгдэл бий. Аливаа системийн давтамж гадны хүчний давтамжтай давхцахаар резонанс болж хүч нь эрс нэмэгддэг. Чухам үүнийг ашиглан цахилгаан соронзон долгионыг цахилгаан болгон ашиглах системийг тус компани хийжээ. Аугаа их юм энгийн байдаг гэдэг үнэн аж.
Гэхдээ бидэнд айх юм алга. Сүх далайтал үхэр амар гэгчээр хэзээ үйлдвэрээс гарч, хэзээ хэрэглэгчдийн гар дээр очих юм билээ. Тэрнээс өмнө бид амжаад зэсээ ухаж аваад, түрийвчээ түнтийлгэж орхино л доо, эргэлзэх юмгүй. Тэгээд ч Оюутолгойг ашиглан улс орноо хөл дээр нь босгох нь манай улс төрчдийн нэн тэргүүний зорилго биш юм шиг ээ. Хамгийн гол нь энэ гэрээг байгуулснаараа, Монголын түүхэнд үеийн үед дурсагдах баатар болох зорилго олон хүнд байна. Өөрөө баатар болдоггүй юм гэхэд өрөөлийг ийм болгохгүй байх нь чухал бололтой. Түүхэнд үлдэхийн тулд түүх сайн мэддэг, түүх хэрхэн бүтдэгийг мэддэг байх хэрэгтэй.

Цаг хугацаа бол хамгийн шударга шүүх. Түүхийг ямар ч өнцгөөр хэн ч бичиж болно, бас харж болно. Харин цаг хугацаа бол бүгдийг үнэнээр нь шүүж, хэзээ нэгэн цагт дэлгэн тавина. Учир түүнийг хүн бүтээдэггүй юм.

Мөнгөөр “Дуулдаг гудамжны дуучид, мөнгөөр кноп дардаг төрийн түшээдийн дэмжлэгээр хэн нэгнийг унагаж болно, байр суурийг нь эзэлж болно, өөрөө оронд нь очоод гэрээ байгуулж, бас “баатар” болж болно. Баатар болчихоод баярлан хөөрч болно. Яаж баатар болсныг чинь хүмүүс санаж л байна. Ер нь тэгээд хүний зовлонд баярлаж, түүгээрээ баяр бах болох нь чөтгөр болж байгаагийн шинж юм гэнэ лээ. Чөтгөрийг сайнаар дурсдаг юм болов уу.

No comments: