November 24, 2009

Говьд нүүрлэсэн санхүүгийн зуд

О.ТОГОО (2009-04-21)

Зах зээлийн донсолгоо малчин Халтархүүгийн Содномдаржаад хүндээр тусч байна. Банкны хүмүүс их говийн захад орших гэрт нь ирж өгсөн зээлийнхээ оронд малыг нь авна гэдгээ дуулгажээ. Ноолуураар хийсэн цамц, алчуур худалдаалдаг Өрнөдийн дэлгүүрүүд үүдээ барих болсноор Монголын малчдын бэлтгэдэг ноолуурын ханш унаж, банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Монголчууд энэ хямралыг хамаг малыг нь бардаг хайрам өвлийн аюулт үзэгдэлтэй зүйрлэн санхүүгийн зуд хэмээн нэрийджээ.

Банкны хүмүүс малаараа барьцаалан авсан 2700 долларын зээлээ төлж чадахгүйд хүрсэн Х.Содномдаржааг малаа зар хэмээн дарамтлах болж. Тэдний үзэж буйгаар Х.Содномдаржаа малынхаа тоо толгойг худлаа мэдээлж банкийг хуурсан этгээд. Гэвч тэрбээр тийм юм огт болоогүй гээд байгаа. Үлдсэн мөнгөө яаралтай төлөхгүй бол гэрийг нь хураах шийдвэрийг шүүх гаргасан байна. Аргал өрдсөн дулаан гэртээ өвөлжиж байгаа Х.Содномдаржаа өрөө яаж барагдуулахаа мэдэхгүй шаналж сууна. Хэлдэг үг нь “Надад ямар ч мал үлдээгүй”.

Монгол малчдад тулгараад буй энэ байдал эдийн засгийн хямрал дэлхийг тэр чигт нь хамарсны нэг нотолгоо. 2.6 сая хүн амтай энэ орны хүмүүсийн дөрөвний нэгийнх нь амьжиргаа мал аж ахуйгаас шалтгаална. Хямралын шалтгаан нь АНУ-д орон сууцны баталгаагүй зээл ихээр өгсөнтэй адилавтар. Малчдын зарим нь ноолуурын үнэ байнга өндөр байх юм шиг санаж, олж чадахаасаа илүү зээл банкинд тавьсан төдийгүй авсан мөнгөө мотоцикль, нарны зай хураагуур гэх зэрэг зүйлд үрж дуусгажээ.

“Банкууд учирч болох эрсдэлийг тооцолгүй зээлийг чөлөөтэй өгч байсан” гэж банкирууд хэлж байна. Өдгөө банкууд арга буюу малчдыг барьцаанд тавьсан мал хуйгаа зар гэж тулгах болж. ХААН банкны орлогч захирал Даймаагийн Батсайхан “Байдлыг хүндрүүлэхгүйн тулд бид чадах бүхнээ хийж, аль болох уян хатан бодлого барьж байна. Өнгөрсөн жил банк ноолуурын ханш чухам хэд байхыг нарийн тооцоолох боломжгүй байлаа. Бид эрсдэлийг тооцох менежментээ өөрчилсөн. Манайх болон бусад олон зээлдүүлэгчид малчидтай хамтран ажилладаг. Малчдад тараасан их зээлийн 11 орчим хувийнх нь төлөх хугацааг сунгасан. Үнэндээ бол малчдад зээлдүүлсэн тэр мөнгө чинь бусад монголчуудын хадгаламж юм шүү дээ. Түүнийг нь эрсдэлд оруулахгүй байх нь банкны үүрэг” гэлээ.

Одоо бол банк зээлээ зогсоосон. Малыг нь хүчээр заруулснаас зах зээлд бөөгнөрөл үүсч малын арьс, махны үнэ доошилсон. Говь-Алтай аймгийн төв Алтайд суудаг гэх малын худалдаачин Мөнхбатын Цэдэндорж “Хотын зах дээр мал, махны үнэ хямралын өмнөх үеийн үнээс 50 хувиар унасан. Би энэ бизнесийг 10 жил хийхдээ ийм юм үзээгүй. Тэд малчдыг дампууруулж байна” гэж хонь, ямааны гулууз пиг ачсан ачааныхаа машины өмнө зогсоод хэлж байв. Гэр хороолол, захиргааны хэдэн байшин, цөөхөн дэлгүүртэй Цогт суманд ярианы гол сэдэв нь өр.

Аймгийн төвөөс өнгөрсөн нэгдүгээр сард өрөө төлөөгүй хүмүүсийн хөрөнгийг шүүхийн шийдвэр гартал битүүмжлэх тушаал иржээ. 45 настай Сономын Наранчимэг зээлээ барагдуулахаар 300 гаруй малаа зарсан бөгөөд удахгүй барьцаанд тавьсан гэрийг нь ч зарах гэнэ. Түүний хэлж буйгаар банкны ажилтан “Та нар цөмөөрөө гуйлгачингууд. Төлж чадахгүй бол яах гэж зээл авдаг юм” хэмээн хэлсэн аж.

Малчид хавар ноолуур самнах, намар мах бэлтгэхэд л мөнгөний бараа хардаг. Сүүлийн жилүүдэд арилжааны банкууд энэ орлогоор нь барьцаа хийж зээл олгохоор өрсөлдөх болсон. Сарын 2-3 хувийн хүүтэй банкны зээл энэ хооронд малчдад үнэхээр дэм болдог. 2007 оны сүүлээс АНУ-ын эдийн засагт уналт эхэлснээс хойш байдал өөрчлөгдөж эхэлж. Өнгөрсөн оны зургадугаар сард зах зээл дээр нэг кг ноолуурын үнэ өмнөх жилийнхээс 33 хувиар унажээ. 33000 төгрөг байснаа 19000 болсон хэрэг. Уналт ингээд зогссонгүй. Малчдын ярианаас үзэхэд тэд үүнээс хойш өөрсдийнхөө биш банкны малыг хариулах болж. Малаа өрөнд өгсөн малчид орлогын өөр эх үүсвэрээ олохоор зүтгэж байгаа ч мухардалд орж. 128 богоо 1270 долларын өрөнд өгөөд Алтай хотыг бараадсан Пүрэвдэлгэрийн Будхүү гэх бэлэвсэн эхнэр, хоёр хүүхдийн хамт хар захын ойролцоо сууж байна. Тэрбээр “Яахаа мэдэхгүй байна. Хөдөө гарна гэхээр мал байхгүй болсон. Дэлгүүр, зоогийн газар, зочид буудлаар ажил хайсан ч бүтэлтэй юм алга. Ажилгүй болохоор суурин газар хэцүү юм” гэв.
Х.Содномдаржаа урьд нь банкнаас зээл авч байгаагүй бөгөөд өөрийнх нь хэлж буйгаар банкны ажилтан түүнд зээл өгөх сонирхолтой байсан гэнэ.

Харин банкны ажилтнуудын яриагаар бол тэд зээл өгөхөөсөө өмнө мал тооллогын албан ёсны тайланг үзсэн агаад Х.Содномдаржаа 267 мал тоолуулсан байсан тул зээл өгөхөөс татгалзаагүй аж. Гэтэл зээлээ төлөх болоход тоолуулсан малын 90 толгой нь л түүнийх болохыг мэджээ. Үүнийг нь мэдсэн бол бид түүнд ийм их зээл өгөхгүй байсан гэж банкныхан хэлж байна. Харин Содномдаржаа үүнийг эрс үгүйсгээд “Банкны хүн надаас малын тоо толгойны тухай ерөөсөө асуугаагүй “гэж байгаа. Тэрбээр бүх малаа зарсан ч одоо банкинд 2.7 сая төгрөгийн өртэй. Өрөө төлөхөөр барилга, уул уурхайд ажиллахаар зэхэж. Одоохондоо сүү, саалийг нь хэрэглэх зарах эрхтэйгээр айлын тэмээ авч маллаж байгаа. Хоёр сард нэг удаа авдаг цалин нь авахад дөнгөн данган хүрдэг.

“Хүүхдүүд маань махсаж байгаа. Гэвч бид хоёрт тэдэнд өгөх мах алга” гэж Содномдаржаа өгүүллээ хэмээн Гордон Файрлофын “Wall Street Journal” сонины өчигдрийн дугаарт бичсэнийг хөрвүүлэв.

No comments: