November 27, 2009

Хаж мөргөлийн үеэр 77 хүн үерт амьүрэгдэв



November 27, 2009
Саудын Арабын Жедда, Рави, Мекка хотод Арваннэгдүгээр сарын 25-нд ширүүн бороо орсны улмаас үер бууж, 77 хүн амь үрэгдэж, олон хүн сураггүй алга боллоо гэж тус улсын Saudi Press агентлаг мэдээлэв. Тухайн өдөр ариун хот Меккад эхэлсэн хаж мөргөлд оролцогчдоос нэг ч хүн амь үрэгдээгүй гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. Улаан тэнгисийн эрэг орчим дахь Жедда хот хамгийн их хохирол амссан байна. Амь үрэгдсэн иргэдийн 21 нь Саудын Арабын, бусад нь тус улсад байнга оршин суудаг цагаач иргэд байсан аж.
Тус улсын эрх баригчид хаж мөргөл үйлдэхээр ирсэн гурван сая гаруй мөргөлчдөд хандан болгоомжтой байхыг сануулсан байна. Өнгөрсөн жилүүдэд хэт олон хүн цугларсны улмаас шахцалдаан үүсч, хүн дарагдаж үхсэн тохиолдол гарсан. Хаж мөргөл маргааш дуусна. Дөрөв хоног үргэлжилдэг энэ мөргөлийн үеэр бороо орох нь бий ч энэ удаагийнх шиг олон хүний аминд хүрсэн тохиолдолд гарч байгаагүй юм байна.
Ширүүн борооноос гадна H1N1 вирусийн тархалт ихсэх вий гэдэгт тус улсын эрүүл мэндийн байгууллага ихээхэн сэтгэл зовниж байна. Олон хүн цуглардаг мөргөлийн үеэр тархалт эрчимжиж болзошгүй гэж АНУ-ын эрүүл мэндийн байгууллага анхааруулга өгчээ.

No comments: