November 25, 2009

Олон улсын байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлэв

November 25, 2009
Хэвлэлийн эрх чөлөөг дэмжигч “Хил хязгаргүй сурвалжлагчид” байгууллага Филиппиний Магинданао мужид жигшүүрт аллага гарч гэм зэмгүй иргэд, сурвалжлагчдийн хомроглон устгасан явдлыг эрс буруутгаж, гэмт хэрэгтнүүдийг нэн даруй олж, шудрага шүүхэд шилжүүлэхийг шаардав.
Тус мужид сонгуулийн ажлаар явж байсан цуваа халдлагад өртсөнөөр 52 хүн алагдсаны 13 нь ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчид. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага мэдэгдэлдээ “Сэтгүүл зүйн түүхэнд ганц өдрийн дотор, нэг дор ийм хүнд гарз тохиолдож байсан удаагүй. Тус байгууллага Филиппинд тэр тусмаа Минданаод хүчирхийлэл гарч байгааг байнга сануулж, эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн гэдгээ дурдаад, энэ удаагийн хэрцгий аллага авлигад идэгдсэн улстөрчидтэй холбоотой, эрх баригчид энэ удаа шийдвэртэй алхам хийх хэрэгтэй хэмээн уриалсан байна.
Филиппинд гарсан аллагатай холбоотойгоор олон улсын сэтгүүлчдийн эрхийн хамгаалах байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Нью-Йоркт төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хороо (СХХ) “Минданао үнэний дуу хоолой болсон сэтгүүлчидэд халтай газар болоод удаж байгаа. Энэ удаа тэд дэндүү их хохирол амсч, ажил үүргээ гүйцэтгэхээр явж байгаад амиа алдлаа” гэсэн байна. СХХ энэ аллагыг гарахаас өмнө Филиппинийг сэтгүүлчидэд хамгийн халтай дөрвөн орны жагсаалтад оруулаад байв. Зүүн өмнөд Азийн хэвлэлийн холбоо ч СХХ-той санал нэг байгаагаа илэрхийлжээ. Сэтгүүлчдийн амь насанд халтай орнуудын жагсаалтыг Филиппин тэргүүлж, Сомали, Ирак, Пакистан удаалах боллоо. Үүнээс гадна АНУ болон гадаадад ажиллаж буй Филиппиний сэтгүүлчид олон улсын байгууллагуудтай дуу хоолойгоо нэгтгэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, “Энгийн иргэд, эмэгтэйчүүд, сэтгүүлчдийг хомроглон алсан гэмт хэрэгтнүүд шудрага шүүхээс цээрлэл хүлээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгээ илэрхийлжээ. Европын холбоо болон АНУ, Их Британи тэргүүтэй орнууд Филиппин дэх дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Глория Арройо Минданаогийн хоёр мужид онц байдал зарлаж, хүчний байгууллагууд аллага үйлдсэн этгээдүүдийг хайсаар байна.

No comments: