November 25, 2009

Оюутолгой толгойд тань бий

(2008-03-15)


О.Тогоо
1955 оны аравдугаар сарын 28-нд Уильям Хенри Гейтс гэгч нөхөр хорвоод мэндэлжээ. Түүний унасан газар, угаасан ус нь АНУ. 1995-2007 он хүртэл дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан энэ эрхэм 2008 онд дэлхийн толгой баячуудын жагсаалтад 58 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээгдэн гуравт жагсаж. Хүн болгон “Forbce”-ийн сайт руу ороод үүнийг мэдээд авч болно л доо. Гэхдээ одоо “сараачих” гээд байгаа бичвэрийн маань зорилго энэ биш.

Ойролцоогоор 500 сая орчим тонн зэс, 330 мянга орчим унци алтны нөөцтэй Оюутолгой хэмээх уурхайг Монголд нээснээр “Хэн ард түмэндээ хамгийн их хайртай вэ?” гэсэн уралдаан эхэлсэн юм даа. Дээр ярьсан нөхөр ойролцоогоор мөнөөх Оюутолгойгоос 19 дахин их хөрөнгийг толгойдоо хийчихээд байгаа. Оюутолгойг ашиглахад гурав орчим тэрбум ам.доллар хэрэгтэй.

Хэн ийм боломжийг түүнд өгөв өө. Нийгмийн тогтоц нь юм болов уу, эсвэл бурхан уу, аль нь ч биш байх. Минийхээр боловсролын тогтолцоо нь. Ийм тогтолцоо мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр бүрэлдэнэ. Сургахдаа гол биш, сурахгүй бол “амьтан” болно шүү гэдгийг л ойлгуулдаг тогтолцооноос энэ мэт нөхдүүд төрж таарна.

Оюутолгой, Тавантолгойн орд мөрийтэй тоглоомчийн ханцуйд байдаг луйврын хөзөр бус. Бид нар хамгийн ухаантай нь биш, гэхдээ адгийн тэнэг бас биш. Одоогийн залуусын, хүүхдүүдийн маань толгойд “Толгой”-нууд байгаа, эргэлзэх хэрэггүй. Түүнийг нь “талх” болгоход саад хийгээд байгаа улсуудаас салчих юмсан, нийлж байгаад. Хугацаа их орох байх л даа. Гэхдээ л гэдэг шиг бид чинь 20 шахам жил боллоо шүү дээ, өмчтэй болох зөвшөөрөл аваад. Энэ хавраас “алтан загас”-тай уулзах боломжтой, эсвэл араб үлгэрт гардаг бирдийг домбоноос нь суллах аргыг олчихсон, арван жилийн багшийнх нь хажууд айлын хүний үйлдвэрт “нисдэг хивс” оёулахаар захиалгаа өгчихсөн баахан улс бидэнд баялаг өгөхөөр ирнэ.

Дахиад хэлье, энэ баялаг таны, одоогийн залуусын, хүүхдүүдийн маань толгойд бий. Бидний жилдээ бүтээдэг баялаг гурван тэрбум ам.доллар хүрэхгүй. Канадчууд нэг өдөрт ийм хэмжээний баялаг хийдэг. Жилд хийдэг баялагтай чинь тэнцэх хөрөнгө оруулъя гэхээр манайхан дургүйцэх юм.

Ялагдах дуртай хүн байхгүй. Тэгэхдээ ялагдах сонирхол бидэнд байх шиг. “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэсэн үгийг бүгд мэднэ. Ингэж байж л “толгой”-нуудаа ашиглах байх даа. (Оюутолгой, Тавантолгойг хэлээгүй шүү)
Ялагдвал хичээх болно, хичээвэл чийрэг болно, чийрэг болбол дийлэхэд амаргүй гэдэг байх аа.

No comments: