November 30, 2009

Осамаг барих боломж байсан


November 29,2009

Зартай алан хядагч Осама бин Ладеныг барих боломж АНУ-ын цэргүүдэд байсан гэсэн дүгнэлтийг тус улсын Сенатын Гадаад харилцааны байнгын хороо хийсэн байна. Уг илтгэлд “Засгийн газрын баримт бичиг болон үйл явдалд ойрхон байсан хүмүүсийн өгсөн ярилцлагаас үзэхэд 2001 оны арванхоёрдугаар сард Осама бин Ладен Тора Борагийн ууланд бидний хамар дор байсан гэдэг нь илт байна. Тэрбээр 2001 оны арванхоёрдугаар сарын 16-нд Тора Борагийн уулнаас хамгаалагчдынхаа хамтаар элдэв саадгүй гарч Пакистан руу нэвтэрсэн” гэжээ. Их хүчээр дайралт хийхийн оронд Тэнгисийн явган цэргийн тусгай ангийн 100 хүрэхгүй дайчинг илгээхэд л халуун мөрөөр нь орох байсан гэж Сенатын байнгын хороо үзсэн байна.
Тухайн үед Д.Рамсфелд их хүчээр дайралт хийх нь түүнд мултрах боломж олгоно хэмээн сануулж байсан аж. Сенатын байнгын хороо 2001 онд Осама бин Ладеныг Тора Борагаас алдсан нь Афганистан дахь дайныг улам сунжруулж, Пакистанд аюултай нөхцөл байдал үүсгэх нэг шалтгаан болсон гэдэгт итгэлтэй байгаа аж. Гэхдээ Осама бин Ладен Тора Борагийн уулны чухам аль хэсэгт нь бүгж байгаад алга болсон тухай баттай баримт байдаггүй.
Ерөнхийлөгч Б.Обама Афганистан руу олон мянган цэрэг нэмж илгээх шийдвэр гаргаж магадгүй байгаатай холбогдуулан сенатч Жон Керри 2001 онд болсон явдлын талаар дүгнэлт гаргаж өгөхийг Ардчилсан намынхан олонх байдаг Гадаад харилцааны байнгын хороонд тавьсан юм байна.

No comments: