November 24, 2009

Хөлгийн шандас сорьсон хөдөө талаар

Домогт байлдан дагуулагч Чингис хаан ч үзэж өнгөрүүлсэн байж магадгүй тэсвэр хатуужлийн шалгуурыг давсан хорь гаруй морьтон барианы зурхай руу хурдлана. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн морин аялагчид Монголын тал нутгаар 10 хоног уралдаж, 860 км замыг туулсан юм. Зохион байгуулагч Монгол Дерби үүнийг дэлхийд хамгийн холд тооцогдох уралдаан хэмээн хэлж байв.

Өмнөд Африкийн уран барилгач Чарльз Ван Уик, Монголын Шаравсамбуугийн Галбадрах нар зуузай холбон барианд орсон бөгөөд араас нь Аргентин, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Испани, АНУ-ын морьтонгууд орсон. Их Британид төвтэй The Adventurists байгууллага энэхүү ер бусын уралдааныг Монголын уламжлал, соёл, зан заншлыг дэмжих зорилгоор зохион байгуулсан юм. Уралдаанд оролцогсод хоорондоо 40 км зайтай байрлах өртөөн дээр морьдоо юүлж байв. Өртөөг Чингис хааны үед Монголын эзэнт гүрний нэг захаас нөгөөг хүртэл мэдээ дамжуулдаг байсан тэр хэлбэрээр байгуулсан байлаа. Монголын эзэнт гүрний нэг захаас нөгөөг хүртэлх нутаг гэдэг нь Номхон далайн эргээс Европ хүрсэн уудам орон зай.

28 настай Чарльз Ван Уик “Орчин үеийн амьдралын хэв маяг тал нутгийг ихээхэн өөрчилж. Гэхдээ хүмүүс нь бүгд хот руу ирж байна гэсэн үг биш л дээ. Үнэндээ бол хөдөө нутагт амьдралын төвшин муугүй юм. Бид хотод ирчихсэн хойноо хүртэл зарим зүйлийг нь үгүйлж л байлаа” гэсэн. Өртөө болгон дээр барьсан монгол гэрт морьтнуудыг хонины чансан мах, монголчууд их уудаг айргаар зочилж, тухтай амрааж байсан ч заримдаа аялагчид хээр хонох тохиолдол байсан. Уралдааны үеэр нийтдээ 700 гаруй морьд хэрэглэсэн.

The Adventurists-ийн захирал Том Морган “Сүүлийн долоон жил Монголд амьдарсны хувьд хөдөөд морь хичнээн үнэ цэнэтэй зүйл болохыг бид сайн мэднэ. Дэлхийд ийм олон адуутай, унаад давхих уудам дэлгэр, төгс төгөлдөр газар нутагтай орон хаа ч байхгүй. Урьд нь ийм уралдаанд зохион байгуулж байгаагүй болхоор айх эмээх зүйл бишгүйдээ л гарсан. Гэвч бүх юм тун сайхан болж өнгөрлөө. Монголын нүүдэлчид, тэдний гайхамшигт морин өртөө, шандаст хүлгүүдэд нь талархал илэрхийлье” гэлээ.

The Adventurists жил бүр Лондоноос Улаанбаатар хүртэлх авто ралли уралдааныг зохион байгуулдаг. Дандаа жижиг машин оролцдог энэ уралдаан аюул осол ихтэй эд.
Морьтонгуудын зарим нь мориноосоо унан бага зэрэг шалбарч, нэг нь тархиа жаахан хөдөлгөснийг эс тооцвол бүх юм сайхан болсон. Юндэнбатийн Үнэнбат үүнд их гайхсан байртай “Замынхаа талыг барахгүй улс байна гэж бодож байлаа. Харин урт замыг мэнд туулаад барианд орж ирэхэд нь л андуурсанаа мэдсэн. Залуус зоригтой, шаргуу, хатуужилтай болохоо үзүүлсэн” гэж байв.

Оролцогч бүрд эртний улаачид хэрэглэдэг байсан пайз олгосон. Тэр цагт үүнийгээ үзүүлэн эзэнт гүрний нутгаар хөндлөн гулд явах эрхтэй байдаг байж. Харин уралдаанд оролцогсод орчин үеийн харилцаа холбооноос хол байсангүй. Малчид гар утас хэрэглэнэ, зарим нь гэрийнхээ гадаа тавган антеннтай.

Энэ уралдаанаар босгосон мөнгөний дийлэнхийг Азийн буурай орнуудын нэг болох Монголд ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж буй Mercy Corps-т хандивлах юм. Хойтон жил ийм арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй буйгаа Т. Морган хэлсэн. Оролцох хүсэлтэй хүмүүс онлайнаар анкет бөглөж, морь унаж чаддаг, онгон байгальд тэсч үлдэх чадвартай гэдгээ нотлох ёстой гэнэ. Хаяг нь www.mongolderby.theadventurists.com гэж Michael Kohn 2009 есдүгээр сарын 13-нд AFR-ийн сайтад бичсэнийг хөрвүүлэв

No comments: