November 24, 2009

Хас тэмдэг хан үндэстний эсрэг

О.ТОГОО (2009-07-27)

Монголын нийслэл Улаанбаатарт нэгэн кино театрын ойролцоох тоосгон ханан дээр шүршдэг будгаар “Хятадуудыг бууд” хэмээн бичсэн нь харагдана. Хас тэмдэг зураад, “Алуурчин залуус…! Аюул! гэсэн бичгийг гэр хорооллын хашаан дээр бичсэн байх нь ч үзэгдэнэ. Хотын хаа сайгүй тааралдах ийм бичээсүүд бол Монголын шинэ нацистуудын “уран бүтээл”.

Жинхэнэ шинэ нацистууд биш ч үе үе хүчирхийлэл үйлдэж, айдас төрүүлдэг хөдөлгөөн. Бүх гишүүн нь нийлээд хэдэн мянгад хүрдэг хэт үндсэрхэг үзэлт гурван бүлэглэл Улаанбаатарт бий. Тэд нацистийн бэлгэ тэмдэг, үзэл суртлыг ашиглах агаад гол зорилго нь Хятадыг үзэн ядах. “Хөх Монгол” бүлэг гэхэд л хятадуудтай унтсан хүүхнүүдийн толгойтой үсийг хусна. Тэдний удирдагч өнгөрсөн жил охиныхоо найз, Хятадад сурдаг монгол залууг хөнөөсөн хэрэгтээ шийтгүүлжээ. Шинэ нацистууд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй байж болох ч өнөөдөр бодитой байгаа үндсэрхэг үзэл тэднээр дамжин илэрч байна.

Орос, Хятадын дунд оршдог энэ үндэстэн, асар их байгалын баялгийнхаа улмаас гаднын аль нэгэн улсын мэдэлд орох вий гэдгээс болгоомжлох болжээ. Үүнээс үүдэн гаднынханд дайсагнах болсноор гадаадын хөрөнгө оруулалтын олон чухал гэрээ удааширсан. Хамгийн нэртэй нь болох “Даяр Монгол” хөдөлгөөний тэргүүн, 50 настай З.Эрдэнэбилэг бол парламентын сонгуульд дөрвөн удаа өрсөлдөөд сонгогдож чадаагүй хүн. Тэрбээр биеэ үнэлэх, мансууруулах бодис дэлгэрч байгаад хятадууд буруутай хэмээн үзэж, жигшин зэвүүцдэг. З.Эрдэнэбилэг “Монголчуудын цус харийнхантай холилдох л юм бол дуусна. Бид маш хурдан уусна” гэсэн юм. З.Эрдэнэбилэг бол Монголын нацистуудын дотор настайд орох хүн. Харин 23 настай Ш.Мөнгөн-Эрдэнэ бол өвчүүн дээрээ хас тэмдэг шивсэн залуухан толгойлогч. Тэрбээр 200 орчим гишүүнтэй “Нэгдсэн Монгол” бүлгийн тэргүүн. Энэ хөдөлгөөн хууль зөрчсөн гадаадын иргэд, тэр дундаа хятадуудын эсрэг арга хэмжээ авдаг. Яагаад ингэдгийг нь асуухад “Тэд энд амьдрах ёсгүй” хэмээн хариулсан юм. Тэрбээр зөөврийн компьютерээ дэлгэн өөрийн нацист найз нарын зургийг үзүүлсэн.

“Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн төслийн менежер Дагвын Энхцэцэг “Шинэ нацистууд гадаадаас ямар нэг дэмжлэг авдаггүй. Тэдний хэт үндсэрхэг байр суурь гадаадад сурч байгаа олон монгол залуусын амьдралыг эрсдэлд оруулж байгаа юм” гэсэн. Тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хятад гаралтай гэсэн хийрхэл дэгдсэн гэнэ. Д.Энхцэцэг “Энэ бол хуучны мэх. Дээр үед ч ингэдэг байсан” хэмээн тайлбарласан.

Шинэ нацистууд аюултай хүмүүс
Тавдугаар сард “Энхтайвны корпус”-ын хоёр ажилтан бааранд “Даяар Монгол”-ын залуустай муудалцаад гарч явсныхаа дараа нэвширтэл зодуулсан. Эрдэнэбилэг үүнийг манай залуус оролцоогүй хэмээн эрс үгүйсгэсэн. Улаанбаатарт амьдардаг, нэрээ хэлэхгүй байхыг хүссэн америк залуу “Шөнийн клубт монгол бүсгүйтэй нэлээд задгайдуу бүжиглэсний төлөө нацистууд намайг хоргоож, хас тэмдэг үзүүлсэн. Тэдний энэ үйлдэл ердийн тэмцэл биш. Тэд гаднынхан зайл гэсэн мессэжийг хүнд нударга, ханан дээр бичсэн үгсээрээ дамжуулан өгч байна” гэв.

No comments: