November 27, 2009

Харийнхантай холбоо тогтоосон шинжлэх ухааны академи

November 27, 2009
Болгарын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн дэд захирал Лашезар Филипов “Харь гаригийнхан хаа сайгүй оршиж, цаг үргэлж биднийг ажигласаар байна. Тэд бидэнд мууг биш сайныг хүсч, туслахыг хичээдэг. Гэвч бид тэдэнтэй харилцах хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа нь саад болж байна” гэжээ. Түүнээс хэлснээс үзэхэд тус хүрээлэнгийнхэн харийнхантай холбоо тогтоож чадсан төдийгүй 30 орчим асуулт тавьж хариу аваад байгаа гэнэ.
Тус төвийн эрдэмтэд тариан талбайд шөнөөр үлдээдэг үл ойлгогдох дүрсүүдийг харь гаригийнхны илгээлт хэмээн үзэж дүн шинжилгээ хийж байгаа аж. Ирэх 10-15 жилд хүн төрөлхтөн харийнхантай шууд холбоо тогтоох агаад ингэснээр хүний оролцооны улмаас сүйрэлд хүрээд байгаа байгаль орчныг хамгаалах талаар туслалцаа авах боломжтой гэж Л.Филипов үзэж байгаа юм.
Харийнхантай холбоо тогтоосон гэх судалгааны тайлан хэвлэгдсэний дараа Болгарын Шинжлэх ухааны акедемид шинэчлэл хийх асуудал босч ирсэн байна. Академийн төсөв санхүүгийн асуудлын улмаас өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ситеон Дьянков, Ерөнхийлөгч Георги Парванов нарын дунд халуухан маргаан дэгдсэн. Сангийн яамны үзэж буйгаар Ерөнхийлөгчийн найз нар үүрлэсэн академи феодалын ёс тогтсон газар болсон гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Бойко Борисов Академи элдэв дуулиан шуугианаас хол байх учиртай, харьяа хүрээлэнгүүд нь юу хийдэг, юу бүтээдэг, хэрхэн ажилладагыг нь шалгаж үзнэ гэсэн байна.

No comments: