November 27, 2009

Зайны сургалт

О.Тогоо
November 21,2009
Дунд сургуулийн хүүхдүүд зурагтаар номоо үзэж байна. Шалтгааныг нь бүгд мэдэж байгаа тул энд дурдаад яахав. Айхтар шинэ зүйл биш л дээ, намайг арван жилд байхад Чой.Лувсанжав багштан зурагтаар англи хэл зааж байлаа. Үнэнхүү сонирхолтой байсан учраас хөгшин, залуу олон хүн тэр үед хориотой шахуу байсан англи хэлний зах зухтай болсон. Би ч ялгаагүй. Ялангуяа орос хэлний сайн суурьтай, гэртээ дэмжээд туслаад өгөх хүнтэй хүүхдүүд бол бараг л болоод явцан. Удалгүй Ш.Чоймаа багштан монгол бичгийн хичээл заасан. Бас л олон хүн ба, бэ, на, ну-тай болоод авсан.
Зурагтаар зааж байгаа бас интернэтэт тавьсан хичээлийг хүүхдүүд үзэж байна аа, үзэж байна. Гэхдээ нэг их сонирхохгүй байх шиг. Авууштай нэг зүйл нь хичээл, ном гэдэг чинь “залхаах” биш заавал үзэх ёстой зүйл юм байна, өвчин тахал гарсан ч үүнийг орхих ёсгүй юм байна шүү гэдгийг багачууд гадарлах боллоо. Хамгийн гол нь хүнээр хэлүүлэлтгүй өөрсдөө ойлгож авсанд тэдний “гавьяа” оршино.
Өөр нэг сайн зүйл гэвэл зайны сургалтыг цаашид явуулах суурь тавигдаж байх шиг. Гэхдээ үүнийг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэвэл бизнес болгох хэрэгтэй. Харин төрийг үүнд хавьтуулж болохгүй. Баллаад хаяна. Боловсролын яаманд боловсролыг хорлогчид байдаг гэж байгаа юм биш.Төр угаасаа бизнес хийж чаддаггүй, үүнийг бүгд мэднэ. Интернэт ашиглан ийм бизнес хийх талаар Энэтхэг чамгүй туршлагатай. Төр нь биш шүү, залуучууд, оюутнууд нь. Америк хүүхэд геометрийн хичээлээр давтлага авах шаардлагатай боллоо гэхэд эх, эцэг нь энэтхэгээс багш хөлсөлнө. Америк багшид цагийн 40 доллар төлдөг бол, энэтхэг оюутанд 15 орчим доллар төлнө. Үр дүн нь адилхан. Энэтхэг багш хичээлээ интернэт ашиглана заадаг юм билээ. Ийм жишээ Томас Фридманы “Хавтгай дэлхий” номонд хэдэн зуугаараа бий. Эхний удаа webcam, интернэт байхад л “хаваасаг”.
Манай залуучууд, багш нар, сэтгүүлчид, эрдэмтэд мэргэшсэн хичээлээ интернэтээр заагаад байж дөнгөнө. Зах зээлийн жамаар, сайн хичээл заадаг хүмүүс, сайн үйлчилгээ үзүүлдэг вэб хуудсууд ашиг орлого нь нэмэгдээд, бизнес нь өргөжөөд л явна. Базаахгүй нэг нь аяндаа хаагдана. Мөнгө хийх боломж байна шүү, залуусаа. Аливаа бизнес хөгжөөд, ашиг олоод ирэхээр төрийн нэр барьсан луйварчид гарч ирдэг. Та биднийг шулаач, луйварчдаас хамгаалахын тулд тухайн бизнес эрхлэгч хэр зэрэг шударга болохыг шалгана , цэгцэлнэ, зөвшөөрөл өгнө гэсээр тэд хүрч ирнэ. Авлига авах гэж байгаа санаа нь, гонж байлгүй. Мэдлэг, боловсрол, хүч чадал гэхээсээ илүү танил талдаа найддаг тэд яаж ч чардайгаад энэ бизнест шон байхгүй. Энэ бол залуус бидний юм.
Зах зээл олдохгүй гэж санаа зоволтгүй. Гадаадад байгаа монголчууд үр хүүхдийнхээ төрөлх хэлний боловсролд ихээхэн санаа зовдог юм билээ. Орос, монгол нь мэдэгдэхгүй амьтан болгохыг хэн л хүсээ аж. Жаахан том болсон хүүхдүүдэд нь түүх, зан заншлын тухай цэгцтэй ойлголт өгөх хэрэгтэй байна. Үүний төлөө тэд мөнгө төлөхөд бэлэн байдаг. Тэдний олонх нь хэзээ нэгэн цагт эх орондоо ирж, ажиллаж, амьдарна шүү дээ. Хаа хаанаа хэрэгтэй бизнес.
Чой.Лувсанжав багштны заасан англи хэлний хичээлийг интернэтэд тавихад л “гадаад хэл заадаг” их олон дамжаа хаагдана даа. Харин сануулж хэлэхэд энэ бүхэн үнэгүй тавигдах ёстой. Энэ бол монголчуудын өмч. Хайран сайхан түүх, соёл минь мартагдлаа гэж шүлсээ үсчүүлж байхын оронд Ш.Чоймаа багштны монгол бичгийн хичээлийг интернэтэд тавиасай билээ. Ийм ажлыг ивээн тэтгэж, мөнгө төгрөг хаяад, далиманд нь өөрсдийгөө сурталчлах сонирхолтой пүүс, компани битгий хэл дэлгүүр, ТҮЦ хогоороо байна, цаана чинь.

No comments: