February 04, 2010

Обама Хятадад шахалт үзүүлнэ гэв

Ерөнхийлөгч Б.Обама Ардчилсан намын сенатчидтай уулзах үеэрээ “Тус улс зах зээлээ АНУ-д нээж, худалдаа хийх хүртэл нь шахалт үзүүлнэ” гэж мэдэгдэв. Гэхдээ энэ нь Хятадын эсрэг протекционизм баримтална гэсэн үг хараахан биш. “Тэр зах зээлд орж чадахгүй байгаа нь бидний алдаа” юм гэдгийг онцлон дурджээ. Тайваньд зэвсэг нийлүүлэх, Далай ламын айлчлал зэргээс үүдэн хоёр улсын харилцаа хурцадаад байгаа.
Уулзалтын үеэр сенатчдын тавьсан АНУ худалдааны асуудлын улмаас Бээжинтэй тогтоосон харилцаагаа таслах эсэх тухай асуултад “Энэ бодлого Хятад болон бусад орнууд худалдааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх болтол үргэлжилнэ. Одоо мөрдөгдөж буй дүрмийг мөрдүүлэх гэсэндээ энэ арга хэмжээг авч байгаа юм. Бид өрсөлдөөнөөс айсандаа ийм алхам хийгээгүй. Ирээдүй маань дэлхийн зах зээл дээр бид юу борлуулж чадах вэ гэдгээс ихээхэн хамаарна” гэж хариулсан байна. Хэдийгээр тэрбээр Хятадын юаныг шууд нэрлээгүй ч зарим улс мөнгөний ханшийг зохиомлоор барьж шударга бусаар өрсөлдөж байна хэмээн шүүмжлэв. Хятад доллартай харьцах юаны ханшийг зохиомлоор барьж байна гэж АНУ олон жилийн турш шүүмжилж, ханшаа чөлөөлөхийг шаардаж байгаа.

No comments: