February 17, 2010

Тутанхамоны үхэл нууцлаг хэвээр үлдлээ

Египетийн фароан Тутанхамон хумхаа өвчнөөр үхсэн байж болзошгүй гэж түүний занданшуулсан цогцсонд сүүлчийн хоёр жил ДНХ болон бусад нарийвчилсан шинжилгээ хийсэн эрдэмтэд мэдэгдсэнийг ВВС уламжлав. Их Британийн археологч Ховард Картер 1922 онд Тутанхамоны бунханыг Хаадын хөндийгөөс олсноос хойш 19 настай фараон юуны улмаас өөд болсныг олон янзын таамаг дэвшүүлсэн. Ихэнх нь түүнийг хоёр дугуйт тэрэгнээс унаж, хөлөө хугалсанаас цусанд нь халдвар орж үхсэн гэж үздэг. Энэ удаа эрдэмтэд түүний цуснаас хумхаа өвчний нянгын үлдэц олсон аж. Тэдний таамаглаж буйгаар хумхаа өвчний халдвар авсан үедээ, хөлөө хугалсанаар залуу фараоны зам нь шулуудсан гэнэ.
Ливерпулийн их сургуулийн хүн судлаач Боб Конноли энэ таамаглалд итгэхгүй байгаагаа илэрхийлээд, “Цуснаас нь хумхаа өвчний нян олдсон нь тэр хүн уг өвчнөөр үхсэн гэсэн үг биш. Тэр дугуйт тэргээр давхиж яваад унаж амиа алдсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Түүний өвчүү цөмөрч, хавирга нь хугарсан байсан нь үүнийг нотолно” гэжээ

No comments: