February 05, 2010

Сав

О.Тогоо

Эртний мэргэд ном сурахаар ирсэн багачуудыг шавь оруулж авахдаа айхтар шинждэг байсан гэнэ. Цөл гатлан, холыг зорих гэж буй жинчин амны ус хийх саваа сонгож байгаа лугаа адил сонждог байсан гэх. Ном сурах “сав”, өөрөөр хэлбэл шавь орж буй хүмүүн дээшээ харсан, цэвэрхэн, битүү ёроолтой сав байх ёстой аж. Олдохуйяа бэрх боловч ийм “сав” байдаг гэнэ. Зарим “сав” бүх болзлыг хангадаг ч ёроол цоорхой байх нь элбэг, зарим нь ёроол бүтэн, дээшээ харсан байдаг ч дотроо асуудалтай байдаг агаад тун ч элбэг тохиодог байна. Бүр “заводаасаа” уруугаа харчихсан сав ч ховор биш төдийгүй сав хэмээн тооцоход бэрх хүмүүс цөөн бус гэнэм. Харин ном сурах “сав” заавал гоё сайхан байх тухай ямар нэг үг сургааль, үлгэр домог олдсонгүй. Айхтар хайсан ч үгүй. Царцаа Намжил бол хаанаас нь ч харсан нөгөө юу бол лав биш. Зүгээр л азтай юу юм даа.
Одоо бол байдал өөрчлөгдсөн. Сав л бол сав. Энэ тэр гэж ялгаж салгаж болохгүйгээр барахгүй чингэх нь хуулиар хориотой. За манай хүүхэд ном сурахгүй нь гэртээ байж байг гэдэг юм уу, эсвэл багш нь за ингээд харих замдаа дуулсан болгон чинь эрдэм гэх маягийн юм хэлээд Царцаа Намжил шиг буцааж бүр болохгүй. Иргэншсэн нийгэмд хүүхэд бүр ерөнхий боловсрол үнэ төлбөргүйгээр заалгах эрхтэй. Хүсвэл эх, эцэг нь илүү сайн гэж үзсэн хувийн сургуульд төлбөр төлөөд сургах эрх нь нээлттэй. Сүүлийн үед хувийн сургуулийг илүү үзэх хандлага давамгайлж байна. Шуудхан хэлэхэд улсын сургуулийг голж байна. Үнэгүй юм үнэ цэнэгүй байгаа хэрэг. Төрийн мэдлийн сайн сургууль байгаа л байх гэхдээ олон биш.
Бүс нутаг, хот, улсын хэмжээний тоо, физик, гадаад хэлний олимпиад, тэмцээнд хувийн сургуулийн хүүхдүүд илт давамгайлах болсон. Тэнд анги дүүргэлт, нэг багшид оногдох хүүхдийн тоо цөөн, багш нар нь өндөр цалинтай байдаг. Улсын сургуульд байдал эсрэгээрээ, нэг ангид 40-50 хүүхэд байх нь ердийн үзүүлэлт. Ийм байхад ямар ч мундаг багш байгаад хичээлээ олигтой заах, ойлгуулахад бэрхтэй. Харин ч өдий болтол болгоод байгаа нь бүр гайхмаар. Байдлыг сайжруулах ганц арга бол боловсролыг бизнес болгох. Сүүлийн үед бизнес гэдэг үгийг луйвар гэж гүжирдэн ойлгодог болсон. Бизнес хийдэг хүнийг луйварчин гэж үздэг хүмүүс бий. Уул нь англи хэлний busy (завгүй) гэсэн үгнээс гаралтай үг юм билээ. Businessman гэхээрээ завгүй, ажил хэрэгч гэх ухааны утгатай гэсэн. Хадуураад явчлаа орхие.
Бизнес болгоно гэхээр сургуулийг хувьчлаад, төлбөр авах гэсэн санал биш. Сургуулиудын дунд өрсөлдөөн байхгүй байгаа нь сургалтын чанарт нөлөөлж байгаа хамгийн том сөрөг үзэгдэл. Эдийн засгийн хөшүүрэг, өрсөлдөөн буй болгодог талонжуулах гэж нэг арга байна. Энгийнээр тайлбарлавал, улсын сургуулийн нэг сурагчид нэг жилд улсаас зарцуулдаг мөнгийг тооцож гаргаад, хүүхэд бүрт мөнгөн дүнтэй нь дүйцэхүйц талон олгох. Энэ талоноо өгөөд төрийн мэдлийн аль ч сургуульд нэг жил сурах эрхтэй. Гэхдээ сургуулиа өөрөө сонгоно. Төрийн мэдлийн сургууль хэдий хэр талон цуглуулна, түүгээрээ санхүүжинэ гэсэн үг. Сургууль нь олигтой халаалт байхгүй, багш нар нь сурагчиддаа гар хүрдэг эсвэл элдэв аргаар мөнгө татаас нэхдэг газрыг зорих тэнэг хаана ч байхгүй. Сургуульдаа ахиухан мөнгө санхүүжилт олж, цалин цавуугаа нэмэх хүсэлгүй сургууль мөн л байхгүй. Товчхондоо сургуулиудын дунд санхүүжилтийн төлөө, хүнд сурталтнуудаас үл хамаарсан эрүүл өрсөлдөөн буй болно. Дагаад биеийн тамирын талбай, “Үдийн цай” хөтөлбөр, сургуулийн гуанз зэргийг тойрсон жинхэнэ “бизнес” алга болох магадлал өндөр. Өөрөөр хэлбэл өдгөө цагийн шавь нар сурах “саваа” сонгоно. Дээвэр нь бүтэн юм уу, багш нар нь ямар ая зантай юм гээд л.
Өнөө маргаашгүй хийчихэж болохгүй ч боловсролын системд нэвтрүүлэхэд гэмгүй л туршлага. Бэлтгэл ажил энэ тэр гээд зөндөө л юм шаардагдах байх. Шийдэж болохгүй асуудал байхгүй шүү дээ. Хэн ч түлхүүргүй цоож хийдэггүй юм.

No comments: