February 17, 2010

АНУ атомын цахилгаан станц барина

Ерөнхийлөгч Б.Обама Жорж мужид барих хоёр атомын цахилгаан станцад зориулан найман тэрбумын ам долларын зээлийн баталгаа гаргаснаа зарлав. Одоогоос 30 жилийн өмнө АНУ-ын Пенсильван муж дахь Три-Майл Айленд атомын цахилгаан станцын реакторт осол гарснаас хойш тус улсад шинэ цахилгаан станц барих ажил зогссон юм. Тэрбээр шинэ төслийн талаар “Шинэ атомын цахилгаан станцын нэг нь жилдээ агаар дахь нүүрсхүчлийн хийг 13 сая тонноор багасгаж, ирэх найман жил өндөр цалинтай олон мянган ажлын байрыг буй болгоно. Дулаарлын эсрэг тэмцэхэд ус агаар шиг хэрэгтэй цэвэр технологийг ашиглах ажлын эхлэл тавигдаж байна. Байгаль хамгаалагчид энэ удаа сэтгэл зовох хэрэггүй” гэжээ.
Атомын цахилгаан станцын барилгын ажлыг гүйцэтгэх Southern Company “Барилгын ажлыг гүйцэтгэхэд 3000 ажилтан шаардлагатай. Реактор ашиглалтад орсны дараа 850 хүн энд байнга ажиллах болно” гэж мэдэгдэв.
Одоогоон АНУ-ын 31 муж улсад 104 атомын цахилгаан станц ажиллаж, эрчим хүчний нийт хэрэглээний 1/5 хангаж байна. Дэлхийн бусад орнуудад нийтдээ 56 атомын цахилгаан станц ажиллаж байгаа юм.

No comments: