February 17, 2010

Богд Дүнжингаравыг түрээслье

Хотод амьдардаг хөдөөнийхөн сайхан шүү. Зун, намрын дэлгэр цагт нутагтаа очиж амрана гээд алга болооод өгнө. Зарим нь төрсөн бууцандаа дээрээ хөрвөөгөөд ирлээ гэсээр орж ирнэ. Бүтэн жилдээ ханиад хүрдэггүй юм гэнэ. Эм тариа үнэтэй цагт бас л их хэмнэлт шүү. Хотын бид яахав дээ бууцан дээр төрөөгүйдээ харамсаад л суухаас. Ямар төрөхийн хашаан очоод шороон дээр өнхрөлтэй нь биш. Аягүйдвэл цагдаад баригдана.
Харин сүүлийн үеэд хөдөө яваад ирсэн танилууд маань өсөж төрсөн нутаг ус нь унаган төрхөө гээж, гол мөрөн, булаг шанд нь ширгэж байгаа тухай гасалсаар ирдэг болсон. Бүр төрсөн бууцыг нь хүртэл сэндийлээд хаячихсан нь нэг бус гэнэ. Буруутан нь алт, ашигт малтмал гэх Монголыг хөгжүүлэх нигууртай баялаг. Яасан ч их байдаг юм. Хотынхон цемент, улаан шороон дээр өссөн болохоор байгаль хайрладаггүй гэж битгий бодоорой. Энэ улсын гортиг дотор байгаа уул ус тань өндөр нам, өргөн нарийн ялгалгүй бидний л юм. Нүүдэлчин монголчууд байгаль дэлхийгээ хайрлах эртний соёлтой ард түмэн. Байгалиас бүрэн хараат байдаг, өөрсдийгөө уул усныхаа нэг хэсэг хэмээн үздэг учраас арга ч үгүй биз. Өнгөрсөн зууны дунд үеэс гарааг авч, сүүлийн хориод жил эрчимжсэн хотжилтын нөлөөгөөр уламжлал орхигдсон тал бий.
Хотынхонд бусдаас илүү хайрлаж, харамладаг уул ус бии юу гэвэл бий. Тэр нь Богд Дүнжингарав, болор Туул. Хүн болгон төрсөн жалга довныхоо уул усыг хайрлах нь буруу биш ч эх орон гэсэн нийтлэг ойлголт заавал байх ёстой л доо уул нь. Энэ тухай дараа жич ярих учраас түр орхие. Улаанбаатарчуудын (бусад нь хайрладаггүй гэсэн үг биш шүү) хайрладаг дэлхийн ууган дархан газрын нэг Богд уул, түүнийг эмжин урсдаг Туул гол өнөөдөр нүд хальтармаар болсон. Яах вэ? Цагтаа царманд нь буга урамдаж, усаар нь сал урсаж байсан гэх. Одоо ул мөр ч байхгүй. Зайсангаас Горхи Тэрэлж хүртэл сөөм газар үлдэлгүй ил далд аргаар мөнгөтэй, танилтай нь аваад сүйд хийж байгаа юм байх. Богд уулыг алж байгаа гэх энэ шалтгааны цаана бас аварч болох гогцоо байх шиг санагдана. Юу гэхээр ямар нэг аргаар “авсан” гэх нөхдөд тэр газрыг нь хариуцуулан өгөх. Бүр зуун жилээр. Зөвхөн монгол хүнд гээд нэмчихье (ингэхгүй бол аягүйдвэл хятадын тагнуул гээд унана).
Хүн хувьдаа авсан юмаа тордож додомдоно уу гэхээс биш. Модыг нь огтолж, шуудайлж зараад, усаар нь алтны шороо угаахгүй нь ойлгомжтой. Тэгтлээ доошоо орсон хүмүүс тэнд газар аваагүй гэж бодож байна. Хүний хувиа бодсон атгаг санааг нь зөв тийш нь залах хэрэгтэй. Хилэн ихтийг аргаар, хилэнц ихтийг номоор тэтгэ гэдэг сэн бус уу. Түүнээс биш дан ганц ой хамгаалагч болон иргэдийн “эх оронч” сэтгэлд дулдуйдаад нэмэргүй. “Баатар эрд ч ар гэр бий ” гээд латины зүйр үг чинь нэг юм хэлээд байгаа юм. Олон арав, бүр зуун жилээр түрээслээд авсан газраа хүн мод тарьж, хог шороог нь цэвэрлэхээс гадна олз хайсан дэл сул этгээдийг алхуулахгүй. Тэндээ амралт сувиллын газар нээчихсэн нэг нь бол улам сайхан болгож, олон хүн татаж их мөнгө хийхийн тулд нүдний цөцгий шигээ хайрлан хамгаална. Энэ бол ерөөсөө хүний төрөлх зан. Улсын юм, дархан цаазтай газар гэж хичнээн орилоод тусаар бага. Эзэнгүй юм л гэсэн үг. Дээрээс нь хамгаална гэсэн нэрээр татвар төлөгчдийн мөнгийг нэмж хувхайлна.
Зайсангийн аманд гэхэд л хэдэн зуун айлын орон сууц барьчихсан, хахууль нь багадчихсан хэдэн “байгаль хайрлагч” зөвшөөрлийг нь өгөхгүй гэж эх оронч царай гаргана, зурагтаар. Газар хөдлөвөл хариуцлагын хэн хүлээх юм ч гэх шиг. Байгалийн гамшгийн хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байхаа, зүгээр. Байдаг бол бурхан хүлээнэ биз. Бурханы өмнөөс тэд нар юу вэ.
Сая Перугийн эдийн засагч Сото гуай ирээд явлаа. Түүний багийнханы тооцоогоор Улаанбаатарын гэр хороололд албан ёсны бүртгэл байхгүй, эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй 7 тэрбум гаруй долларын үхмэл хөрөнгө байна гэнэ. Богд хан уул, Туулын хөндийд байгаа үхмэл хөрөнгө гэвэл аймаар юм гарна даа. Нурааж байхаар албан ёсоор бүртгэж, эргэлтэд оруулаад, далиманд нь уул усаа хамгаалуулаад, бас үл хөдлөх хөрөнгийн татвар энэ тэрээ авах хэрэгтэй шүү дээ. Ганц Богд хан уул ч биш, Улаанбаатарын ойр орчмыг энэ маягаар л авч үлдэхээс өөр гарц харагдахгүй байна. Улсаас хулгайлж, хумсалж авсанаараа байшин сав босгосон сайхан гарууд тэрүүгээр бишгүй дээ л бий. Бүгд л тийм байв гэж. Цаг нь ирхээр хулгайч нар аяндаа Ганц руу ачигдаж л таараа. Тэрийгээ мэдсэн үү бараг Туулын эрэгт шахуу шинэ шорон барьсан гэсэн. Камерынхаа цонхоор гэрээ харьцгаана биз. Богд хан уул холгүй юм чинь.

No comments: