February 18, 2010

2009 оны шилдэг гэрэл зургийг тодруулав

World Press Photo олон улсын уралдааны шүүгчдийн зөвлөл 2009 оны шилдэг гэрэл зургаар Италийн фото-сурвалжлагч Пиетро Мастурзогийн авсан гэрэл зургийг шалгаруулсан байна. Өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг олон нийт, сөрөг хүчин хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар, Тегеранд эмх замбараагүй байдал үүссэн. Сонгуулийн шударгаар дахин явуулахыг шаардсан сөрөг хүчний шаардлагыг ард түмэн дэмжиж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан ч эрх баригчид хүчээр хөөн тараасны улмаас 32 хүн алагдсан. Зургадугаар сарын 24-нд болсон сөрөг хүчний жагсаалыг эрх баригчид хүч хэрэглэн тарааж дөнгөсөн ч уурлаж, хилэгнэсэн иргэд дарангуйлалын эсрэг үгээ байшингийн дээвэрээс, тагтан дээрээсээ хэлсээр байв.
Исламын Иран улсын эмэгтэйчүүд ч сонгох эрхийнхээ төлөө бусдаас дутахгүй тэмцэж байсныг нотлох энэхүү содон агшныг П.Мастурзо хальснаа буулгаж чаджээ.
Энэ жил 53 дахь удаагаа зохиогдсон эл уралдааны тэргүүн байрыг эзэлсэн П.Мастурзо шагналаа ирэх тавдугаар сарын 2-нд Голландын Аместердам хотноо гардах гэнэ. Шагналыг 10.000 евро дагалдаг бөгөөд “Canon” фирм хамгийн сүүлийн үеийн аппарат хэрэгсэлээр ивээн тэтгэдэг уламжлалтай. Шагнал гардуулах ёслолын үеэр олны танил хүмүүс лекц уншиж, фото зургийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцүүлэг хийх аж. Мөн дэлхийн шилдэг гэрэл зургаар гаргасан үзэсгэлэн зургадугаар сарын 20 хүртэл ажиллах юм байна.

No comments: