February 04, 2010

Карбалад болсон дэлбэрэлтэд 23 хүн амь үрэгдэв

Иракийн ариун хот Карабалад дахь Имам Хусейны сүмийн гадаа цугларсан мөргөлчид рүү мотоцикль унасан амиа золиослогч этгээд дайран орж дэлбэрсний улмаас 23 хүн алагдаж, олон арван мөргөлчин шархадлаа гэж ВВС мэдээлэв. Шийтүүдийн “Arbaeen” гэж нэрлэдэг шашны ёслол өнөөдөр өндөрлөх бөгөөд үүнд оролцохоор хөрш Иранаас олон арван мянган шийтүүд ирээд байгаа юм. Шийтийн мөргөлчдийг онилсон амиа золиослох халдлага энэ долоо хоногт эрс идэвхжсэн байна.
Олон улсын ажиглагчид “Шийтийн мөргөлчид рүү шашны ёслолын үеэр нь халдаж байгаа энэ алхам гуравдугаар сард болох Иракийн парламентын сонгуулиас өмнө шашин хоорондын зөрчлийг хурцатгах гэсэн оролдлог учраас тун аюултай” хэмээн дүгнэж байна.
Хоёрдугаар сарын нэгэнд Багдадын зүүн дүүрэгт амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлсний улмаас 41 хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан.

No comments: