June 03, 2010

Далай лам: Аз жаргал бол сайн үйлийн үр /Хоёрдугаар хэсэг/



Төвд, Монголын шашин соёлын төвийн (ТМШСТ)тэргүүн Ажиа гэгээн тавдугаар сарын 14- ний өдөр сүсэгтэн олонтой уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулахын зэрэгцээ өөрийн бичсэн “Surviving the Dragon: A Tibetan Lama’s Account of 40 Years Under Chinese Rule,” номынхоо нээлтийг хийсэн. Гүмбүм хийдийн хамба лам Ажиа гэгээн Төвдийн шашин, соёл, түүх уламжлалд Бээжингийн зүгээс үзүүлж буй дарамт шахалтаас зугтан 1998 онд эх орноо орхин гарсан хүн. Тэрбээр төвдийн шашин, үндэст учраад байгаа аюул занал, Төвдийн үнэн байдлын тухай болон бага насныхаа тухай өөрийн номондоо өгүүлжээ. ТМШСТ буддизмын онол ухаан, соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэхийн хамтаар өглөг буяны ажил зохион байгуулдаг. Тус төвөөс хорт хавдар туссан хүүхдүүдийг асран сувилах шинэ эмнэлгийг Монголд байгуулахад хэрэгцээтэй хөрөнгө мөнгийг босгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан юм байна.
Уулзалтын үеэр Ажиа гэгээний номыг худалдан авсан хүмүүс гарын үсэг зуруулахаар урт дараалал үүсгэ сэн. Ихэнх нь америкчууд. Нэг дор, нэг номыг тийм олон хүн худалдан аваад, зохиогчоор нь гарын үсэг зуруулахаар дугаарлан зогсохыг анх удаа Блүүмингтонд л харлаа. Харин Америкт бол ийм зүйл ердийн хэм хэмжээ болчихсон эд гэнэ. Зохиогч, уншигчдын ийм уулзалтыг байнга зохион байгуулдаг аж. Эмнэлэг барихад хэрэгцээтэй хандивыг босгоход боломж той бүх аргыг хэрэглэж байгаа нь харагдсан. Дээрхийн гэгээнтний ном айлдсаны дараа Төвдийн шашин соёлтой холбоотой эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал худалдаалахын хажуугаар Индианагийн их сургуулийн ойролцоо босгосон асарт төвд зах ажиллаж байсан. Далай ламтанд мөргөхөөр очсон монголчууд чамгүй сайн худалдаа хийхийн зэрэгцээ өглөг хандив ч өргөж байсан. Далай ламтан өглөгийн эздийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан. Ажиа гэгээнтэй хийсэн уулзалтын үеэр нэг америк “Та яагаад лам болохоор шийдсэн бэ” хэмээн асуусан шүү. Хариулт нь их хөгжилтэй. Ажиа гэгээн “Би тэр үед хоёр настай байсан болохоор шийдвэр гаргаагүй. Намайг хойд дүрээр тодруулсан” хэмээн хариулсан.
Танхим нирхийгээд явчихаж байгаа юм. Их Британийн хатан хаанаас “Do you speak Еnglish” гэж асуудаг орос сэтгүүлчийнхтэй харьцуулбал буддын шашин мэдэхгүй хүнээс гарч болох л асуулт. Өдгөө 59 настай Ажиа гэгээн бурхны шашинд шинэтгэл хийсэн Зонхов Богдын эцгийн хойд дүрээр бага насандаа тодорсон аж. Монголчууд бид бурхны ша шинтан гэж хий хашгирахаас өөрөөр хийсэн юм бага юм шиг. Харин америкчууд их зүйл амжуулжээ. Далай ламтны сургаал, номоос авахуулаад бурхны шашны гүн ухаан, соёл түүхийн талаар англиар бичсэн, орчуулсан номыг ёоз ёозоор нь өрөөд худалдаж байна. Дээрхийн гэгээнтний Блүүмингтонд ирж айлдсан “Төгс билгийн зүрхэн судар” хүртэл англиар байна. Нэгийг худалдаад авчихсан. Орчуулах санаа уг нь байгаа. Үг хэллэг нь энгийн ойлгомжтой, боломжийн санагдсан. Энд ирээд хүмүүстэй ярьсан чинь ор чуулаад дэмий, хүн худалдаж авахгүй гэх юм. Хүн зарна гээгүй, тэгээд ч нэг ч өгүүлбэр орчуулаагүй байхад, сонин юм шүү. Тэгээд ч наана нь зөвшөөрөл авна энэ тэр гэж нэг юм байгаа.
Би лам нарыг дандаа өргөл хандив авдаг гэж боддог байсан үгүй юм билээ. “Summerhouse” буудалд надтай хамт байрласан монгол залуу нэлээд төөрч байж Блүүмингтонд ирсэн. АНУ-д Блүүмингтон нэртэй хот хоёр байдаг юм байна. Нэг нь Иллинойс мужид байдаг нэлээд том хот, нисэх буудал энэ тэртэй, нөгөө нь Индиана мужид байдаг аж. Мань хүнийг Д.Доржсүрэн гэдэг юм. Доржсүрэн Иллинойсийн Блүүмингтон хот руу гараад шидчихэж. Онгоцноос буугаад ТМШСТ рүү утасдаад, нисэх буудалд ирчихлээ ямар хаягаар очих вэ хэмээн лавласан гэж байгаа. Өөдөөс нь өгсөн хариулт ойлгомжтой, манайд нисэх буудал байхгүй, та хаана байгаа юм бэ? Хурал номын ажил эхлэх гээд байдаг. Төөрчихсөн, буудлын мөнгө, буцах тасалбар хоёроос өөр юм мань хүнд байхгүй. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон хэрэг. Гэвч ТМШСТ-ийн ажилтан М.Саран мань хүний тухай Ажиа гэгээнд илтгэснээр бүх юм сайхан бүтсэн. Мөнгөө шавхаад аргалаад ир, зардлыг чинь төлнө гэсэн хэрэг. Доржоо амжиж ирээд, надтай нэг өрөөнд орсон төдийгүй тооцооны хуудсаа үзүүлээд мөнгөө авсан. Юун хандив өгөх. Гэхдээ Доржоо “Надад боломж л олдвол, би сайн хүний ачийг заавал хариулна” хэмээн ам шүд алдаж байсан. Тэрэнд нь би ч эргэлзэхгүй байна. Д.Доржоо АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгөхөөр бэлдэж байгаа жирийн л эмч залуу. Манай эмч нар цалингаа голж, энд жагсаж байхаар сайн бэлдэж байгаад АНУ-д эмчлэх эрх авах шалгалт өгмөөр юм. Жилийн орлого нь 200 мянган “ногоон” давдаг гэж байна шүү дээ. Бид хоёр маргааш нь хэрэг болгон сахиж байгаад Ажиа гэгээнтэй уулзан адис хүртэж, зургаа хамт татуулсан, бүр гэрийнх нь гадаа. За би чамд ёстой нэг тусалсан шүү, хэн минь гэж ирээд ярих юм байх гэсэн огт юм болоогүй юм шиг уулзаад, сайн явахын ерөөл хэлээд машиндаа суун одсон. Сүүлдээ бид хоёр бүр давраад унаагаар буудалдаа хүргүүлээд зог сохгүй, маргааш өглөө Индианаполис нисэх буудал орох унаагаа сүмээс авахаар болсон шүү. Харамсалтай нь таг унтаад хоцорчихсон. Монгол авгайтай нэг орос нөхөр аминд орсноор Ва шингтон нисэх онгоцонд амжиж суу сан. Тэнд найз нар маань хүлээж байгаа. Гудамжнаас авахуулаад, их сургууль, дараа нь “Монгол ньюс”-т хамт бу жигнаж байсан Баатараа, Ивээл, Пүүжээ гурав маань намайг, миний авч очих “монгол цайг” харуулдаад байж байхад хоцорч огт болохгүй, бөөн чирэгдэл гарна.


АМЬ САХИГЧИД
Америкт явж байхад анзаарагдсан нэг зүйл бол тэндхийн цагдаа, хамгаалалтын ажилтнуудын “сонин зан”. Үнэхээр хачин нөхөд. Далай лам тавдугаар сарын 14-ний үдээс хойш ТМШСТ-д залран ирж монголчуудтай уулзана, хэвлэлийн хурал хийлгэнэ гэсэн мэдээллийн дагуу сүмийн гадаа монголчууд лав 100 орчим машин хөлөглөн ирсэн. Гол зорилго нь зангиа, үрэл олж авах, Далай ламтнаас адис хүртэх. Ширүүн аадар цутгаад гадаа хийх байсан хэвлэлийн хурал ч болсонгүй. Мөргөлчдийг гучаар нь ч бил үү, дөчөөр нь таслан оруулна гээд эхний ээлжийг оруулаад таг болчихсон. Гадаа хүлээж байгаа мөргөлчидтэй тэр хэдэн хамгаалагч бараг найз болоод намтар түүхээ ярилцаад зогсож байв. Холоос ирснийг нь эхлээд оруулдаг юм уу гэж баахан маазраад авсан. Холоос ирснээ нотлох гэж хөөрхөн тэмцээн болсон. Хэвлэлийнхэн бүх арга хэмжээнд дараалалгүй орно хэмээн хэсэг нөхөд зүтгээд бараагүй. Цаашаа утсаар яриад тийм шийдвэр өгөөгүй гэдгийг инээмсэглэн тайлбарласан. Инээгээд л “I am sorry”, “Excuse me” гээд хаагаад зогсчихно.
Гэтэл манай хамгаалагчид бодохоос гомдмоор. Хамгаалж байгаа хүнийг нь бөөн дээрэмчин ирчихээд юу юугүй тонох гэж байгаа аятай, жигтэйхэн чухал царай гарган даналзана. Үнэндээ бол цаадуулыг нь хэн тоохов дээ, ганц хоёр зураг дарах гэсэн, боломж олдвол нэг яриа авчих гэсэн үйлтэй хэдэн сэтгүүлч л байж байдаг. Олон нийт бол ер тоохгүй. Өө нөгөө Төрийн гурван юу ирчихээ юү гээд авч хэлэлцэхгүй. Эртний монголчууд бие хамгаалагчийг амь сахигч гэдэг байж, орчин цагийн амь сахигчид дэндүү зөрүүтэй юм. За тэр цагдаа байна. Сүмд ирсэн монголчуудын машин бороо орсны улмаас шаварт сууж хөөрхөн бөглөө, таглаа үүссэн. Сүмийн үүдэнд нэг цагдаа, сайн дурын эмээ, өвөө хоёр л асуудлыг зохицуулчихаж байгаа юм. Өнөө сүрлэг сайхан шүглийн дуу энэ тэр огт байхгүй. Зүгээр гараараа дохимор аядаад л инээгээд л болчихсон. Урамгүй ч юм шиг. Манайхан бол байн байн шүгэл тачигнуулж, п… гээд л орос тарни уншаа л, бас л сүртэй шүү. Юун тэр сайн дурын ажилтан бэ.

Төгсгөл
Буудалд унтаж унаанаасаа хоцорсныг эс тооцвол Блүүмингтонд ирсэн ажил аятай сайхнаар дууссан. Далай ламаас ярилцлага авна гэдэг мань зэргийн хүнд саналтгүй эд байна лээ. Юу бодож дуу хураагуур энэ тэр хэрэг болгон авсан юм, бүү мэд. Тэгээд ч нас өндөр болсон Дээрхийн гэгээнтэн хүссэн болгонтой уулзаад, ярилцлага өгөөд байдаггүй бололтой. Урьд нь Монголд ирж байхад нь миний бие хурал номонд нь нэг ч удаа очиж байгаагүй, гэгээн дүрийг нь харж байсангүй. Энэ удаа харин аз тохиож, хаа холын Америкт харах завшаан олдлоо. Албан ёсны ажлаа дуусгаад тэнэх замдаа гарсан даа. Нэг сонин үүргэвчтэй, сонин нөхөр яваад л байсан даа хөөрхий чинь. “Өнөөдөр” сонины Гадаад мэдээний албанд орсноос хойш өдөр бүр биш юм гэхэд АНУ-ын тухай, Цагаан ордны тухай, Уолл Стритийн тухай, тэнд болсон сонин хачин зүйлсийн тухай долоо хоногтоо хэдэн удаа заавал бичдэг. Ингэхээс өөр арга ч байхгүй.
Ёстой өнөө мэдээнд бичдэг газруудаараа чадахынхаа хэрээр явж, болох хэрээрээ зургаа татууллаа. Эрх чөлөөний хөшөөнөөс илүү “Уолл Стрит” дэх Хөрөнгийн биржийн өмнөх бухын баримал яагаад ч юм миний сонирхлыг их татдаг юм. Очиж зургаа авахуулсан төдийгүй, дурсгал болгон жижгэрүүлсэн дүрсийг нь худалдаад авчихсан. Найз нар гайхаад байсан. Би өөрөө яагаад татагдаад байгаагаа мэдэхгүй байхад тэд нар аргагүй шүү дээ. Гэхдээ олон жил уулзаагүй найз нартайгаа уулзах нь бүхнээс илүү сайхан байлаа. Цааших нь хувийн чанартай зүйлс учир ингэсгээд зогсохоос. Харин блогтоо дэлгэрэнгүй хүүрнэн өгүүлэх болно. Тэнд уулзъя.

No comments: