June 21, 2010

Гадаад Монголоор аялсан минь

(Дөрөвдүгээр хэсэг)

Бугуйл

Эрчүүд нь унагаа барьж, эмэгтэйчүүд нь гүүгээ саана. Бугуйл хэрэглэхгүй. Үзүүртээ суран гогцоотой уурга гэх 15 тохой орчим урт нарийн саваагаар унагаа барина. Дохиод л толгойд н шургуулна. “Шургуулаад авсан бол эмээл дээр сайн суух хэрэгтэй” гэж нэг малчин надад ярьсан. Зөв талаас (зүүн) нь дөхөж очих юм бол монгол морьд танихгүй хүнд хажиглаад байхгүй. Буруу зөвгүй байдаг фермийн морь шиг санаж баруун талаас нь очвол хаин аюултай.
Орчин үеийн монголчууд морийг төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг гэнэ. Хятадаас импортоор бараа аваад төлбөрт нь адуу өгдөг юм байна. Дугуй, цай, чихэр, халуун ногоо, үзэг, цаасны хавчаар, ноосон даавуу гээд өргөн хэрэглээний ихэнх бараагаа Хятадаас авч, төлбөрийнхөө 85 хувийг адууны экспортоор барагдуулдаг.
Энэтхэг хэлбэртэй Монгол соёл
Түүх сөхөн үзвэл Монголын соёлд Энэтхэг асар их нөлөө үзүүлжээ. Энэтхэгийн гүн ухаан, соёл Төвдөөр дамжин энд ирснийг номын сан, сүм хийдээр дүүрэн ном судраас харж болно. Бурханы шашнаар дамжуулан Монгол, Энэтхэг хоёр олон зууны турш харилцаатай байжээ. Монголын Шинжлэх ухаан академийн гишүүн түүхч Бира Монголд бурханы шашин хэрхэн орж ирсэн талаар бидэнтэй ярилцсан юм. Тэрбээр “Бурханы шашин Монголд гурвантаа дэлгэрсэн. Эхнйх нь VIII-IX зуунд. Чингис хаан XIII зуунд бурханы шашны байр суурийг Монголд бэхжүүлсэн гэсэн ташаа ойлголт байдаг ч тийм биш. Манж Монголыг бүрмөсөн эзлэн авах хүртэл тийм юм байгаагүй. Манжууд Монголыг эзлэн авч ертөнцөөс тусгаарласны дараа л бурханы шашны нөлөө нэмэгдэж, сүм хийдээ босгон төрийн шашин болсон” гэсэн юм.
Тэр үед Монголд 750 сүм хийд цогцлон босч, эрчүүдийн тал хувь нь тэнд шавилан сууна. Эрэгтэй хүүхдүүд таван настайгаасаа сүм хийдэд ирж шавилдаг уламжлал тогтжээ. Сургууль, соёлыг сүм хийд орлож, зөвхөн лам нарыг бэлтгэн гаргаад зогсохгүй лам нар эмч домчийн үүргийг гүйцэтгэнэ. Мал сүрэг, бэлчээрийн ихэнхийг сүм хийд өмчилж, нийгмийн баялгийг үл үйлдвэрлэх лам нарыг тэжээж байв.
Удалгүй бурханы шашин монголын нийгэмд баттай байр сууриа нэгэнт эзэлж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөө мөргөлтэй холилджээ. Дов толгод, уул, нуруу бүхэн өөрсдийн лус савдагтай болж, нэр өгөн тэднийг хүншүүлсэн байна. Ингээд зогссонгүй лус савдгийн нүүр царайг илэрхийлсэн баг хийж, цам хэмээх бүжигт наадам зохиов. Өрнөдийнхөн цамийг “шулмын бүжиг” гэж хочилдог. Цамын бүжигт сайн муу савдагууд, тэдний мөнхийн тэмцэл гардаг. Хэд хоногоор үргэлжилдэг цамын бүжигт наадмын хөтөлбөрт инээдмийн үзэгдэл байдаг байж. Гэхдээ цаад утга санаа нь маш гүн. Сайн тал нь үргэлж ялах боловч хялбар бус урт хугацааны тэмцэл ялалтад хүргэж буйг харуулдаг аж. Сайн талын баатрууд нь хүний эерэг тал болох Хөдөлмөрч чанар, Нөхөрсөг зан байх бол эсрэг дүрийн баатрууд нь Шунал, Тачаал, Хувиа хичээх, Хуурамч, Уур хилэн зэрэг болно.

Хувьсгал лам нарыг доройтуулав

1921 оны хувсгал гарах үед Монгол лам нарын орон болсон байлаа. Үйлдвэржилтийн их хувьсгал энэ орныг тойрон гарсанаар тухайн үед ажиллаж байсан ганц уурхай нь жилдээ ердөө 1500 тонн нүүрс олборлож байв. Байгаа хоёр хэвлэх үйлдвэрт нь орос, хятадууд ажиллах бөгөөд Хятадын дарлалын эсрэг боссон бослогын удирдагч Д.Сүхбаатар нэгэнд нь ажиллаж байж. Бүх баялаг сүм хийд, хятадууд, цөөн тооны язгууртнуудын гарт байв. Хувьсгал зөвхөн хятадуудын эсрэг биш феодалын ёсыг хэвээр байлгах гэсэн хятадуудын гар хөл болж байсан сүм хийдийн эсрэг чиглэжээ. Д.Сүхбаатарын Засгийн газар сүм хийдийн эсрэг хүч хэрэглээгүй ч нэлээд хатуу бодлого хэрэгжүүлжээ.
Лам болох гэж байгаа хүүхэд эхлээд бага боловсрол олж авах ёстой гэсэн хууль баталсан байна. Олон жил мөрдөгдсөн энэ хууль хүүхдээ лам болгох гэсэн олон хүний хорхойг дарж өгчээ. Айлын хоёр дахь хүү заавал лам болдог байсан уламжлал энэ хуулийн үр дүнд үгүй болжээ.
Засгийн газар, сүм хийдийн хоорондох зөрчил 1930-аад оны сүүл 1940 өөд оны эхээр хурцдаж, бослого гарсан төдийгүй Японы армиас тусламж авах гэсэн оролдлого хийжээ. Зарим лам нарыг цаазалсан ч сүм хийд улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Манай хэлмэрч И.Очирбал ингэж ярьсан “Сургуульд явахыг хүсвэл лам нар эсэргүүцнэ, эмч болмоор байна гэвэл мөн л эсэргүүцнэ. Тэд хүмүүст эм тариа, радио шулмын зохиосон өлзии бус зүйл хэмээн ухуулдаг байсан. Эмэгтэй хүн эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх нь нүгэл, тийм эмээс шулам өшөө авдаг гэх мэтээр сурталчилдаг байсан” гэсэн.
Улаанбаатар хотод 1961 он гэхэд ердөө хоёрхон сүм ажиллаж байсны нэг нь Гандан Тэгчилэн. Бид Гандангаар очиж, хоёр ч дуганаар нь орсон. Арц хүж үнэртэй, завилан суусан лам нар ном уншиж, Төвдийн хэнгэрг цан дуугарч, бүрээ бишгүүр хангинана. Эврээр урласан 12 тохой бүрээ газрын гүнээс дуугарч байгаа мэт сонсогдоно. Бүх ёслол нь төвдийнхтэй адил санагдсан.
Монголчууд гадаад ертөнцийг сонирхдог нь энд хүртэл мэдрэгдэж байсан. Гандан лээр болсон зоог дээр биднээс олон зүйлийг асуусан.
АНУ-д бурханы шашин дэлгэрсэн үү?, Яагаад Монгол НҮБ-д элсэхийг АНУ эсэргүүцээд байна вэ?, Яагаад АНУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ?, Яагаад манай хоёр орон багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлдэггүй юм бэ? гэх мэт. Хамба лам “Улс орноо гадаад ертөнцөд таниулах нь энэ түүхэн үед бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа юм” хэмээн айлдсан.
Өдгөө Монголын лам нар улс төрийн явуулгаас бүрэн татгалзаж, зөвхөн шашин номынхоо мөрийг хөөх болжээ. Байдалдаа сэтгэл хангалуун байгаа Гандангийн лам нарыг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Дүрэм журам нь эрт цагийнхаараа байсан. Хүний мөн чанар ч алга болсонгүй. Зовлон бэрхшээл тохиолдсон ч туйлбартай, чигч хүн саруул ухаанаа алддаггүй. Цаг үргэлжид ийм байсан.

Бадарчин
Ламын шашны зарим нэг нөлөө одоо ч байна. Үүний нэг жишээ нь өдийг хүртэл яригдсаар байгаа Бадарчингийн явган яриа. Хэрмэл лам нарын тухай хууч яриа, үлгэр домог бишгүй байдаг. Арабын хэрмэл баатруудын үлгэрийг зарим талаар санагдуулна. Тэдний нэгийг одоо энд хэлье.
Хэрмэл бадарчин нэлээд харамч айлд хоног таарч. Чанасан махнаас хүмүүст хувь өгөх үед бадарчин ч аягаа гэрийн эзэгтэйд барьж. Хоол идэх зуур гэрийн эзэн бадарчингаас “Явсан газраар газрын гарц, малын тарга хүч ямар байна даа” хэмээн асуухад, бадарчин хариулж гэнэ, “За даа янз бүр л байна. Зарим газар таны урдуурх шиг тарган сайхан. Зарим газар миний урдуурх шиг ядрангуй л байна” гэсэн юм гэнэ лээ. Олны ухаарал, цэцэн билэг, авууштай зөвлөгөөг хэрмэл бадарчингууд тарааж, тээж явсаар өнөөгийн Монголд авчирчээ.
Зөвлөлт маягийн зохион байгуулалтаар феодалын Монголыг өөрчилжээ. Тэртээ 1920-иод оноос эхэлсэн хөтөлбөр үндсэн өөрчлөлтүүдийг сүүлчийн 15 жилд хийсэн байна. Машин, техникийн эрин ирсэнийг монголчууд мэдэрч байна.
Манай тойрогтой адил засаг захиргааны нэгж болох сум бүр дөрвөн жилийн сургууль, мужтай зүйрлэж болох аймгийн төвүүд долоон жилийн сургуультай болсон юм байна. 1960-1965 онд хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний дагуу сум бүрийг долоон жилийн сургуультай болгохоор төлөвлөжээ. Миний дуулсанаар 1000 хүнд нэг эмч ногдож, сум бүрт эмнэлгийн анхны тусламж үзүүлэх төв заримд нь бүр эмнэлэг байгуулагдсан гэнэ. Аймгын төвүүд бол бүгд эмнэлэгтэй. Эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ үнэгүйгээс гадна яаралтай тусламжийн үед эмч сувилагчдыг жижиг онгоцоор хэрэгцээтэй газар нь хүргэдэг аж.

No comments: