June 21, 2010

Байгалийн нисэх буудал

(Гуравдугаар бүлэг)


Ширүүн бороо говьд долоо, наймдугаар сард л ордог юм байна. Энэ үед жалга судаг усаар дүүрдэг. Жилийн бусад үед хур тунадас бага орлог тул жиип машинаар бараг дуртай зүг рүүгээ явж болно. Ерөнхийдөө талархаг газар учир жижиг онгоц тусгайлсан зурвасгүйгээр хөөрч, бууж болдог гэнэ.
Говьд галт уул олноороо байсныг нотлох ул мөр элбэг.
Говь нутаг байнга хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Намхан толгод нь хэзээ нэгэн цагт шовх оройтой, өндөр хадархаг уул байсан ч байж магадгүй.
Бидний явсан газраар хортой могой, мэрэгч амьтад маш их байсан. Бүр харх хүртэл харагдсан. Нам газартаа зээр тун элбэг. Бид хэр зэрэг давхидагийг нь үзэх гэж заримыг нь машинаараа элдэж үзсэн. Тоосонд нь булуулаад хоцрох юм билээ. Бөхөнгийн мөр их байсан ч бараа нь харагдаагүй. Жижиг шувуудаас эхлээд аварга том хар тас говьд бий. Говь бол хавтгай, хулан, тахийн эх орон. Бидний хэмжүүрээр пони морь гэж болох монгол мориноо арай бага биетэй зэрлэг адууг тахь гэнэ. Хулан буюу зэрлэг илжиг нь бидний мэдэх лууснаас багавтар биетэй. Туурай нь адууныхаас арай цомбогор.
Бид Улаанбаатараас баруун хойшоо 100 орчим км зайтай байх адуу үржүүлгийн газар очсон. Бие хааны хувьд америк азаргатай адил том азаргануудыг монгол адуутай эрлийзжүүлдэг газар. Монгол адууг арай өндөр болгох учиртай аж. Хулан, тахь нутгийн адуун сүрэгтээ эвцэлдсэн тохиолдол ч байдаг гэсэн.

Говийн гэрэл

Говийн жин үдийн наран даанч өршөөлгүй. Зуны урт өдрүүд нь нозоором халуун. Гэхдээ цэлмэг сайхан өдөр үд өнгөрөөд говьд л үзэж болох байгалийн чамин үзэгдлийг харж болно. Харин миний анх үзсэн тэргэл сартай тэр нэгэн шөнийн үзэгдлийг дахиж хараагүй.
Нар ташиж сүүдэр уртсах тусам говийн амьдрал оргилж эхэлнэ. Таван минут тутам өөрчлөгдөнө. Цөлийн нууцлаг шидэт хуулийн дагуу тод харагдаж байсан юмс бүрэлзэн далд орох шиг болж, байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан зүйлс тодрон харагдана.
Нэг орой шингэх нарны туяа, хөөрч буй нарны гэрэлтэй сүлэлдэх мэт болж хэсэг зуур говь тэр чигээрээ хүрэн улаан туяанд умбах мэт болсон. Хоёр бөхтэй тэмээ нь улам, улам томорч, харин унасан хүн нь жижигрээд байх шиг санагдаж билээ тэрхэн үед.

Гэр бол говьд, тал нутагт тавьсан цагаан цэг

Тэр шөнө ойролцоо байсан айлынхан бидгийг урьсан юм. Монгол гэр бол яг л алимтай бялуу шиг хэлбэртэй. Чингис хаан XIII зуунд эзэнт гүрнээ байгуулж байх үед ч гэр ийм л хэлбэртэй байж. Гэрийг бүрдүүлдэг гол цөм болох модон хэсгүүд нь огт өөрчлөгдөөгүй өдий хүрчээ. Гэрийн орой хагас бөмбөлгөн хэлбэртэй. Задгай гал түлэх үед утааг нь гаргах зориулалттай дугүй нүх оройд нь байна. Одоо бол айлууд нь нарийн яндантай, жижиг зуух тавьдаг болсон. Хоолоо зуухны амсарт тааруулсан бөмбөгөр ёроолтой дугуй тогоонд хийнэ.
Гэрийн диаметр нь 20-30 тохой орчим, модоор хийсэн намхан хана нь дөрвөн тохойгоос илүүгүй өндөртэй. Ханын бүтэц нь амьтан хашдаг эвхдэг торныхтой төстэй. Хананд бэхэлж тогтоодог урт моднууд (унь) гурван тохой орчим голчтой голын цагаригийн хоногт орон бэхлэгдэнэ. Яг л борооны шүхэрний доторх төмөр савх шиг. Ингээд гэрийн гол мод боссоны дараа унин дээгүүр эсгийгээр бүтээж, нарны гэрэлээс, цас борооноос хамгаалах бөгөөд басхүү гэрийг дулаан байлгах үүрэгтэй.
Өнгө өнгөөр будаж эрээлсэн, гараар хийсэн гэрийн модыг Улаанбаатарт зардаг юм байна. Гэрийг хучсан эсгий туурга нь дулаан барихаас гадна зундаа сэрүүн агаарыг хадгалж чаддаг аж. Эсгий туурган дээгүүр цагаан ёрог даавуу нөмөргөдөг. Гэрийн хаалга гурван тохой орчим өндөр бөгөөд хийцийн хувьд янз бүр. Хаалгыг нь хааж, өрхийг нь татсан гэр цэмцгэр, ая тухтай, салхи савраас найдвартай хамгаална. Байшингаас дутах юм байхгүй.
Зундаа ширдэг гэх зузаан ноосон дэвсгэр тавих бол намар орой малчид нэг инч (2.5 см) орчим зузаантай модон шал тавина. Модон шалтай, эсгийгээр дулаалсан гэр өвлийн жавар, салхинд ажирахгүй.
Мэдээж гэрт гүйдлийн ус байхгүй. Биеэ засах газар нь түр зуурынх. Малчид хэрэгцээний усаа худгаас залгуулна. Тусгаар тогтнолоо олсон 1921 оноос хойш өрөмдмөл худаг маш олныг гаргажээ. Гэрт Хятадаас авчирсан эсвэл гараараа хийсэн авдар нэг хоёрын зэрэг байхаас гадна сандалууд нь өвдөгнөөс өндөргүй. Айлуудын ихэнх нь хүлээн авагчтай. Ховд сутын айлууд цахилгаан гэрэлтэй байсан.

Малчид Оросын сансрын нисгэгчидэд хайртай
Оросын сансрын нисгэгч Гагарин, Титовын зурагнууд айл болгонд харагдана. Гэр бүлийн гишүүдийнхээс гадна Монголын жанжингуудын зураг өлгөөтэй үзэгдэнэ. Гэвч бидний зочилсон айлуудад Лениний зураг онцгой хүндэтгэл хүлээж, хойморт заларсан байсан даа. Яагаад ингэж онцолдогийг нь би асуухад, нэгэн малчин ард “Ленин бидэнд их ойр санагддаг юм. Тэр эх талаасаа монгол цустай” гэж бахархалтайгаар хариулсан. “Оросыг сайн маажвал татар л гарна” гэсэн азийн зүйр үг тэгэхэд миний санаанд орж билээ.
Ямааны арьсаар хийсэн борви эсвэл томхон модон торх айлуудын хатавчинд голдуу харагдана. Гүүний сүүг энэ саванд эсгэдэг юм байна. Айраг гэх энэ ундаа монголчуудын хувьд онцгой эд. Оросууд кумис гэх юм билээ. Гэр зөвхөн хөдөөд биш хотод ч бий. Улаанбаатарын захад байх гурилын үйлдвэрийн ажилчид голдуу гэрт суудаг. Гэхдээ хотод байх энэхүү гэр суурин ядуусын хороололын төрхийг бий болгож байх шиг сангадсан шүү. Хөдөө дэх гэр бол үзэмжтэй, цэвэр сайхнаас гадна, механикжиж байгаа энэ нийгэмд байхгүй болж байгаа уламжлалт соёл, зочломтгой зангаа хадгалан үлджээ.
Хөдөө нэг хот айлын гадаа очиход аль нэг айл биднийг гэртээ урин оруулж дайлж цайлж байсан. Удалгүй хөрш айл нь бас биднийг урина даа. Энэ бол зүгээр ч нэг ёс төдий урилга биш. Тэд үүндээ их нухацтай хандана. Айлд орж, гарахдаа хэлдэг тогтсон үг, хийдэг ёс гэж байдаг.
Айлчин хүн түрүүлж мэндэлнэ. Эхлээд гэрийнхэний мэнд усыг мэднэ, дараа нь мал сүрэг бүрэн бүтэн, тарган тавтай байгаа эсэхийг лавлана, эцэст нутаг орны байдал, өвс ногооны гарц асуудаг ёстой. Харин ямар ч муу зүйл болж байсан, өвчин хүрсэн, мал цариггүй, өвс ногоо муу гантай, зудтай байсан ч билэг дэмбэрэл бодон сайн сайхан үгээр зочинд хариу хэлдэг уламжлалт соёл байдаг аж.
Эдгээр нь протоколын шинжтэй асуулт юм билээ. Үүний жинхэнэ яриа хөөрөөндөө орж, гэрийн эзэгтэй цай эёвэл айраг барина. Айргыг хятад шаазанд юм уу модон тагшинд хийж барьдаг. Үе үеийн монголчуудын ундаа. Марко Поло айргыг сайн чанрын, сайхан амттай цагаан дарс гэсэн байдаг. Гэхдээ эхнэр Мерседесийн маань айрганд өгсөн тодорхойлолт надад илүү сайхан санагдсан. Тэрбээр айргыг “Оргилуун дарстай хольсон, цөцгийн тостой сүү” гэж нэрлэсэн. Ганц хул айраг уух гэрийн эзэнд хангалттай санагдахгүй. Айлчин найрсаг сайхан байгаагаа илэрхийлэн дор хаяж хоёр, гурван хул түүнээс илүү уух ёстой болдог. Нэг айлаас нөгөө рүү орох тусам айрагны чанар чангарч, нөлөө нь мэдрэгдэж эхэлнэ, нарны үйлчлэлээс эсвэл гэрийн эзэгтэйн ур чадвараас ч шалтгаалдаг байж болох юм. Харин манай Динг Конгерийн дүгнэлтээр бол зарим гүү бусдаасаа илүү “хүчтэй” байдгаас энэ бүхэн болдог гэнэ. Сайн айраг эсгэхийн тулд эхний хоёр өдөр зогсолтгүй бүлдэг аж.
Айрагны дараа зочдод ингэний сүүгээр хийсэн хоормог барьдаг. Ёстой шимтэй ундаа. Зарим газар ямаа, хонины тарагаар ч дайлдаг. Игэний бүлээн сүү ходоодонд шидтэй юм шиг нөлөөлнө. Монголоор аялан явахдаа зарим үед дээр дурдсан бүх ундаагаар нэг дор дайлуулсан ч бий.
Биднийг очсон газар бүрд хурууд гэх хатаасан аарцаар дайлж байв. чулуу шиг хатуурсан, саарал өнгөтэй идээ. Марко Пологийн бичсэнээр бол эртний дайчид ганзагалж явдаг хуруудаа, усанд дэвтээн өглөөний цайндаа иддэг байсан гэх.
Говийн нэгэн айлд очтол оройн хоолон дээр хониний чанасан толгой миний өмнө тавьсан, хажууд нь хутгатай. Протоколын дагуу хүндэлж байгаагаа үзүүлэхийн тулд эрүүнээс нь чихийг нь хүртэл хурц хутгаар зүсээд эрүүг нь заах ёстой байдаг. Тэгээд өөртөө нэг хэрчим огтолж аваад дараа нь бусдад хувь хүртээх учиртай. Араас нь хонины бүтэн ууц ирсэн. Мөн л хүндэтгэл үзүүлэн хөндөөд, гэрт байгаа хүмүүст нэг нэг хэрчим өгөх ёстой. Айраг бол тэрүүгээр тойроо л яваад байгаа. Энэ бүгдийн дараа харин бүгдээрээ чөлөөтэй идэж, ууна даа.
Гэрийн эзний хүү өөрийн хийсэн морин хуураар хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж, нулимс бөмбөрүүлсэн уянгалаг, тансаг аялгуу тоглосон. Тэр аялгуу үнэхээр сэтгэлийн гүнд хүрч, ямар нэг нууцлаг мэдэрхүй төрүүлж байсан.
Хоргодох газаргүй нүцгэн талд туйлдаж, ядарч цөхөрсөн хүн, мал, хайр энэрэлгүй оволзох тал нутгын хүчит салхи-хүлэг мориндоо үнэнхүү хайртай монголчууд- шандаст хүлэг нь л үхэх сэхэхийг шийднэ. Надад ийм мэдрэмж төрсөн.
Монгол морьд понигоос нэг их томгүй гэдгийг би түрүүн хэлсэн. Жижиг цомбон туурайтай болохоор барагтай бол тахалдаггүй, дэл сүүл их өтгөн. Сүүлийг нь хайчилдаггүй юм билээ.

Морин дэл дээрх монгол хүүхдүүд

Бүр эрт цагаас монголчууд адуу, үхэр, тэмээ, хонио тамгалж, залгай газар хотлуулдаг байсан нь хэвээрээ. Одоо ч гэсэн малаа хашдаггүй. Зарим малчид зөвхөн хонь, ямаагаа сараанд оруулдаг. Гэхдээ зөвхөн шөнө.
Монголчууд таван настайгаасаа эхлэн морь унана. Сайн ч унана. Мерседес дээл байхгүй мөртлөө боломж таарах бүрд морь унаж байсан. Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ адилхан байнга морь унана. Мерседесийн хувьд хувцас нь морь унахад тохиромж муутай байсан л даа. Тэгсэн атлаа тал нутгаар давхих дуртай. Араас нь заавал нэг хүн дагаж явахгүй бол болохгүй байсан нь бага зэрэг төвөг учруулж байсан. Монгол мориор жороолох тун сайхан. Чухам ингэхэд л зориулагдсан мэт. Манай морьдтой огт адилгүй.
Албаны нэг хүн “Чингисийн үед нэг цэрэг хориос дээш адуутай байсан” гэж хэлсэн. Ямар учиртайг нь асуухад “Монголчууд нэг морийг хоёроос илүү хоног унадаггүй. Хоёр хоног унаад арав гаруй хоног амраадаг” гэж тайлбарласан. Шандаслаг монгол морьд хоол ундгүй удаан явж чадахаас гадна тамир сайтай, тэдэнд тусгай тэжээл өгөх хэрэггүй байдаг. Монгол моринд тусгайд нь нэр өгдөг ёс байхгүй. Мориндоо хайргүйдээ ингэдэг юм биш. Марко Пологийн гэрчилж байгаагаар адуу хулгайлсан хүнд алах ял заадаг байсан аж. Үүгээр манай саяхны гэж хэлж болох зэрлэг өрнөдтэй төстэй.
Монголын баруун хязгаарт суудаг үндэсний цөөнх казакууд л адууны мах иддэг. Адууны мах идэх тухай бодол монголчуудын толгойд ч орохгүй. (Энд У.Дуглас ташаарсан бололтой. Орч)
Өнөөгийн монголчууд морио унан хонь малдаа явж, охид хөвгүүд нь сургуульдаа мориор ирж, очдог. Морийг анд явах, хол замдаа гарахдаа л эмээллэдэг. Ер нь бол айраг эсгэх гэж л адуугаа өсгөдөг.

No comments: