May 26, 2010

Хараал шингэсэн дугаар

Болгарын гар утасны “Mobitel” компани 0888 888 888 дугаарын утсыг сүлжээнээс салгаж, түдгэлзүүлсэн байна. Учир нь, сүүлчийн арван жилд энэ дугаарыг барьсан хүмүүс бүгд алагдсан аж. Дугаарын анхны эзэмшигч нь “Mobitel” компанийн эзэн Владимир Грашнов байсан агаад тэрбээр 2001 онд 48 насандаа хорт хавдраар үхжээ. Өрсөлдөгч компаниуд нв түүнийг радио идэвхт бодисоор хордуулан алсан гэсэн цуу яриа байдаг байна. Удалгүй энэ дугаарыг Болгарын мафийн босс Константин Дмитров авчээ. Ердөө 31 настай, 500 сая паундын хөрөнгөтэй байсан гэх К.Дмитров 2003 онд Голландад ажлаар явж байгаад тархиндаа сум зоолгон цаашаа харжээ. Хараал шингэсэн дугаарыг үл хөдлөх хөрөнгийн наймаагаар халхавчлан мансууруулах бодис зуучлан худалдаалдаг Константин Дишлиев гэгч барих болсон ч удалгүй ажил хэрэг нь өөдлөхөө больж, 130 сая паундаар үнэлэгдэх мансууруулах бодис нь цагдаагийн гарт оржээ. Удалгүй түншүүд нь түүнийг цааш нь харуулсан байна.
Ингээд хүмүүс ч уг дугаараас цээрлэх болж, “Mobitel” элдэв хэл амнаас зугатан уг дугаарыг хаажээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад “Бид ямар ч тайлбар хийхгүй. Хувь хүний асуудлыг бид хэлэлцдэггүй” гэсэн хариулт өгсөн байна.

No comments: