May 26, 2010

Эрдэмтэд бурхныг орлох болно



АНУ-ын эрдэмтэн Крейг Вентер болон түүний багийн судлаачид 15 жил уйгагүй хөдөлмөрлөж, олон сая долларын хөрөнгө зарсны үр дүнд лабораторийн аргаар хиймэл амьдрал гарган авч чадсан байна. Хүн бурхны үүргийг гүйцэтгэх боломжтой боллоо гэдгийг К.Вентерийн бүтээл харууллаа гэж олон хүн үзэж байгаа юм.
Судлаачид химийн нэгдлээс амьдралын цоо шинэ синтетик хэлбэрийг гарган авч чаджээ. Тэд туршилтын хоолойд байрлуулсан хиймэл ДНК-аас шинэ хромсом гарган авч, түүнийгээ хоосон эсэд амжилттай шилжүүлэн суулгаж чадсан төдийгүй үржүүлж дөнгөсөн байна. Хүний гараар буй болсон нэг эст энэ шинэ “зүйл” бол ердийн бактерийн сайжруулсан хэлбэр агаад технологийн шинэ эринийг хүн төрөлхтөнд авчрах юм.
Одоогоор “Synthia” хэмээн нэрлээд байгаа энэ организмыг ашиглан хорт хаягдлыг цэвэр түлш болгон хувиргах, байгаль орчныг цэвэрлэх, өвчний эсрэг вакцин бүтээхэд хэрэгтэй шинэ зүйлийн “амьтан, ургамал” гарган авах замыг нээж байгаа аж. Хүн төрөлхтөн төсөөлж боломгүй шинэ дэвшлийн өмнө тулж ирээд байгаа хэрэг. К.Вентер “Төсөөлөл төдий байсан шинэ эринд та бид алхан орлоо” гэсэн байна. “Science” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд К.Вентерийн багийнхан дэлхийн хамгийн жижиг бактери болох mycoplasma-ын генийн кодыг тайлан компьютерт оруулсан агаад уг кодоо ашиглан лабораторийн ар гаар хиймэл ДНК хийжээ.
Эцэст нь үүнийгээ ашиглан цаашид хуваагдан үржих чадвартай эс буй болгожээ. Эрдэмтэд шинэ ололтоо ашиглан ус цэвэршүүлдэг замаг гарган авахаар төлөвлөөд байгаа бөгөөд вакцин хийх аргачлалыг хурдавчлах, химийн шинэ бүтээгдэхүүн гаргах авах, хүнсний зүйлсийн найрлагыг өөрчлөх, ус цэвэршүүлэх технологи хийх ажлаа нэгэнт эхлээд байна. Энэ бүхнийг шинэ технологи, нэг ёсондоо шинэ төрөл зүйл гарган авах замаар хийх аж. Амьд багаж гарган авна гэсэн үг.
Нэр нөлөө бүхий эрдэмтэд, судлаачид хиймэл амьдрал гарган авсан явдлыг “Эрдэмтэд хүний түүхийн шинэ хаалгыг нээлээ. Тэд бурхныг орлон хэзээ ч байгаагүй зүйлүүдийг (ургамал, амьтныг) гарган авч, байгалийн бохирдлыг арилгаж, энергийн шинэ эх үүсвэр гарган авч, харилцаа холбооны цоо шинэ хэлбэрийг бий болгох ирэх замыг тавилаа. Үүнтэй зэрэгцээд эрсдэл, түгшүүр хамт ирнэ. Цаашид хүний амьдралд эрс шинэтгэл хийх энэ мэт эволюцийн судалгаанд шинэ хэм хэмжээ тогтоох, үр дүнг нь цэргийн болоод алан хядах зорилгод ашиглахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах шаардлага гарч байна.
Шинэ ололтыг ашиглан урьд өмнө төсөөлж байгаагүй аймшигтай, хүчтэй биологийн зэвсэг үйлдвэрлэх боломж нээгдэж байгааг мартаж болохгүй” гэсэн байна. Харин эрдэмтэд одоогоор техникийн боломж хязгаарлагдмал байгаа гэдгийг дурдаад, хийж байгаа зүйлийнхээ ач тус, хор холбогдлыг сайтар ойлгож байгаагаа илэрхийлжээ. Холливудын найруулагч Ридли Скотт, Стевен Спилберг нарын кинонд гардаг шиг хиймэл бодгаль, оюун ухааны эрин ойртож байгаа бололтой.

No comments: