May 23, 2010

Далай лам: Аз жаргал бол сайн үйлийн үр



О.ТОГОО


Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтан АНУ-д заларч сүсэгтэн олонд “Төгс билгийн зүрхэн судар” айлдаж, ном тавих буян номын ажлыг сурвалжлах завшаан олдож, тус улсыг тавдугаар сарын 8-нд зорилоо. Бээжингээр дамжаад Чикаго хүртэл нийтдээ 15 цаг орчим ниссэн. Чикаго хотоос машинаар зургаан цаг орчим явж байж хүрдэг Блүү­мингтон хэмээх жижиг хотод Дээрхийн гэгээнтэн лекц унших тул цаашаа хот хоорондын автобусаар явах ёстой болсон. Анх очиж байгаа хүнд автобусыг нь хайж олоод Блүүмингтон явна гэдэг давшгүй даваа байсан юм билээ. Явахаасаа өмнө тэнд амьдардаг ангийнхаа хүүхэдтэй холбоо тогтоож, далимд нь Чикаго хотыг үзэх гэж дөрөв хоногийн өмнө очсон хэрэг. Бас болоогүй ээ, өөрийгөө яая гэж байж Далай ламд мөргөхөөр явж байгаа Дашдорж гуайг Чикаго хүртэл харж хандах үүргийг хоёр хүүхдээс нь хүлээсэн гэж байгаа. Хөвсгөлөөс явж байгаа Мөнхбат гэх лам хүү надтай хамт мөн энэ үүргийг хүлээсэн. Тэнд суралцахаар явж байгаа хоёр оюутан бидэнтэй нийлснээр лам, хар, хөгшин залуу нийлсэн таван нөхөр нэг их будлилгүй явсаар Чикаго хүрчихлээ. Дашдорж гуай 70 хол гарсан хүн гэхэд хол замыг огт ажралгүй туулсан. Иймэрхүү хаттай хөгшчүүдтэй зам зуур олон таарсан, мань мэтийн янгууч улс нүүр халмаар юм байна лээ.
Буудал дээр их сургуулийн ангийн анд Заанаа хүүтэйгээ тосож, Дашдорж гуайн хүүхдүүд ч ирсэн байсан. Би ч яахав Заанаагийнд очихоор хөдөлж, цаашаа нисэх хүүхдүүдийг цай цүү уулгаж, амраахаар Дашдорж гуайн хүргэд гэр рүүгээ аваад явна лээ. Монголчуудын аяны хүнийг хүндлэн угтаж дайлж цайлдаг сайхан ёсон Америкт ч өөрчлөгдсөнгүй. Сайхан санагдсан шүү.
Чикаго хоттой боломжийн­хоо хэрээр танилцаж, жаахан явлаа. Тэнд барагцаагаар дөрвөн мянга орчим монголчууд амьдардаг юм байна. Амьдрал ахуй нь боломжийн сайхан л юм. Хүн амьдардаг, хүний нийгэм л юм хойно сайн муу юм бишгүйдээ л байна. Гэхдээ сайн нь муугаасаа олон байсан шүү. Тэмдэглэлийн дэвтэртээ юм бичиж байгаа аятай тэр тийм ажил хийдэг, тэдэн өрөө байранд амьдардаг, төдөн цаасны цалинтай гээд тоочоод байлтай биш. (Зарим хүн зөвхөн үүнийг сонирхоод байсан шүү) Айл амьтны амьдралд цагаан хэл ам хүргэхийн нэмэр. Тэнд амьдарч байгаа монголчууд ойлгоно биз. Амьдрал нь ахуй хангамж талаасаа үнэхээр зүйрлэх аргагүй сайхан юм билээ. Харин гараа хумхиж, гэдсээ илж хэвтэж байгаад хүний газар хөлөө олсон монгол хүний тухай сонсогдсонгүй.
Блүүмингтон хүртэл автобусаар явахад 60 орчим доллар юм байна. Далай ламыг ирэх сургаар монголчууд тийшээ олноороо явж байсан тул унаа олоход нэг их бэрхшээл гараагүй. Заанаа маань их тохитой хүмүүсээс бүрдсэн “команд” олж өгсөн.
Америкт очоод чамгүй олон жил болж байгаа, тэнд гэр бүлээрээ амьдардаг Ж.Батжаргал гуай машинаараа намайг авч явахыг зөвшөөрсөн. Монголоос очсон найз нар, өндөр настай болсон хадам хөгшнөө Далай ламд мөргүүлэхээр замд гарах гэж байхад нь очсон хэрэг. Толь шиг замаар давхих зуур бурхан шашин, нийгэм, ахуй амьдрал гээд олон сэдвээр хөөрөлдөв. Жолооны үнэмлэхийн тухай хүртэл яриад авсан. Монголд 120 доллараар авдаг олон улсын жолооны үнэмлэх гэгч зүгээр л луйвар юм билээ. Америкт тийм юмаар жолоо барьдаггүй гэнэ. Харин шинэ үнэмлэх авах хүртлээ Монголын жолооны үнэмлэхээрээ яваад байж болдог аж. Ээжийнх нь тухай манай Бал эрхлэгч хөрөг бичиж сониндоо нийтэлсэнд Ж.Батжаргал гуай талархаж явдаг, сэтгүүлчдэд элэгтэй ханддаг хүн гэдэг нь ярианаас нь мэдэгдэж байсан. Аятайхан сайхан яриатай, соёлтой, юм үзсэн түшигтэй хүн гэдэг нь ярианаас нь, амьдрал ахуйгаас нь илт байсан даа. Хадам хөгшин нь их наргиантай эмээ. Хол замд ядарч байна уу гэсэн чинь “Ядарна гэж бие өвдөхийг хэлдэг бил үү хүүхээ гэж авдаг байгаа”. Ная дөхсөн гэхэд дажгүй америкжсан эмээ шүү.
Блүүмингтонд очоод хоног төөрүүлэх буудал олох гэдэг бас л бэрх байсан. Цаг нь тулчихсан тул бүх буудал хүнээр дүүрэн. Далай ламын айлчлалыг зохион байгуулж байгаа Төвд, Монголын бурхны соёлын төвийн ажилтан М.Саран орой болсон гэж түвэгшээлгүй утас цохиж байж буудал олж өгсөн. Гадаа хонож мэдэхээр байсан шүү.

Дээрхийн гэгээнтэн юу айлдав

Дээрхийн гэгээнтэн Индиана мужид зургаа дахь удаагаа заларч байгаа нь энэ юм байна. Индианагийн их сургуулийн хүндэтгэлийн танхимд Далай ламтан тавдугаар сарын 12-нд морилж ном айлдсан. Хам­гаалалт тун чанга. Хамгаа­лалтын залуус нь элэг барьж болмоор найрсаг зантай ч яс юман дээрээ Далай лам руу ойртох, дөхөж очих тухайд хана хэрэм л гэсэн үг. Танхимд хэвлэлийнхнийг л камер, аппараттай орохыг зөвшөөрсөн.
Далай лам үдээс өмнө бурхны сургаал гэж юу болох, түүнийг хэрхэн ойлгох тухай, энэрэл нигүүлсэл, хайр ивээл, ёс суртахууны талаар голчлон айлдсан. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн олонх нь бурхны шашны тухай огтоос ойлголтгүй хүмүүс байсан болохоор Дээрхийн гэгээнтэн туйлын ойл­гомжтой энгийн хэллэгээр сур­гаал айлдсан. Шашны тэргүүн гэдгээс гадна Нобелийн шагналт хүн гэсэн утгаар нь америкчууд хүндэтгэлтэй ханддаг юм шиг санагдсан. Гэхдээ бурхны шашны тухай түүний лекц олон хүний бишрэл хүндэтгэлийг төрүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Сонин сэтгүүлүүд нь Далай ламтны сургаал, айлдварын тухай жирийн америкчууд, оюутнуудын сэтгэгдлийг маш их бичсэн. Манайхан интернэтээс хэдийнэ уншаа биз.
Аз жаргалтай, өвчин зовлонгүй, сайн сайхан амьдрахыг хүсдэг нь ерөөсөө хүний төрөлх шинж агаад үүгээрээ бүгд адилхан байдаг аж. Еврей, лал, бурхны шашинтан, загалмайтан хэн байх нь хамаагүй бүгд л үүнийг хүсэж тэмүүлдэг байна. Энэ чанараараа хүмүүс бүгд адилхан аж. Харамсалтай нь аз жаргал гэдэг хүссэн болгонд зориулаад хэн нэгний бэлдээд тавьчихсан зүйл биш гэнэ. Энэ бол ерөөсөө тухайн хүний өөрийнх нь хийсэн сайн үйлийн үр дүн байдаг гэж Далай ламтан айлдсан. Бусдын төлөө сайн үйл хийсэн хүн түүнийхээ үр шимийг амсан жаргадаг бол, нүгэл үйлдсэн нэгэн түүнийхээ горыг амсах нь зайлшгүй төдий­гүй, зугтах газар үгүй гэ­нэм. Мянган сайн лам байгаад, түмэн багц өргөл хандив өргөөд ч нэгэнт хийсэн үйлийн үрийг засаж залруулах нигуургүй аж. Одоогийн хэллэгээр бол юу тарьсан, түүнийгээ л хурааж авна гэдэгтэй төстэй юм байна. Сайн үйлийг үл хийх атлаа сайн сайхан болж жаргахаар сайн багш хайх, өргөл барьц өгөх нь мухар сүсэг төдийгүй бурхны шашин огтоос биш юм байна шүү, таминь.
Аз жаргалд хүрч, амар амгалан амьдрах гэсэн хүний өнийн хүсэлд хүрэх зам нь энэрэл нигүүлсэл юм байна. Гэхдээ энэрэл нигүүлсэл, хайр гэдэг чухам юу болохыг наана нь сайтар ойлгох учиртай аж. Энэ бол бидний амьдралыг, дотоод хүчийг тэтгэж байдаг эерэг бодол, мэдрэмж. Бусдыг зовлонгоос ангид байгаасай, аз жаргалыг олоосой гэсэн хүсэл хайр ажгуу.
Хүн ганц эд баялаг төдийгүй зүрх сэтгэл, оюун санааны баялагтай байж, түүгээрээ дам­жин амар амгаланд хүрдэг байна. Өнөөгийн бид оюун ухаа­наа материаллаг эд баялгийг буй болгохын төлөө хөгжүүлж, бусдыг хайрлан энэрэх зүрх сэтгэлээ орхисноос түмэн бэрхшээл, мянган зовлонтой учирч байгаа бололтой. Шинэ сайхан эд зүйлтэй болохоор хөлсөө дуслуулан зүтгэдэг, түүнийгээ олж авахаар чамгүй зовдог. Олоод авсныхаа дараа одоо боллоо гэж сэтгэл амардаггүй. Өнөөхөө бусдаас харамлах, хамгаалах, өсгөх, үржүүлэх гэсэн шинэ зовлонг олж авдаг гэнэ. Бодоод байхад үнэхээр л тийм юм. Хаа газрын суутнуудын хэлсэн үг, сургаал ойролцоо утгатай байх нь элбэг. Одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан Грекийн гүн ухаантан Сократ “Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох юм яасан ч олон байдаг юм” хэмээн хэлсэн нь бий. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн мөн ч ихийг үйлдвэрлэсэн байж таарна даа. Ерөөсөө хурж бүтсэн юмсыг хоосон хэмээн болгоож, бүгдийг

Сүүмийх од, сүүмэлзэх гал, сүрт цахилгааны гэрэл мэт
Биегүй зүүд, хоосон зэрэглээ, хуурмаг илбийн үзэгдэл лугаа
Сэрүүн шүүдэр, сэлгэх үүл, сийрэг хөөсний орших адилаар харагтун
гэж бурхны сургаалд өгүүлдэг гэнэм. Хоосон чанарын тухайд Монголын нэгэн хувилгаан “Хараар ярих гэхээр би чадахгүй, номоор нь ярих гэхээр чи ойлгохгүй” гэж нэгэн сүсэгтэнд хэлээд тооноор туссан нарны гэрэлд гаансыг нь өлгөж үзүүлсэн тухай домог байдаг шиг Дээрхийн гэгээнтний ярианаас иймэрхүү л юм ойлголоо.
Лекцийн хоёрдугаар хэ­сэг “Төгс билгийн зүрхэн судар” хэмээх бурхны шашны сур­гаалын тухай байсан. Сая сая бурх­ны шашинтнуудын амьдралд өдгөө хүртэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн энэ гайхамшигт судар 2000 илүү жилийн настай. Англиар “Heart of Sutra”, төвдөөр “Шэрнин” гэх буддын шашны Махаяна урсгалын энэ судрыг Төвд, Монгол, Япон, Хятад, Вьетнамын сүмүүдэд хурсаар байгаа аж.
Дээрхийн гэгээнтэн энгийн хөгжилтэй хүн шиг санагдсан. “Төгс билгийн зүрхэн судар”-ыг айлдахаасаа өмнө “Их зузаан судар учраас та нар хараад залхуу чинь хүрч мэднэ, би товчхон ярина” хэмээн хуудас цаас үзүүлж хүмүүсийг хөгжөөж байв.
Урсан өнгөрөх цаг хугацаанд төрсөн хүний амьдрал амьсгалах тусам хорогдож байдаг ахархан эд аж. Төрөхөөсөө эхлээд л бид үхэл рүүгээ явдаг. Энэ бол байгалийн, манай ертөнцийн жам ёс. Хэний хүү ч зөрчиж чадахгүй. Гэхдээ бидний оюун ухаан хязгааргүй учраас хэн ч бурхан багш (Будда) болох боломжтой. Эрдэнэт хүний биеийг олж төрсөн хэн бүхэн өөрийн сэтгэлийг шинжлэн гэ­мээ засаж явах учиртай аж. Бидний зарим нь математикт, зарим нь компьютерт авьяастай байдаг. Хэн нэгний амархан хийчих юм нөгөөд нь туйлаас хэцүү байх нь ч бий. Бүр шашин, ертөнцийг үзэх үзлийн хувьд ч бид нэгнээсээ ялгаатай байдаг. Энэ ялгаа тийм ч сүртэй зүйл биш. Гагцхүү бид боддог, сэтгэдэг, мэдэрдгээрээ, хүн төрөлхтөн гэх нэгэн том гэр бүлийн гишүүн гэдгээрээ адилхан. Хүн ухаанаараа өөрт хэрэгтэй эд зүйлсийг буй болгодог ч өөрийгөө устгах уур хилэн, шунал тачаалыг мөн л үүсгэдэг юм байна. Зэвсэг хураах гэсэн ойлголт байдаг. Ямар утгатай болохыг нь бүгд мэднэ. Тэгвэл өөрийн атгаг санааг ялан дийлэхийг, Далай ламтан дотоод сэтгэлийн “зэвсгийг хураах” хэмээн зүйрлэдэг юм байна.
Дээрхийн гэгээнтний айлдсан номоос ойлгосныхоо хэрээр л бичлээ. Буруу ойлгосон зүйл байгаа нь гарцаагүй ч санаатайгаар худлаа хэлсэн зүйл байхгүй гэдгийг хэлж чадах байна. Алдаа эндэгдлийг уншигч та бүхэн ухааны мэргэн сумаар харван бодож залруулна хэмээн найднам.
Далай ламтантай сүсэгтэн олныг уулзуулж, сургаал номыг нь сонсох боломж олгосон АНУ дахь Төвд, Монголын бурхан шашны төвийн тухай болон тус төвийн тэргүүн Ажиа гэгээний айлдсан номын тухай дараа өгүүлэх болно.

No comments: