March 17, 2010

Зэвсэгт этгээд Ленинд “халдахыг” завдав




Хийн гар буугаар зэвсэглэсэн 44 настай Сергей Карпенцов гэгч этгээд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд байдаг Лениний бунхан руу халдахыг завдаж, харуулын цагдаа руу буудсан байна. Тэрбээр энэ хэргийг үйлдсэн шалтгаанаа “Миний гол зорилго бол Христийн эсрэг этгээдийн хүүрийг хадгалж байгаа бунхныг зайлуулах” хэмээн тайлбарлажээ. С.Карпенцов сэтгэл мэдрэлийн өвчтэй эсэхийг тогтоохоор эмнэлгийн комисс ажилдаа оржээ. Гэвч цагдаа нар “С.Карпенцов бол зүгээр л гэмт хэрэгтэн. Зэвсэгт дээрэм болон хүчингийн хэргээр шалгагдаж байгаа этгээд” гэжээ.
Москвагийн зүрхэнд оршдог Лениний бунхан жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг газруудын нэг ч түүнийг зайлуулах эсэх талаар халуун маргаан үе үе дэгддэг. Настай хүмүүс бунхныг хөдөлгөхийг эрс эсэргүүцдэг бөгөөд байж байх ёстой хэмээн үздэг. Харин залуучууд Зөвлөлт засаг унаад 20 шахам жил болж байгаа учраас түүний бэлгэдэл болсон бунхныг нэн даруй зайлуулж, цогцсыг нь Санкт-Петербургт байдаг эхийнх нь шарилын дэргэд тавих хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг аж.

No comments: